Вакцины “бүрэн тунд” хамрагдсан гэх үзүүлэлт “өөрчлөгдөнө”

Aдмин / Эрүүл мэнд

Вакцин үйлдвэрлэгч компаниуд, эрдэмтэд, судлаачдын зүгээс коронавирусний эсрэг вакцины 2 тунг “бүрэн тун” гэж үзэж байсан бол энэ үзүүлэлт “тун удахгүй” өөрчлөгдөх гэж байна. Учир нь Дельтавирусний тархалт европын орнуудад эрчимжиж эхэлсэн тул 3 тун вакцинтай хүнийг “бүрэн дархлаажсанд” тооцох болно гэдгээ Европын орнууд мэдэгдлээ.

Коронавирусний эсрэг вакцинуудын нөлөө, шинэ хувилбаруудын эсрэг тэр тэр дундаа Дельта хувилбарын эсрэг суларч байна. Тиймээс чинээлэг орнуудын хувьд "бүрэн тунд хамрагдсан" гэсэн тодорхойлолтоо эргэн харахыг ДЭМБ-д уриаллаа.

Тухайлбал, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон 3 тун вакцинд хамрагдсан хүнийг “бүрэн тунд” хамрагдсан гэж хүлээн зөвшөөрөхөө мэдэгдлээ. Нэмэлт тунгийн дархлаажуулалтын үр дүнг тэрбээр хэвийн амьдралдаа орж болох “хамгийн үр дүнтэй” сонголт гэж хэлсэн.

Мөн Европын бусад улс орнууд вакцины гэрчилгээгээ нэмэгдүүлэхийн төлөө олон компанит ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Франц улс ирэх 12 дугаар сарын 15 гэхэд 65-аас дээш насны ахмадууд вакцины гэрчилгээгээ дахин баталгаажуулахын тулд, гурав дахь тундаа хамрагдсан байх шаардлагатай болно гэж тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэв.

Харин Австри улсад вакцинжуулалтын одоогийн “бүрэн тун буюу 2 тунгийн” хугацаа есөн сарын дараа дуусах юм байна. Тэгэхээр Австри улсын хоёр тун вакцинд хамрагдсан иргэд зайлшгүй гурав дахь тунгаа хийлгэнэ гэсэн үг. Тэгвэл Израиль улсын үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийн тулд заавал вакцины гэрчилгээ шаардана. Харин сүүлийн 6 сарын дотор энэ гэрчилгээгээ авч амжаагүй бол заавал гурав дахь тундаа хамрагдсаны дараа авч болох аж. Дэлхийн эрүүл мэндийн шинжээчид “нэмэлт тун”-д хамрагдах нь орлого багатай, ядуу орнуудын вакцинжуулалтыг улам хүртээмжгүй болгож байна гэж шүүмжилсээр байгаа.

Африкийн улсуудын хувь хүн амын ердөө 4.6 орчим хувь нь л вакцины эхний тундаа хамрагдаад байгааг ДЭМБ-аас мэдээлж байна. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус хэлэхдээ, ядуу орнуудын хүмүүсийн хийлгэсэн эхний тунгийн хэмжээнээс 6 дахин их вакциныг чинээлэг орнууд өдөр бүр хийж байгаа нь өөрөө "дуулиан" юм гэж дургүйцлээ илэрхийлсэн юм.

Тус байгууллагын зүгээс эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настан, архаг хууч өвчтэй, эрсдэлт бүлгийн хүмүүст 3 дугаар тунг хийх зөвлөмж гаргасан бөгөөд насанд хүрсэн эрүүл иргэн болон хүүхдүүдэд нэмэлт тун хийх нь утгагүй гэж өнгөрсөн баасан гарагийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.

Мөн Оксфамын эрүүл мэндийн бодлогын зөвлөх Анна Марриотт, чинээлэг улс орнууд вакцин үйлдвэрлэгчдэд их мөнгө төлж, дараалал эвдээд вакциныг ихээр нөөцөлж байна гэж шүүмжиллээ. Одоогоор дэлхийн даяар тараагдсан нийт вакцины 1 хувь хүрэхгүй хувь нь Африкийн хамгийн ядуу орнуудад тараагдсан аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.