БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.УУГАНБАЯР: ХЭРЭВЗЭЭ ӨВЛИЙН УЛИРАЛД УЛААНБААТАРТ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛ ТОХИОЛДВОЛ ХАВСАРСАН ГАМШИГ БОЛНО

Aдмин / Нүүр

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө Турк улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгаас аврах, хамгаалах ажилд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Газар хөдлөлтийн гамшгийн талаар товч мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Туркийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллах үүрэг гүйцэтгэх шийдвэрийг Засгийн газар өгөөд, Монголын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг очсон. Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед авран хамгаалах ажиллагааг явуулах алтан дүрэм байдаг. 72 цагийн хугацаанд хүн амьд байх боломжтой гэдэг. Ер нь ховор тохиолдолд хүн 72 цагаас дээш хугацаанд амьд байдаг. Хятадад болсон нэг газар хөдлөлтийн үеэр нэгэн настай эмээ 30 хоногийн дараа амьд гарсан байдаг. Тэр нь хөндий орон зайтай, агаартай газар байсан. Тэр эмээг дэлгүүрт явж байхад газар хөдлөлт болоод, хөндий орон зайд байхдаа дэлгүүрийн бүтээгдэхүүнээс идэж, 30 хоносон байсан. Энэ бол маш ховор тохиолдол. Монгол Улсын эрэн хайх, аврах баг шийдвэр гараад Турк улсын Хатай мужийн Хатай хотод очихдоо 68 цагийг зарцуулсан. Бид 72 цагаас өмнө амжиж очсон. Хатай хотод очсон даруйдаа AFAD буюу манайхаар онцгой байдлын байгууллагын удирдлагын байранд очин, Монгол Улсаас аврах баг ирсэн хэмээн хүнийхээ тоог хэлээд эхнийхээ мэдээллийг өгсөн. Бид байгалийн цаг хугацааны хувьд нэлээд орой бүрэнхий болж байх үед очсон. “Өнөөдөртөө та нар байрлах кемпээ байгуулж болно. Аврах ажиллагаа ч явуулсан болно. Гэхдээ цаг хугацааны хувьд оройтсон учир өнөөдөртөө байраа босгоод хоносон нь дээр” гэсэн хариу өгсөн л дөө. Ажиллагааг ахлаж яваа багийн ахлагчийн хувьд дотроо хэсэг бодсон. Тэгээд 72 цагийн алтан дүрэм байдаг. Ерөөсөө тактикийн хувьд ажиллагаанд оролцъё гэж бодоод бие бүрэлдэхүүнээ цуглуулаад, хоёр хувааж, “Нэг хэсэг нь ар талын асуудлаа хариуцаад байж бай. Би өөрийн биеэр аврагчдаа аваад голомтод очно. Нэг ч гэсэн хүний амь насыг авран хамгаалъя. Бүгдээрээ цаг хугацаа алдахгүй яаралтай ажиллагаанд оролцъё” гэдгээ хэлсэн. Тэгээд Хатай хотын төв рүү очсон. Нэлээн харанхуй болсон үед очсон. Төвд очоод тэнд аврах ажиллагаа зохион байгуулж байсан цөөн тооны хүмүүстэй хамтран ажиллаад, хоёр том хүн, нэг хүүхэд гаргасан. Бас хажууд нь цогцос байсан. Тэр дор нь нохойгоороо эрэн хайх ажиллагааг хийлгүүлсэн. Нохой цогцос байгаа газрыг олж бидэнд дохио өгөөд, цогцсыг гаргах ажлыг хийсэн. Монголын эрэн хайх баг 72 цаг дотроо эрэн хайх ажиллагааг амжиж зохион байгуулан, аврах ажиллагаанд оролцсон гэсэн үг.

-Нөхцөл байдал таны төсөөллөөс хэр байв?

-Нөхцөл байдлын мэдээллийг очтолоо байнга авч байсан. Ер нь Монголд болсон олон аюул ослын голомтод ажилласан. Гэхдээ Туркт байдал төсөөлж байснаас маш өөр байсан. Хатай хотын барилга байгууламжийг бүхэлдээ тэгээд нурчихсан байна гэж ерөөсөө бодоогүй. Телевизээр дайн байлдаантай холбоотой мэдээлэл үзэхэд их буугаар буудахаар орон сууцны барилгын цонхыг нь хагалаад, ханыг нь хэсэг газар цөмлөдөг шүү дээ. Байшинг тэр чигээр нь нураагаад овоолсон шороо болгоод хаячихдагийг тэнд л анх удаа харсан. Бид бүгдээрээ цочирдсон. Ийм юм болчихдог юм уу, ямар сонин юм бэ гээд бүр гайхширалд орсон. Ядаж шөнө үүрэг гүйцэтгэхээр очсон болохоор шөнө харанхуй тоосон дотор бужигнаад л байсан. Маргааш нь гэрэлтэйд хартал энд тэнд ганц нэг нураагүй байшин байгаа нь харагдсан. Гэтэл тэр байшингуудын нэг хоёр давхар газар доор ортол цөм дээрээс нь дараад, дээд давхар нураагүй мөртлөө доод давхрууд нь цөмрөөд орчихсон. Нурсан байшингуудын талаар дүрсэлж хэлэхэд үнэхээр хэцүү. Нураагаад овоолсон шороо л болчихсон байсан. Бүтэн тойроод хартал бүх байшин нь нурчихсан. Газар хөдлөлт гэдэг үнэхээр аймшигтай зүйл юм байна гэдгийг тэр үед мэдэрч, зүрх шимширсэн. Энэ шороон дотроос яаж амьд гарах юм бэ гэж л бодогдсон. Газар хөдлөлт үүрээр 04:00 цаг өнгөрч байх үед тохиолдсон байдаг. Тэр цагаар бүх хүмүүс орон сууцандаа амарч байж таарна. Кинон дээрээс ч тийм зүйлийг хараагүй. Үнэхээр зүрх шимширч тасралтгүй аврах ажиллагаанд оролцоод, олон хүний амь насыг аварлаа. Олон цогцос гаргаж ирсэн. Олон газар нохойгоороо энд хүн байна, цогцос байна гэдгийг илрүүлж таниулж өгсөн. Тасралтгүй ажилласан.

-Аврах багийнхан зорилгоо бүрэн гүйцэлдүүлж чадсан уу?

-Бид гурван зорилготой явсан. Нэгдүгээрт, газар хөдлөлтийн гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, үүнийг онцгой байдлын алба хаагчид хийнэ. Хоёрдугаарт, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх. Үүнийг зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн хийнэ. Цэргийн төв эмнэлгийн эмч нар гэсэн үг. Гуравдугаарт, Монголын ард түмнээс өгсөн хүмүүнлэгийн тусламжийг хүргэх зорилготой явсан. Хатай хотод үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын баг гурван зорилго, үүргээ нэр төртэй биелүүлээд буцаж ирсэн.

-Монголчууд энд тэнд газар хөдөллөө мэдэрсэнгүй, дахиулъя гэх мэтээр их тоглоом хийдэг. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээр тоглож болох уу?

-Хэзээ ч тоглож болохгүй. Хэзээ ч газар хөдлөлт гэдэг зүйлээр марзагнаж, тохиолдол болчихлоо, чичирхийлэл өнгөрчихлөө, яачихав, ийчив гэж тоглож болохгүй. Насан туршдаа тоглож болохгүй зүйл гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоод ирлээ. Нэг зүйлийг хатуу хэлэхэд хөрөнгөтэй байна уу, хөрөнгөгүй байна уу, албан тушаалтай байна уу, үгүй юу, хэн ч байсан хамаагүй адилхан л ийм тохиолдолд нас барна гэдгийг хэлье. Хатуу сануулъя. Ямар ч тохиолдолд тоглож болохгүй зүйл бол байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшиг юм байна.

-Улаанбаатар хотыг тойрсон зургаан газар хөдлөлтийн идэвхжилтийн бүс байдаг гэсэн. Хэзээ нэгэн цагт аль нэг нь идэвхижвэл Улаанбаатар хот яах вэ?

-Эмээлтийн газар хөдлөлтийн голомт, Дэрэнгийн газар хөдлөлт гээд Улаанбаатар хотыг тойрсон зургаан газар хөдлөлтийн идэвхтэй бүс байгаа. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс сүүлд газар хөдлөлтийн мужлалын зураг гэж гаргасан. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн хүч 1 баллаар нэмэгдсэн. Хэрэвзээ 7 баллын нутаг дэвсгэрт байна гээд аль нэг дүүргийн газар нутаг байх юм бол тэр нь 8 балл болсон гэсэн үг. Газар хөдлөлтийн эрсдэл маш өндөр байгаа. Мэргэжлийн байгууллага Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлөөс байнга л анхааруулж байна. Хатай мужид болсон шиг тийм хүчтэй газар хөдлөлт болоод, тийм хэмжээний нуранги үүсээд хор хохирол амсах юм бол бид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад туйлын хүндрэл үүснэ. Газар дээр нь ажиллаад олон зүйлийг мэдэрч, сурч аваад ирсэн. Хамгийн наад зах нь тэнд нурангин дээр маш олон хүн хань ижил, үр хүүхэд, аав ээжийг хайгаад аврагч нартай зэрэг ажилладаг юм байна. Маш олон байгууллага ирж оролцдог юм байна. Энэ олон байгууллага, энэ олон хүмүүсийн ая занг нь олоод зохицуулна гэдэг хамгийн чухал юм байна. Зохицуулалт гэдэг зүйл бол газар хөдлөлтийн голомтод эхний ээлжинд авах ёстой маш том удирдлагын нэг шийдвэр. Тэгэхээр Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол миний төсөөлж байгаагаар бидэнд их л хүндрэл бий болно доо.

-Цаг агаарын хувьд тэнд ямар байв. Манай улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Өвлийн эд хүйтэн үеэр тийм хэмжээний газар хөдлөлт болоод нурангиас амьд гарлаа ч гэсэн хөлдөж үхэх аюултай шүү дээ?

-Биднийг ажиллаж байх хугацаанд шөнөдөө сэрүүн. Өглөө босохоор Монголд намартаа ургамлын толгой дээр шүүдэр буугаад, цан цохидог шүү дээ. Яг тийм байдаг юм байна лээ. Өглөө, орой, шөнөдөө сэрүүн. Өдөртөө 3-4 градус дулаан байсан. Туркт 11 мужид газар хөдлөлтийн гамшиг болсон. 11 газар цаг агаарын өөр өөр нөхцөл байдалтай байна гэсэн мэдээлэл авсан. Зарим газар нь цастай бороотой, аврах ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байна гэж дуулсан. Биднийг ажиллаж байх үед бороо цас ороогүй. Гэхдээ их сэрүүхэн юм байна лээ. Газар хөдлөлтийн гамшигт өртсөн айл өрхөөс амьд гарсан хүмүүс нь шөнөдөө нурангийнхаа хажууд гал түлээд, хононо. Ямар учиртай вэ гэвэл амьд үлдсэн хүн байж магадгүй гэж нэгдүгээрт, найдаж байгаа юм. Хоёрдугаарт, ядаж цогцсыг нь ч хамаагүй олоод авчих юмсан гэсэн итгэл найдвар тээн хоноод байсан. Манай орны хувьд хэрэвзээ өвлийн улиралд газар хөдлөлтийн аюул ингэж тохиолдох юм бол дулаан хангамжийн газар дээгүүр болон доогуур явж байгаа ил шугамууд, цахилгаан цэвэр усны хангамж, бохир ус энэ бүгд эвдрээд гудамжаар нэг цацагдаад, халуун ус нь энд тэндгүй зад тавина. Ингэх юм бол энэ хавсарсан гамшиг болно. Гал түймэр гарна. Тэр халуун усанд орон сууцанд дарагдсан хүмүүс шалз түлэгдэнэ шүү дээ. Дулаан хангамжууд паарнууд бүгд хагарна. Газар хөдлөлтөд байшингууд тэгж нурдаг гэж миний ой ухаанд хэзээ ч бууж байгаагүй. Тийм төсөөлөл байгаагүй. Эхнээсээ бид Газиантеп орохоор цааш 240 км явж байхад зам зуур ойртох тусам энд тэнд ганц нэг байшин нурчихсан харагдсан. Ийм л зүйл болсон байх нь гэсэн төсөөлөлтэй яваад л буугаад, хотын төв рүүгээ жинхэнэ нуранги дээр очиход бүр гайхашаа барсан. Шоконд орсон. Ямар сонин юм бэ, яаж ингэж байшин барилгын 90 гаруй хувийг нураагаад хаячихдаг юм бэ гэж үнэхээр гайхсан. Тэгэхээр Улаанбаатар хотод түүнээс илүү хүнд нөхцөл байдал үүснэ гэж төсөөлж бодон, урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангаж, хүн амаа бэлтгэн, энэ үед бид ямар хариу арга хэмжээ авах вэ, ямар ажлуудыг шат дараатай хийх вэ, юу хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Одоо тэр хот бол бүрэн сүйрчихсэн. Аврах ажиллагаа дуусгаад биднийг буцах гэж байхад зарим нэг албаны хүмүүстэй уулзсан. Туркийн засгийн газар тэр хотын нурангийг бүрэн цэвэрлэж байгаад шинэ хот байгуулна гэж ярьж байна лээ. Монгол Улсад ийм зүйл тохиолдвол манай нийгэм эдийн засгийн хөгжлийн хугацааг асар их хойш татна. Бид босч иртлээ их удна. Тиймээс тайван байгаа энэхүү цаг үед бусдад тохиолдсон хүндрэл бэрхшээл, уй гашуугаас сургамж аваад, эртнээс яг өнөөдрөөс эхлэн цаг алдахгүйгээр аятайхан хоттой л болж авах хэрэгтэй.

-Та хүртэл нүдээр үзээд шоконд орлоо гэхээр тэнд байсан энгийн иргэдийн сэтгэл санааны байдал ямар байсан бол?

-Тэр гамшигт өртсөн хүмүүсийн сэтгэл санаа эхний өдрүүдэд туйлын хүнд байна лээ. Хашхиралдаад л, энд ч үзээд өгөөч, тэнд ч үзээд өгөөч, энд манай эхнэр хүүхэд байсан, тэнд манай гэр бүл байсан гээд л гүйж ирцгээгээд. Манай цэргийн багт эхнэрээ зургаан хүүхэдтэйгээ нурангид даруулсан эрэгтэй ирээд, тайвшруулах тариа хийлгээд л явдаг юм. Буцаад нуранги дээр очоод, уйлалдаад, хашхиралдаад л. Ерөөсөө хөл толгой нь олдохгүй. Шороо бужигнаад л, эмнэлгийн машин, цагдаагийн машин байнгын ажиллагаатай. Юу болж байгаа учир нь олдохгүй. Тийм л зүйлийг үзэж, тэгтлээ цочирдсон. Очсон оройноо аврах ажиллагаа явуулаад үүрээр 04:00 цагийн үед кемпдээ ирсэн байх. Тэгээд би гадуур гараад, тэр хавиар жаахан явсан. Гэтэл хар ууттай юм л газраар нэг байх юм. Анзаарсан ч үгүй, шөнө байсан болохоор сайн харагдаа ч үгүй. Тэгээд замын хажуугийн бродюр дээр суугаад юм бодож байтал хажууд нэг хар ууттай юм байж л байсан. Маргааш өдөр нь гэрэлтэйд хартал тэр хар ууттай зүйлүүд хүмүүсийн цогцос байсан. Бүгдийг нь хар уутанд хийгээд тавьчихсан. Маргааш өдөр нь бүтэн байж байгаад нөгөөдөр нь тэр цогцсуудыг бүгдийг нь ачаад аваад явсан. Тэнд бол цогцостойгоо холилдоод л сууж байгаа юм. Бүгдийг нь уутанд хийгээд ил тавьчихсан. Тийм дүр төрхтэй байлаа. Бид могойн нүд гэж нарийхан камерыг хүн орж болохгүй нарийн хонгилоор гүйлгэн хардаг. Тэрүүгээр харж байтал нэг гэр бүлийн дөрвөн хүн насанд хүрсэн хоёр хүн, хоёр хүүхэдтэйгээ хавтанд цохиулаад толгойг нь цавччихсан байсан. Тийм зүйл л харж байгаа юм шүү дээ. Тэгээд л нурангийг ачиж цэвэрлэж зөөгөөд цогцсыг гаргаж ирээд, гэр бүлийнхэнд нь таниулаад хар уутанд хийгээд аваад явдаг. Тэр бүхэнд бид гар бие оролцсон. Үүнийг цааш нь задлаад ярих юм бол сэтгэл санааны бэлтгэл муутай хүн уншвал цочирдоно. Мэргэжлийн байгууллагын хүмүүс бид л хоорондоо ярьж цаашид яах вэ гэдэг стратегиа гаргаад шат шатны арга хэмжээг авч зохион байгуулна. Шадар сайд ч энэ тал дээр их анхаарч байгаа.

-Тэгэхээр байгалийн давагдашгүй ийм хүчин зүйлтэй нүүр тулбал яах вэ. Ард иргэдийг хэрхэн бэлдэх вэ. Яаж эр зоригтой байлгах вэ?

-Одооноос эхлээд ард иргэдийнхээ дунд аюул заналын талаар бодит зүйлийг хэлээд, сайн сургалтууд зохион байгуулж ойлгуулах хэрэгтэй. Нэг зүйл ажиглагдсан нь турк хүмүүс нэг талаар их тайван хүмүүс юм уу гэж бодогдсон. Засгийн газар, мэргэжлийн байгууллагадаа уур бухимдлаа гаргаад л байна лээ. Тэр нь ч зөв л дөө. Ерөнхийдөө их тайвандуу, хүлээцтэй хүмүүс шиг ажиглагдсан. Яг ийм үед, тийм хүнд агшинд аврах ажлыг зохион байгуулж байгаа ажлыг удирдаж буй хүмүүсийг хажуу талаас нь ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлмээр юм байна лээ. Тэгэхгүйгээр энд тэнд зарим орны аврагч руу уур бухимдлаа гаргасан тухай маш хүлээцтэй ухаантай, бие биедээ тусалж дэмжиж,тэр үед л үндэстний эв нэгдэл, ухаан, соёл гэж зүйл чухал юм байна даа гэж би харсан.

-Японд цунами болоход Монголын аврах баг бас очиж ажилласан. Та тэр багт явсан бил үү?

-Тэгэхэд би яваагүй. Гэхдээ яг энэ удаагийн газар хөдлөлтийн жинхэнэ голомтод Монгол Улс анх удаа үүрэг гүйцэтгэлээ. Жинхэнэ газар хөдлөлтийн аюул заналын дунд Монгол Улсын баг олон улсын түвшинд ажиллагаа зохион байгууллаа.

-Үүнээс бид юу сургамжилж авах ёстой вэ?

-Онцгой байдлын ерөнхий газар Олон улсын хотын дотор эрэн хайх дунд түвшний багтай болох төсөл хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Бид ийм багтай болох гэж байгаа. Олон улсын стандарт байдаг. НҮБ-ын хүмүүнлэгийн хэргийн зохицуулах газраас албан ёсоор хүмүүс ирээд, шалгаад, хувь хүний ур чадвар, багийн бэлтгэл, хувийн иж бүрдэл хувцас хэрэглэлээс авахуулаад, агуулах, багаж тоног төхөөрөмж зэргээр бүгдийг шалгаж үзээд, “Та нар хотын дотор эрэн хайх шаардлага хангасан баг байна аа” гээд гэрчилгээ өгдөг. Тэр гэрчилгээ тодорхой хэмжээний хугацаатай. Хугацаа нь дуусвал дахиад шалгалтаа өгөөд явдаг. Монгол Улс дунд түвшний багтай болох гэж байгаа. Гурван түвшний баг байдаг. Хөнгөн, дунд, хүнд түвшний гэж. Манай урд хойд хоёр хөрш хоёулаа хүнд түвшний багтай. Тэр нь 100-гаас дээш хүнтэй. Өөрийн гэсэн онгоцтой. Өөрийн эмнэлэгтэй, бүх хүнд машин механизмаа аваад явдаг баг юм. Бидний багийн үйл ажиллагаа 50-60 хувьтай явж байна. Ковидын нөхцөл байдлаас болоод энэ ажил жаахан удааширсан. Саяхнаас эрчимжүүлээд эхэлсэн. Хамтран ажилладаг гадаад орны хүмүүс, Швейцарийн хамтын ажиллагааны багийн хүмүүстэй уулзаад, гэрээ хэлэлцээрээ хийж байтал Туркт газар хөдлөлт болоод тэр багтаа бэлтгэгдэж байгаа боловсон хүчин, залуусаа бүгдийг нь аваад явсан юм. Газар дээр нь үзэг гээд. Бид ойрын хугацаанд ийм багтай болно. Газар хөдлөлтийн гамшиг, байгалийн аюул хэзээ ч, ямар ч нөхцөлд тоглоом биш юм байна. Гэнэт тохиолддог юм байна. Асар их хор хохирол учруулдаг юм байна. Олон ч хүн амь насаа алддаг юм байна. Улс орны эдийн засгийн тогтвортой байдалд маш том дарамт, маш удаан жилийн ухралтыг бий болгодог юм байна. Тиймээс газар хөдлөлтийн аюулыг тоглоом гэхгүйгээр үндэсний хэмжээнд хүн болгон, хөдөөний уулын аманд байгаа малчин ч гэсэн сэтгэлээ зовоож чилээж, гар бие оролцож, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэдгийг бий болгомоор байна. Иргэдийн тэсвэрлэх суурь чадвар дээр үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бий болно. Үүнийг л яс махандаа шингэтэл ойлгоод ирлээ. Бусад байгалийн аюулыг цаг хугацаа байгаад, хоорондоо ширээ тойрч суугаад, ярилцаад тэмцэж болно. Ямар нэгэн халдварт өвчин байхад бидэнд цаг хугацаа олдоно. Зудын гамшиг тохиолдоход бидэнд цаг хугацаа олдоно. Газар дээр нь очоод эрсдэлийн үнэлгээ хийгээд, хариу арга хэмжээ зохион байгуулж болно. Газар хөдлөлт бол хэзээ ч тийм боломж олгохгүй юм байна. Ямар ч үед бэлэн байж байгаад л хариу арга хэмжээ авах юм байна. Ийм зүйлийг л бид бүхэн ойлгож аваад ирсэн. Үүнийг Засгийн газар, УИХ, Шадар сайд зэрэг удирдлагын түвшинд ойлгож байгаа. Одоо бидэнд хийх ажил их байна.

-Газар хөдлөлтийн талаар мэргэжилтнүүд хэлэхдээ “Газар хөдлөлт хүний аминд хүрдэггүй. Барилга байшин хүний амийг хөнөөдөг” гэх. Тэгэхээр Улаанбаатар хотын барилгын чанар хэр байгаа вэ?

-Яг энэ талаар надад мэдээлэл хомс байна. Гэхдээ хуучин байсан Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэгийн эрсдэлийн үнэлгээг хийгээд, тайлан мэдээгээ Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлд танилцуулаад, Засгийн газар болон УИХ-д танилцуулж байсан. Газар хөдлөлтийн эрсдэлтэй холбоотой байшин барилгаа хүчитгэх, нураах, шинээр барих, стандарт шаардлагыг хангуулах гээд шат дараатай арга хэмжээ хэрэгжээд байгаа. Эдгээр хийж буй ажлаа олон нийтэд таниулах, мэдээлэл хүргэх ажил дутмаг байх шиг санагдаад байгаа. Хуучны шар байшингуудыг нураагаад шинэ орон сууц бариад байгаа шүү дээ. Бүрэн цутгамал, угсармал байшингууд барьж байна. Энэ бол тэрхүү ажлын нэг хэсэг. Нэг зүйлээс болж их удаашралтай байгаа нь хөрөнгө санхүүгийн асуудал. Барилга байгууламж маш их хэмжээний хөрөнгө санхүү шаарддаг ажил. Одоо бид бусад улс оронд тохиолдож байгаа энэ том аюул заналтай холбогдуулаад, тоглоом биш юм аа, жинхэнэ аюул юм байна гэдгийг ойлгож ухамсарлах байх. Тэгвэл хувийн аж ахуй нэгж ч гэсэн барьж байгаа байшин барилгаа стандартын шаардлага хангасан, арматурын төмөр нь хэдэн ширхэг байх ёстой, барилгын зураг дээр яаж батлагдсан түүгээр нь хийдэг байх, тэр цемент барилгын материалынх нь чанар сайн байх, энэ бүгдийг хүмүүс сайн ойлгоосой гэж хүсч байна. Хичнээн хөрөнгө оруулж, барилга байгууламж барьчихаад нурах бол хормын дотор. Тэгээд үгүйрэн сүйднэ. Тиймээс ялангуяа нийтийн орон сууц, сургууль цэцэрлэгтэй холбоотой урьд нь хийсэн эрсдэлийн үнэлгээг, түүнтэй холбоотой хот төлөвлөлтийн үйл ажиллагааг дахин маш томоор ярилцана. Нэг мэдээллийг нэмж хэлэхэд Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайдын ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын ажлын албатай хамтраад тавдугаар сард газар хөдлөлтийн сэдвээр стратегийн команд штабын сургалт зохион байгуулна. Бүр үндэсний хэмжээнд. Улаанбаатар хотод газар хөдлөлт тохиолдоход зөвхөн Улаанбаатар хотод байгаа бид ажиллаад барахгүй. Бид бүх аймгаас хүн хүч, онцгой байдлын алба хаагчид, машин техникээ, эмч цагдаа нараа, сайн дурынхан гээд бүх хүмүүсийг татаж ажиллана. Тэгж ажилладаг юм байна гэдгийг биеэрээ мэдрээд ирлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.23] 2023-03-04 21:25:26

чи л өөрөө илүү нэрмээс гамшиг болж мэднэ. ковидоор яаал даа нээрээ нэрмээд тараагаад хаячихсан шүү дээ

Зочин [66.181.182.60] 2023-03-02 09:26:25

Энэ хүн маш чухал зөв юм ярьж байна. Баярлалаа

зочин [192.82.83.38] 2023-03-01 23:04:55

Гай хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэж үг бий. Үүнийг Монголчууд санаж бодож ухаарах цаг нь болсон. ОБЕГ-ынхан сая Туркт очиж бодит байдлыг газар дээр нь харж, мэдэрч, мэдэж, дадлага хийгээд, сургамж аваад ирсэн биз дээ? Болзошгүй ямар ч аюулд Монгол улс бэлэн үү? бэлэн байдлын зэрэг нь ямар түвшинд байгаа вэ? нөөц боломж бий юу? Сүүлийн үед зөвхөн мөнгө хөөж, зоосны нүхээр харж хямд чанаргүй материалаар барьсан энэ олон давхар орон сууцны барилгуудын чанар ямар вэ? хэдэн магнитудын хүчийг тэсвэрлэх чадвартай вэ? Иргэд нь болзошгүй аюулын үед хэрхэх, юу хийхээ мэдэх үү? иргэдээ сургасан уу? Төр засаг үүнийг анхаараасай.

Зочин [150.129.143.14] 2023-03-01 19:34:22

Онцгой байдлынхан төр засагт маш их шахалт шаардлага хүргэх хэрэгтэй тэр барилга хүлээн авдаг улсын комисстой маш нягт хамтарч ажиллах хэрэгтэй нэгэнт баригдсан шинэ хуучин барилгууд дээр яах ёстой байдаг талаар бүр боломжгүйг нь хохирол гарахаас нь өмнө буулгах гээд ажил их байх биз

зочин [59.153.86.116] 2023-03-01 17:02:37

Ууганбаяр генерал түүний баг Туркт болсон тэр гамшгийн дотор нь орж ажиллаад ирсэн . мэргэжлийн хүний үзэж харсан тархинд нь буусан бүхнийг ажил хэрэг болгох л хамгийн нэн тэргүүнд хийж хэрэгжүүлж ард нь гарах хэрэгтэй . УИХ зөвхөн мэргэжлийн хүмүүс хуульчидтай хамтран хууль боловсруулж түүнийг нь бүхнийг их мэдэгч болдог гишүүдээр самруулалтгүй хууль гарган батлаж хэрэгжүүлэх ЗГ шат шатандаа хариуцлагатай ажиллаж эхлэх нь чухал

зочин [103.212.117.253] 2023-03-01 15:03:19

Бүх байруудад шалгалт хийж даазын хана нураасан тогтворгүй байруудыг зарлах хэрэгтэй. Улсын онцгойгийнхан өөрсдөө эхлээд эрүүл саруул дарагдчихгүй байх,бас бусад газрын аврах ангийг бэлдэх хэрэгтэй байх.

Өвөл, зун гэж нэг их ялгаагүйдээ. [192.82.86.18] 2023-03-01 13:55:31

Халуун зуны улиралд газар хөдлөхөд ч "хавсарсан аюул" манайд учрана. Ялгаагүй л байшин барилга нурна, ялгаагүй л тооны хүн дарагдна, ялаагүй тооны хүн хохирно. Ганц ялгаа нь хэдэн цагийн дотор хөлдөж дуусахад л байгаа юм.

Ene pop baagii [202.179.24.30] 2023-03-01 13:36:19

Ene baagiitai haruitslaga tootsohgui ym baihdaa.

Зочин [103.229.122.225] 2023-03-01 12:25:39

Gazar hudulguj baahan togloom hiih sanaatai saihan pop shuu

Зочин [203.23.49.170] 2023-03-01 10:49:00

Энэ бол улс орны хэмжээнд зайлшгүй бодох ёстой, хийж байх ёстой, бэлтгэгдэж бэлэн байх хамгийн чухал асуудал шүү. Маш зөв байнаа. Үзэж дуулж мэдэрч ирээд ажиллах, бэлтгэх,бэлэн байдалд байх ёстой. Бас барилгын чанарын асуудалд дээрээсээ доошоо бүгд анхаарах ёстой. Зай талбайгүй, чанаргүй барилгууд барих нь хүний амт насанд байнга заналхийлж байгаагаа барилгынхан бас ойлгох ёсой. Өнөөдрийн 5 төгрөгнөөс илүү улс орон, үр хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдар аа л гэсэн үг шүү дээ.

зочин [202.21.100.210] 2023-03-01 10:13:32

монгол хүн амны билгээрээ байдаг юм шүү. уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлна гэгчээр худалаа битгий онгирч бай

Амны билэг гэж тэнэгтээд яахав [64.119.24.60] 2023-03-01 18:20:36

Амны билгээр болдог гэнэ үү, монголчууд бүх юм болж байна, бүтэж байна, хөгжлөөс хоцроогүй,дэлхийтэй хөл нийлүүлж явна энэ тэр гээд амны билгээр болдог бол аль эрт болох л байсан. Үнэн юмыг ярихаас өөр яах юм бэ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.