Ж.Цэвээнжав: Шатахуун нөөцлөх биш, харин нөөцлөх бензинийхээ мөнгийг дундын дансанд үргэлж байлга
- БЕНЗИНИЙГ УДААН ХУГАЦААГААР ХАДГАЛАХААР ЧАНАР НЬ МУУДДАГ-
Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн тэргүүлэх профессор, доктор Ж.Цэвээнжавтай ярилцлаа.
-Хэдхэн хоногийн өмнө манай улс шатахууны хомсдолд орж, нэлээн л сандралдлаа. Үүнийг та хэрхэн дүгнэж байна. Нөөц бүрдүүлэлттэй л холбоотой юу?
-Шатахууны хомсдол нэгдүгээрт, тохиолдлынх. Нөгөө талаас зүй тогтолтой зүйл. Ерөөсөө бүх зүйлийг чөлөөт эдийн засагт оруулах хэрэгтэйг харууллаа. Стратегийн бүтээгдэхүүнээс эрчим хүчээр жишээ татъя. Эрчим хүчний үнэ чөлөөлөгдсөн учраас тог тасрахаа байсан. Тиймээс үүнтэй ижил, шатахууны худалдаа, нийлүүлэлтийг чөлөөт зах зээлд оруулах ёстой. Өөрийн үйлдвэртэй болох нь төрийн бодлого мөн үү гэвэл мөн. 1990 оноос хойш төр, хувийн хэвшил зам замаа дагасан. Гэтэл төр “Үүнийг манайх хангаад байна. Стратегийн бүтээгдэхүүн...” гээд их юм ярина. Газрын тосны тухай хууль маш учир дутагдалтай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өөрчлөлт оруулах санал ирсэн, нэмэлт өөрчлөлт хийх ёстой. 2006 онд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэг их үүсвэрээс шатахууны зах зээлийн 1/3-ийг өгч болохгүй гэсэн санаа байдаг. Гадных ч байсан, дотоодынх байсан 1/3-ийг өгч болохгүй.
Товчхон хэлэхэд, шатахууны үнийг цочмог чөлөөлсөн бол сайн байх байсан. Одоо бол үнэ хүчрэгдэхээ байлаа. Үнийг чөлөөлөх ёстой. Тусгай зөвшөөрлийг мөн арилгах ёстой. Тусгай зөвшөөрлөөс хамаг “булхай” эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, жижиг байгууллагуудыг шахаж, дээрээс нь тусгай зөвшөөрөл гээд үнээ хямдруул гэж яриад байна. Ер нь импортлогчид буруутай биш. Төрийн алдаатай бодлого дээр ажиллаж байгаа болохоор буруутай юм шиг бидэнд харагдаж байгаа юм. Тэд адилхан л хүн ажиллуулаад, адилхан л ард түмнээ шатахуунаар хангаж байна. Тусгай зөвшөөрөл гээд 50 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж авч байгаа нь юу гэсэн үг вэ. Энэ нь яахав улсын төсөвт ордог байх.
Намуудын сонгуулийн мөнгө шатахууны жаахан борлуулалтаас босдог юм шиг байгаа юм.
Хоёрдугаарт, манай бодлогод улсын газрын тосны үйлдвэр барина гээд У.Хүрэлсүх “өндрөө” авлаа. Намайг бол “Та дуугүй байгаарай. Таныг олон хүн сонсоно” гэдэг талаас хэлдэг. Тосгүй, усгүй газар үйлдвэр барина гэчихсэн. Энэ бол хэзээ ч бүтэхгүй. Баривал Дорнодод барих ёстой. Нөөц нь тэнд байгаа. Би улсын нөөцийн комиссын гишүүн. Гэхдээ үүнийг Ц.Анандбазар, Б.Дэлгэрсайхан, Дорноговийнхон лоббидсон юм шиг байгаа юм. Бодоод үз дээ, 30 гаруй км газраас ус татна. (Эрдэнэт үйлдвэрийн хэцүү ажил нь 60 гаруй км газар Сэлэнгэ голоос ус татах байсан) Дараа нь 650 км газар Дорнодоос хоолой татна. Энэ нь бүтэх үү, үгүй юү. Бүтэхээс гадна хамгийн гол нь дотоодод шатахуун үйлдвэрлэхэд үнэ нь ямар байх вэ, эсвэл ямар хөнгөлөлт үзүүлэх вэ. Дотоодын шатахууныг НӨАТ-аас чөлөөлнө гэвэл үйлдвэр бүтэж магадгүй. Африкийн орнуудын жишиг нь нэг хувийн хэвшилд өгч түүнийгээ төр хянадаг. Газрын тосны үйлдвэр барихад Энэтхэгийн тэрбум ам.доллараас гадна цаана нь Хөгжлийн банкнаас “манайх дэд бүтцээ хариуцна. Дэд бүтэц хоёр жилийн өмнө 300 тэрбум төгрөг байсан. Одоо 500 тэрбум төгрөгт хүрсэн” гэж байна. Энэ мэтээр ярих юм их бий. Ерөнхийдөө шатахууны энэ хямрал бол төрийн буруу бодлоготой холбоотой, нэгдүгээрт. Хоёрдугаарт, манай төрийнхөн “евро бензин хэрэглэнэ” гэж ярьж байгаа юм. Бензиний үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гурван мянга хүрэг, хамаа алга. Би өөрөө Land-200 унадаг гэдгээ дурьдах нь зөв болов уу. Ард түмэнд сайхан харагдах гээд “Бензиний үнийг барьж байна” гээд попроод байгаа юм. Үнэхээр өрөвдмөөр. Дизелийн түлшийг онцгой татвартай байлгаад байгаа юм. Дизель түлш баялаг үйлдвэрлэдэг гэж би материалууддаа бичсэн. Уул уурхай, газар тариалан, нүүрс тээврийн машинууд дизелийг ашиглаж байна. Дизель түлшээр 60 хувь нь ажиллаж байгаа. Тиймээс харин үүнийг төр хамгаалж, онцгой татварыг нь багасгах хэрэгтэй. Сайн бензинийг баячууд юмуу, төрийнхөн хэрэглэж байгаа. Тааруухан бензинийг нийтийн тээвэр ч юмуу хэрэглэж байгаа. Гэтэл бензиний үнэ баялаг бүтээхгүй байгаа. Эхнэр, хүүхдээ хүргэж өгнө” гээд түгжрээд байгаа юм. Автобус, нийтийн тээвэр маш сайн явж байгаа. Явган алхаж болно. Өөрөөр хэлбэл, ухаалаг хэрэглээ байх ёстой. Хот, хөдөөгүй л бензин хэрэглэж байна. Бараг портероороо хонинд явж байна. Төр урдуур нь ороод өөрөө хүзүүгээ дэвсэж өгөөд “Төр нь та нарыг хамгаална. Зах зээлийг хамгааллаа. Үнийг тогтоон барьж байна” гээд байгаа. Бензиний үнийн асуудлаар холбогдох хүмүүс Москвад ажиллаж буй зургийг нь харсан байх. Тухайн хэлэлцээрт О.Содбилэг дээр нь сууж байгаа юм. Оросууд түүнтэй л харилцаж байгаа. “Хулгайчийн хүүхэд хулгайч” гээд фэйсбүүкт биччихсэн байхыг харсан. Тийм биш. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүмүүстэй л ярьдаг. Хажууд нь байгаа төрийн албан тушаалтнууд яах гэж явж байгаа юм. Дагаж явж байгаа юм уу. Тэдний хэрэг байхгүй. Төртэй яриад байх юм байхгүй шүү дээ. Монгол-Орос хоёрт рубль, төгрөгөөр харилцаа хийх вариант байна гэдгийг би Монголын төрд зөндөө хэлсэн. Д.Сумъяабазарт би зааж өгсөн. Д.Сумъяабазар “Очоод ярьсан чинь болдоггүй юм байна лээ, багш аа” гэж ирсэн. Болох ёстой. Ам.долларын ханш өсөхөөр хоёулангийнх нь ханш унадаг. Зарим судлаач, эрдэмтэд том том яриад байх юм. Үнэн хэрэг дээрээ шатахууны үнийн өсөлт бол дэлхийн зах зээлээс нэг их хамаараад байгаа юм байхгүй. Ам.долларын ханшнаас л хамаарч байгаа юм. Миний хэлснээр шатахууны үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ одоо цаг нь биш байна. Цар тахалтай байна. Ер нь үнийг нь чөлөөлж, тусгай зөвшөөрлийг болиулах хэрэгтэй. Чөлөөт зах зээл рүү жижиг орон орчихвол дорхноо сэхэх ёстой.
-Та литр бензинийг 3000 төгрөг болгох ёстой гэж үзээд байгаа юм уу?
-Бензиний үнийг чөлөөлж, дизелийн үнийг барих ёстой. Бензиний үнэ 3000 хүрэг, сайн бензин нь 5000 хүрэг. Та тийм баян хүн юм уу гэх байх. Би тэтгэврийн профессор хүн. Гэхдээ том өнцгөөр харахад ийм байна. Төрийн оролцоо бол хуулиа сахиулж гадаад харилцаагаа бариад явж байхаас бизнесийн зүйлд оролцож болохгүй. Үүнд оролцоод байгаа нь мэддэггүйдээ биш, чаддагтаа ч биш. Тендер, тусгай зөвшөөрлөөр амьдардаг хэсэг хүмүүс байна шүү дээ, цаана чинь.
-"Манай улс шатахууны 30 хоног, 45 хоногийн нөөцтэй" гэж байнга мэдээлдэг шүү дээ. Үүнээс илүү нөөцлөх боломжгүй байдаг уу?
-Нөөцийн асуудал 2006 оны хуульд бий. Нөөцийн асуудлыг улсын нөөц, компанийн нөөц гэж хоёр хуваачихсан байгаа. Нөөцөө яаж бүрдүүлэх ёстой юм бэ гэхээр нэгдүгээрт, дэлхий дээр түүхий тосоор бүрдүүлдэг. Монголд улсын үйлдвэр байхгүй болохоор болдоггүй юм байна. Гэтэл тийм юмыг бизнес хийдэг залуучууд хэдийнэ харчихсан байгаа, мөнгөөр бүрдүүлдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл, хямд үед нь мөнгөө байршуулж, бензинээ ихээр гэрээлчихээд үнэ нь хөдөлсөн ч үнээ нэмэхгүй гэдэг зарчмаар ажилладаг. Хэрэглээнд нийлүүлэх 30-45 хоногийн нөөц байгаа гээд яриад байна. Төрийнхөн энэ ярьж байгаа зүйлээ мэдэж байгаа юу, үгүй юү. Мэдэж байгаа л байх. Нөөцийг мэдэхэд амархан. Савны багтаамж хэд вэ, хоногийн хэрэглээ, сарын хэрэглээ хэд вэ гэдгийг бодчиход болно. Гэтэл цаад механизм нь бол бензинээрээ байх уу, мөнгөөрөө байх уу гэдэг. Нөөцийн асуудалд миний бодлоор улсын нөөц гэж ерөөсөө байхгүй. Манай Симбаа Батаа Баруунхараад нөөц байгаа гээд байсан чинь үнэн хэрэг дээрээ Симбаа эхнэртэйгээ нийлээд бүгдийг нь зарчихсан байсан. Хоёрдугаарт, бас удаан хугацаагаар хадгалж болдоггүй юм байна лээ. Цагааннуурын бааз дээр бензиний чанар муудсан тохиолдол бий. Тухайн үед зуд болсон чинь тракторт хийхээр асахгүй, бензин нь хуучирчихсан байсан.
Төр бүх зүйлд оролцоод байхаар болохгүй байгаа юм. Төр гэдэг цаанаа хүн байна. Тэр хүний эрх ашиг байна. Гэхдээ төрийн алдаа хууль, бодлогод байдаг. Хэрэглэгч ухаалаг байх хэрэгтэй байна. Эхнэр, хүүхдээ машинаар зөөх хэрэг байгаа эсэхээ бодох хэрэгтэй. Хонон өнжин оочерлож байх ямар хэрэг байдаг юм бэ.
-Шатахуун хадгалах улсын нөөцийн сав хуучирчихсан, хувийн байгууллагын савыг түрээсэлдэг гэх яриа бий. Нөөцийн савыг гангаар хийдэг юм чинь гагнуурчдаар нөөцийн хэд хэдэн сав бэлдүүлж болдоггүй юм уу?
-Миний яриад байдаг зүйлийг тодруулж асууж байгаад баярлалаа. Түүхий тосыг нөөцлөхдөө саваа тосолдог. Харин бензин устай болохоор ууршина, ус нь тунаад саваа зэврүүлнэ, асгарна зэрэг олон асуудал гарна. Хоёрдугаарт, улсын нөөцөө хадгалж чадахгүй учраас хувийн компанид түрээслэдэг гэж байгаа. Тийм журам хүртэл гарсан.
Хуулиараа компаниуд зардаг бүтээгдэхүүнийхээ 30 хувьтай тэнцэх нөөцийг байнга байлгана. Ж.Оюунгэрэл агсан ухаантай хүн болохоор “Би өөрийнхөө мөнгийг тэгж өгөхгүй” гэж хэлж байсан. Та жилдээ нийт 100 мянган тонн бүтээгдэхүүн борлуулдаг юм гэхэд танд 30 мянган тонны нөөц заавал байх ёстой. Байхгүй бол төрд хааж, лацдаж чадах эрх нь байгаа шүү дээ. Энэ утгаар мөн л төрийн бодлоготой холбоотой. Улсын юм ерөөсөө бүтдэггүй шүү дээ. Ялангуяа бизнес, эдийн засагтай холбоотой зүйл. Яахав, зам тавьж байна гээд төсвийнх нь 60-70 хувиар тавиад үлдсэн нь савираад алга болдог. Тэгэхээр улсын нөөцийн савыг сайн гангаар сайн хийлээ гэж бодъё. Энэ чинь дараа нь улсын юм гээд хүн хүрч болдоггүй. Сэлгэж болдоггүй гээд зөндөө юм бий.
Энэ бол савандаа гол нь биш. 40 хоногийн нөөцтэй байхын тулд 40 сав хэрэгтэй болж байгаа юм. Бид жижиг эдийн засагтай улс. Төрийн бодлого уян байвал түргэн маневирладаг. Сая аргаа тулахаар Орос-Монгол хуучин харилцаатай хөрш учраас хоёр хоногийн дотор шатахуун орж ирж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм. Нөөцлөөд байх уу эсвэл миний хэлдгээр мөнгөө харуулаад (гэхдээ мөнгөө дундын банкинд байрлуулж) үнээ тогтворжуулчихаад мөнгө нь байгаа бензин бол байгаа шүү гэдэг байдлаар хандах хэрэгтэй.
ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [192.82.68.130] 2021-10-01 01:50:23
Монголд л нэг л олон эрдэмтэн докторууд байх юм. Улс нь ядуу, хир хог баас шээсэндээ дарагдаж, өвчиндөө баригдсан нүдний булай юм байх юм даа
Зочин [66.181.185.44] 2021-09-30 22:33:31
Зөв л юм ярьсан байна даа. Даанч төр энэ хүний ухааныг гүйцэхгүй.дорнодын тэр усгүй тал дээр үйлдвэр барьвал алпагдалтай Тэнд хятадууд эзэлчихсэн төрийн тугаа мандуулчихсан байдаг юм байна лээ тамсагт.
Зочин [192.82.78.150] 2021-09-30 14:54:47
Mult mult burjee. Traktor benzineer yavdag ch geh shig. Iim doktor, profesoruud baihaar odoo emgenel yum daa
Зочин [103.50.206.44] 2021-09-30 10:55:56
Мөнгөөр бүх юмаа шийдэхгүй. Ялангуяа хоёр хөрш. Бензин өгөхгүй мөнгө бидэнд хэрэггүй газар нутаг хэрэг бна гэвэл яах вэ. Эсвэл одоо төр удирдаж байгаа хүмүүс чинь таалагдахгүй бна гээд бодлогоор хямрал болгоод унгах зорилгоор ингэвэл яах вэ. Ахмад хүн ийм үг хэлмээргүй бна
Зочин [202.179.26.88] 2021-09-30 08:39:58
Мундаг доктор шүү
Й [203.91.115.50] 2021-09-30 08:28:20
Хамгиин суулчиин арга. Оросын колонк оруулж нэг уздээ. Овгон бол -- бизниснуудтэй санаа нэг б/ а. Чолоот зах зээл юм , Орос Монгол 2 колонк ажилл явж яагаад болохгуй гэжж.
зочин [66.181.183.68] 2021-09-30 05:04:37
мэдлэг сайтай хуучны хүн болхоор асуудлын гол мөн чанарыг нь үнэн зөвөөр нь ярьж байна . дизель түлшээ онцгой бүтээгдхүүн гээд төрийн хөнгөлөлт дэмжлэгт аваад бензинээ чөлөөт худалдааны зарчмаар зөнд нь орхих хэрэгтэй .бензин бол материал баялаг үйлдвэрлэхэд гол нөлөөт бүтээгдхүүн биш .монголчууд бидний гадагш урсаж буй валютын дийлэнх нь бензинд явдаг тэр их бензин баялаг бүтээхэд зарцуулагдаж байна уу гэвэл үгүй харин эсрэгээрээ хий дэмий хоосон зарцуулагдаж түгжрэл .агаарын бохирдол ,авто осол ,байгал сүйтгэх зэрэг сөрөг юманд дийлэнх нь зарцуулагддаг
Зочин [202.9.41.26] 2021-09-30 04:42:09
Дэлхийн жишигээр явах цаг болсон. Төр одоо болих х.й.