ДЭМБ: Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин өсөж байна
ЖЕНЕВ. /Business Standard/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн шинжилгээний тоо буурч байгааг үл харгалзан халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа талаар лхагва гарагт мэдээлжээ. Сүүлийн хэдэн долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөл буурч буй хандлага ажиглагдаж байсан юм.
ДЭМБ ялангуяа Азийн орнуудад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгааг онцлоод, вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлж, цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүдийг цуцлахад хянуур хандахыг уриалсан байна.
“Дэлхийн хэмжээнд хийж буй шинжилгээний тоо буурч байгаа ч халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй нь “бидэнд мөсөн уулын ердөө оройн хэсэг нь л харагдаж байгааг харуулж байна". Цаашид дотоодын тархалт нэмэгдэж, өвчлөл эрс нэмэгдэх байдал халдвараас сэргийлэх арга хэмжээнүүд цуцлагдсан газруудад ажиглагдах төлөвтэй байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария ван Керховегийн мэдээлснээр, тус байгууллагад өнгөрсөн долоо хоногт халдварын 11 сая гаруй тохиолдол илэрсэн талаар мэдээлэл иржээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос найман хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
М.Керхове “COVID-19”-ийн өвчлөл ийнхүү нэмэгдэж байгаад нөлөөлж буй эхний хүчин зүйлээр “омикрон” хувилбарыг нэрлэжээ. Уг хувилбар нь одоогоор илрээд байгаа коронавирусний хувилбаруудаас халдварлах чадвар хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Түүнчлэн зарим оронд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг халдвар хамгааллын арга хэмжээнүүдийг цуцалсан нь мөн нөлөөлсөн байна.
Үүнээс гадна дэлхийн олон оронд, тэр дундаа хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн дунд вакцинжуулалтын үзүүлэлт хангалтгүй байгааг тэрбээр цохон тэмдэглээд, өвчлөл эрс нэмэгдэж байгаад нөлөөлж буй гурав дахь хүчин зүйлээр “омикрон” хувилбар хөнгөн өвчлүүлдэг, цар тахал дууссан гэх мэт буруу ташаа мэдээллийг нэрлэсэн байна.
“Бидэнд “COVID-19”-ийн өвчлөлийг хянах дэлхий нийтийг хамарсан маш хүчтэй хяналтын систем хэрэгтэй байна. Өдгөө тулгарч байгаа бүх сорилтыг үл харгалзан бид шинжилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байна” гэдгийг тэрбээр онцлон хэлжээ.
Хэдийгээр улс орон бүрийн нөхцөл байдал өөр өөр байгаа ч ДЭМБ цар тахал дуусаагүй гэдгийг сануулж, анхаарал сэрэмжтэй байхыг бүх улс оронд уриалсаар байгаа юм.
ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райаны хувьд, “Вирус улирлын чанартай эсвэл урьдчилан таамаглахуйц хэв маягт хараахан ороогүй байгаа” тул өвчлөл өсөж, буурсан хэвээр байна. Бид сонор сэрэмжтэй байж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, улс орон бүр дэх хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийг зохих ёсоор аль болох ойрын хугацаанд вакцинжуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.17] 2022-03-17 06:22:47
Ази африк европ америк тив даяар халдварын тархалт буцаад гаарч байна.