Я.ДОЛЖИНСҮРЭН: ХИЧЭЭЛИЙН ЭХНИЙ ЦАГУУДАД ГАЛ ТҮЛЖ АНГИ ТАНХИМАА ДУЛААЦУУЛДАГ

Aдмин / Боловсрол

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын дунд сургуулийн багш Я.Должинсүрэнтэй ярилцлаа.

-Таныг анх бага ангийн багшаар ажиллаж байх үед ямар байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1988 оны есдүгээр сарын 1-нд 32 хүүхдийг хүлээж авч байсан. Бид багшийн сургууль төгсөөд багш болоход бүх арга зүйгээ төгс эзэмшээгүй төгсдөг. Дадлагын үеэрээ ямар багш дээр дадлага хийнэ, тэр багш сайн зохион байгуулдаг, чадварлаг зөвлөдөг бол биднийг багш болгочихдог. Удирдаж буй багш дадлагын оюутан гээд тоохгүй байх үе ч ажиглагддаг. Би хоёр дадлагаа сайн багштай таарч хийсэн учраас багшлах анхны алхмыг олж авсан гэж дотроо их баярладаг. Нэгэнт л би сурган хүмүүжүүлэх заах сургуульд суралцсан юм чинь өөрийн эзэмшсэн арга барил, чадвараараа анхны шавь нараа хүлээн авч ажилласан. Анхны хичээлээ сурагчдадаа зааж байх үед үнэхээр сайхан сэтгэгдэл төрж байсан. Хичээлийн эрхлэгч маань ч их зааж зөвлөдөг байсан. Тэр үеийн хүүхдийн хүмүүжил их сайн байлаа.

Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг сайхан шавь нар хүлээж авч өдий хүртэл ажиллахдаа багш гэсэн хүндтэй сайхан мэргэжлээрээ бахархаж явдгаа хэлэхэд таатай байна. Манай нутгийн малчид хүүхдүүдээ дотуур байранд суулгаж, хэдэн даваа гүвээ даван, хонь малаа туун 100-140 орчим км газар отор нүүдэл хийдэг. Ам бүл нь цөөн хүн хүч нь хүрэлцэхгүй айлын цөөхөн тооны хүүхэд есөн настайдаа сургуульд ордог байсан. Гэхдээ энэ нь маш ховор доо. Тэр үеийн найман настай сургуульд орж буй хүүхдүүдийг одоогийн зургаан настай сурагчидтай харьцуулахад тэд их хашир байдаг байсан. Тэр үед сурагчдад зааж буй хичээлийн агуулга, стандарт, сурах бичиг бүгд үнэхээр эмх цэгцтэй байсан. Нэгэнт л сургуулийг нь төгсөөд ирсэн юм чинь аав, ээжийнхээ итгэлийг дааж, сайн багш болно ,би чадах ёстой гэсэн зорилготойгоор ажиллаж байсан.

-Хөдөө орон нутагт багшилж ажиллахын юу нь сайхан, юу нь дутагдалтай байдаг вэ?

-Суманд ирж ажиллахын давуу тал нь гэвэл төв газарт түгжрэлд орж алтан цагаа үрэх, автобус хүлээх зэрэг шиг асуудал тулгардаггүй. Бид гэрээсээ сургууль руугаа хурдан алхлаа гэхэд 15 минут, удаан алхаж явахад 20 минут орчим хугацааг зарцуулж очдог. Хөдөө орон нутагт ажиллах бололцоо өмнөх онуудаас хангагдаж хөгжиж байна. Бид техник технологийг ашиглан мэргэжилтэйгээ холбоотой мэдээллийг олж авдаг болсон. Өөртөө зорилго тавин өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Хэцүү бэрхшээлтэй асуудал гэвэл өвлийн улирал манай нутагт хөрсөн дээрээ -50 градус хүрдэг. Өвлийн ид хүйтэнд бид хичээлдээ явахад битүү манан будан дунд явдаг, тийм хүйтэн. Улаанбаатар хот шиг халаалттай ангид бид суухгүй шүү дээ, зуухтай ангид хичээллэнэ.

Манай сургуульд 320 хүүхдийн шинэ сургууль баригдаж эхэлсэн ч санхүүжилт зогсоод, энэ жил ашиглалтад орох байсан ч амжсангүй. Үүнд барилгын материалын эд зүйлс үнэд орсон нь нөлөөллөө. Дараа жил бүтэх байх гэсэн горьдлоготой л сууна. Нэг үгээр хэлбэл хугацаа нь дууссан актлагдсан хичээлийн байранд бид бүхэн хичээллэж байгаа шүү дээ (энэ зөвхөн бага анги). Яг өөрийн анги дээр жишээ авахад шалнаасаа, хананаасаа маш хүйтэн их хэцүү байдаг. Одоо арай гайгүй байгаа нь энэ. Энэ хүйтэнд арван хоёрдугаар сарын 16-наас нэгдүгээр сарын 20 гартал амардаг болсон нь бидний амьдрал байдалтай холбож байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа.

Арваннэгдүгээр сард гэхэд л манай Монголд хүйтэрчхэж байгаа шүү дээ. Манай нутагт бол одоо хүйтрээд эхэлсэн. Ангидаа очиход галч маань өглөөний зургаан цагаас эхлээд өөрийн хуваарьтай ангиудаа галладаг. Энэ хугацаанд анги дулаацсан байх боловч хүүхдүүд очоод ангид ороход үүд хаалга онгойх хооронд анги руу хүйт орж, дулаан илчийг нь алдагдуулдаг. Ихэвчлэн хүйтэнд эхний хичээлийн цагуудад анги танхимаа дулаацуулдаг. Хэтэрхий хүйтнээс болоод нэмж байнга галаа түлж байдаг. Иймэрхүү бэрхшээлүүд байдаг даа.

-Таны хувьд багш хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Багш хүн бол зөв хандлагатай, хандлага сэтгэлгээ нь хийж буй ажилдаа чиглэгдсэн байх ёстой. Мөн мэдлэг, чадвартай, шавьдаа хайртай байх ёстой. Шилдэг удирдагч, зохион байгуулагч тийм л хүн байх ёстой гэж боддог.

-Багш нарын цалин нэмэгдсэн шүү дээ. Одоо хэдэн төгрөгийн цалин авч байна вэ, цалин нэмэгдсэн ч амьдралд нь хүрэлцээтэй байна уу?

-Хүмүүс багш нарыг их цалин авдаг гэж ойлгодог. Яг үнэндээ амьдралд хүрэлцдэггүй. Яагаад вэ гэвэл, цалингийн их хувь зээл гэдэг зүйл рүү орчихдог. Багш нарын цалин нэмсэн, гэхдээ цалин нэмэхийн хэрээр гадуур борлуулагдаж буй өргөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн. Манай сумаас аймгийн төв орохын тулд арваас 12 цаг явж хүрдэг. Миний үндсэн цалин нэг сая 50 мянган төгрөг. Өөрийн оюутан хүүхдийг сургах гээд зээл авдаг. Зээлийн хүү өндөр, оюутнуудын төлбөр ч өндөр юм. Хүү өндөр болохоор авсан цалингийн ихэнх нь зээл рүү явчихдаг. Тэгээд орон сууцанд бид бүхэн амьдрах биш дээ. Түлээ модоо авах гээд амьдралын хэрэгцээ их. Энд хүнсний барааны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдсэн. Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд л явж байна.

Одоо багш нарын цалинг дахиад нэмэх шаардлагатай. Өндөр соёлтой орны багшийн цалинг Монгол Улсын багш нарын цалинтай дүйцүүлэхэд ичмээр ч юм шиг, атаархмаар ч юм шиг санагддаг. Гэхдээ улсдаа ажил хийгээд өдий зэрэгтэй яваадаа сэтгэл хангалуун л байна. Нөгөө талаараа багшийн ажил хүнд хүчир ажил шүү дээ.

Бага ангийн багшийн хараа, сонсгол муудаж байна. Шохой гэдэг айхтар зүйлийн харшилтай болж байна. 34 жил ажиллахад сайхан сургууль, мэргэжил нэгтнүүд, хамт олон, хөөрхөн шавь нар, энэхүү мэргэжлээрээ бахархдаг. Хамгийн гол нь цалинг маань нэмээсэй гэж хүсэх юм даа. Энэ намар зөндөө олон багшийн зар сургууль бүхэнд тавигдаж байна шүү дээ. Цалин бага учир багш мэргэжлээрээ ажиллах хүмүүс цөөрч байна уу даа гэж бодогдохоос гадна холоос болон өөр сумаас ирж ажиллахад байрлах байр, гэр орон гээд асуудал байдаг.

-Хөдөө орон нутагт багшлах орон тоо ямар байна?

-Манай суманд бага ангийн багшийн орон тоо хүрэлцээтэй. Дунд ангид монгол хэлний багшийн орон тоо маш их дутагдалтай байсан. Багш тав, сургалтын менежер хоёр дутуу байсан ч зарын дагуу ирж ажиллаад энэ тэндээс ямартай ч хүрэлцээтэй болсон. Хүмүүс хөдөө орон нутагт сонирхолтой болж байх шиг байна гэж ойлгож байгаа.

-Хөдөө орон нутагт ажиллахад орон байрны хангамж гэж байдаг уу?

-Тийм зүйл байхгүй. Одоо л энэ зүйлийн талаар сошиал медиагаас олж харж байгаа шүү. Хөдөө орон нутгийн багш нарын хангамж тийм сайн биш. Багш нарт таван жил тутамд нэг удаагийн зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог. Хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэл гэж 10 хувь байдаг. Үүнээс өөр орон сууцны тусламж, дотоодоос багш ирвэл байрны хангамж гэх юм байхгүй. Өөрсдөө байртай бол байрандаа, эсвэл хүний байрыг хөлслөх гэх мэтээр аргалдаг даа. Байр гэдэг нь төвийнх шиг орон сууц биш, хувийн орон сууц байгаа.

-Таны хувьд шавь нартаа юуг чухалчлан захидаг вэ?

-Сурлага, хүмүүжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Тийм учраас хамгийн түрүүнд төлөвшилтэй байж гэмээнэ ирээдүйн мөрөөдөлдөө хүрч чадна гэж бүх шавь нартаа захидаг. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэж одоо хичээл зааж буй гуравдугаар ангийнхандаа байнга хэлдэг. Мөн та нар аав, ээжийнхээ хажууд байнга байхгүй шүү дээ. Мөнгөний үнэ цэнэ уначихлаа. Тийм учраас хичээл номдоо сайн суралцах, хэн сайн ажиллана тэр хүн өндөр цалин авах боломж нь нээгдчихсэн гэж хааяа ярилцдаг. Миний үе үеийн шавь нарын дунд мундаг явж байгаа сайхан шавь нар олон байна.

-Таны шавь нар ямар ажил эрхэлж байна?

-Надтай хамт төрөлх сургуульдаа 7-8 шавь минь зэрэгцэн багшилж байна. Өөр газар ажиллаж буй багш, эмч, инженер,нийслэлийн шүүхийн шинжилгээний газар ажилладаг, зэвсэгт хүчний ангийн салаан захирагч гэх зэрэг олон мэргэжлээр амжилттай сайн ажиллаж байгаа. Япон, Солонгос руу урилгаар суралцахаар явсан төгсөгч шавь нар ч бий. Тэднээрээ их бахархаж явдаг даа. Үе үеийн төгсөгч нараа боломжийн хэмжээнд төгсгөж байсан гэж боддог. Багш болсны бахархал нь энэ юм уу даа гэж өөрөөрөө бахархдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.5.198.4] 2022-10-18 05:28:45

Баяр хүргэж, амжилт хүсье. Хөдөөгийн уул талаар соёлын үрийг сайн тарьж, олон сайхан шавь нар нь нутаг орондоо хэрэгтэй зүйл хийдэг, чин сэтгэл, зүтгэлтэй сайхан багш минь

Зочин [192.82.85.179] 2022-10-13 08:45:38

Хуучин сургуулийн галч гэдэг орон тоо байсан, тэд бараг хар үүрээр пиишингээ галлаад хичээл ороход дулаахан байдаг байлаа. Одоо суруугль болгонд галч байхгүй болсон, нийгэмийн ажилтанд тэр үүргийг нь өгмөөр болж дээ....

Зочин [148.60.92.227] 2022-10-12 08:50:02

Mongolcghyyd mini hegjil debsiliin sine zyyn ryy yragsaa,bid hegjih yndestei ardyyd syy!!!yyndee l baharhaj baizgaaya.

Зочин [202.179.27.104] 2022-10-12 04:40:03

Монголын бүх багш нартаа мөргөе. Жирийн сайхан ярилцлага болжээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.