Ж.Хатанбаатараас болж Монгол Улс Төрийн далбаагаа мандуулах эрхээ хасуулах уу?
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага гэж байх. Нэрнээс нь харахад сүрдмээр агуулгатай. Нийтээрээ ч биш л дээ. Зөвхөн тамирчдын хүрээнд, тэр дундаа бөхчүүдэд. Үүх түүхийг нь хөөж үзвэл Монголын Үндэсний олимпын хорооноос Дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор төрийн бус байгууллага үүсгэн байгуулж, эрх үүргийг нь шилжүүлснээр албан ёсны гэх тодотголтой болжээ, 2007 оны хавьцаа юм. Анх “Допингийн эсрэг төв” нэртэй байгуулсан эл ТББ-ыг 2019 онд шинэчлэн зохион байгуулж, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болгон томруулсан байдаг.
Гэвч нэрийг нь өөрчилж, бүтэц, зохион байгуулалтыг шинэчилснээс бусдаар энэхүү ТББ нэг л удирдлага, ганцхан ерөнхийлөгчтэй нэгэн арваныг үдсэн нь ашиг сонирхлын зөрчил үүсгээд зогсохгүй улсын төсвөөс олгодог санхүүжилт хаашаа, хэний халаасанд ордог вэ? гэсэн асуулт тавихад хүргэж эхэллээ. Юуны талаар бичих гээд байна гэхээр үндэсний бөх төдийгүй МҮОХ-нд хамаарах топ болон бусад спортын холбоодод нөлөөлөх хэмжээний статустай энэ байгууллагыг 2010 оноос хойш 12 жилийн хугацаанд ардын эмч Ж.Хатанбаатар удирдаж, бодлогыг нь зангидаж иржээ. Ганцхан ерөнхийлөгчтэй гэж тодотгосон нь үүнтэй холбоотой. Хачирхалтай нь, эрхэм ерөнхийлөгч Ж.Хатанбаатар энэ хугацаанд хүү Дэлэгийг Удирдах зөвлөлдөө багтааж амжсан байх юм.
10 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байгууллагын Сургалт, сурталчилгаа, судалгаа, допингийн эсрэг мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийн албаны даргаар Х.Занабазар ажилладаг гэх. Бас л Ж.Хатанбаатарын хүү нь. Үүсгэн байгуулсан цагаас нь өнөөдрийг хүртэл хугацаанд ажиллаж буйг нь буруутгаж боломгүй ч нэг хүүгээ Удирдах зөвлөлд, нөгөөг нь допингоос урьдчилан сэргийлэх албаны даргаар тавьсан нь хөндлөнгийн хүн харсан ч ашиг сонирхлын зөрчил гэдэг илт. Цаашлаад хэн нэгэн тамирчин, эсвэл бөхтэй холбоотой допингийн сорил, шинжилгээ нэг гэр бүлийн аав, хүү, ах дүү гурвын үзэмжээр шийдэх хэмжээнд хүрсэн нь зүгээр хараад суух шалтгаан яав ч биш. Бүр жил улсын төсвөөс олгож ирсэн санхүүжилтийг хэрхэн зарцуулсан талаарх тайлан, тооцоог өнөөдрийг хүртэл хугацаанд холбогдох байгууллагад явуулаагүй нь ийм байгууллага үйл ажиллагаа явуулдаг эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм.
Албан ёсны тоо баримтаар Допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус байгууллагад 2017 онд 200.0, 2018 онд 250.0, 2020 онд 455.0 сая төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс олгосон байх юм. Мөн жил бүр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон хүсэлт гаргасан спортын холбоодоос допингийн шинжилгээнд зориулж зохих төлбөрийг авч иржээ. Хачирхалтай нь, бараг тэрбум төгрөгийн зардлаар үйл ажиллагаагаа хэрхэн, яаж өргөжүүлсэн, допингийн эсрэг ямар арга хэмжээ авснаа Ж.Хатанбаатар ерөнхийлөгч өнөөг хүртэл тайлбарлаж, тайлагнахгүй яваагийн цаад шалтгаан юу вэ?
Үндэсний аудитын газраас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-нд Монголын үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайланд дурдсанаар “Допингийн эсрэг үйл ажиллагааны талаар” хэд хэдэн зөвлөмж хүргүүлжээ. Үүнд
- МҮОХ болон БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн институтын допингийн хяналтын төвийн хооронд 2006 онд харилцан ойлголцлын санамж бичгийг таван жилийн хугацаатайгаар жилд допингийн 100 хүртэлх дээжийн шинжилгээний зардлыг чөлөөлж болохоор тохиролцон байгуулан хэрэгжүүлж ирсэн.
- Уг санамж бичгийг 2011 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин 5 жилээр сунгасан нь Дэлхийн допингийн дүрмийн 20.4-н 2.4.3-т “Допингийн эсрэг үндэсний байгууллагын өөрийн улсын хэмжээнд бие даасан байдлыг хүндэтгэн үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтад нь нөлөөлөхгүй” гэж заасныг зөрчин Допингийн эсрэг үндэсний төвийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан байна.
Монголд жилдээ хэдэн тамирчин допингийн шинжилгээнд хамрагддаг талаар судалгаа, мэдээлэл хайсан боловч олдсонгүй.
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 391 дүгээр тогтоолын дагуу “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ыг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох чиг үүргийг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад шилжүүлсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай /хуучин нэрээр/ байгуулсан гэрээний дагуу 2020 онд 455.000.000 төгрөгийн санхүүжилтыг 100 хувь шилжүүлэн авсан” гэжээ.
Уг нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Биеийн тамир, спортын улсын хороо байгуулснаар аудитын зөвлөмжид дурдсан гэрээний дүгнэлт, санхүүгийн тайлан, гүйцэтгэлийг гаргуулан авах эрх, үүргийг шилжүүлсэн байдаг. Энэ дагуу гэрээний санхүүгийн тайланг авахаар 2020, 2021 онуудад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийн төсөлд хамтран ажиллах, санал авах, санхүүгийн гүйцэтгэлийн тайлан гаргуулан авахаар удаа дараа албан бичгээр хандсан ч тоймтой хариу аваагүй аж. Тайлагнах албагүй гэх хариу өгсөн байх юм. Сонин байгаа биз.
УИХ-ын “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулиар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ийн 11 дүгээр зүйлийн С хэсэгт “Дүрэм буюу дүрэмд нийцүүлэн гаргасан сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн аливаа спортын байгууллагууд эсхүл сэргээшийн эсрэг байгууллагуудад үзүүлж буй санхүүгийн буюу спорттой холбоотой санхүүгийн тусламжийг хэсэгчлэн эсхүл бүхлээр нь зогсоох” гэж заажээ. Энэ заалтыг хэрэгжүүлж 2021 онд санхүүжилт өгөөгүй гэдэг мэдээлэл байна.
Мөн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газар баталж мөрдүүлэхээр хуульчилсан. Энэ хуулиар Монгол Улсад “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг Засгийн газар баталж, мөрдүүлэхээр заажээ. Нэг үгээр, Засгийн газраар батлаагүй бол “Допингийн эсрэг үндэсний дүрэм” байхгүй гэсэн үг.
Хэрэв “Допингийн эсрэг үндэсний дүрэм” батлагдсан бол Спортын холбоодоор хүлээн зөвшөөрүүлж, гарын үсэг зуруулсан баримт байгаа эсэх, мөн үндэсний бөхийн тамирчдад харилцан адилгүй шийтгэл оногдуулж буй зэргээс үзэхэд эдгээр нь үндэсний дүрмийн хүрээнд яагаад шийдэгдээгүй зэрэг асуудал тодорхойгүй үлдэж байгаа юм.
Үндэсний допингийн эсрэг байгууллага нь допингийн хяналтын зорилгоор шинжилгээний дээж авах, шинжлүүлэх, үр дүнгийн удирдлагын ажиллагааг /хэрэг хянан шийдвэрлэх, шийтгэл оноох, давж заалдах/ зохион байгуулах, эмчилгээний зорилгоор чөлөөлөх зөвшөөрөл олгох, допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан этгээдтэй холбоотой мэдээлэл цуглуулах, мөрдөн шалгалт явуулах, допингийн эсрэг боловсрол олгох, хувийн нууцлал, хувийн мэдээлэл хамгаалах зэрэг дэлхийн допингийн эсрэг дүрэмд заагдсан үүргийг биелүүлж, цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Тамирчдад допинг хэрэглэхийг санал болгодог, зарж борлуулдаг, хэрэглүүлдэг этгээдүүдийг илрүүлэх, тэмцэх үүргээ огт биелүүлдэггүй.
Үндэсний баяр наадмаас бусад үндэсний бөхийн болон бусад спортын дотоодын тэмцээнүүд, тэмцээний бус үед авсан шинжилгээнээс илэрсэн допингийн эсрэг дүрмийн зөрчилд хариуцлага тооцох буюу үр дүнгийн удирдлагын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг эзэнгүй үлдэх эрсдэл нүүрлэжээ. Уг нь тус байгууллагад энэ эрх үүрэг нь бий. Гэвч энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас тамирчдад харилцан адилгүй шийтгэл оноох хуулийн хийдлийг үүсгэх шалтгаан болж, тамирчдын эрх ашиг өнөөдрийг хүртэл хохирсоор байна.
Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрийг эх орондоо хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагын хувьд холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах нь Ж.Хатанбаатар ерөнхийлөгчийн нэн тэргүүний үүрэг.
2021 онд шинэчлэн баталсан Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 22 дугаар бүлэгт “Засгийн газруудыг татан оролцуулах”, 20 дугаар бүлгийн (Үндэсний допингийн эсрэг байгууллагын үүрэг хариуцлага) 5.3 дахь зүйлд “Үндэсний холбогдох бусад байгууллага, агентлаг болон бусад допингийн эсрэг байгууллагуудтай хамтран ажиллах” гэсэн заалтаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага ямар үүрэгтэй харж болно.
Бичих бага зэрэг шившигтэй ч дахин нэг жишээ өгүүлье. Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх захирал Маира Бакашева Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудтай албан уулзалт хийжээ. Энэ уулзалт Дубайд болсон юм билээ. Уулзалтын үеэр Төв Азийн бүсийн допингийн эсрэг байгууллагын зүгээс Монгол Улсын үндэсний шигшээ багийн нэр бүхий тамирчин нэхэмжлэл гаргасантай холбогдуулан үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах зорилгоор удаа дараа Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагатай холбогдсон ч ямар нэгэн хамтын ажиллагаа байхгүй, мэдээллээр хангаагүй тухайгаа ярьжээ.
Улмаар Биеийн тамир, спортын улсын хорооноос бодит, үнэн зөв мэдээллээр хангах, өөрийн орны үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд шаардлага хүргүүлэх нь зүйтэй тухай чиглэл өгчээ. Шаардлагатай мэдээлэл, нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу арга хэмжээ авах талаар дурьдсанаар асуудлыг бага зэрэг намжаасан байна.
Үндэсний допингийн эсрэг байгууллагууд нь Дэлхийн допингийн эсрэг дүрмэнд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд дор дурьдсан шат дараатай арга хэмжээг авах зохицуулалтыг уг дүрмийн 24-р бүлэг болон “Гарын үсэг зурагчдыг дүрмэнд нийцүүлэх” олон улсын стандартад тусгасан.
Үүнд:
- Дэлхийн допингийн эсрэг агентлагаас олгосон давуу эрхээ алдах
- Гарын үсэг зурагчийн төлөөлөгчид нь тодорхой хугацаанд спортын олон улсын байгууллагуудад сонгогдох, албан тушаал эрхлэх эрхгүй.
- Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд тусгайлсан хяналт тавих
- Үндэсний допингийн эсрэг байгууллагад мөнгөн торгууль оноох
- Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тухайн улсын Засгийн газарт улсын төсвөөс олгох санхүүжилтыг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь зогсоох талаар зөвлөмж өгөх
- Эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах хүсэлт гаргах, сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлах
- Олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнд оролцох эрхийг тодорхой хугацаанд хязгаарлах
- Олимпын наадамд төрийн далбаагаа мандуулах болон оролцох эрхийг хасах
Эндээс хараад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагыг Ж.Хатанбаатар тэргүүтэй гэр бүлийн ашиг сонирхлоос чөлөөлж, үй ажиллагааг нь цэгцэлж, цэвэрлэхгүй бол Монгол Улс олимпын наадамд Төрийн далбаагаа мандуулах эрхгүй болж, Юнеско болон дэлхийн допингийн эсрэг аенгтлагийн өмнө хүлээсэн үүргээ дүрмийн дагуу хэрэгжүүлээгүй бурууг хүлээж таарна. Өөр аргагүй юм. Улсаас нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилт авсан хэрнээ Монгол Улсын Засгийн газрыг мөнгө өгдөггүй, дэмждэггүй гэсэн илт худал мэдээллүүдийг өнөөдрийг хүртэл Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдлагад өгч ирсэн нь нотлогдсон юм билээ.
Сэтгэгдэл
Иргэн [202.21.127.142] 2023-08-17 11:16:40
Сүрьеэгийн эмнэлгийг аваад өөрсдөө дотор нь амьдардаг шд. 1-р хорооллын эмнэлгийг аваад хүүхэд нь захирал нь шд. Допингийн эсрэг төвд нь дандаа хүүхдүүд нь ажилладаг юм бн шд тэгвэл ккк.
Зочин [202.126.94.110] 2022-04-08 03:54:19
Хүнийг ингэж гүтгэж болохгүй ээ Мэдээ минь. харваас захиалгатай гүтгэлэг л байна
зочин [202.70.41.122] 2022-04-05 03:07:54
Юу хийгээд АРДЫН эмч болсон хүн юм болдоо хувийн эмнэлэгээрээ хүний мөнгө хүүлж нэрд гараад луйварчин болждээ УДАМААРАА луйварчин болох нь
Зочин [192.82.71.251] 2022-04-05 01:48:55
Арай ч 2 хүүгээ оруулаагүй бхаа
И [66.181.190.12] 2022-04-04 11:12:10
Овоо гар уу ?
Zochin [46.62.174.17] 2022-04-04 10:13:10
Одоо тэгээд даруй баримчлаад, хорихгүй бол наадуул чинь гадаад руу зугтаад яван шүү. Наадуул чинь хаашаа гарах төлөвлөгөөгөө ,аль хэдийн гаргачихсан байгаа. манайхан их назгай хүмүүс шүү.бүгдийн шорнд хийх хэрэгтэй.
Зочин [103.212.117.80] 2022-04-04 15:09:36
Цул алдаа зөв ч бичиж чадахгүй чи өөрөө шорондоо оч дуртайгаараа хүн бүү гүтгэ
Зочин [202.9.46.148] 2022-04-04 08:32:31
Сайн шалга
зочин [66.181.166.196] 2022-04-04 07:57:30
нэг хүний дарангуйлал бүрэн тогтсон газар байна даа, салхи оруулах л хэрэгтэй болж дээ
Зочин [202.131.225.53] 2022-04-04 07:23:10
хэн бичсэн нь тодорхойгүй
Зочин [202.131.225.53] 2022-04-04 07:21:32
ингэж аймаар гүтгэж болохгүй л дээ,
э [202.9.46.100] 2022-04-04 06:16:06
монголд өлөннам дагаж баяждаг хүнцэрүүд зөндөө боллоо энэ хулгаач 1 хороололын эмнэлэг зайсангиин сүрльегиин эмнэлэгавсан төрд буцааж өг эсвэл дуудлагааар зарж хүүхдиин эмнэлэг болго монголд хулгаачуудл тарга цатгалан хагартлааибаяждаг хөгиин боллооо
Зочин [103.212.117.80] 2022-04-04 15:11:43
Тэнэгтээрэй чи үгээ ч зөв бичиж чадахгүй байж ккккк
Зочин [103.57.92.99] 2022-04-04 06:09:54
Охиноо өгчөөч
Зочин [202.126.89.77] 2022-04-04 05:43:22
Псдуг тэтгэвэрт нь гаргаач