Ажиа Гэгээн Лувсантүвдэн: “Суварга босгох уу, сургууль барих уу” гэвэл би сургууль барина

Aдмин / Эдийн засаг

"Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ажиа гэгээн Лувсантүвдэнийг “Ярилцах цаг” буландаа урилаа.

“ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗАЛУУ БОЛООД АХМАД ҮЕ НЭН ЧУХАЛ”

-Та Монголдоо ирээд нэлээд олон ажлыг амжуулж байгаа харагдана. “Зөв тэтгэлэг”, “Ахмадын хөгжлийн төв” барих үйл ажиллагаа гээд л. Сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлын тань талаар яриагаа эхлэе?

-Би Монголдоо хоёр зорилго өвөртлөн ирлээ. Нэгдүгээрт, “Зөв тэтгэлэг” хөтөлбөрөө дөрвөн жилийн хугацаанд зарлаж, амжилттай зохион байгуулж байна. Өмнө нь хөтөлбөрт хамрагдсан болон хамрагдах гэж байгаа оюутнуудтай уулзаж байсангүй. Харин энэ жил өөрийн биеэр ирж нээлт хийж, оюутнуудтайгаа уулзаж ярилцлаа. Дөрвөн жил хэрэгжсэн тэтгэлэгт маань одоогоор 60 орчим оюутан хамрагджээ. Хоёрдугаарт, би Яармагт нэг газар авсан. Тэндээ анх эмнэлэг, сургууль барихаар төлөвлөж байлаа. Гэвч барихад жаахан асуудал тулгарсан. Тиймээс хоёр жилийн өмнөөс “Ахмадын хөгжлийн төв” байгуулахаар зориглож, барилгын ажил маань бараг дууслаа. Удахгүй нээлтийг нь хийхээр төлөвлөж, Монголдоо ирээд байна.

-Ахмадууд маань зорин очих сайхан төвтэй болох нь ээ. Та яагаад, ямар учраас ахмад настай хүмүүст зориулсан төв нээе гэж шийдсэн юм бэ?

-Ямартай ч хөгжлийн төвийн барилга маань бараг бэлэн болсон. Гэхдээ ахмадын төвийнхөө үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг бодоод л байна. Хүмүүсийн ярьдаг шиг ахмадын асрамж, сувилал маягаар төлөвлөөгүй. Ер нь хүн тэтгэвэрт гараад бүх асуудалд цэг тавьж байгаа юм биш. Гэвч монголд хүүхдүүд нь ажилтай завгүй, аав ээждээ харагддаггүй. Харин аав ээж нь тэтгэвэрт гараад гэртээ ганцаарддаг асуудал их байна. Манай төв тийм хүмүүсийг цуглуулъя гэсэн эхний төлөвлөгөөтэй байна. Гэхдээ төвд ирээд зүгээр нэг өдөр өнжих биш, ямар мэргэжилтэй хүн байна тэднийг баг болгож хуваагаад туршлага, сургамжийг сонсдог байх, эргээд түүнийг нь эдийн засгийн асуудалтай нь холбож ч болох юм билээ. Эхний ээлжинд ингэж ажиллах төлөвлөгөө бий. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад ийм үйл ажиллагаа явуулдаг төв олон байна. Тухайлбал, Япон улс нэлээд сайн хөгжүүлсэн. Тэгэхээр миний хувьд ахмадын төвөө анхнаас нь сайхан төлөвлөөд үйл ажиллагааг нь явуулах нь зүйтэй хэмээн үзэж, хичээж байна.

-Хандив тусламж, сайн үйлсийн аян нэлээд өрнөдөг болжээ. Гэхдээ Ажиа Гэгээний явуулж үйл ажиллагаа энэ бүхнээс юугаараа онцлогтой вэ?

-Хүний амьдралын бага залуу нас гэдэг их чухал. Тэр үеэс нь эхлээд л бид залуусаа зөв зам руу нь чиглүүлэх хэрэгтэй. Тиймээс “Зөв тэтгэлэг”-ийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Манай тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд ядаж л хүний төлөө гэсэн сэтгэлтэй болох юм. Цаашлаад Монгол Улсын хөгжлийн төлөө юу хийх үү, Монгол гэсэн үндэстнээ хэрхэн хайрлаж авч явах юм гэсэн үзэл баримтлалтай болно. Хүний амьдралын дараагийн нэг асуудалтай нас нь ахмад нас. Тиймээс “Ахмадын хөгжлийн төв” байгуулсан. Монголд тэтгэвэрт гарсан ахмадуудын боломжтой хэсэг нь үр хүүхдүүдээрээ харуулаад гэртээ суугаад байна. Харин боломжгүй ахмадууд маань Батсүмбэрийн асрамжийн газар руу явж байх шиг байна. Ийм л хоёрхон сонголт байна. Харин манай хөгжлийн төв ахмад настай гэж голохгүй хөгжих дэвших боломж олгох, өөрсдийн сурч мэдсэн зүйл амьдралын туршлагаа бусадтай хуваалцах гүүр болох юм. “Ахмадын хөгжлийн ордон” нь шинэ нисэх онгоцны буудал буюу Чингис хаан Олон улсын нисэх буудал руу явах замд Архивын ерөнхий газрын урд байрлаж байгаа. Тэндээ усан эмчилгээ, сувилгаа, бариа засал, фитнесс, сургалт, тоглоом, амралт, соёлын цогцолбортой байна. Мөн манай төв улсын байгууллага буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн харьяанд байх юм. Ахмадын төвийнхөө нэрийг нь ч гэсэн аятайхан өгчих санаатай бодоод л байна. Нэр буруу өгчихвөл хүмүүс “Аан энэ нэг настай хүмүүс явдаг газар, тусламжийн төв юм байна” гэж бодох ч юм бил үү. Тэгэхээр би нэр өгөхдөө ч их болгоомжтой хандаж, Японд байгаа шавь нартаа мөн хандаж байна. Ирэх амралтын өдрүүдэд Эх нялхасын хашаанд байрлах “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” дээрээ Ахмадын хөгжлийн төвд зориулсан хандивын зоог барихаар төлөвлөөд байна.

“СЭТГЭЛЭЭСЭЭ ӨГСӨН БУЯНД ИХ, БАГЫН ЯЛГАА БАЙДАГГҮЙ”

-Ер нь хүмүүс сайн үйлс хийх, сайн үйлсийн аянд оролцох их сонирхолтой болсон. Тэр сайн үйлсийг ямар сэтгэлээр хийвэл буян хурах вэ. Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юу?

-Сайн үйлсийн аян Монголд маш их байна. Гэхдээ энэ үйлсэд сайн сэтгэл, нинжин сэтгэл, хайр хэрэгтэй. Гагцхүү өөрийн биеэ бодох биш олон түмнийг боддог байх тийм сэтгэл чухал. Тийм сэтгэлээр бол юуг ч хийж, ямар ч асуудлыг даван туулж чадна. Түүнээс биш хэлбэр төдий, хийсвэр байвал ямар их хөрөнгө гаргаад буян хурахгүй. Би өөрөө бурханы шашин шүтдэг хүн. Тиймээс өөртөө буян хурааж байна гэж итгэж сайн үйлсэд өөрийн биеэ зориулдаг. Сэтгэлээсээ өгсөн буянд их багын ялгаа байдаггүй юм шүү дээ.

-Өнөө цагт байгаа гэгээнтэн, лам, хуврагуудаас та нэг зүйлээрээ ялгарч чаддаг. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг нэлээд идэвхитэй зохион байгуулах юм?

-Би өөрөө бурханы шашин шүтдэг хүн. Гэхдээ надаас “Суварга босгох уу, сургууль барих уу” гэж энгийнээр асуувал, би сургууль барихыг сонгоно. Энэ хоёр буян уу, гэвэл хоёулаа адилхан буян. Гэхдээ сургууль барина гэдэг бол ард түмэнд шууд л тус буянаа өгч байгаа хэрэг. Суварга бол энэ насанд буян болохгүй бол хойд насанд ч буян болдог зүйл. Сургууль босгох их хэцүү байж болох ч тэр дотор олон нийт даган баясаж, дараагийн сайн сайхандаа хүрч байдаг. Олон хүнийг сайн сайханд хүргэх гүүр болж буйгаа илүү бодит зүйл гэх үү дээ. Суварга барихад маш их мөнгө орох ч гэлээ, түүнийг зорин очиж даган баясах нь цөөн. Миний үзэл баримтлал ердөө л ийм энгийн. Мөн бурханы шашны төлөөлөл болж яваа хүн ч гэлээ олон нийтэд давхар буян үйлдэж болдог гэдгийг өөрийн биеэр бага ч гэсэн үлгэрлэн харуулахыг хичээдэг дээ.

“БУЯН ГЭДЭГ АМЬДРАЛЫГ ҮЗЭХ ҮЗЭЛТЭЙ ХОЛБООТОЙ”

-Та АНУ-д амьдардаг. Мөн дэлхийн олон орноор явж, тэнд байгаа сайн туршлага, сайн жишгийг “түүж”, Монголд нэвтрүүлэхийг хичээж явдаг юм шиг санагддаг. Ер нь амьдралын сайн сайхан зүйл хаана байгаа юм шиг санагддаг вэ. Монголд уу, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад уу?

-Би түвд нутагт төрсөн монгол хүн. Эцэг эхээс 11-үүлээ. Хоёр настай байхад минь Гүмбүм хийдийн лам нар Ажиа гэгээний наймдугаар хойд дүрээр залсан. Ажиа гэдэг нэрийн тухайд манай баруун монголчууд аавыгаа ажиа гэдэг шүү дээ. Аав гэсэн утгатай нэр. Зонхов богдын аавын хойд дүр гэсэн үг. Гэгээнээр тодруулсны дараа Гүмбүм хийдэд шавилж суусан. Тэгээд 1958 он хүртэл ном бичиг сурсан байдаг юм. Гэтэл 1958 онд Монголд 1937 оны хэлмэгдүүлэлт болсонтой яг адил үйл явдал манай тэнд болж сүм хийдийг хааж, лам хуврагуудыг барьж шоронд хийсэн. Миний багшийг, аавыг минь хүртэл шоронд хорьсон. Би хийдэд шавилж, лам хувцас өмсөх эрхгүй болж, Хятадын дунд сургуульд орж, улаан бүч зүүгээд, орос хэв маягаар хувцаслаж, орос хэл заалгаж байлаа. 1966 онд Соёлын хувьсгал эхэлж, асуудал бүр хурцадсан. Сүм хийдийг нурааж, бурхны номыг шатаасан. Лам нар алга болж, би 10 гаруй жил тариа тарьж амьдарсан. Тэгж байгаад 1980 оноос Хятадад улс төрийн нөхцөл байдал бага зэрэг зөөлөрч, бурхан шашин сүм хийдийг дахин сэргээж эхэлсэн. 1990 оноос Гүмбүм хийдийг дахин сэргээж, долоон жил тэнд хамба лам байсан. Төвд, Монголд тэргүүн лам гурав л байдаг шүү дээ. Монголд өндөр гэгээн, Төвдөд Далай богд, Банчин богд бий. Нэг нь таалал болчихвол нөгөөх нь хариуцан хойд дүрийг нь тодруулдаг ёстой. Тэгтэл Банчин богд 1989 онд гэнэт таалал болж, Далай богд хойд дүрийг залах гэж байтал Тяньминд оюутны өнөөх айхтар бослого жагсаал болсон. Тэгээд Хятадад байдал хурцдаж, би тэр үед нутгаасаа зугтаж, Америкт ирсэн учиртай. Ингээд би 2006 онд анх удаагаа Монгол Улсад ирж байлаа. Тэр үед онгоцны буудал дээр буухад чихэнд монгол үг сонсоход ямар сайхан байсан гээч. Манай нутагт бол өөрийн хэлээр ярих эрх чөлөө байхгүй шүү дээ. Мөн монголчууд гудамжинд явсан ч танихгүй хүнийг “ах аа эгч ээ” гээд дуудна. Энэ бол хаана ч хараагүй, их сайхан соёл, сэтгэл юм даа. Тэгэхээр монгол нутаг сайхаан сайхан. Нөгөө талаар нийгэм рүү чиглэсэн ажлуудыг АНУ, Канад, Япон улс их сайн явуулж байна. Тэднээс суралцах зүйл их бий. Тухайн орнуудад амьдралын боломж тааруу гудамжны гэгдэх хүмүүст зориулсан холбоо хүртэл бий. Монголд харин тийм төрлийн байгууллага ховор байна. Өмнө нь би Монголд ирээд өндөр хөгжилтэй орнуудад явуулдаг үйл ажиллагааг гудамжны гэгддэг хүмүүст зохион байгуулж байсан. Гэвч жаахан хүндрэлтэй зүйлүүд тулгарч байлаа.

сонин mn

-Буян хийхийг хүмүүс их том зүйл мэт бодоод байдаг. Гэтэл хүмүүс өдөр тутамдаа буян хийх боломжтой. Энэ талаар та энгийн сайхан зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүний амьдрал бие, хэл, сэтгэлээс бүтэж байна. Энэ бүгдээр янз бүрийн буяныг бүтээж болно. Үр хүүхэддээ ном, шүлэг уншиж өгөх ч буян юм шүү дээ. Харин энэ гурваас сэтгэлийн буян бол маш чухал. Сэтгэл нь тэгш сайхан , хайр дүүрэн нинжин сэтгэлээр ямар ч үйл хийсэн буян болно. Тухайлбал, бид үр хүүхдээ дандаа магтаад суухгүй. Хааяа зэмлэх үе гарна. Гэтэл тэр хүүхдийн сайн сайхны төлөө хийж байгаа эцэг эхийн сэтгэл учраас аашилж загнасан ч буян нь ирж байдаг. Бурханы шашинд даган баясах уу, атаархаад байх уу гэсэн нэг ном бий. Ийм тохиолдолд даган баясах нь ч буян юм. Мөн аливааг сайн сайхан талаас нь харах нь буян байдаг. Тэгэхээр буян гэдэг зүйл зөвхөн авч өгөхийн нэр биш амьдралыг үзэх үзэлтэй холбоотой зүйл.

-Монголчуудын олонх нь бурханы шашинтай хүмүүс. Гэтэл сүүлийн үед бурханы шашиндаа итгэх итгэл нэлээд багассан мэт санагддаг. Ер нь монголын бурханы шашны өнөөгийн дүр зургийг хэрхэн харж байна вэ?

-Монголын бурхан шашины өнөөгийн нөхцөл байдлыг би хэлж мэдэхгүй байна. Ер нь бурхан шашны гол утга нь “Сайн хүн бол, муу хүн битгий бол” гэсэн агуулгатай юм. Нинжин сэтгэлтэй оюун ухааныг бүтээ гэж байгаа юм. Тэгэхээр энэ агуулга утга санааг нь яаж орчин үед, амьдрал дээр буулгах вэ гэдэг нь чухал байна. Ямар ч том ном үзлээ гэхэд тэр бүр амьдралд нийцэхгүй байх нь бий. Нөгөө талаар бурхан шашин гэхээр хэн нэгэнд мөргөх, зул барих, бурхан бүтээх ёстой гэж ойлгоод байдаг. Тэгвэл гол бурхан шашны номондоо бурхан сэтгэл дотор байх ёстой хэмээн номложээ. Бурхан багш таалал болохдоо намайг дурсахын төлөө бурхан гэдэг зүйл босгож болно гээд зөвшөөрсөн. Харин өнөөдөр шашин гээд маш том бурхан бүтээгээд, сүм хийд босгоод байгаа нь жаахан өрөөсгөл юм даа. Бурхан будда “Миний хэлж ярьсныг битгий мартаа, миний хэлж ярьснаар явбал тэр жинхэнэ бурхан. Түүнээс биш миний хэлж ярьснаар явахгүйгээр том сүм хийд бариад сууж байвал тэр бурхан шашин биш ээ” гэж хэлсэн байдаг. Тийм учраас яг бурхан шашны тэр утга санааг орчин үеийн энэ амьдрал дээр хэрэглэж чадвал их сайхан байна.

Гэгээнтний тухай найман баримт

1.Ажиа Гэгээн бол Төвдийн Хөх нуур аймгаас гаралтай, Америкийн Индиана мужийн “Буддист соёлын төв”-ийн хамба лам юм.

2.Ажиа Гэгээний хувилгаан ламын амьдрал 1952 оны зуны дунд сараас эхэлсэн. Нялх балчир үеийн нэр нь Юндэндорж.

3.Гүмбүм хийдийн лам нар Ажиа Гэгээний наймдугаар хойд дүрээр залсан.

4.Гэгээнтэн залагдан очихдоо хоёр нас арай л хүрээгүй байсан гэдэг.

5.Тэрбээр 2006 оноос монголчуудад зориулсан, сайн үйлсийн ажлыг хийж эхэлсэн байна.

6.ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Цусны эмгэг, хавдартай хүүхдийн эмнэлгийг байгуулсан.

7.Ахмадын хөгжлийн төвийн бүтээн байгуулалт нь удахгүй нээлтээ хийнэ.

8.“Зөв тэтгэлэг сан” нэртэй Монголын соёл уламжлалыг хадгалан үлдээх бэлгэдэл бүхий тэтгэлэг зарлаж, 60 гаруй хүүхдийн хамруулаад байна.

Т.Батсайхан

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

DR. ADITYA [197.211.63.52] 2022-09-15 20:10:52

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

зочин [59.153.86.85] 2022-08-24 13:48:38

хуврагийн ёс санваар сахисан гэгээн хүн гэдэг ийм л байдаг байна .манайлам нар хамба Чойжамцаасаа эхлээд хэжүүхэн хүмүүс . Гандан бусад хийдүүдээс илүү арилжааны шинж давуу агуулсан лам нарын байр байдал сүсэгтэнд таагүй хандлага гаргадаг

Зочин [66.181.160.92] 2022-08-24 08:10:46

үнэхээр шашин гээд сүм хийд барьж бурхан гэж шавар овоолж, суварга гэж баахан мөнгө үрж идэж ууж байхаар энэ хүн шиг бодит үйлс бүтээгээ сайдаа. манай нөгөө хэнээтэн Цэрэнпунцаг мэтээс өгсүүлээд бурхан нэрээр хулгай хийж мөнгө цусаж байдаг албин чөтгөрүүд үүнийг уншаасайдаа. уншаа ч шунал нь эс барагдах бишдээ

Зочин [192.82.91.45] 2022-08-24 05:11:22

Jinhen gegeenten yum da

Зочин [66.181.178.107] 2022-08-24 02:03:58

Гэгээнтэн таны үйлсэд гүнээ талархаж байдаг. Сайн үйлс тань машид дэлгэрч, шашин номын үйл хэрэг тань үе мөнхдөө сүсэгтэн олон оо гэгээрүүлэх болтугай

Зочин [124.158.107.35] 2022-08-24 01:10:07

манай гандангийн авахын дон шүглэсэн лам нар энэ хүн шиг байгаасай


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.