Монгол Улсын экспорт өмнөх сарынхаас 254.9 сая ам.доллароор нэмэгдлээ
Монгол Улс энэ оны эхний 8 сарын байдлаар 144 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.1 тэрбум, үүнээс экспорт 5.6 тэрбум, импорт 4.5 тэрбум ам.доллар байв.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (27.3 хувь) тэрбум, экспорт 1.1 (25.6 хувь) тэрбум, импорт 1 (29.6 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Харин энэ оны 8 дугаар сард экспорт 885.2 сая, импорт 635.8 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 254.9 (40.4 хувь) сая, импорт 58.7 (10.2 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн байна.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 8 сарын байдлаар 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 127.2 сая ам.доллароор нэмэгдэв. БНХАУ-тай энэ оны эхний 8 сард 6.8 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.
Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 67.3 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 24.1 хувийг чулуун нүүрс, 39.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг, БНСУ-д экспортолсон барааны 81.3 хувийг алт эзэлж байна.
Экспорт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 365.6 сая, зэсийн баяжмалын экспорт 982 сая, нүүрсний экспорт 140 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Мөн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой экспортын орлого нэмэгдэж байна. Тухайлбал, зэсийн баяжмалын экспорт энэ оны эхний 8 сард өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 1.3 хувиар багассан хэдий ч үнийн дүн 97.1 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Энэ оны эхний 8 сарын импортын дүнг авч үзвэл, БНХАУ 39.4, ОХУ 27, Япон Улс 6.6, БНСУ 4.3, ХБНГУ 3.4 хувийг эзэлж, нийт импортын 80.8 хувийг бүрдүүлжээ.
ОХУ-аас импортолсон барааны 50.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 69.4 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.7 хувийг цахилгаан эрчим хүч, 14.3 хувийг ачааны тэрэг, 81 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байв.
Импорт өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд улаан буудайн импорт 38.1 сая, ачааны автомашины импорт 145.4 сая, суудлын автомашины импорт 57.9 сая, дизелийн түлш 92.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95 хувийг эзэлж байгаа бол импортын 63.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.
www.montsame.mn
Сэтгэгдэл
zas [202.9.46.92] 2021-09-27 05:57:08
нэг сагсан бөмбөгчнииил цалин юмуудааа гэж бодлооо