Д.Рэгдэл: Шинжлэх ухааны төсвийн санхүүжилт дөрөв дахин нэмэгдэнэ

Aдмин / Технологи

Шинжлэх ухаан Академийн ерөнхийлөгч, академич Д.РЭГДЭЛТЭЙ ярилцлаа.

-Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Танд болон танай эрдмийн хамт олонд их ойн баярын мэнд хүргэж, бүтээл туурвил, мэдлэг үйлдвэрлэлийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөхийг зөвшөөрнө үү. Ойн хүрээндээ ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ. Мөн өнгөрсөн хугацааны түүхээ товчхон дүгнэвэл?

-Баярлалаа. Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоол гарч, ажлын хэсэг байгуулагдан, БШУЯ, Соёлын яамнаас холбогдох зардлыг шийдвэрлэж өгсний дагуу бид мөн энэ хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсгээс “Монгол Улсын Шинжлэх ухааны байгууллага-100 жил” таван боть ном бүтээж, хэвлүүлэх, ШУА-ийн Хүндэтгэлийн өргөтгөсөн их чуулган хуралдуулах, “Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага-100 жил” баримтат кино бүтээх зэрэг олон ажлыг амжилттай зохион байгуулаад явж байна. Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ШУА-ийн Бага чуулгануудаас баталсан тусгай хуваарийн дагуу “Мэдлэгээр дархлаагаа дэмжье” уриан дор долоо хоног бүр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа. Нийгмийг соён гэгээрүүлэх зорилготой энэ ажил ирэх 12 дугаар сарын дундуур өндөрлөнө. Бэлтгэл нь бүрэн хангагдсан хэдий ч “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас болоод олон нийтийг оролцуулах зарим ажил хойшлогдсон байгаа. Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар байгуулагдсаны 100 жил гэдэг бол нэг талаас, улс орны эдийн засаг, нийгэм соёлын салбарт шинжлэх ухаан, технологийн ололт амжилт хэрхэн нэвтэрснийг харж ухаарах, нөгөө талаас манай нийт иргэдийн оюун санаа, сэтгэлгээний хөгжилд ямар өөрчлөлт дэвшил ороод байгааг дэлхий дахинаа харуулах түүхэн хугацааны нэг хэмжээс юм.

Энэ зуунд болсон нэг томоохон үйл явдал бол одоогоос яг нэгэн жарны тэртээ 1961 оны тавдугаар сарын 16-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 118 дугаар зарлигаар Монгол Улсад шинэ цагийн олон улсын жишгээр шинжлэх ухааны төв байгууллага Монгол Улсын ШУА-ийг байгуулсан явдал юм. Монгол Улсын ШУА, манай үе үеийн эрдэмтэн судлаачид нэгэн жарны туршид эх орондоо мэдлэг үйлдвэрлэх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг авчрах, эрдэм ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх үйл хэргийг ямагт түүчээлэн манлайлж ирснийг би бахархан тэмдэглэж байна. Манай улсад орчин цагийн хүнсний үйлдвэрүүд бий болж хөгжсөн түүх, мал аж ахуйд шинэ үүлдрүүд, үүлдрийн хэсгүүд гарган авч, нүүдлийн мал аж ахуйг хүчирхэг товарын аж ахуй болгон хөгжүүлсэн түүх, атрыг эзэмшиж, үр тарианы ургамлын шинэ сортууд бий болгон дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад экспортолж байсан түүх, Монгол эрдэмтэд CERN, Дубна зэрэг дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдэд гадаадын эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамгийн сүүлийн үеийн суурь судалгаа хөгжүүлж байгаа түүх бүхэнд манай үе үеийн эрдэмтэн судлаачдын оролцоо, бүтээлүүд цагаан дээр хараар тэмдэглэгдэн үлдсэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Манай ШУА нь улиран одож байгаа нэгэн жарны түүхэндээ орчин үеийн шинжлэх ухааны олон салбарыг эх орондоо манлайлан хөгжүүлж ирсний зэрэгцээ Монгол Улсын Үндэсний номын сан, Үндэсний архив, хөдөө аж ахуйн болон анагаах ухааны салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей зэрэг үндэсний хэмжээний соёл, шинжлэх ухаан, түүхийн өв, түүхэн ой санамжийн олон байгууллагыг өөрийн хэвлийдээ үүсгэн бүрдүүлж, өсгөн бойжуулж, нас биед хүргэн нийгмийн амьдралд шилжүүлж өгсөн явдал бол Та бидний бас нэг бахархал мөнөөс мөн билээ.

-Таныг анх шинжлэх ухааны салбарт ажиллахаар ирэхэд нөхцөл байдал ямар байсан бэ. Өнгөрсөн хугацаанд энэ салбар хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэн бол. Шинжлэх ухааны хүнийхээ хувьд судалгаа шинжилгээний бүтээлд гар бие оролцох зав гарч байна уу?

-Би Говь-Алтай аймагт арван жилийн дунд сургуульд байхаасаа л эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж зорьсон хүн. Тэр жил манай аймагт биохими хэмээх миний сонгосон мэргэжлийг мэддэг, ойлгодог хүн ч байсангүй. Тэгээд уг мэргэжлээрээ гадаадад сургууль төгсч ирээд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Зөвхөн энэ салбартаа 50 шахам жил ажиллаж ирлээ. Сүүлийн хэдэн жил удирдах албан тушаал эрхэлж байна. Хувь эрдэмтнийхээ хувиар одоо судалгаа шинжилгээний ажилд шууд оролцох цаг бага байна. Социализмын үед сайн ч юм бий, саар ч юм байна. Миний ойлгож байгаагаар сайн нь илүү байж. Ялангуяа бүх салбарт хүний нөөцийн бодлоготой байлаа. Тэр бодлогынхоо дагуу хүнээ бэлтгэдэг. Одооны “чадахуйн зарчим” гэж яриад буй зарчмыг үндсэндээ хэрэгжүүлж, хэн сайн ажилласан нь албан тушаал ахидаг байсан. Тийм ч учраас шинжлэх ухааны салбарын хөгжлийн хэтийн чигийг хараад гадаадын орнуудад ШУА-ийн нэр дээр жил бүр тогтмол тооны оюутныг сургаж, төгсөөд ирэхэд нь академийн харьяа хүрээлэнгүүдэд ажиллуулдаг байлаа. Тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд харьцангуй өндөр цалин өгнө. Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, төрийн яамны орлогч сайдын цалин адилхан хэмжээнд байсан. Төрийн бодлогод нь шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлж байж улс орны хөгжил баталгаажна гэсэн хатуу ойлголт байсан нь гол ололт юм уу даа. Харин намайг анх ажилд орж байхад хүрээлэнгүүдийн байрыг шинээр барих ажил дөнгөж эхэлж байсан бөгөөд багаж, тоног төхөөрөмжийн хангамж тун тааруухан байлаа.

-Өнгөрсөн жилээс эхлэн таныг Засгийн газрын хуралдаанд урилгаар оролцуулах болсон. Ингэснээр Засгийн газраас эрдэмтэн мэргэд шинжлэх ухааны салбарт хүндэтгэлтэй хандаж буйн илрэл болсон биз ээ. Та бүхний санал зөвлөмжийг Засгийн газраас хэрхэн хүлээн авч байна вэ?

-Монгол Улсын тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 10 дугаар сард “Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор”-ын барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх нээлтийн цуглаан дээр “Засгийн газрын бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй гарах ёстой. Ийм учраас ШУА-ийн ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд сууж, санал бодлоо хэлж байх ёстой” гэсэн юм.

Ер нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан хуралдааныг зохион байгуулах журам байдаг юм билээ. Тэр журмын дагуу 2020 оны 10 дугаар сард Засгийн газрын тогтоол гаргаж намайг хуралдаанд байнга суух хүмүүсийн тоонд оруулсан. Засгийн газрын хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар асуулт тавих, санал хэлэх эрхтэй. Засгийн газарт эрдэмтдийнхээ үгийг хүргэх төдийгүй, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар шинжлэх ухааны үндэстэй тайлбар, санал хэлэх боломж нээгдэж байгаа юм. Эрдэмтэд сүүлийн гучаад жилд анх удаа ийм мэдээ хүлээж аваад их баяртай байна. Тэдний итгэл найдварыг биелүүлэх ёстой. Шинжлэх ухааны үндэстэй санал боловсруулж, хэлж байх учиртай. Ер нь олон улсын практикт Шинжлэх ухааны академиудын нэг үндсэн үүрэг нь Засгийн газартаа зөвлөх явдал байдаг. Бид энэ жишгийг чиг болгон ажиллах үүрэгтэй гэсэн үг. Зөвлөмжийг хүлээн авч, ажил үйлсдээ хэрхэн тусгах, яаж эргэх холбоотой ажиллах нь тухайн Засгийн газраас 100 хувь хамаарах асуудал гэж ойлгож болно.

-Үеийн үед Засгийн газар Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулж чадахгүй байна гэх шүүмжлэлд өртдөг. Ойрын жилүүдэд төсөв мөнгөнд хэр өөрчлөлт орсон бэ. Хөгжиж буй орнуудын хувьд шинжлэх ухаандаа хэр төсөв мөнгө зарцуулдаг бол?

-1990 он гэхэд улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарт нийт зургаан мянган хүн ажиллаж, ДНБ-ий нэг хувийг шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зарцуулдаг байв. Одоо энэ салбарт бүтэн орон тоогоор 1700 орчим хүн ажиллаж байна. Одоо ДНБ-ий 0.1- 0.2 хувийг зарцуулж байна. Тиймээс социализмын үеийн шинжлэх ухааны салбараа үлдэгдлийн зарчмаар санхүүжүүлдэг байсан хэдий ч, судалгаа-хөгжүүлэлтийн зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээ, нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо, олгогдож байсан цалин зэрэг үзүүлэлтээрээ төрөөс шинжлэх ухааны талаар баримталдаг бодлого нь одоогийнхтой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байж. Сүүлийн 20 гаруй жилд эрдэм шинжилгээний ажилтны дундаж цалин улсын дунджаас ямагт доогуур байсаар ирлээ. Социализмын үед улсын дунджаас хамаагүй дээгүүр цалин авдаг байсан учраас чадалтай, сайн хүмүүсийн шинжлэх ухааны салбарт орж ажиллах сонирхол асар их, өрсөлдөөн маш өндөр байлаа. Ер нь бол олон улсад тогтсон жишгээр бол их сургуулиудын багш, профессорын цалин, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн орон тооны судлаачдын цалин нэг адил түвшинд байдаг бөгөөд АНУ зэрэг хөгжингүй орнуудад судалгааны салбарт ажиллагсадын цалин 20 орчим хувиар өндөр байдаг юм билээ. Цаад логик нь энэ хоёр салбарын хооронд хоёр тийшээ чиглэсэн хүний нөөцийн урсгалыг чөлөөтэй байлгахад оршиж байгаа юм л даа. Бид өнөөдөр шинжлэх ухаанаа яаж хөгжүүлэх туршлагыг нэг их холоос хайгаад байх шаардлага байхгүй. Хөгжлийн бэлэн туршлага, жишиг их ойрхон БНХАУ-д байна. Хятадтай адил бодлого явуулахад л болно. Эдний туршлагаас харахад манай салбарт нэн түрүүнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Манайх жилд 14 орчим сая ам.долларын урсгал зардлыг шинжлэх ухаандаа зарцуулж байгаа бол Хятад жилд 450 орчим тэрбум ам.долларыг шинжлэх ухаандаа зарцуулж байна. Шинжлэх ухаандаа зарцуулж байгаа зардлыг хүн амын тоонд нь хуваахад, Хятадын нэг иргэнд жилд 350 орчим ам.доллар, манай нэг хүнд зургаан ам.доллар ногдож байна. Ийм нөхцөлд тэрбум гаруй хүнтэй Хятадтай өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Хөгжиж байгаа орнууд ДНБ-ийнхээ нэг хувиас доошгүйг шинжлэх ухаандаа зарцуулж чадвал улс орныхоо хөгжилд бодит хувь нэмэр болно гэж НҮБ-аас дүгнэсэн байдаг. Ийм хэмжээний хөрөнгө оруулж чадахгүй бол шинжлэх ухааны салбараас томоохон үр дүн хүлээх хэрэггүй бөгөөд шинжлэх ухаан нь нийгэм, соёлын үзэгдлийн төдий хэмжээнд л оршино гэдэг нь олон улсын практикт нэгэнт батлагдсан асуудал. Манайд багаж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт маш тааруухан, алдаг оног, ямарч бодлогогүй явсаар ирлээ. Үнэ өртөг ихтэй, хүчин чадал өндөртэй багаж хэрэгслийг зарим газарт, үе үе өвлийн өвгөний бэлэг шиг аваачаад өгчихдөг. Тэнд тийм үнэтэй багаж ажиллуулах орон зай ч байхгүй, мэргэжлийн оператор ч байхгүй, багажинд хоногийн 24 цагаар өгөх ажлын ачаалал ч байхгүй. Ингээд 2-3 жилийн дараа шинээрээ боловч ашиглаагүй хэдэн тэрбумын үнэтэй багаж тоног төхөөрөмжөө актлуулах асуудал тавьж байсан жишээнүүд ч бий. Бодлогын эрс өөрчлөлт хэрэгтэй байгаа юм. Хамгийн наад зах нь бид улсын төсвийн хөрөнгөөр ямар багаж авахаа гурван жилийн өмнөөс мэддэг баймаар байна. Энэ хугацаанд бид тухайн багаж дээр ажиллах мэргэжлийн операторуудаа бэлдэж, тухайн багажинд ирэх ачааллыг нарийвчлан тооцсон байх учиртай. Энэ мэт яриад байвал зөндөө л юм байна. Харин барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын тухайд сүүлийн гурван жилд төр засгийн хандлага өөрчлөгдөж, ахиц дэвшил гарч байгаад манай эрдэмтэн судлаачид баяртай байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”- ыг санаачлан, өөрийн ивээл дор зохион байгуулж, Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100, ШУА байгуулагдсаны 60 жилийн ойг угтан Шинжлэх ухаан, инновацын анхны цогцолбор барих ажлыг эхлүүлснийг зориуд цохон тэмдэглэхийг хүсч байна. 2019 онд эхэлсэн Шинжлэх ухааны академийн өргөтгөлийн барилга 2020 онд ашиглалтад орсноор бид 60 жилийн түүхэндээ анх удаа өөрийн гэсэн байртай болов. Дээр дурдсан цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Бүтээн байгуулалтын ажил, санхүүжилт эхлээд 2021 оны төсөвт зохих мөнгө нь тавигдаад явж байна. Шинэ цогцолбор ашиглалтад орохоор эрдэм шинжилгээний ажилтнуудын ажлын нөхцөл эрс сайжирна, нэг дороо цугларна. Нэг дор цугласан давуу талыг ашиглаж, шинжлэх ухааны паркаа ч, инновацийн төвүүдээ ч бүгдийг нь тэндээ байгуулах боломжтой болно.

-Шинжлэх ухааны салбарын төсвийн ерөнхийлөн захирагч нь Боловсрол, шинжлэх ухааны сайд байдаг. Сайдтайгаа та бүхэн хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Бид үе үеийн сайд нартайгаа хэл амаа ололцож, хуулийн хүрээнд хамтран ажилласаар ирсэн гэж үздэг. Үндсэндээ Засгийн газар, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн яам бодлогоо гаргаж, бид түүнийг үр дүнтэй, үр бүтээлтэй хэрэгжүүлэх зарчим үйлчилдэг. Харин бодлого боловсруулах процессийн шат дараалал бүрт эрдэмтэн судлаачдын оролцоог бодитойгоор хангаад явахад дээрх зарчим амжилттай хэрэгждэг зүй тогтолтой. Манай салбарын хувьд энэхүү оролцоог хангах ажил алаг цоог, алдаг оног явж ирснийг нуугаад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Нөгөө талаас бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тогтвортой байдал чухал байдаг гэж би ойлгодог. Энэхүү тогтвортой байдлын нэг гол элемент нь удирдлагыг тогтвортой ажиллуулах явдал. Манай яамны хувьд сүүлийн таван жилд зургаа дахь сайдын нүүрийг үзээд явж байгаа учраас дор нь байгаа бид нар ч нэлээд бажгадаж ирлээ. Гэхдээ одоо бас нэлээд гайгүй болж байна. Учир юу вэ гэхээр Л.Энх-Амгалан сайд ирээд манай салбарын дотоод амьдралтай богино хугацаанд нэлээн сайн танилцлаа. Шинжлэх ухаан, технологийн тулгамдсан зарим асуудлаар эрдэмтэн судлаачдын ажлын хэсгүүд байгуулан, тэдний саналд үндэслэн холбогдох шийдвэрүүдийг шуурхай гаргаж байна. Хамгийн гол нь төрийн өмчийн бүх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээр орж, ажил амьдралын нарийн ширийн зүйл, бүтээл туурвил, хүсэл мөрөөдөл, тулгамдаад байгаа асуудлуудтай нь танилцаад, шийдвэрээ гаргаж эхлээд байна. Миний мэдэх сүүлийн үеийн 20 орчим сайд нараас эрдэмтэн судлаачдын маань ажил, амьдралтай ингэж нарийн танилцаж, дотор нь орсон хүн өөр байхгүй гээд хэлчихвэл тал зассан асуудал болохгүй гэж бодож байна. Л.Энх-Амгалан сайдыг манай салбар их сайн хүлээж аваад хамтран ажиллаж байна.

-Энэ салбарт ажиллах боловсон хүчний нөөц, чадамж хэр байгаа вэ. Танай ажиллах хүчний хэдэн хувийг залуус эзэлж байна вэ?

-Монгол Улсын шинжлэх ухааны салбар олон улсын судалгаагаар гадаадад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл, тэдгээрээс авсан ишлэлийн тоогоороо сүүлийн хэдэн жил Азийн 46 орноос 19- 20 дугаар байранд тогтмол орж байна. Энэ бол гурван сая гаруй хүн амтай, 2000 хүрэхгүй орон тооны эрдэм шинжилгээний ажилтантай манай улсын хувьд чамлахааргүй амжилт. Энэ ташрамд, эрдэм шинжилгээний ажилтнуудаараа бахархаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй. Монгол эрдэмтдийн оюуны чадавх, бэлтгэгдсэн түвшинг аваад үзвэл бид үүнээс ч илүү амжилттай явах боломжтой хүмүүс. Үүний тулд юуны өмнө бид шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чанаржуулж, тоог нь олшруулах шаардлага гарна. Ази тивийн дунджаар нэг сая хүнд 1500 орчим эрдэм шинжилгээний ажилтан байдаг. Монгол Улсад нэг сая хүнд 500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ногдож байгаа нь гурав дахин бага үзүүлэлт юм. Дэлхийн дээд хэмжээг Финлянд улс тогтоож байгаа бөгөөд тэнд 1 сая хүний 8000 орчим нь эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг. Манайхаас 16 дахин илүү гэсэн үг. Улсын эдийн засаг тэлж томорсон энэ үед салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэхэд цалин пүнлүүний асуудал нэг их хүндрэл учруулахгүй. Тэгээд ч манай Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбар дахь төсвийн санхүүжилтийг 2020 онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Хамгийн гол нь төр засаг, шинжлэх ухаан, хувийн хэвшил харилцан ойлголцож, хамтран ажиллах юм бол ямар ч бэрхшээлийг давж гарна. Эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэх төдийгүй чанар сайжруулах нь чухал гэж бид үзэж байгаа. Чанарыг сайжруулахын тулд хамгийн нэгдүгээрт сайжирсан лабораторийн материаллаг баазаа түшиглэнэ. Гадаадын ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааны боломжуудыг ашиглан, олон залуу судлаачдаа илгээж, эрдмийн зэрэг цол хамгаалуулна. Мэргэжил дээшлүүлж, чадавхыг нь сайжруулна. Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үндсэн үйл ажиллагааны орлогыг төсвийн санхүүжилтийн 30 хувьд хүргэх зорилтыг бид энэ их ойнуудын жил тавиад байна. Ингэж чадвал бидний хүний нөөцийнхөө хөгжлийг хангах боломж өргөсч, шинжлэх ухааны салбарын улсын төсвийн хамаарал ямар нэг хэмжээгээр буурна гэсэн хүлээлт байна. Харамсалтай нь улс, бүс нутгийн хэмжээний томоохон асуудлыг шийдвэрлэх хэмжээний хүний нөөц манай салбарт бүрдэж өгөхгүй удаж байна. Иймээс шинжлэх ухааны салбараа хөгжүүлье гэвэл хүний нөөцийн асуудлыг нь зоригтой дэмжин шийдвэрлэхээс өөр аргагүй. Дан төрийн өмчийн эрдэм шинжилгээний салбар гэлтгүй хувийн салбарт эрдэм шинжилгээний ажил хийж байгаа байгууллагуудыг дэмжих хэрэгтэй. Монголын хүн ам хоёр сая байх үед манай салбарт 6000 хүн ажиллаж байсан гэдэг нь боломжийн үзүүлэлт. Өнөөдрийн нөхцөлд шинжлэх ухааны салбарт ядаж 3000 хүн ажилладаг байгаасай гэсэн хүсэл байна. Тэгвэл салбарын хөгжилд тооноос чанарт шилжсэн томоохон өөрчлөлт гарна гэж үзэх үндэстэй. Сүүлийн жилүүдэд манай салбарын эрдэм шинжилгээний ажилтнууд их залуужсан. Манай академийн хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилтнуудын дундаж нас 39-40 байгаа. 50-иас дээш настнууд 2020 оны байдлаар нийт ажилтны 18.9 хувийг эзэлж байна. Эндээс цаашдаа залуу, дунд, ахмад үеийнхний зохист харьцааг олж, түүнээ тогтвортой хадгалах талдаа илүү анхаарч ажиллах нь чухал гэдэг нь харагдана.

-Тэтгэвэрт гарсан ч хүрээлэндээ ажиллаж залуу хойч үедээ мэдлэг, туршлагаа өвлүүлэх боломж олгодог нь танай салбарын давуу тал санагддаг?

-Бий болгосон мэдлэг чадвар, туршлага бол хэмжихэд амаргүй ч, маш их үнэтэй капитал. Түүнийг зүгээр нэг насны хязгаар гэдэг шалгуураар гаргаад хаячихаж огт болохгүй. Хэн тухайн насандаа ажиллах чадвараа хадгалж байна, үргэлжлүүлэн үр бүтээлтэй ажиллах хүсэл, эрмэлзэл байна уу, үгүй юу, эрдмийн хамт олны нь цуг ажиллах сонирхол аль хэр байна гээд анхаарах асуудал цөөнгүй. Бид бол “Хэн чадаж байна, тэр нь ажиллаг” гэсэн зарчим барьдаг. Энэ шалгуурт нас хамаагүй. Түүнээс биш нэг их ардчилсан хүн болох гээд, эсвэл залуучуудын сэтгэлийг татах гээд заавал залуу хүн авчирч тавих шаардлага байхгүй гэдэг дээр манай академийн удирдлага санал нэг байдаг. Шуудхан хэлэхэд чадамжийг нь харна. Залуужуулах бодлого ч үүнтэй хамт, тодорхой хүрээнд явна. Академийн гишүүд бол нууц санал хураалтаар сонгогддог учраас энд насны ямар нэг шалгуур, хязгаар тавих боломж байхгүй. Ер нь бол дэлхийн хөгжлийн янз бүрийн түвшинтэй 80 орчим оронд манайтай төстэй бүтэц, зохион байгуулалттай шинжлэх ухааны академиуд байдаг бөгөөд эрдмийн бүтээл, гавьяаг нь үнэлж, гишүүдээ нууц санал хураалтаар сонгохдоо энэ л зарчмыг барьдаг. Тийм ч учраас эдгээр академийн гишүүдийн дундаж нас харьцангуй өндөр байдаг онцлогтой нь оюуны бүтээл эрхэлдэг хүмүүсийн тархины хүч чадал удаан хадгалагддагтай холбоотой. Байнга цэнэгтэй байдаг гэсэн үг. Бас оюуны хөдөлмөр эрхлээд, элдэв бохир юманд оролцдоггүй улсууд урт насалдаг. Оросын Шинжлэх ухааны академийн 2000 гишүүний 40 орчим хувь нь 80 ба түүнээс дээш настай. Гэхдээ нас бол тоо гэдэг хүмүүстэй би санал нийлдэггүй, агуулга, чанар бас чухал.

-Шинжлэх ухааны академи олон улсын шинжлэх ухааны байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Салбарын гадаад харилцаа 1921 онд манай Судар бичгийн хүрээлэн Оросын ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар эхэлсэн. Ингээд 1940-өөд оны сүүлээс харьцангуй өргөжиж, улмаар 1961 онд ШУА байгуулагдсанаар хөгжлийн шинэ шатанд гарсан гэж үзэж болно. Тэр үеийн социалист системийн ихэнх улсын ШУА-тай гэрээ, хэлцэл байгуулж, түүгээр ч барахгүй 1970-аад оны дундаас капиталист системийн АНУ, Япон зэрэг улстай харилцаа холбоо тогтоож, гадаад харилцаагаа өргөжүүлж байсан. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, Монгол судлалын салбар дахь олон улсын хамтын ажиллагаа энэ бүх 100 жилийн турш тасралтгүй үргэлжилж ирсэн билээ. 1990-ээд оноос нийгмийн шилжилтийг дагаж гадаад хамтын ажиллагааны өргөн боломжууд нээгдсэн хэдий ч, хугацааны эхний 10 гаруй жилд эдийн засгийн хүндрэлээс болон бид зөвхөн тэдний тусламжид найдан ажиллаж байсан цаг. Хугацааны дунд үеэс бидний санхүүгийн боломж удаан боловч бага багаар дээшилж, бас судлаачдын гадаад хэлний чадавх ерөнхий сууриараа сайжирч ирсэн нь гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Одоогийн байдлаар Монгол Улсын ШУА нь дэлхийн 30 гаруй улсын эрдэм шинжилгээний байгууллагатай 90 гаруй гэрээ хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллаж байна. Мөн Дэлхийн шинжлэх ухааны олон улсын зөвлөл, Олон улсын академи хоорондын түншлэл, Азийн Шинжлэх ухааны Академиудын Холбоо, Азийн шинжлэх ухааны зөвлөл, Хөгжиж буй орнуудын ШУА-иудын зөвлөл зэрэг олон улсын шинжлэх ухааны байгууллагуудад гишүүнээр элсэж, удирдах бүрэлдэхүүнд нь сонгогдож, ажил, арга хэмжээнд нь идэвхтэй оролцон, олон улсын судалгааны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. 2020 оны байдлаар ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд гадаад улстай хамтарсан 107 төсөл хэрэгжиж, олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд 370 гаруй өгүүлэл нийтлүүлж, олон улсын хуралд 140 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна.

-Та бүхний ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

-Монгол Улсын хөгжлийн түлхүүр болсон эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач, доктор, профессор, эрдэм шинжилгээний ажилтнуудад Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100, Шинжлэх Ухааны академийн 60 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.


Сэтгэгдэл

ЭРДЭМТДЭЭ ШҮТСЭН УЛС ХӨГЖДӨГ [64.119.29.146] 2021-10-01 03:26:55

ШИНЖЛЭХ УХААН БАЙТУГАЙ, ШИРХЭГ ЦААС АВААД ӨРГӨДӨЛ ЗӨВ БИЧЧИХЭЖ ЧАДАХГҮЙ, ГАНЦ НОМ БҮТЭН УНШААГҮЙ ЮМНУУД МОНГОЛЫН СОР БОЛСОН СЭХЭЭТЭН ЭРДЭМТДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОНГҮЙ, ХИЙСМЭН БҮТЭЭСНИЙГ Ч ҮНЭЛЭХ, ОЙЛГОХГҮЙ, ФЭЙСБҮҮК, ТВИТТЕРИЙН ХАР, ХОРОНДОО ШУУГИЛДАН ШААГИЛДАЖ БАЙНА УУ. МОНГОЛЫН ТӨРИЙН БОДЛОГО, ҮЙЛ ХЭРЭГ ҮНЭН ЗӨВ ЯВАХАД ЭНЭ ХЭДХЭН ЭРДЭМТДИЙН ЧИНЬ НӨЛӨӨ, УХААН ИХ ЮМ ШҮҮ, ХАМРЫН ДОР ХАГАРХАЙ ГЭЖ ЮУ Ч БОДОХГҮЙ ЭЛИЙРЧ БАЙДГАА БОЛЬ

Зочин [64.119.23.66] 2021-10-01 10:15:09

Социализмийн үeд ШУ ныг ойлгодог,санхүүжилт хангалттай өгдөг байж,сүүлийн 5 жилд санхүүжилт бараг л зогссон,шинжлэх ухааныг ойлгодог сайд дарга байхгүй болсон

Зочин [124.158.109.140] 2021-10-01 05:13:13

Эрдэмгүй эрдэмтэд байдаг гэдгийг Та бас мартсан шиг байна. Одоо манайд тийм эрдэмтэн дэндүү олон, тэдний үгийг сонсох хэрэггүй...

Зочин [66.181.161.27] 2021-10-01 01:18:10

Академичийн тоо дөрөв дахин нэмэгдэх нь дээ , яван явсаар монголыг бүрхэх академичид ... - хоолны савнууд - явдаг жорлонгууд ...

Зочин [192.82.69.106] 2021-09-30 14:07:20

Рэгдэл мэтийн зөнөсөн, нүдний булай өвгөдөөсөө бүрэн салж байж л Монголд шинжлэх ухаан хөгжинө, ШУА ч өнгө зүс орно.

Доктор [66.181.187.28] 2021-10-01 01:01:25

Рэгдэл дэлхийд данстай шинжлэх ухааны доктор, эрдэмтэн хүн. Германы Гумбольдын их сургууль гэж дуулсан уу, тэнэг ээ. Тэнд чам шиг дурак бол хөлөө ч тавих хувь заяагүй байдаг юм. Технологийн нарийн мэргэжлийн ийм эрдэмтэд Монголд байтугай Дэлхийд ч цөөхөн байдаг юм. Зөвхөн чацарганаас тос ялгах тоног, төхөөрөмж бүтээсний үр дүнг мөнгөөр тооцвол чиний тэнэг толгойд багтахгүй тоо гарна.

Зочин [59.153.87.173] 2021-09-30 11:53:45

ЭНЭ ҮХЭЭРИЙГ АКАДЕМААС ЗАЙЛУУЛ

зочин [203.23.199.100] 2021-09-30 07:19:38

Энэ хүмүүс Монгол улсад ямар хэрэгтэй вэ. Гэртээ харьж ач зээгээ харж цавганцдаа ядаж тус бол. Та нараас бааснаас өөр юу ч гарахгүй шүү дээ.

Зочин [139.5.217.127] 2021-09-30 06:11:19

та телевизээр өөрийгөө рекламдахаа жаахан багасгаарай. мартаж болохгүй хүн гээд л туугаад байсан. тань шиг зөндөө хүн байгаа шүүдээ. хэнийг нь мартаж хэнийг нь мартахгүй байх юм. жаахан ёс зүйтэй бай академич аа

Зочин [139.5.217.127] 2021-09-30 06:08:49

юм хуулж эрдэмэн нэр зүүгээд л, чингэсийн үеийн түүхийг тал талаас нь хуулж мөлжигчид. PhD, doctor science зэрэг цолны ялгааг ч мэдэхгүй ерөнхийлөгч гуай. Байгайлийн ухаанаар доктор хамгаалбал doctor science, хүмүүнэгийн ухаанаар хамгаалвал PhD зэрэг олгодог олон улсын жишиг абйхад түүх, эдийн засаг мэтээр дахин нэг цаас бөөгнүүлж шинжлэх ухааны доктор гэсэн худлаа сэтэр зүүлгээд л. үүнийгээ нэг тийш болго л доо. мэддэггүй бол явж суал тань мэд

Нэргүй [202.179.21.197] 2021-09-30 05:55:34

Шинжлэх ухаанд элэгтэй хандаж байгаа ЗГ сайн байна.Энэ хүний ярианд олон сайхан зүйл байгаа хэдий ч зарим нэгэн цөөхөн зүйл дээр санаа огт нийлэхгүй байна.Тухайлбал ЭША-нуудын залуу халаа маш чухал энэ хүнээс өөрөөс нь эхлээд маш олон хүн зайгаа тавиад өгөх хэрэгтэй нэрлэж ч болно.Үнэхээр өөрсдийгөө шинжлэх ухаанд хэрэгтэй гэж үзэж байгаа бол доошоо лабараторид зөвлөх нэртэй ажиллаж болно тэтгэвэр дээрээ жаахан урамшуулал аваад харин ингэж алдар цол горилж шинжлэх ухаанаар хувийн эрх ашигтаа нийцүүлэн бөглөөс хийх нь илүүц.Хамгийн түрүүнд энэ хүн үлгэрлээд Чулуунбаатар гээд цаашаа үргэлжилнэ.

монгол [59.153.112.189] 2021-09-30 05:36:32

шинжлэх ухаан = 0 x 4=0

ШУА [202.179.26.0] 2021-09-30 05:18:02

ӨӨРСДӨӨ МӨНГӨӨ ОЛООД АМЬДРАХ ГЭЭД ҮЗВЭЛ БОЛОХГҮЙ ЮҮ. ҮНЭГҮЙ ОФИС , ТОНОГ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ, ТОГ ЦАХИЛГААН , ИНТЕРНЕТ, КОМПЮТЕР, ЛАБОРТОРИ, УНАХ УНАА , ГАР УТАС, ӨНДӨР ЦАЛИН ХАНГАМЖ , ГАДААД ДОТООД ТОМИЛГОО, ЕР ЮҮ ХҮССЭН БҮХЭН ЧИНЬ ҮНЭГҮЙ ХАНГАЖ БАЙНА. МӨНГӨ ТӨГРӨГ ОЛЖ БОЛОХГҮЙ ЮҮ

Зочин [202.126.88.73] 2021-09-30 04:54:49

манай эрдэмтэд гэж нэг сайхан нөхөд байнаа юу ч хийдгүй хийдэг ажил гэвэл чингисийн түүхийг мянга дахин ярина өөр юм байхгүй


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.