G20: Зөрөлдөөнийг гэтэлснээр хамтарсан тунхаглалыг баталсан нь
Эдийн засгийн хэмжээ далайц, улс төрийн нөлөөгөөрөө дэлхийд зонхилох байр суурийг эзэлдэг 20 улсын /G20/ төр засгийн тэргүүн нар Индонезийн Бали аралд хоёр өдөр чуулсны эцэст Украины хямрал болон бусад асуудлаар 16 хуудас бүхий хамтарсан мэдэгдэл гаргалаа.
“Хамтдаа сэргэе, Илүү хүчирхэг болж сэргэе” уриан дор 15-16 өдрүүдэд болсон тус уулзалтын үр дүнг баримт бичигт нэгтгэн дүгнэхдээ “G20 бүлгийн гишүүн ихэнх орны төлөөлөгчид Украинд болж буй дайныг зэмлэн буруушааж, уг дайн хүмүүст асар их зовлон зүдгүүрийг авчирч, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хязгаарлан, инфляцийг хөөргөдөж, нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, эрчим хүчний ба хүнсний хангамжийг тогтворгүй болгохын сацуу санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж байна гэдгийг цохон тэмдэглэлээ” гэжээ.
Түүнчлэн “Цөмийн зэвсэг хэрэглэх аюулыг үүсгэж болохгүй. Мөргөлдөөнийг дипломатын, яриа хэлэлцээний тайван арга замаар шийдвэрлэх нь нэн чухал. Өнөөгийн эрин үе бол дайны эрин үе биш” гэж хамтарсан мэдэгдэлд цохон дурдсан байна.
Гол зөрөлдөөнийг шийдвэрлэсэн нь
Гэхдээ баримт бичгийн үг хэллэг, найруулгыг зөвшилцөх явцад багагүй зөрөлдөөн үүссэн бөгөөд Оросын тал шаргуу шаардсанаар “зэмлэн буруушаасан” гэдгийн өмнөх “Оросыг” гэдэг үгийг хасаж, “өөр байр суурьтай улсууд ч байсан” гэсэн санааг нэмж оруулжээ. Ингэснээр G20-ийн хамтарсан тунхаглал нь Оросын эсрэг тунхаг бичиг болж хувираагүй гэсэн үг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэлэхдээ, хамтарсан мэдэгдлийн бичвэрийг “тэнцвэртэй болгох”-ын тулд Оросын тал багагүй хүчин чармайлт гаргасныг дурдлаа.
Ерөнхийдөө, өмнөх уулзалтуудаас ялгаатай нь гэвэл, энэ удаагийн саммит багагүй зөрчилдөөн дунд явагдсан гэдгээрээ онцлог бөгөөд хамтарсан мэдэгдлийн текстийг оролцогчид зөвшилцөж чадах эсэх нь сүүлчийн мөч хүртэл тодорхойгүй байв.
Түүнчлэн, эхний ба хоёрдахь хуралдаануудын үеэр хүнсний ба эрчим хүчний аюулгүй байдал, дэлхийн эрүүл мэндийн тогтолцоонд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэх явцад хүнсний ба эрчим хүчний салбарт хямралт нөхцөл байдал үүссэн явдалд барууны орнууд Оросыг буруутгаж байв. Эл асуудалтай холбогдуулан G20 бүлгийн орнууд “хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тээвэрлэх санаачилгыг дэмжиж байгаагаа” илэрхийллээ. Тодруулбал, Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх хэлэлцээрийг сунгахыг дэмжиж байгаа бөгөөд хэлэлцээрийн дагуу 10 сая тонн үр тариа нийлүүлсний үр дүнд дэлхийн зах зээлийн үнэ тогтворжжээ. Хэлэлцээрийг энэ долоо хоногийн сүүлчээр сунгах ёстой.
Ши-Байдений уулзалт, Зеленскийн дэвшүүлсэн санал
“Их20”-ийн уулзалтын хүрээнд болсон хамгийн чухал үйл явдлуудын нэг бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар төрийн тэргүүний хувиар анх удаагаа уулзсан явдал байлаа. 3 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн уг уулзалт хоёр талын байр суурийг ойртуулахад чухал алхам болно гэж Цагаан ордон хэдэнтээ мэдэгдэж байв.
Түүнчлэн уулзалтанд оролцогчдод хандан Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн хэлсэн үгийг дүрс бичлэгээр үзүүлжээ. “Минскийн хэлэлцээр нэгэнт ач холбогдлоо алдсан тул Киевийн аюулгүй байдлын гэрээг /Kyiv Security Compact/ байгуулах нь зүйтэй” гэсэн саналыг тэрбээр дэвшүүлсэн байна. Мөн байлдааны ажиллагааг зогсоож, Украины нутгаас Оросын цэргийг бүрэн гаргах, Оросын тал учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг Украинд төлөх, бүх олзлогдогсдыг солилцох /Орос руу нүүлгэн шилжүүлсэн энгийн иргэдийг оролцуулаад/ гэх мэт 10 зүйл бүхий шаардлага тавьсан байна.
"Онцгой нөхцөл байдал"
Польшийн нутагт пуужин унаснаас үүдэн саммитын төгсгөлийн хөтөлбөр түр тасалдсан хэдий ч сүүлчийн хуралдаан төлөвлөсөн ёсоор боллоо. Уг хэрэг явдлын шалтгааныг хэлэлцэхээр НАТО ба G7 бүлэгт багтдаг улсуудын удирдагчид урьдчилан төлөвлөөгүй уулзалт хийсэн тул саммитын хоёрдахь өдрийн хөтөлбөр 2 цаг 30 минутаар хойшилжээ. “Онцгой нөхцөл байдал” энэ үүссэн үед зохион байгуулагч орны удирдагч, ерөнхийлөгч Ж.Видодо уулзалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон гол сэдвүүдэд оролцогчдын анхаарлыг хандуулахаар хичээнгүйлэн оролдож байлаа.
Уулзалтын хоёрдахь өдөр “Их20”-ийн удирдагчид Бали арлын Нгурах-Рай гэдэг цэцэрлэгт хүрээлэнд мангро мод суулгах ажиллагаанд оролцсон нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, ой модыг хамгаалах асуудалд дэлхий дахины анхаарлыг татан чиглүүлэх зорилготой юм. Ташрамд дурдахад, Индонезийн 17 мянга гаруй арлын нэг болох Бали нь дэлхийн аялал жуулчлалын 6 гол чиглэлийн нэг бөгөөд цар тахлын өмнө жилдээ 6 сая орчим гадаадын жуулчдыг хүлээн авдаг байжээ.
Тоон шилжилт
Мод суулгах ёслолын дараа болсон төгсгөлийн хуралдааны сэдэв нь “Тоон шилжилт”-ийн тухай асуудал байсан бөгөөд эдийн засаг ба нийгмийн амьдрал дахь тоон шилжилтийг хэрхэн нийцэл зохицолтойгоор хэрэгжүүлэх вэ гэдгийг хэлэлцлээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди өөрийн дуртай сэдвээр үзэл бодлоо түлхүү илэрхийлсэн бөгөөд тэрбээр хэлэхдээ “тоон шилжилт бол манай эриний үед тохиож буй хамгийн гайхамшигтай өөрчлөлт мөн. Тоон технологийг зүй зохистойгоор ашиглах нь дэлхий даяар ядуурлын эсрэг хийж буй тэмцлийн үр дүнг дээшлүүлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тустай. Цар тахлын үеэр цаас хэрэглэлгүйгээр зайнаас ажилласан нь үүний тод жишээ мөн” хэмээн онцлон тэмдэглэв.
Төгсгөлийн хуралдааны дараа Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо 12 дугаар сарын 1-нээс G20 бүлгийг даргалах Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Модид бэлгэдлийн алхыг гардуулан өглөө. Индонезийн удирдагч хэлэхдээ “цар тахлын дараа дэлхий дахиныг хамарсан сэргэлт эхэлнэ гэсэн итгэл найдвараар манай улс G20 бүлгийг даргалж эхэлсэн, гэвч сэргээн босголтонд саад учруулах төдийгүй дэлхий дахиныг илүү гүн хямралд түлхэн оруулах шинэ сорилтууд тулгарлаа. Индонез улс өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн шилдэг шийдлүүдийг хайсаар ирсэн” гэв.
Товч тодруулга: Одоогийн байдлаар G20 /The Group of Twenty, major advanced and emerging economies/ бүлэгт Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, БНХАУ, Мексик, Саудын Араб, АНУ, Турк, ОХУ, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон гэсэн 19 улс ба Европын Холбоо багтдаг. Дэлхийн хүн амын 2/3 нь амьдардаг тус бүлгийн орнуудад дэлхийн ДНБ-ний 80 хувь, дэлхийн худалдааны эргэлтийн ¾ нь ногдож байна.
Сэтгэгдэл
vhyocdxrlt [192.42.116.209] 2024-10-25 10:21:16
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
yvyyobwsmd [192.42.116.209] 2024-10-25 10:21:11
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?