Ковидын дараах сэргээн засах эмчилгээг урт хугацаанд хийх нь илүү үр дүнтэй байна

Aдмин / Эрүүл мэнд

Бие бялдар сэргээн засах нийгэмлэгийн 15 дахь удаагийн Олон улсын "ЦАХИМ КОНФЕРЕНЦ-2021 “КОВИД-19 Халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ” сэдвийн хүрээнд өчигдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт боллоо.

Коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн хүн амын дунд халдварын дараах нөхөн сэргээн засах эмчилгээний асуудал хөндөгдөх болсон. Тодруулбал, эдгэрсэн иргэд халдварын үеийн хам шинжийг ужгирч үлдэхээс сэргийлэх, биед үүссэн сөрөг нөлөөллийг арилгаж, хэвийн амьдралдаа шилжихийн тулд энэ төрлийн эмчилгээг хийх шаардлагатай гэдгийг өнөөдрийн хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид онцолж байна.

ББСЗН-ийн тэргүүн, УГТЭ-ийн эрдэм шинжилгээний сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, АУ-ын доктор О.Батгэрэл "Өнөөдрийн хурлыг ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газар дэмжиж оролцож байна. Манай улсад өнөөдрийн байдлаар 380 орчим мянган хүн ковидоор өвдөж, эдгэсэн гэсэн судалгаа гарсан. Харин Ковидын дараах хам шинж болох бие махбодын ядаргаа, танин мэдэхгүйн үйл ажиллагаа алдагдах зэрэг өвөрмөц онцлог бүхий үр дагавруудыг урт хугацаанд тээж явах зэрэг асуудлууд тулгарч байна. Энэ сөрөг үр дагавруудыг арилгахын тулд сэргээн засах эмчилгээг урт хугацаанд тасралтгүй хийгдэх нь үр дүнтэй юм байна гэдгийг олон улсын жишгээс харж байна. Тиймээс Монгол улсын хүн амын дунд ч маш олон хүнд ковидын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг өргөн хүрээнд хийж явах шаардлага бий болоод байна. Тиймээс энэ удаагийн хурлаар олон улсын жишгээс туршлага судалж, санал солилцож байна.

Мөн иргэд та бүхэн УГТЭ-ийн Сэргийн засах эмчилгээний тасгийн амбулатороор Ковид-19 халдварын дараах нахан сэргээх өдрийн эмчилгээнд хамрагдах боломжтой. Иргэд та бүхэн тус эмнэлгийн 70046666 дугаарын утсаар цаг захиалан үйлчлүүлээрэй" гэлээ.

ББСЗН-ийн нарийн бичгийн дарга Ш.Алтанцэцэг "Бие бялдар сэргээн засах нийгэмлэг үүсгэн байгуулагдаад 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллагын зүгээс эмч, мэргэжилтнүүдэд зориулж жил болгон эрдэм шинжилгээний хурлаа уламжлал болгон зохион байгуулдаг байсан. Сүүлийн үед коронавирус цар тахалтай холбоотойгоор энэ хурал цаг хугацаандаа хийгдэж чадаагүй байсан бөгөөд тус хурлаа өнөөдөр ийнхүү зохион байгуулж бйана. Энэ удаагийн хурал дэлхий нийтээрээ "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “КОВИД-19 Халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна.

Сэргээн засах нь өөрөө хөгжиж байгаа салбар бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд маш хэрэгцээтэй, нэн шаардлагатай салбарын нэг гэж хэлж болно. Энэ салбарын эмч болохын тулд 6 жил хүний их эмчээр мэргэжлийн эзэмшсэний дараа сэргээн засах эмчилгээний чиглэлээр 2 жилийн хугацаанд суралцаж, энэ мэргэжлийн олж авч байна. Энэ салбарт хүний нөөц дутагдалтай байдагтай холбоотойгоор манайхаас жилдээ 20-30 сэргээн засах эмч, мэргэжилтнүүдийг сургаж, бэлтгэж байна гэв.

Коронавируст халдвараар өвдөөд эдгэрсэн иргэн "УГТЭ-ийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг авч, ямар үр дүнтэй байгааг биеэрээ мэдэрч байна. Сэргээн засах эмчилгээгээ сайн хийлгэвэл эм ууснаас илүү үр дүнтэй байна. Тус үйлчилгээг авснаар амьсгаадах, ядрах, хөлрөх зэрэг шинж тэмдгүүд арилж, даралт тогтворжиж байна. Тиймээс иргэд олон нийтэд хандаж сэргээх засах эмчилгээний сайн хамрагдаж байгаарай гэж хэлмээр байна. Энэ дашрамд УГТН-ийн Сэргээн засах эмчилгээний хамт олонд баярлалаа" гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.