Швейцарын парламентын номын сангийн үйл ажиллагаа, судалгааны чиглэлээр туршлага солилцох сургалт зохион байгуулав
Монгол Улсын Их Хурал болон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газар хамтын ажиллагааныхаа хүрээнд өнөөдөр (2021.11.19) парламентын номын сангийн үйл ажиллагаа, парламентын судалгаа, хамтын ажиллагааны чиглэлээр туршлага солилцох сургалт зохион байгууллаа.
Сургалтыг zoom платформ дээр Улаанбаатар болон Берн хотод нэгэн зэрэг эхэлж, хоёр улсын парламентын Тамгын газрын судлаач, ажилтнууд оролцов. Сургалтыг нээж Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Швейцарын хамтын ажиллагааны газрын дэд дарга Мейер-Биш Бенуа, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын техникийн хамтын ажиллагааны нэгжийн дарга Мария Стосич нар үг хэллээ.
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хэлсэн үгэндээ хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа болон “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” зэрэг хамтын ажиллагааны төслийн үр дүн, үр өгөөж өндөр байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа хүрээлэнгийнхээ талаар товч танилцууллаа.
Дараа нь сургалтын гол үйл ажиллагаа болох Швейцарын парламентын номын сангийн үйл ажиллагаа, парламентын судалгааны бүтээгдэхүүн, судалгааны мэдээллийн сан, мэдээллийн эх сурвалж хайх, судалгаа хийх, судалгааны хураангуй бичих арга зүй, судалгаа, тоон мэдээллийн талаар болон Швейцарын парламентын номын сан-Европын парламентын судалгаа, баримт бичгийн төв хоорондын хамтын ажиллагааны талаар Швейцарын парламентын номын сангийн эрхлэгч, судалгаа, статистикийн нэгжийн дарга Жаклин Кучера болон судалгааны номын санч Диего Хатеншвиллер, мэдээллийн шинжээч Фабиан Даволио нар туршлагаа хуваалцаж, мэдээлэл өгснөөр Монгол Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн ажилтнууд сонирхсон мэдээллээ тодруулж, хариулт аван, харилцан санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл