Ахмадууд улсын хөгжилд “падлийгүй” юу?

Aдмин / Хууль

Засгийн газраас хөгжлийн гол гацаа, түгжээг арилгах “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд салбар тус бүрийн урьдчилсан хэлэлцүүлэг болохын сацуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан үйл явдал ихтэй өдрүүдийг бид өнгөрүүлж байна. Эдгээр бодлого, төслийг шинэлэг зүйл хэмээн талархалтай хүлээн авах нэг хэсэг байхад олон асуудал Засгийн газрын хараанд өртөлгүй үлдлээ хэмээн шүүмжлэх бүлэг бас байна. Улсын хөгжил гэдэг зургаан салбарын асуудлыг шийдээд, нэг тэрбум мод тариад шийдэгдчихдэг амар хялбар зүйл биш.

“Зууны мэдээ” сонин ахмадуудын эрүүл мэнд, сэтгэл зүй, хөдөлмөр эрхлэлтийн асуудал орхигдож, Монголын төр тэднийг хүний тооноос хассаныг хөндөн 2019 оноос хойш цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ.

Тодруулбал, “Монгол эмээ тэтгэвэрт гараад юу хийдэг вэ”, “Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтэд зарцуулсан 1.5 тэрбум төгрөг хаачсан бэ”, “Ахмад настны эмнэлгийн барилга 10 жил гацжээ” гэсэн асуудал хөндсөн нийтлэлийг бид уншигчиддаа хүргэж байв. Энэ бүхнээ нэгтгэн дүгнэхэд улсын хөгжлийг хурдасгах төрийн бодлогоос ахмадууд руу чиглэсэн шийдвэр бас л жийгджээ.

Хамгийн сүүлд бид “Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг” гэсэн нийтлэлдээ ахмадуудын танин мэдэхүйн асуудал хаягдаж, настай хүн өвдөх л ёстой хэмээн хайхрамжгүй ханддаг эмнэлгийн эмч, ажилчид болон нийгмийн байдлыг шүүмжлэн бичсэн. Тухайлбал, “Өндөр настай хүний бие угаасаа өвддөг. Элдэв өвчин тусах нь хэвийн үзэгдэл. Ахмад настан эмнэлэгт хэвтэж, эмээс хамааралтай байх нь санаа зовоох асуудал биш” хэмээх хандлага монгол хүний дундаж наслалтыг хойш татсаар ирсэн үзэгдлийн суурь үндэс юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас саяхан танилцуулсан судалгаагаар хот суурин газрын эрчүүд 50, 60, хөдөө орон нутагт 40, 50 насандаа өөрийгөө хөгширсөнд тооцдог гэж хариулсан байна.

Ахмад настны эмнэлгийн барилга энэ жилийн төсөвт багтсангүй

Нийгмийн хэвшмэл ойлголт, түүнээс үүдсэн эрүүл мэндийн байгууллагын тоомжиргүй хандлагаас урьдчилан сэргийлэх чухал арга зам нь ахмадуудад үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн геронтологичидтой, төрөлжсөн эмнэлэгтэй болох юм. Гэтэл Монгол Улсын хэмжээнд ахмад настан судлалын үндэсний төвийн хэмжээний настны эрүүл мэндийн чиглэлээр лавлагаа шатны тусламж үзүүлдэг эмнэлэг болох Геронтологийн үндэсний төв хувийн хэвшлийн байрны ганцхан давхарт хавчигдмал орчинд үйл ажиллагаа явуулаад 17 жил боллоо.

Энэ асуудлаа шийдвэрлэж олон ахмад настныг амьдралын чанартай, эрүүл, урт наслах боломжоор хангах зорилгоор насжилт өндөр хөгжсөн орнуудад нэвтэрсэн настны өдрийн асаргаа, сувилгааны төв, өдөр өнжүүлэх, сэргээн засах төв, настны эрүүл мэндийг дэмжих төв бүхий бүх тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх эмнэлгийн суурийг 2011 онд Хан-Уул дүүрэг Яармагийн дэнжид тавьсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад орж чадсангүй. Эмнэлгийн барилга ийн гацсан нь өнөөх төсөв хүрэлцдэггүй гэсэн шалтгаантай холбоотой. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэлийн явц 46 орчим хувьтай байгаа.

Ашиглалтад оруулахад 13.8 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл энэ санхүүжилт 2022 оны төсөвт бас суусангүй. Залуу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа хөгжлийн төлөө зарцуулсан ахмадуудын асуудал, амьдралын байдал ямар байх нь улсын хөгжил дэвшилд “падлийгүй” юу Засгийн газраа!.

Эргэн сануулахад анх Ахмад настны үндэсний төвийн барилгын зураг дутуу гарсан, санхүүжилт муутай эхэлсэн төдийгүй 2013-2019 он хүртэл ямар нэгэн санхүүжилт орж ирээгүй. Харин 2019 оны Төсвийн тухай хуульд санхүүжилт 1.6 тэрбумаар батлагдаж, барилгын Б, Г блокын карказыг хийсэн. Мөн Засгийн газрын 2021-2024 оны мөрийн хөтөлбөрт тус эмнэлгийг дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар тусгасан юм. Гэхдээ 2011 онд эмнэлгийн барилгын суурийг цутгаж эхэлснээс хойш бүх Засгийн газар мөрийн хөтөлбөртөө эмнэлгийг ашиглалтад оруулна гэж тусгадаг өнөөдрийг хүртэл амлалтаа ажил хэрэг болгосон нь нэг ч алга.

Энэ шинэ эмнэлэг ашиглалтад орсноор тус эмнэлгээр үйлчлүүлдэг ахмад настны тоо 50 хувиар, эрт илрүүлэг 2.4 дахин нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарчээ. Мөн олон улсын стандартын дагуу насны доройтол, хүндрэлээс сэргийлэх хам шинжүүдийг оношлох, хянах багаж төхөөрөмжүүд суурилуулах юм. Ийн “Шинэ сэргэлтийн бодлого”-доо тусгаагүй нэг чухал салбар тань геронтологи буюу ахмад настан судлал гэдгийг дахин сануулъя. Монголын 300 мянга орчим ахмад настны өмнөөс Ахмад настны үндэсний төвийг ашиглалтад оруулахад чин сэтгэлээсээ анхаарч ажиллахыг хичээнгүйлэн гуйя.

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинa


Сэтгэгдэл

Иргэн [103.212.118.187] 2022-03-31 02:08:33

Ахмадын үгийг сонсохгүй бол ямар ч хүн хэлсэн тоохгүй толгойн - Өнөөдөр ядуугаар удирдаж байна!!!! Хүнийг хүндлэж ялгавар гаргахгүй үйлчилвэ -- Хэн ч хэдийд ч үнэгүйгээр тусалдаг юм..Өөрсдөө ахмадуудаас др ажил хийж байна.!!!!!! Ахмад гээд та нарын үзэн ядсан ахмадууд Та нарт сайхан орон эрүүл сайхан орчинг хадгалсаар ирсэн-- Xарин та нар ухаж хувилдаж хувааж идэж байна шүү !!!!!!цаг хугцаа чинь дуусах болж байна!!!! кккккк

зочин [103.229.123.8] 2022-03-30 16:12:21

Монголд тэтгэврийн хүнийг шууд л "ядуу хүн" гэж тооцдог үздэг юм билээ. Эмч нар нь нас асуугаад л насаар нь онош тавьчихдаг юм биш үү? Эмчийн хэлээд байгаа шинж тэмдэг тухайн хүнд илрээгүй байсан ч хамаагүй насаар нь оношилчихдог юм биш үү? Ийм шинж тэмдэг байхгүй гэхээр "байсан л байна даа, тэгвэл өвдөөд эдгэрсэн юм байлгүй" гэж зандрангуу хэлэх эмч Монголд зөндөө юм биш үү? Ажлын цагаар эмч нар нь хувийн асуудлаа утсаар яриад өвчтөнийг хүлээн авдаггүй, хүлээлгээд байдаг юм биш үү? Уг нь өдөрт хэдэн хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлснээр нь эмч нарыг цалинжуулдаг тогтолцоонд шилжвэл дээрх байдал хурдан үгүй болох байх даа? өөрөөр эмч өдөрт нэг ч хүн үзээгүй байсан ч цалингаа бүтэн авсаар байх байх даа? Иргэд эмчилгээ үйлчилгээ авах гэж татвар төлж тэр мөнгөөр нь эмч нарыг цалинжуулдаг биз дээ?

зочин [66.181.191.51] 2022-03-30 07:38:04

УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан нөхдийг тэгэвэрт гарахаар нь зөвхөн энэ эмнэлгээр үйлчлүүлдэг болгох хэрэгтэй. Тэгвэл тэд үтэр түргэн төсөв баталж өгнө дөө.

oouna [202.9.40.218] 2022-03-30 05:37:17

zuv


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.