САНХҮҮГИЙН САЛБАРЫН ТОЙМ: Нэг удаагийн арилжаагаар дунджаар 72.1 мянган тонн нүүрс арилжжээ

Aдмин / Эдийн засаг

Санхүүгийн салбарын 2024 оны гуравдугаар улирлын мэдээгээр, 2024 оны 3 дугаар улиралд 1,058.7 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 61.7 хувиар, 2020 оноос 25.9 дахин өссөн үзүүлэлт юм.

Нийт арилжааны 23.1 хувийг хувьцааны, 6.1 хувийг хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн нэгж эрхийн, 58.4 хувийг компанийн бондын, 12.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны арилжаа тус тус эзэлж байна.

Тайлант улиралд зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.6 хувиар өсөж, 12,102.1 тэрбум төгрөгт хүрсэн бол хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.8 хувь байна.

ТОП-20 Индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,427.59 нэгжээр буюу 35.1 хувиар өссөн. MSE A индекс өмнөх оны мөн үеэс 3,110.70 нэгжээр буюу 20.4 хувиар өссөн. MSE Б индекс өмнөх оны мөн үеэс 3,212.71 нэгжээр буюу 26.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ТОП-20 индексийн багцыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал гэсэн шалгуур үзүүлэлтэд үндэслэн бүрдүүлдэг. Тайлант улиралд бүртгэлтэй компаниудын 21.4 хувийг банк санхүүгийн салбар бүрдүүлж байгаа бол ТОП-20 индексийн багцын 59.9 хувийг тус салбар эзэлж байна.

Монголын хөрөнгийн бирж (МХБ), Улаанбаатар үнэт цаасны бирж (УБҮЦБ) дээр идэвхтэй арилжаа явуулдаг 170 ХК бий.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд бүртгэлтэй 310 ХК-ийн өмчийн бүтцийг задлан харвал 89.4 хувь нь хувийн өмчит, 6.7 хувь нь төрийн өмчит, 3.9 хувь нь төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой байна.

Харилжаанд оролцогчдын дийлэнх хувь буюу 69.8 хувийг Дотоодын ААН-н хийсэн гүйлгээ эзэлж байгаа нь тэдний хөрөнгийн зах зээлийн идэвхжилт өндөр байгааг харуулж байна.

Харин дотоодын иргэний хийсэн арилжааны гүйлгээ 28.5 хувийг, гадаадын иргэний хийсэн арилжааны гүйлгээ 0.8 хувийг, гадаадын ААН-ийн хийсэн арилжааны гүйлгээ 0.9 хувийг тус тус эзэлж байна.

Арилжаанд давтагдсан тоогоор нийт 95,575 иргэн, 1,873 ААН оролцож, 248,699 удаагийн арилжаа хийсэн байна. Хөрөнгө оруулагчдын 97.4 хувийг дотоодын иргэн, 1.8 хувийг дотоодын ААН, 0.7 хувийг гадаадын иргэн, 0.1 хувийг гадаадын ААН тус тус эзэлж байна.

Компанийн бондын арилжаа 618.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 6.4 дахин, 2020 оны мөн үетэй харьцуулахад 115.3 дахин өсжээ. Нийт бондын арилжааны 80.8 хувийг 2024 оны 2 дугаар улиралд "Нийслэлийн засаг даргын хөтөлбөр"-ийн хүрээнд гаргасан өрийн хэрэгсэл эзэлж байна.

ХОС-ийн арилжаа 64.2 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.6 хувиар өсжээ.

Тайлант улиралд биржийн бус зах зээлд нийт 67 үнэт цаас гаргагчийн, 84 өрийн хэрэгсэл бүртгэгдлээ. Үүнээс 924.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэгдэж бодитоор 934.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Мөн доллароор 23.8 сая ам.долларын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэж, 20.9 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүлжээ.

Биржийн бус зах зээлийн арилжаа 2021 оны 9 сард анхны өрийн хэрэгслээ бүртгэж үйл ажиллагаа эхэлснээс хойш 3,373.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг бүртгэж, 2,676.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна.

Мөн доллароор 102.8 сая ам.долларын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэж, 66.4 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүлжээ. Нийт 702.8 тэрбум төгрөгийн өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, амжилттай эргэн төлсөн байна.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоонд бүртгэлтэй биржийн бус зах зээлийн арилжаанд оролцох эрхтэй бүртгэлтэй шууд оролцогч нийт 33 байна. Үүнээс Андеррайтер 20, Дилер 25, Брокер 29, ХОС 2 компани байна. Харин шууд оролцогч нарт бүртгэлтэй шууд бус оролцогч хувь хүн 3,200 хуулийн этгээд 312 байна.

Тайлант улирлын байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний биржээр нийт 451 удаагийн арилжаагаар 19.6 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжлаа. Нийт 7,438.6 тэрбум төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжигдсан нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.

Нийт арилжааны 93.7 хувийг нүүрсний арилжаа, 5.7 хувийг төмрийн хүдэр, баяжмалын арилжаа, 0.5 хувийг зэсийн баяжмалын арилжаа, 0.1 хувийг хайлуур жоншны арилжаа тус тус эзэлж байна. Нийт 237 багц буюу 15.4 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмалыг 8.1 тэрбум төгрөгөөр тус тус арилжжээ.

Нийт арилжааны 65.2 хувийг хайлуур жоншны баяжмал CaF2-95%, 30.2 хувийг CaF2- <42% хайлуур жоншны хүдэр, 4.6 хувийг CaF2- 55-63% хайлуур жонш тус тус эзэлж байна. Нийт 2,781 багц буюу 17,798.4 мянган тонн нүүрсийг 6,966.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна..

Дуудлага арилжаагаар арилжсан нүүрсний үнийн өсөлтийн дундаж 9.6 хувь. Нийт 247 удаагийн нүүрсний дуудлага арилжаа явагдсан бөгөөд 1 удаагийн нүүрсний арилжаагаар дунджаар 72.1 мянган тонн нүүрсийг 28.2 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Нийт арилжааны 36.9 хувийг 1/3 коскжих нүүрс, 32.3 хувийг дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс, 17.6 хувийг баяжуулсан коксжих нүүрс, 6.0 хувийг баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс, 5.4 хувийг эрчим хүчний нүүрс, 1.1 хувийг дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс, 0.5 хувийг баяжуулсан сул коксжих нүүрс, 0.1 чийг багатай хүрэн нүүрс, 0.04 хувийг дэгдэмхий бодис их хийн нүүрс тус тус эзэлж байна.

Нийт 546 багц буюу 1,778.7 мянган тонн төмрийн хүдэр, баяжмалыг 423.6 тэрбум төгрөгөөр арилжлаа. Нийт арилжааны 48.4 хувийг Fe-58 хувийн төмрийн баяжмал, 35.1 хувийг Fe – 52%-ийн төмрийн баяжмал, 16.5 хувийг Fe-65 хувийн төмрийн баяжмал тус тус эзэлж байна.Нийт 6 багц буюу 6.0 мянган тонн 22.35 хувийн зэсийн агуулгатай баяжмалыг 40.5 тэрбум төгрөгөөр арилжлаа.

Үнэт цаасны компаниуд НДШ-д 3.5 тэрбум төгрөг, ХХОАТ-т 1.5 тэрбум төгрөг, ААНОАТ-т 2.6 тэрбум төгрөгийг тус тус төлж, улсын төсөвт нийт 7.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

ХОМК-уудын нийт хөрөнгө 137.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 94.0 хувиар өссөн үзүүлэлт юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 23.9 тэрбум төгрөгөөр, зарлага 8.6 тэрбум төгрөгөөр өсөж 13.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.