ДЭМБ “ковид-19” цар тахлын эсрэг зарласан онцгой байдлыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэж байна
ДЭМБ Ковид-19 цар тахалтай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлын дэглэмийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тус байгууллагын шинжээчдийн хороо коронавирусний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласны гурван жилийн ой энэ сарын 30-нд болохоос урьтаж, нөхцөл байдалд үнэлгээ хийж, онцгой байдлын дэглэм цаашид шаардлагатай эсэх дээр шийдвэрээ гаргана. Ингэхдээ шийдвэрийг даваа гарагаас нааш зарлахгүй юм байна. ДЭМБ-ын шинжээчдийн хороо өнгөрсөн оны 10-р сард хуралдахдаа коронавирусний шинэ хувилбарууд тархах эрсдэл зэрэг олон талын хүчин зүйлийг харгалзан онцгой байдлын дэглэмийг цуцлахад эрт байна гэсэн дүгнэлт гаргасан байсан юм.
Өнгөрсөн сард Германы шилдэг вирус судлаач Кристиан Дростен цар тахал дуусаж байна, коронавирусний халдварын түвшин төдийлөн өсөөгүй, бас огцом буураагүй байгаагаас үзэхэд вирус улирлын ханиад болсон байна гэсэн дүгнэлт хийсэн.
Харин Хятадад бүртгэгдэж байгаа халдварын шинэ давлагааны дараа нас барах тохиолдол өссөн гэж ДЭМБ үзэж байна. Тус байгууллагын ерөнхий захирал шинжээчдийн хуралдаан дээр үг хэлэхдээ сүүлийн хэдэн 7 хоногт Хятадад ковид-19 цар тахлаар нас барсан 170 гаруй мянган тохиолдол бүртгэгдсэн байна, энэ тоо илүү өндөр байхыг ч үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.
Хятадад өнгөрсөн оны 10-р сард цар тахлаар нас барагсдын тоо 10 мянгаас доош буурч байсан бол цар тахлын хөл хориог сулруулснаас хойш 12-р сараас эргээд нэмэгдсэн. ДЭМБ-ын мэдээгээр өнгөрсөн 7 хоногт дэлхий даяар цар тахлын халдвараар 40 гаруй мянган хүн нас барсны 50 хувь нь Хятад улсад бүртгэгдсэн байна.
Мөн цар тахлын эсрэг тэмцэлд вакцин, шинжилгээ, эмчилгээ дутмаг байна гэж ДЭМБ дүгнэж байна. Тухайлбал дэлхийн нийт 8 тэрбум хүнээр авч үзвэл цөөн тооны хүн л ковидын эсрэг вакцинд бүрэн хамрагджээ. ДЭМБ ямар нэг халдварт өвчин олон улсын хэмжээнд тархсан, түүнтэй тэмцэхэд хамтын ажиллагаа шаардлагатай болсон нөхцөлд онц байдлын дэглэм зарладаг. Мөн халдвар анх дэгдсэн улсын хилээс давж олон нийтийн эрүүл мэндэд ноцтой, гэнэтийн нөхцөл байдал үүсгэсэн үед ийм дэглэм тогтоодог юм.
Сэтгэгдэл