​П.Баярхүү: Боомтын сэргэлтийг боомилох хандлага байна

Aдмин / Хууль

П.Баярхүү: Боомтын сэргэлтийг боомилох хандлага байна


“Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хилийн боомтуудад энэ том бодлогын хэрэгжилт ямар байгаа талаар та бодит мэдээллийг өгөхгүй юу?

-Манайх Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал гэсэн гурван гол боомт дээр ажиллаж байгаа. Бидний ажиглаж байгаагаар Боомтын сэргэлтийн бодлогыг зарласнаар боомт эзэнтэй болж, анхааралд орж, нааштай алхамууд шууд хэрэгждэг болсон зэрэг мэдрэгдэхүйц үр дүн гарч байгаа. Өмнө нь, энэ жил тэдэн тонн нүүрс гаргана, энэ сард иэгчлээ ингэчлээ гээд бужигнаан болдог байсан бол ирээдүйдээ чиглэсэн үйл ажиллагаа, итгэл үнэмшилтэй болсон том агуулгаараа давуу тал бий болсон. Цаг үеэ олсон уу гэвэл олсон.

БНХАУ-тай хиллэдэг 14 орчим боомт байна. Энэ бүхэн дээр Засгийн газраас том төлөвлөгөө батлан ажиллаж байна. Гэхдээ энэ төлөвлөгөө нь хэрэгжихдээ ямар зовлон бэрхшээл туулж байна вэ, төрийн өндөрлөгүүдийн олж харахгүй байгаа ямар хүчин зүйлүүд байдгийг хүргэх нь бидний нэг үүрэг. Гашуунсухайт боомтын хувьд Хилийн боомтын үндэсний зөвлөл буюу энэ статусаараа Сангийн сайд Б.Жавхлангийн бодлого анхааралд ороод жил гаруй болж байна. Олон амбицтай дарга нар, төрийн байгууллагуудын зөрчил, эмх замбараагүй байдал нь нэг талдаа гарсан. Гэхдээ үүний ард оролцогч иргэд ААН -ийн эрх ашиг хөндөгддөг болоод удлаа. Тэр дундаа тээвэрчид буюу Монгол Улсын иргэний эрх ашиг зөрчигддөг уужиг байдал даамжирч ирлээ.

-Тодруулж хэлбэл?

-Тухайлбал, 2022 оны 2 дугаар сарын 14-нд гурван сайдын баталсан Гашуунсухайт боомтоор экспортын тээвэр хийх журам гэж бий. Онцгой байдал, халдвар хамгааллыг яаж сахих талаас Шадар сайд, тээвэр зохицуулалт логистик Зам тээврийн хөгжлийн сайд, Боомт оролцоо бодлого Хилийн боомтын зөвлөл буюу Сангийн сайдын мэдэлд гэсэн үг. Энэ журам нь боомтуудын хувьд экспортын тээвэр хийх Үндсэн хууль нь гэсэн үг. Энд ХӨСҮТ-ын оролцоо бага тусгасан хэрнээ маш том орж ирдэг. ХӨСҮТ бол халдварын шинжилгээг эцсийн байдлаар гаргаж хил давах эрхийг өгдөг нэгж. Гэтэл өнөөдөр энэ байгууллагын нэг алдаа, сорьцоо буруу хадгалах, нэг буруу хариунаас болж нэг аж ахуйн нэгж хэдэн зуун сая төгрөгөөр, жилийнхээ ашгаар хохирч, хэдэн арван тээвэрчний ар гэр хоолгүй болох зэрэг маш хохиролтой зүйлс энэ журмын ард бий болоод удаж байна.

Төрийн том чиг үүрэг бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, бизнес хийх боломжийг хангах. Төр энэ том үүргээ энэ журмаар маш их гээгдүүлсэн. Нэг иргэн, нэг жолоочийн асуудал. Яахав дээ, амжаагүй юм байна гээд хаяад байдаг. Гэтэл үүний ард нийлээд 100, 200 хүний асуудал болдог. Үндсэн хуулийг хүртэл хэлэлцүүлэг хийгээд засч залруулж болдог доо. Гэтэл энэ журмыг эргэж харах нөхцөл байдал үүсээд байхад гурван сайд батлах учраас хугацаа их орно гэдэг тайлбар тавьсаар байгаа юм.

-Үндэслэлтэй тайлбар биш байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Зохицуулалт муутай журмаас үүдэж жолооч нар ААН-үүд хохирч байгаа маш олон жишээг хэлж болж байна. Тухайлбал, 6/13дах хоногийн тандалт шинжилгээ гэж бий. 14 хоног тусгаарлагдаж байхдаа 6/13 дахь хоногто шинжилгээ гэж өгөх ёстой. Ингэснээр хил гарах эцсийн шинжилгээнд ордог. Ингээд 13 дахь өдрийнхөө шинжилгээг өгөх хуваарь гардаг. Компани жолооч нараа явуулах гэж байтал үндсэн шинжилгээнд орох хуваарь нь зэрэгцаад гарчихдаг. Жолоочоо алинд нь оруулах бэ. Энэ нь журманд тодорхой биш. Маргаан дагуулдаг. Үндсэн шинжилгээ өгөөд хил рүүгээ гаръя гээд зүтгэнэ. Гэтэл 13 дахиа өгөөгүй гээд үндсэн шинжилгээнд оруулахгүй гэдэг. Эсвэл 13 дахиа өгчихөөд явъя гэхээр үндсэн шинжигээнд ороогүй гээд буцаах юм уу. Ингээд л тэд ямар ч орлого, тээвэргүй дахиад бүтэн сар хүлээх болдог. Энэ хугацаанд компани жолооч нараа хооллоод, байрлуулаад, цалин мөнгө өгөөд байлгах болдог. Гэтэл үүнийг хариуцах газар дээр нь шийдвэр гарагаж байгаа төрийн ажилтнууд “Харин тиймээ, ойлголцсонгүй учраас байж байгаарай. Одоо яая гэхэв дээ” гэх маягаар хариуцлага хүлээхгүй яваад байна.

-Та бүхэн энэ асуудлаараа холбогдох байгууллагуудад хэрхэн хандав. Ямар хариу өгөх юм бэ?

-Бид нэлээд олон удаа хандаж байгаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗТХЯ-ны төлөөлөл орсон бүрэлдэхүүнтэй уулзсан. “Хэлэлцүүлье” гэдэг хариу хэлсэн. Өөрчилье, саналыг авъя гэдэг. Санал авна гэдэг нь шийдье гэсэн үг биш болж хувирдаг.

Хоёрт, гурван сайдын журамд үзэл санааны өөрчлөлт хэрэгтэй. Энэ журмын хандлага бол халдваргүйтлийг сайн бариулаад голомтоо багасаад их нүүрс гаргахаар зохицуулсан. Гэтэл нөгөө талд журмын хүрээнд хөдөлж чадахгүй нэг дор хоригдох хүмүүсийн асуудал яригдаж байна. Тэд чинь хүн шүү дээ. Энэ хүмүүсийн эрүүл мэнд дархлаа яах вэ. Хоорондын харилцааны зөрчил яах вэ, идэр насны жолооч залуусын гэр бүлийн асуудал яах вэ. Тэр их чөлөөт цагийг яаж үр дүн болгож хувиргах вэ. Хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргийг компани биш, жолооч өөрөө байгуулахаар журамдаа тусгачихсан. Ажил олгогчийн үүрэгт оруулаагүй. Ингэхээр ажил олгогч санаачлагаараа гэрээ байгуулах нь эргэлзээтэй. Бид Гашуунсухайт боомт дээр байгаа 399 бөмбөлгийн 6000 гаруй жолоочоос судалгаа авахад 70 хувь нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байна. Ийм нөхцөлд жолооч нар цалингаа бүрэн авч чадахгүй. Компани нь “Яв, зайл. Орны чинь хүн бэлэн байгаа шүү” гэдэг. Ядаж л компанид үүрэгжүүлээд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол бөмбөлөг үүсгэх эрхийг чинь өгөхгүй гэхэд бушуухан байгуулна шүү дээ.

-Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч байгуулах үүрэг хуулиар зохицуулагддаг. Гэтэл хуулиас давсан журам болсон хэрэг үү?

-Одоо ч энэ чигээрээ үргэлжилж л байгаа. Бусад хуулийн процесс хэрэгжилттэй илтэд зөрчилдөж байгаа энэ журмын зохицуулалтаа засахгүй явсаар байна шүү дээ. Бид үүнийг л хэлж байгаа.

Хамгийн гол нь хүмүүс ганц хөдөлж байгаа салбартаа л бизнес хийхээр мөнгө босгож, зээл авч машин, техник авч байгаа. Өнгөрсөн оноос бөмбөлөг тээвэр гэдгийг зохион байгуулсан. Энэ хооронд зөвхөн тэвштэй чингэлэг машин тээвэрт ороод эхлэхээр иргэд, компаниуд тээвэр хийх гэж бөөн авлига өгч байж хилээр шинэ машинуудаа оруулаад иртэл Гашуунсухайт дээр бөмбөлөг үүсгэхгүй, машин нэмэх эсэх нь тодорхойгүй болчихсон. Ингээд өдөр бүр 200, 300 мянган төгрөг, сардаа 10, 20 саяар өрөнд орж байгаа хүмүүс маш олон байна. Тэднийг буруутгах аргагүй. Тэд бизнес хийх гэж, амьдрах л гэж орж ирсэн. Аль нэг хууль журмаар үүнийг нь хориглоогүй. Гэтэл мөнгө төгрөгөө гаргаад, зээл аваад техник оруулаад иртэл явуулдаггүй. Хохь нь гэсэн маягаар л хаячихаж байна.. Маш их өртэй, амиа хорлоход ч бэлэн болчихсон хүмүүс олон байна. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, эрх ашгийг хамгаалах, бизнес хийх боломжийг хангах төрийн үүрэг хаана байна. 30 хүн 1-2 машинтай гэж бодъё. Нэг машин 380 сая, хүү алдангийг нь бодохоор сард нийт дүнгээр 15, 16 тэрбумын зээл өрөнд орчихсон хүмүүс олон байгаа. Үүнийг төр алсаас нь харж бодлогоор зохицуулах ёстой байсан юм.

-Халдварын нөхцөл байдлаас үүдсэн асуудал олон байгааг та хэлж байна. Тэгвэл ямар зохицуулалт хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Маш олон асуудал бий. Бүгдийг нь би ярьж барахгүй л дээ. Гол гэсэн зүйлээ л энд дурдаж байна. Өнөөдөр төр засгийн зүгээс Гашуунсухайт боомт дээр 7000 орчим машин эргэлдэж байгаа гэж мэдээллээд байдаг. Гэвч бүгд хилээр гарч байна гэвэл худлаа. Учир нь “дэлбэрнэ” гэдгээр шинжилгээ нь эерэг гарч, 21 хоногоор тээвэр хийхгүй блоклуулж байгаа жолооч нар олон. Зарим нь бүр тандалтын шинжилгээн дээрээс эерэг гараад орж чадахгүй ухарч байна. Жишээ нь, А компанийн нэг жолооч эерэг гарахад бусад нь шинжилгээ өгөөд дахиж халдвар нэмэгдвэл 21 хоног шууд блоклогддог. Нэг долоо хоногт 10 бөмбөлөг /Битүүмжилсэн тээврийн баг/ /дэлбэрлээ, 150 машин 21 хоног орохгүй. Арай гэж 21 хоног дуусгаад хувиарт шинжилгээнд оръё гэхээр нэг дарга нь аман шийдвэрээр “Танайхыг шийтгэлээ, 21 хоногоо дуусгаад дахиад оочерт хүлээ” гэдэг. Дор хаяж 20 хувь нь энэ мэтээр сардаа ямар нэг хязгаарлалт блоконд орж тээвэр хийхгүй байгаа. Тэгэхээр өр зээлийг нотолсон ч юм уу, тодорхой шалгуураар Битүүмжилсэн тээврийн баг цөөн тоогоор нэмж үүсгэх боломж бий. Энэ нь нэгд, тухайн аж ахуйн нэгжийн дампуурах эсэх асуудал, хоёрт улсын экспорт нэмэгдэх, эдийн засгийн асуудал шүү дээ. Нөгөө талаар маш олон ажлын ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад, ужиг хор нь гараад хариуцлага сайн болоод ирж байна. Гэхдээ амьдралаас урган гарч байгаа асуудлаа тэр дор нь шийдээд явахгүй бол тэр нь хуримтлагдсаар буцаад бухимдалын голомт болж байна. Бидний яриад байгаачлан, тусгаарлалтанд байгаа жолоочийн сэтгэл зүй, нийгмийн асуудал, эрүүл мэнд, дархлааны асуудлыг ор тас орхисноос болж удаан хугацаанд тусгаарлалтанд байсан хүмүүсийн стресс ихдээд тусгаарлалт дотор шинжилгээний хариу эерэг гарах тохиолдол олон байна. Энэ эерэг гэсэн механик өсөлтийг Хятадын тал хараад “Монгол талдаа халдвар буурахгүй байна” гээд хилийн таталтаа нэмэгдүүлэхгүй байх талтай. Олон хүчин зүйл уялдаа холбооны асуудал шийдэл нь хоорондоо бүгд хамааралтай экспортод нөлөөлж байгаа хүчин зүйлүүд болчихоод байна. Боомтуудад нээлт хийж зам барихаас гадна үйл ажиллагааг нь даган бий болох олон асуудлуудыг нэгтгэж харсан Цогц зохицуулалт хийгээсэй гэж бид хүлээж байна.

-Анхаарах олон асуудал байгаа юм байна. Үүнийгээ олон нийт, төр засгийн анхааралд хүргэхийн тулд санал хүргүүлэхээс өөрөөр ажиллаж байгаа юу?

-Эх оронч гэхээр заавал жагсдаг тэмцдэг байх албагүй. Боомтын сэргэлтийн бодлогод саад болох хөшигний цаадах асуудлыг ил болгож, төр засагт хүргэж шүгэл үлээж, авилга ашиг сонирхлын бүлгийн №1 дайсан болж өөрсдөдөө эрсдэл үүрч байгаа энэ бүх үйл ажиллагаагаа бид Эх оронч хандлага л гэж харж ирсэн. Иргэний нийгмийн төлөөлөл ТББ, судалгааны байгууллагуудын үгийг сонсож шийдвэр зохицуулалтынхаа алдаа оноогоо залруулаад явбал тэр сайд даргын хувьд ч гэсэн Эх оронч хандлага болох байх. Товчдоо шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх Боомтын сэргэлтийн эхлэл тавигдаж экспортын голлох хилийн боомтууд эзэнтэй, ирээдүйтэй харагдаж эхэлсэн ч шинэ асуудлууд гарсаар байна. Энэ бүх асуудлаа талууд зөв ойлгож хамтран ажиллаасай гэж хэлмээр байна. Эцсийн дүнд тээвэрчид ААН-үүд дахин дахин ямар нэг шинэ журмын туршилтын туулай болж хохирдог байдалд цэг тавиасай билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.