Шүүгч нарын гар дээр 2 тэрбум доллар эргэлддэг үү?!

Aдмин / Хууль

Монгол Улсад шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй нийт шүүгчийн тоо найман жилийн өмнө 414 байжээ. Энэ тоо өссөөр өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сар гэхэд 523 болоод байв. Харин өнөөдөр 699 шүүгчтэй болжээ. Шүүгчийн тоо ингэж өссөн нь Шүүхийн тухай хуулийн өөрчлөлтүүдтэй холбоотой. Гэхдээ шүүгчийн сул орон тоо дээр сонгон шалгаруулалт зарлахад энэ жил үгүй болсон цэцэрлэгийн сугалаа шиг л олноороо бүртгүүлдэг болжээ. Үйл явдал хийгээд үр дүн нь яг л цэцэрлэгийн сугалаатай ижил. Өөрөөр хэлбэл, “Сайдын суудал тоотой, санаатай гишүүн 76” гэдэг шиг шүүгч болох боломж нь хуулиар хангагдсан хүн бүхэн үзээд алддаг болсон гэхэд болно.

Жишээ нь, ШЕЗ-ийн 2022 оны тавдугаар сарын 18-ны 118 дугаар тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн есөн шүүгчийн орон тоо дээр сонгон шалгаруулалт зарлажээ. Энэ есөн суудлын төлөө 37 хүн өрсөлдсөн. Энэ юу ч биш. 2022 оны зурагдугаар сарын 6-нд анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэгийн шалгалт явагджээ. Тэнд 107 хүн өрсөлдөж, дөрөв нь тэнцсэн байгаа юм.

Саяхан, наймдугаар сарын 11-нд ШЕЗ-өөс Сүхбаатар дүүрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэг, Чингэлтэй дүүрэг болон Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тус бүр нэг, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нэг сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлалаа. Өрсөлдөгчид нь лав 100 хангалттай давна. Овоо хэдэн орон тоо учраас олон хүн нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой юм. Тэгвэл яагаад шүүгч болох хүсэлтнүүд улам олшроод байна вэ. Тэр тусмаа дээрх мэт Иргэний хэргийн шүүхийн хоёр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоог бөглөх хүн ямар учраас хэтэрхий олон болсон бэ. Нэг үгээр хэлбэл, шүүгч нар “үржээд”, шүүгч болох хүсэлтнүүд олшроод байгаагийн гол шалтгаан нь юу вэ гэсэн асуулт тавигдах ёстой.

Ер нь бол шүүгч болъё гэсэн хүмүүс “Шүүгч л бол шүүгч” гэсэн сонголт хийж шалгалт шүүлгэнд орохгүй байгаа юм. Тэд Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч болохыг илүү хүсдэг аж. Яагаад гэвэл “...Эрүүгийн хэргийн шүүгч болсноос Иргэний юм уу, Захиргааны шүүгч болох нь амьдралд тустай” гэж үздэг. Энэ нь ч түрүүлээд энэ чиглэлийн шүүхэд шүүгч болсон ах, эгч нарынх нь бодит жишээгээр нотлогдоод байдаг байгаа юм.

Та бүхэн мартаагүй бол өмгөөлөгч Б.Баасанцогтын мөнгө төгрөгийн өгөө аваа хийж, бүр цайраад данс руу нь гүйлгээ хийсэн шүүх, хуулийн байгууллагын 11 ажилтны олонх нь Иргэний хэргийн шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар байсан шүү. Сануулахад, өмгөөлөгч Б.Баасанцогт нь дээрх 11 шүүгч, хууль шүүхийн ажилтнуудын данс руу 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ны хооронд 47.2 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэдний хооронд олонд илрээгүй хэчнээн том дүнтэй “өгөө, аваа” байдгийг мэдэхгүй юм. Ямартай ч энэ бол тэдний харилцаа, хамтарсан үйлдлүүдийн “Мөсөн уулын орой” л гэж ойлгогддог.

Энэ өмгөөлөгч болон шүүгч нарын талаар ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхам “Ой мод урттай, богинотой гэдэг шиг энэ 500 гаруй шүүгчдийн дунд хувийн ашиг сонирхлын зөрчил гаргадаг нэгэн байхыг үгүйсгэхгүй” гэж тайлбарласан. Үүнийг байж болох ч юм шиг сонин л тайлбар сонсогдов.

Шүүгч нартай холбоотой бас нэг жишээ татъя.

Иргэн М.Чингүн “Беларусын иргэдэд дээрэмдүүлэх гэж байна” гэсэн өргөдөл гаргажээ. Тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 19-нд УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалангийн нэр дээр өргөдөл илгээжээ. Тэр ажлын хэсэг нь тухайн үед хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг унагасан хэргүүдийг цэгцлэх агуулгаар УИХ дээр байгуулагдаж байсан. Тэрийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалсан хэрэг. Иргэн М.Чингүн өргөдөлдөө “Надаас компанийн хувьцаа, 19 тэрбум төгрөгийн экскаваторыг дээрэмдэх, миний хөрөнгийг банкны барьцаанд хураалгах, төсөвт татвар төлүүлэхгүй байх зэргээр Беларусын иргэн Л.Я.Слободскийн захиалгаар намайг хохироож байна” гэсэн байна.

М.Чингүн өргөдөлдөө захиалагч нь гадны иргэн, гүйцэтгэгч нь манай улсын нэр бүхий өмгөөлөгч нар болохыг дэлгэрэнгүй бичжээ. Эх орондоо байж “Гадаадын иргэнд дээрэмдүүлэх гээд байна” гээд сууж байдаг. Бас л эмгэнэлтэй хэрэг шүү. М.Чингүний өргөдлийг ухвал шүүгч нар гарч ирэх нь тодорхой. Асуудал нь шүүхээр шийдэгдээгүй учраас тэрбээр шүүгч нарын тухай бичиж хараахан зүрхлээгүй бололтой. Энэ бол явж явж Монголд гарч буй элдвийн хэрэг түвэг, янз бүрийн маргаан зөрчлийг нам дарах уу, навсайтал шийдэх үү гэдгийг шүүгч нар л шийддэгтэй холбоотой юм. Гэтэл шүүгч нар итгэл үнэмшлээ хуульд нийцүүлэх шаардлага улам бүр бий боллоо. Одоо тэгэх онцгой цаг ирсэн ч гэж болно. Ялангуяа Иргэний хэргийн шүүгч нар, Захиргааны хэргийн шүүгч нарт илүү хамаатай. Тэд үүрэг хариуцлагаа улам нэмэх цаг болсон. Учир нь хэдхэн хоногийн өмнө Засгийн газар бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийлээ. Шинэ Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд том төслүүдийн ажлыг хийж гүйцэтгэнэ л гэж байна. Төслүүд гэдэг нь боомтын сэргэлт, төмөр зам, дэд бүтцийн гээд томоохон бүтээн байгуулалт үйл ажиллагаа явуулна гэж байгаа гэсэн үг. Түүнтэй зэрэгцээд хувийн хэвшлүүдийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татах тал дээр дориухан ажиллана гэсэн. Ковид, дайнтай холбоотойгоор тэгэхээс ч аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнд олон нийт ч найдвар тавиад эхэлсэн.

Ийм байтал шүүгч нар, тэр дундаа Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар зарим нэг өмгөөлөгчийн тусламжтайгаар хувийн хэвшлийн хэдэн компаниа нам дарж, навсайтал “саагаад” байх нь зохимугүй юм. Тэдгээр шүүгч олон нийтийг Фемида шиг нүдээ боолгочихоод юу ч харахгүй сууж байдаг гэж боддог байж мэдэх юм. Харамсалтай нь, үгүй шүү дээ. Иргэний шүүхийн шүүгч нар, Захиргааны шүүхийн шүүгч нар зарим хэргийн араас хэрхэн улайран хөөцөлддөг вэ. Хэргийн араас гэдэг нь өөртөө юм уу, хамсаатан шүүгч нартаа хуваарилуулж шийдүүлэх гэж тэр л дээ. Тэр хэргийнх нь ард голдуу гадаадын иргэд, гаднын нэр нөлөө бүхий байгууллага байдаг. Хамгийн гол нь шүүгч нар “Ямар хэргийн араас нүд салгахгүй анхаардаг вэ” гэдгийг ч олон түмэн мэддэг болсон байна. Тэр хэргийн оролцогчид мөнгөтэй байх нь шүүгчдийн гол шалгуур болдог байгаа юм. Тангарагаа мартсан шүүгч нарын хувьд Монгол Улсын, монгол хүний эрх ашиг ч юу ч биш болж хувирна. Шулуухан хэлэхэд, шүүгч нар хувьдаа ашиг олохын тулд л “алх тогшдог” болчихоод байгаа юм. Үр дүнд нь Иргэний болоод Захиргааны хэдэн шүүгчийн халаас түнтийж, олон нийтийн шүүхэд итгэх итгэл улам бүр унасаар байна.

Үүний нотолгоо болох нэгэн фактыг Ц.Батын бичсэн “Бат инженерийн кэйс” номоос олж үзэв. Маш ноцтой мэдээлэл бичжээ. Уг номын “Гэмт хэргийн бирж” хэмээх хэсэгт “Маргааш нь ахин эргэлтэд дуудав. Хувцсаа өмсөөд гарлаа. Эмнэлгийн байрны шатаар уруудаж явтал доод давхраас нисэхийн танил царайтай хүн туугдаж явахыг харав. Баатарсүрэн гэгч өндөр эр тэнд явж байна. Бид алсаас мэнд мэдээд зөрлөө. Сүүлд эмнэлгийн хоригдлуудыг салхинд гаргах үед түүнтэй уулзаж ярилцахад, өмчийн маргааныг нь эрүүжүүлэн хорьсон тухай ярьж билээ. Түүний өмчлөлийн авиакомпанийг худалдан авсан эр хувьцаа зарж байхдаа хэлж ярьж байсан шиг нь ашиг олоогүйгээс, залилж компаниа зарсан хэмээн түүнийг цагдаад мэдүүлж хориулсан гэж байх юм. Хөрөнгө оруулах бизнесээ өөрөө сайн судлаагүйн буруугаа нөгөө талаасаа хайсан бололтой.

Иргэний маргааныг эрүүжүүлэх нь шүүх, прокурорын хамгийн их ашиг олдог бизнес байдаг бололтой юм. Хоорондоо маргалдсан мөнгөтэй хүмүүсийн гомдлын дагуу аль нэг талыг нь шоронд хийж мөрдөн шалгах нэрээр тамлан зовооно. Ингэхдээ гомдол гаргагчаас хахууль авна. Мөн гомдоогчоос ч хахууль авна. Тэгж тэгж шүүх хүргэхгүйгээр нөгөө хүнээ тавьж суллана. Мэдээж, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн байхгүй юмыг суллахаас ч яахав.

Эцэст нь гомдогч тал нөгөө хүнээ хориулсанаас өөр тайтгарал олоогүй тул түүнд учирсан хохирол барагдахгүй, гомдоогч тал хоригдож бие сэтгэлээрээ хохирсон учир нөгөө талдаа хохирлыг барагдуулахгүй жонхуурсан байдал үүссэнээр хэрэг замхарна. Дундаас нь харин эрүүдэн шүүх тогтолцооныхон том ашиг салгаж авцгаана. Хууль зүйн дэд сайд байсан хүний ярьснаар, ийнхүү хэрэг үүсгэн ашиг олдог “гэмт хэргийн бирж” дээр хоёр тэрбум орчим ам.доллар эргэлддэг болохыг хожим сонссон юм” гэжээ. Бат инженерийн кэйсээс өөр олон ч кейс байна даа…

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

Зочин [103.10.21.250] 2022-09-08 10:34:33

Тэрнээс ч их

Зочин [188.162.254.22] 2022-09-07 01:21:03

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.