Гана улс дахь хувийн хэвлэл мэдээллийн зарим байгууллага яагаад авлигатай тэмцэж байна вэ? Шалтгаан, дүрэм, нөөц
Итгэмжлэгдсэн эрх мэдлээ хувийн зорилгодоо урвуулан ашигласан авлига нь нийгэмд ноцтой үр дагавар учруулдаг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Муны хэлсэнчлэн, “Хувийн ашиг сонирхлын үүднээс улсын мөнгийг хулгайлснаар сургууль, эмнэлэг, зам, ус цэвэршүүлэх байгууламж барих нөөц багасна гэсэн үг... Авлига нь хуурамч буюу чанаргүй эмийг зах зээлд гаргах, аюултай хог хаягдлыг хогийн цэг, далай тэнгист хаях боломжийг олгодог.”
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг авлигатай тэмцэх чухал тоглогч гэж үздэг. Гана улсын хэвлэл мэдээллийн зарим байгууллага авлигын хэргийг мөрдөж, илчилж буй талаар би өмнөх бүтээлдээ бичсэн билээ. Тэд авлигын хор уршгийн талаарх ойлголт мэдлэгийг бий болгож, хэлэлцүүлгийн платформоор хангаж, хариуцлага хүлээхийг шаарддаг юм.
Мөн “Шударга ёсны төлөөх мөнгө” (Cash for Justice), “Худалдах гэрээ” (Contracts for Sale) зэрэг эрэн сурвалжлах баримтат кинонууд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл авлигыг илчлэхэд хэрхэн туслах боломжтой, бас хэрхэн хариуцлага тооцож, шинэчлэл хийх талаар шахалт үзүүлж болохыг харуулж байна.
Гэвч Гана улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Дөрөв дэх Бүгд Найрамдах Улс дахь хяналтын чиг үүргээ үндсэндээ алдсан байна. Тэдний зарим нь авлигатай тэмцэхээс илүүтэй тусалдаг болохыг миний судалгаа харуулсан билээ. Энэ нь намчирхсан сурвалжлага, чадваргүй сэтгүүл зүй хосолсны үр дагавар юм.
Хамгийн сүүлд хийсэн судалгаандаа миний бие Гана улсын зарим хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн авлигыг илчилж байхад зарим нь яагаад илчилдэггүй талаар судалж байна. Үүнийг тайлбарлахын тулд Британийн социологич, онолч Энтони Гидденсийн бүтээлд тулгуурлаж байна.
Гидденс нийгмийн үйл ажиллагааг бүрдүүлдэг дараах гурван зүйлийн талаар ярьдаг:
· хувь хүний үйлдэл хийх чадвар
· тэдгээрийн шалтгаан (сонирхол болон сэдэл)
· тэдгээрийн бүтцийн орчин (нөөц ба дүрэм).
Гана улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, улс төрчид, авлигын эсрэг тэмцэгчидтэй хийсэн ярилцлага маань авлигатай тэмцэхэд эдгээр хүмүүс ямар үүрэг гүйцэтгэж байгааг харуулсан юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд авлигын эсрэг үйл ажиллагаа явуулах сэдэл хийгээд нөлөөллийг нэмэгдүүлэхийн тулд юу хийж болохыг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.
Оролцох шалтгаан
Энэхүү судалгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн авлигыг илчлэх асуудалд тухайн харилцаанд оролцогч бүр өөр өөр сэдэлтэй байдгийг харуулсан. Үүнд хэвлэл мэдээллийн эзэд, сэтгүүлчид, улстөрчид багтана.
Зарим хэвлэл мэдээллийн эзэд, менежерүүд пүүсүүдээ бие даасан, авлигын эсрэг тууштай байхыг хүсдэг байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас стратегийн шалтгаантай байж болно. Зарим хэвлэл мэдээллийн фирмүүд шударга, тэнцвэртэй үйл ажиллагаагаар нэр хүндээ бий болгохыг эрмэлздэг гэж ихэнх оролцогчид хэлсэн юм. Энэ нь тэдэнд үзэгчдийг татах, сурталчилгаа хийх боломж олгодог байна.
Улс төрийн авлигатай тэмцэж буй цөөн хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгэмд өөрчлөлт хийх гэсэн сэдэлтэй байсан. Жишээлбэл, нэгэн эрэн сурвалжлах сэтгүүлч өөрийн шийдэмгий байдал нь Гана улсад хүмүүс зовлон зүдгүүрт өртөж буйгаас үүдэлтэй юм хэмээн тайлбарлаж байв.
Бас нэг сэтгүүлч хэдий ядуу зүдүү боловч түүнийг дуугүй болгохын тулд тавьсан авлигад идэгдсэн улстөрчдийн саналаас (бэлэн мөнгө, эд зүйл) татгалзсан тухайгаа ярив.
Судалгаанд хамрагдсан авлигатай тэмцэгчид болон хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд энэхүү хувийн туршлага, авлигатай тэмцэх тууштай байдлаа баталж байв.
Бүтцийн нөхцөл
Тухайн харилцаанд оролцож буй хүмүүсийн үйл ажиллагааны сэдэл нь бүтцийн нөхцөл байдлаас мөн шалтгаалж байв.
Гидденсийн үзэж байгаагаар бүтцийн хамгийн чухал элементүүд нь институцийн дүрэм ба нөөц юм. Дүрэм нь тухайн улс төрийн нийгэмлэгийн хүрээнд хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааг тодорхойлж, удирдан чиглүүлдэг. Эдгээр дүрмүүд нь албан ба албан бус байж болох ба сул эсвэл хүчтэй мөрдөгдөж болно.
Гана улсын 1992 оны Үндсэн хууль нь ардчилсан эрх чөлөөг тогтоосон байна. Судалгаанд оролцогчдын нэг болох сэтгүүл зүй, харилцааны академич энэ тухай “иргэний нийгэм, иргэд, хэвлэл мэдээллийнхэнд ажиллах боломжийг олгодог улс төрийн таатай орчин” хэмээн ярьсан байна.
Мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд ч 1992 онд Гана улс ардчилсан засаглалд шилжсэн нь шүүмжлэлт сэтгүүл зүйд тус дөхөм болсон гэж үзэж байна. Тэд энэхүү өөрчлөлтөөр бий болсон эрх чөлөө нь дур зоргоороо баривчлах, яллах, шоронд хорихоос айхгүйгээр улс төрийн удирдагчддад хариуцлага тооцох таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэв.
Гэвч авлигатай тэмцэж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудад хүчирхийллийн аюул байсаар байна. Эрэн сурвалжлах сэтгүүлч Ахмед Хуссейн Суалегийн амь насыг 2019 онд хөнөөсөн хэрэг цочирдом жишээ юм.
Нөөц бас чухал. Нийгмийн оролцогчдын эрх мэдэл нь тэд материаллаг болон хүний нөөцийг хэр зэрэг хянаж буйгаас хамаарна. Гана улсын Ерөнхий аудиторын газар зэрэг авлигатай тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нь зарим хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг улс төрийн авлигын талаар шүүмжлэлтэй мэдээлэхэд түлхэц өгч байна.
Редакторынх нь онцлон тэмдэглэснээр: “Гана улсын нөөцийг төрийн зарим албан тушаалтнууд хэрхэн үргүй зарцуулж буйг Ерөнхий аудиторын жилийн тайлан харуулж байна. Хэвлэл мэдээллийнхэн эдгээр тайланг хэлэлцэж, хариуцлага тооцохыг шаардах замаар олон нийтэд түгээхэд тусалдаг.”
Эдгээр мэдээллүүд нь цаашид мөрдлөг явуулах нэн шаардлагатай газруудыг тодорхойлох боломжийг сэтгүүлчдэд олгодог байна.
Нэмж дурдахад, төрийн яам, агентлагууд улс төрийн авлигын талаарх мэдээллийг хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахад тусалдаг байна.
Харин хувийн хэвлэл мэдээллийнхэн авлигатай тэмцэхэд тэдэнд нөөц хэрэгтэй байна. “Авлигын хэргийг мөрдөхөд цаг хугацаа, зардал их шаарддаг” гэдгийг хэвлэл мэдээллийн ажилтан онцолж байв.
Судалгаанаас харахад авлигатай тэмцэх хэвлэл мэдээллийнхний ажилд ардчилсан эрх чөлөө дангаараа хангалттай хамгаалалт болж чадахгүй байна. Бүтцийн нөхцөл нь энэхүү харилцаанд оролцогчдыг дэмжих нөөц болон дүрэм журмаар хангаж болно. Гэхдээ тэд өөрсдийн ашиг сонирхолд үндэслэсэн тодорхой зорилгод хүрэхийн тулд хүч болон нөөцөө хэрхэн ашиглахаа шийддэг байх ёстой.
Иймд авлигатай тэмцэх ажил нь зөвхөн бүтцийн нөхцөл төдийгүй оролцогчдын зан төлөвт чиглэх ёстой ажээ.
Цаашид
Авлигыг мөрдөх, илрүүлэхэд оролцож буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад оролцогчдыг төр, хэвлэл мэдээллийн эзэд, иргэний нийгмийн зүгээс дэмжих ёстой.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалахын тулд санхүү, тогтолцоо, хууль эрх зүй, аюулгүй байдлын дэмжлэг хэрэгтэйг оролцогчид хэлж байна. Жишээлбэл, мөрдөх ажиллагаа явуулсныхаа төлөө шүүхэд дуудагдсан хэвлэл мэдээллийн байгууллага болон ажилтанд Гана улсын Хуульчдын холбоо үнэ төлбөргүй хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх боломжтой юм.
Засгийн газар эрэн сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих зорилгоор хараат бус удирдлага бүхий сан байгуулж болно. Эрэн сурвалжлах ажлынхаа улмаас халдлагад өртөх аюулд өртсөн хэвлэл мэдээллийн байгууллага болон ажилтныг Аюулгүй байдлын агентлагууд хамгаалах боломжтой.
Эдгээр дэмжлэг, орчинг бүрдүүлэхгүй бол цөөн хэдхэн хувийн хэвлэл мэдээллийн компани, ажилтнууд л авлигыг мөрдөн мөшгих, илчлэх зэрэг шүүмжлэлт сэтгүүл зүйд үнэнчээр зүтгэсэн хэвээр үлдэх болно.
Сэтгэгдэл