Э.Эрдэнэбат: Ах нар бидэнд ажил мэргэжлийн ч, амьдралын ч ухаан заадаг байлаа
“Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага сургуульд оролцсон сэтгүүлчдийн нүдэнд хамгийн түрүүнд өртсөн, мөн хамгийн их мэдээллийг өгсөн нэг зүйл бол сургалт явагдаж байгаа бүх байршлуудыг дүрсэлсэн цогц макет байсан юм. Тус макетыг Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн салаан захирагч, ахмад Чинбат, гал сөнөөгч, ахлах ахлагч П.Ганпүрэв, Э.Эрдэнэбат, ахлагч Нямдаваа нар хамтран хийсэн байна.
Ингээд тус бүтээлийг голлон урласан гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Эрдэнэбаттай цөөн хором ярилцсан юм.
-Сургалтууд явагдаж байгаа газруудын байршлыг үзүүлсэн гоёмсог макетыг таныг нөхдийнхөө хамтаар урласан гэдгийг сонслоо. Энэ макетыг хийх санаа хэрхэн гарав?
-“Хангай-21”-ийн бэлтгэл ажил явагдаж байхад ОБЕГ-ын ГУСГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Хадбаатар ирээд сургалтуудад дандаа л анонс өлгөсөн байдаг. Тэгэхээр энэ удаа ийм макетын загвар гаргаад үзвэл хийх боломж байна уу гэсэн саналыг бидэнд тавьсан юм. Бид ч болохоос нь болохгүйг нь хүртэл хийгээд үзье гэсэн. Өмнө нь янз бүрийн самбар, үзүүлэн хийж байсан ч ийм макет бол хийж үзээгүй хүмүүс шүү дээ. Тэгээд манай салаан захирагч, ахмад Чинбат та голлоод ажиллаад үзэх үү, хэн хэнийг авмаар байна гэхээр нь хамгийн түрүүнд ахлах ахлагч Ганпүрэв ахыг авья гээд… Тэгээд ахлагч Нямдаваа бид дөрөв хийхээр болсон.
-Ер нь зурж, сийлэх авьяастай байх нь ээ?
-Аав маань их уран байсан юм. Зурна, бичнэ, сийлнэ. Ерөөсөө хийхгүй юмгүй хүн байсан. Надад тэрнээс нь жаахан юм үлдсэн юм байлгүй /инээв/. Аавынхаа бол хаана нь ч хүрэхгүй л дээ.
Макетыг хийхдээ бид өндрөөс аврах ажиллагааны хад чулуутай хэсгийг хөөсөнцрөөр хийсэн юм. Тэрийг ажлын хэсгийнхэн харчихаад энэ өнгө будгийг ёстой гоё гаргасан байна, янзын хийсэн байна гэж магтсан. Тэрнээс хойш бид чинь урам ороод шуударсан даа. Бүгдийг хөөсөнцөр, нимгэн хавтан гээд гарын доорх материалаар хийсэн. Бидэнд 3 хоногийн хугацаа өгсөн байсан юм. Ямар ч байсан тэр хугацаанд нь амжуулсан.
-Хүүхэд байхдаа мэдээж аавынхаа гол туслагч байв уу, эсвэл…?
-Тэгэлгүй яах вэ. Намайг хүүхэд байхад гэрэл зураг их ховор байлаа. Аав маань талийгаач нарын хөргийг их зурна. Мөн авдар, гэрийн мод эрээлнэ, сийлнэ. Тэр ажлуудад нь би тусална. Аав морь сийллээ гэхэд би ерөнхий загварыг нь бэлдэж өгнө. Тэгээд нарийн сийлбэрийг нь аав өөрөө хийнэ. Би гэрийн мод эрээлэх, хээ угалз сийлэхийг хийчихдэг ч хүн, амьтны дүрстэй зүйлийг хийхдээ бол тааруу байсан юм.
Мөн тэр үед ханын сонин их гаргана. Би ангийнхаа ханын сонинг байнга хийнэ. Ангидаа бол ханын сонин, самбар гаргахад хамгийн шилдэг нь байлаа шүү дээ.
-Тэгээд энэ авьяасаа хөгжүүлээд зураач ч юм уу, сийлбэрч больё гэж бодоогүй хэрэг үү?
-Наймдугаар ангид байхад зурсан зургуудаа аваад ир, тэнцвэл шууд Дүрслэхийн дундад авья гэсэн шалгалт ирсэн юм. Нэг найз маань бас зурдаг байсан юм. Ингээд бид хоёр шалгуулахаар болтол найзад маань зурсан зураг байдаггүй. Би болохоор зургуудаа хавтаслаад хадгалчихсан байсан. Тэгээд хавтастай зургаа найздаа өгөөд явуулчихаж байснаа бодохоор зураач болох сонирхол төдийлөн байгаагүй бололтой. Тэр найз маань ч миний зургуудыг авч очоод тэр сургуульдаа ороогүй. Тэгэхээр миний зургууд ер нь Дүрслэх урлагийн сургуульд орох хэмжээнд тэнцэхгүй байсан шиг байгаа юм.
-Тэгвэл хүүхэд байхдаа ямар хүн болно, ямар мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байв даа?
-Ер нь миний багын мөрөөдөл гал сөнөөгч болох байсан шүү. Намайг зургадугаар ангид байхад манай гэр шатаж байсан юм. Тэгээд л за ерөөсөө гал сөнөөгч болно гэсэн бодолтой болчихсон. Харин ээж маань цагдаа бол гэдэг байлаа. Аав бол гал сөнөөгч болохыг дэмжиж байсан. Манай хөрш айл тэр үеийн Байгалийн гамшигтай тэмцэх салбарын дарга, Өлзийбат гэж хошуучийнх. Тэр хүн болохоор чи шүхэрчин бол гэнэ. Ингээд би шүхэрчин больё гэтэл аав, ээж хоёр чамайг тэр өндрөөс үсэрч байхад бид юу бодож байх юм бэ гэж дургүйцээд… Би айлын ганц хүү л дээ. Ингээд наймдугаар ангиа төгсөөд техник мэргэжлийн сургуульд барилгын засал чимэглэл гэсэн мэргэжлээр хоёр жил суралцаж ирээд хүссэн ажилдаа орсон доо.
-Үндсэн ажлынхаа хажуугаар гарын ур, төгссөн мэргэжлээрээ чамгүй их зүйл хийж бүтээдэг бололтой. Аймгийн Онцгой байдлын газарт таны ураар бүтсэн зүйлс цөөнгүй гэж сонссон?
-Бий бий. Үүдээр ороход хүндэтгэлийн самбараас эхлүүлээд нэлээд зүйл бий шүү. Хамгийн сүүлд чанарын стандартын самбар, байлдааны тугны гонхыг хийсэн. Хавар Ганпүрэв ах бид хэд гал тогоогоо тохижуулсан гээд оролцоогүй юм бараг байхгүй дээ. Сургуулийг нь төгссөн юм болохоор өрлөг өрөхөөс авахуулаад шавардах, будах ажилд бусдаас нэг их гуйхгүй болж байна. За ер нь гагнуураас бусдыг хийж байна. Одоо тэгээд гагнуур хийж сурдаг юм билүү гэж бодоод байгаа. Хийж үзсэн. Болмоор юм билээ.
-Ингэхэд сургуулиа төгсч ирээд л гал сөнөөгчийн ажилдаа орсон уу?
-Тэгсэн. 1999 онд Галын аюулгүй байдлын тухай хууль батлагдаад, Гал түймэртэй тэмцэх хэлтэс маань бие даасан газар болсон. Тэгэхэд шинэ хуультай хамт шинэхэн газарт ажилд орж байлаа. Хүүхэд багын хүсэл минь учраас энэ газарт тэнцэхийн тулд бүхий л хүчээ дайлчилна гэж бодож байлаа. Тухайн үед 32 хүн өрсөлдсөнөөс найман хүнийг шалгаруулж авсан. Тэр наймд багтааж энэ сайхан албандаа орсон доо.
-Тухайн үед та бүхэнд ямар шалгуур тавьж байв?
-Ер нь бол бие бялдрын шалгалт л голчлон авдаг байсан юм. Тэгээд цээж бичиг хийлгэнэ. Боловсролын төвшинг нь тэгж л тодорхойлж байсан юм болов уу даа. Мөн математикийн томьёонууд асууна. Хамгийн гол нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх ёстой гэсэн шалгуур тавина. Зэргийн шалгалтад ч гэсэн бие бялдрын шалгалтыг л чухалчилдаг байсан юм. Мөн монгол бичгийн шалгалт авна. Нэг өгүүлбэр л уншчихвал болдог байлаа /инээв/.
-Анхны юм болгон санаанд үлдчихдэг болохоор анх ямар дуудлагад явж байснаа одоо ч санана биз?
-Айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар явж байсан юм. Тэр айл өрхөө татчихсан байсан болохоор гэр нь бүрэн шатаагүй. Бид ч шуурхай очсон болохоор дор нь унтраасан. Миний хувьд анхны дуудлага болохоор сандарч байгаа юм чинь. Гэхдээ л ах нар байгаа болохоор асуудалгүй галаа унтраачихсан. Ер нь бид чинь ах нараас их сурдаг байлаа шүү. Тэд бидэнд ажил мэргэжлийн ч, амьдралын ч ухаан заадаг байлаа.
-Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хараад их сайхан алба орох юмсан гэх залуус олон болсон юм шиг. Гэхдээ гаднаас нь хараад дурлах, дотор нь ороод ажиллах хоёр эрс өөр зүйл. Тиймээс хүнд хэцүүгээс шантрах үе байв уу?
-Ёстой шантарч байгаагүй шүү. Ямарч шантрах ажил байсан гүрийгээд явж л байна.
-Ер нь танай үеийнхэн шилжилтийн ороо бусгаа цагийг туулсан болохоор ч тэр үү их тэсвэр хатуужилтай юм шиг ээ?
-Арай өөр шүү. Хэрийн зүйлд шантраад буцаж, няцаад байхгүй.
-Сүүлийн үед төчнөөн дуудлагад явж, өчнөөн хүний амийг аварсан гэх тоон үзүүлэлтүүд гаргах болсон. Таны хувьд тоолж үзэж байв уу?
-Үгүй шүү. Нэлээд өндөр тоо гарах байх.
-Явсан дуудлага бүрээ тооцож, бүртгэж байгаагүй ч сэтгэлд мартагдахааргүй үлдсэн тохиолдлууд байдаг даа. Тийм тохиолдол байна уу?
-Одоо мэдэхгүй, аль дуудлага ч гэмээр юм бэ дээ. Ер нь хүн өнгөрчихсөн дуудлага л хамгийн хэцүү дээ. Харин 2004 билүү таван онд 3-р 36 гээд гурван давхар 36 айлын орон сууц шатсан гал түймэр хамгийн удаан ажилласан, том галын дуудлага байсан. Тэгэхэд би их азтай. Би нэгийн ноймероор, нэг найз маань араас хоёрын ноймероор хоёр давхар руу орсон юм. Тэр үед одоогийнх шиг амьсгалын бие даасан төхөөрөмж энэ тэр байхгүй. Под каскаа өмсөөд л ордог байлаа шүү дээ. Тэгээд галын дөлөө дарчихаад цонхоор амьсгаа авах гээд эргэсэн чинь өвдөг шархийгээд л явчихсан. Улайсчихсан пааранд хүрчихгүй юү. Тэгээд цаашаа хоёулаа яваад нэг өрөөний галыг дараад л дараагийн өрөө рүү ортол яг ард дам нуруу нурсан. Дахиад жаахан удсан бол бид хоёр дам нуруунд цохиулаад яах ч байсан юм билээ, бид их азтай хүмүүс шүү гэж дараа нь найзтайгаа ярьдаг байлаа. Үнэндээ бид дотор юу байгааг мэдэхгүй л орно шүү дээ. Яс юман дээрээ өглөө гэрээсээ гараад эргээд харина гэсэн баталгаа байхгүй. Тийм болохоор өглөө гарахдаа эхнэр, хүүхдүүдээ үнсээд л гардаг юм. Гэхдээ гал сөнөөгч хүн галаас айх шаардлага байхгүй.
-Гал түймэртэй тэмцэх байгууллагынхан зөвхөн обьектын түймэрт явдаг байснаа сүүлд ой, хээрийн түймэрт явдаг болж, гурван байгууллага нэгдсэнээр та бүхний ачаалал бүр их нэмэгдсэн байх?
-1999 онд Галын аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар ой, хээрийн түймэрт явдаг болчихсон байсан юм. 2002 онд Завхан, Хөвсгөл, манай аймгийн зарим сумдыг хамарсан их том түймэрт 45 хоног явж байлаа. Хамгийн удаан явсан дуудлага тэр болох байх.
Харин нэгдсэн тогтолцоонд шилжээд хос мэргэжилтэй байх ёстой гэсэн шаардлага тавигдаад ангиас хоёр хүнийг усчин аврагчийн сургалтад явуулахад би явсан. Энэ их зөв гэж боддог юм. Хэдийгээр бид төрөлжөөд ажиллаж байгаа ч Онцгой байдлын алба хаагч бол шаардлагатай үед хөрвөж ажиллаж чаддаг байх ёстой. Тиймээс алба хаагчдаа ингэж бэлтгээсэй гэж боддог доо.
-Та ажилдаа дуртай болохоор албанаас гарах тухай бодож байгаагүй байх. Харин ар гэрийн чинь зүгээс хэцүү, хатуу ажил юм, болихгүй юм уу гэх зүйл ер гарч байгаагүй юү?
-Үгүй шүү. Миний хань багш мэргэжилтэй. Бид гурван охинтой. Гэргий маань албыг минь маш сайн ойлгодог болохоор надад ийш тийшээ томилогдоод явахад ар гэртээ санаа зовох юм байдаггүй. Дуудлага гарлаа гэхэд хань юмыг маань тэр дор нь бэлтгээд л тавьчихна.
Харин би гэртээ байх хугацаандаа хэзээ ч дуудлага ирж, хэд хоногоор ч явж магадгүй гэдэг үүднээс түлээ мод хагалж, бэлтгэх гэх мэтээр өөрөөс шалтгаалах зүйлээ бүгдийг бэлтгээд тавьчихдаг юм.
-Манай алба хаагчдын хувьд албаны онцлогоос шалтгаалаад эхнэрээ төрөхөд төрөхийн үүдэнд хүлээж чадаагүй тохиолдлууд цөөнгүй байдаг. Таны хувьд гурван охиноо төрөхөд хаана байв?
-Гурвууланг нь төрөхийн үүдэнд хүлээж байсан шүү. Том охиноо төрөхөд өлгийний дотуур өмсдөг нимгэн цамцыг нь зөөлөн даавуу аваад эмнэлгээс гарч ирэхээс нь өмнө өөрөө оёж өгч байлаа. Ер нь би өөрөө хувцсаа оёод өмсчихдөг байсан юм. 90-ээд онд угаасаа юм ховор байсан болохоор эвтэйхэн юм харагдвал өөрөө оёж өмсөөд гангардаг байлаа.
-Одоо үйл урлаж байна уу?
-Одоо бол оёхгүй ээ. Гэхдээ гэртээ зүгээр сууж чадахгүй юм. Тэгээд нэг хүлэмж арчилж байна. Сүүлийн үед төмрөөр юм хийх дуртай болоод байгаа. Бас загасанд явах хоббитой. Зав л гарвал загасанд явна даа. Бага охин маань бас намайг дуурайгаад загасчлах дуртай.
-Хамгийн том нь ямар загас барьж байв. Сүүлийн үед спорт загасчлал их хөгжиж байна. Хоббигоо дагаад үүнийг сонирхож үзэж байв уу?
-Тамирын голоосоо 60 см зэвэг гаргаж байсан. Тэр л хамгийн том нь болно доо. Спорт загасчлалын тэмцээнд очиж байсангүй ээ. Уг нь очиж сонирхоё гэж боддог ч ажил давхцаад очиж үзэж амжихгүй л байна.
-Та бүхнийг бас сайн санааны тусламжийн аян зохион байгуулж байсныг мэдэх юм байна?
-Уржинан би салаан захирагчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Манай салаан захирагч энхийг сахиулах ажиллагаанд явчихаад. Тэгээд салаагаа 2019 оны тэргүүний салаа болгосон. Тэр шагналын мөнгөөрөө бид сайн үйлсийн аян зохион байгуулж, нэг айлд тусалсан юм. Олон хүүхэдтэй ядарсан айл байсан. Бид багийн даргатай нь холбогдож айлаа сонгосон. Хүүхдүүд нь хэд хоног ч гэсэн хоолтой ундтай, дулаахан байж, шинэ жилээ угтаг гэж бодсон юм. Бидний алба чинь бас хүмүүнлэгийн алба шүү дээ.
-Тэгвэл таны бахархал?
-Албаараа л бахархана. Онцгой шүү дээ.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
Сэтгэгдэл