МХЕГ: Сүхбаатар онгоцны үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчилсөн, аврах завь, усчин аврагч хүрэлцээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна
Болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдал, холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Архангай аймгийн Өгий нууранд усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зургаадугаар сарын 21-30-ны өдрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Зөвлөн туслах үйлчилгээнд 6 аж ахуйн нэгж, 24 иргэн, тэдгээрийн ашиглаж буй 47 усан замын тээврийн хэрэгслийг хамруулсан бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, улсын бүртгэл, дугаар, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан эсэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, нэмэлт дагалдах хэрэгсэл, аврах хантааз, техник ашиглалт, хувийн хэргийн хөтлөлт, боловсон хүчний хангалт, усан замын зогсоолд тавигдах шаардлага зэргийг энэ үеэр шалгасан.
Аж ахуйн нэгж, иргэдэд аврах хантааз, олс, эмийн сан, хөвөгчөөр бүрэн хангагдсан байгаа боловч үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлээгүй, хувийн хэргийг хөтлөөгүй, радио холбооны станц, дохио өгөх хэрэгсэл дутуу, аврах хантааз шүгэлгүй, гэрэлгүй, өмсөх зааваргүй, жолооч, зорчигч даатгал хийлгүүлээгүй, тогтоосон чиглэлийн дагуу тээвэрлээгүй, усан замын зогсоол шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул зөрчил дутагдлыг арилгуулахаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын ахлах байцаагчийн 339 заалт бүхий 30 зөвлөмжийг хүргүүллээ.
Тухайлбал, “Хөвсгөл усан зам” компанийн Сүхбаатар онгоцыг үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчлөн, 140 хүн тээвэрлэхээр зорчигч тээврийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд аврах завь болон усчин аврагч хүрэлцээгүй, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул үйлчилгээнд ашиглахгүй байх талаар эзэмшигчид зөвлөмж хүргүүлэв.
Зөвлөн туслах үйлчилгээний явцад зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж, ажиллаж байсан 31 жолооч-завьчныг даатгалд хамруулан тээврийн хэрэгсэлд улсын дугаар, нэр, далбааг байршуулж, иргэд аж ахуйн нэгжүүдэд “Усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сургалтыг зохион байгууллаа.
Илэрч буй зөрчил дутагдлуудыг арилгуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхлэгчдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1.Усан замын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсны дараа хөвөлтөд гарах;
2.Иргэний хууль болон Усан замын тээврийн тухай хуульд нийцүүлсэн тээвэрлэлтийн гэрээг байгуулж, зорчигчийг тогтоосон усан замын чиглэлийн дагуу тээвэрлэх, зорчигчийг тогтоосон усан замын чиглэлийн дагуу тээвэрлэх;
3.Усан замын тээврийн хэрэгслийг хувийн хэрэгтэй болгож, түүнийг бүрэн хөтлөх;
4.Гэрлэн дохио болон дуут дохионы бүрэн бүтэн байдлыг хангах;
5.Жолоочийн болон бусдын амь насны даатгал хийлгүүлэх;
6.Радио холбооны станц, луужин, GPS төхөөрөмжтэй болох;
7.Усан замын зогсоолыг усан замын тээврийн хэрэгсэлтэй шууд харилцах боломжийг бүрдүүлсэн налуу, усан замын тээврийн хэрэгсэл ирэх, буцах аюулгүйн гарц, шатаар хангах;
8.Аврах хантааз нь аваарын гэрэлтэй, шүгэлтэй, хэрэглэгчдэд тохирсон, өмсөх заавартай байх;
9.Гамшгийн дохио өгөх улаан галт бамбартай байх;
10.Усан замын тээврийн хэрэгслийг 16 м-ээс багагүй урттай аврах олсоор хангах
11.Усан замын тээврийн хэрэгслийн нэр, улсын дугаарыг тээврийн хэрэгслийн үзэгдэх орчны хэсэгт дэвсгэр өнгөнөөс ялгагдах тод өнгөөр тэмдэглэж, баталсан загварын дагуу байршуулах;
12.Зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар заавар байршуулж, мөрдүүлэх
13.Дуран, хөвөлтийн бүсийн газрын зурагтай байх, завьчны сургалтад хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй болох;
14.Усан замын тээврийн хэрэгслийг 3-аас доошгүй ширхэг улаан өнгийн гал цацраах дохиотой болгох;
15 Усан замын тээврийн хэрэгслийг шинээр хөдөлгөөнд оролцуулах, моторыг солих, их засвар хийсний дараа Далайн захиргаанд 14 хоногийн дотор мэдэгдэн бүртгүүлж, шилжилт хөдөлгөөнийг хийлгэх;
16.Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан, мөрдөж ажиллах.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.41] 2022-07-04 12:43:31
Усан дээр явдаг болгонд ийм шаардлага зөв. Монгол хүн усны талаар А ч үгүй. Gps төхөөрөмж завь болгон дээр шаард. Бусад шаардлага болж байна. Заавал улсын далбаа байрлуулах шаардлага илүү юм шиг.