Цахим сэтгэцийг цаасан сэтгэлгээгээр солих...
Дэлхийн ертөнц интернэтийн сүлжээ дэлхийд үүсээд нэгэн жаран ч болоогүй хэр нь өдгөө хорвоог тэр чигт хэрсэн хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болжээ. Гэвч хүмүүс хоорондоо нарийн нягтаар нийтээрээ холбогдож буй уг сүлжээний боловсронгуй гэмээр хэлбэр буюу нийгмийн сүлжээ үүсээд бүр ч бага хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хөгжлийнхөө үе шатуудыг маш хурдтай шинэчилсээр. Харин үүнийг дагаад сөрөг үр дагавар ч бий. Сошиал хэрэглээгээ амьдралтайгаа нэг мөсөн холбох, донтох, сэтгэцийн өвчлөл нэмэгдэх зэргээс гадна олон дагагчтай идэвхтнүүдийн нөлөө нийгэмд ихэсч буйн улмаас зарим нь ямар ч аргаар хамаагүй олныг өөртөө татахын тулд гаж буруу үйлдэл хийж буйгаа олон нийтэд харуулах, оюуны өмчийг хулгайлах, буруу зүйлд уриалах, бизнесийн ашиг орлого олохын тулд худлаа мэдээлэл түгээх зэрэг асуудал олон.
Энэ бүхнийг судалгааны байгууллагууд цогцоор нь авч үзээд хүмүүс бодит мэдээлэл, нотлох баримт, судалгааны дүгнэлт, шинжлэх ухаанч байр суурь гэхээс илүү хийсвэл сэтгэлгээ, сэтгэлийн хөдлөл, мухар сүсэгт автах болсон нь нийгмийн сүлжээ, интернэт нь зарим хүмүүсийг бэлэнчлэх хүсэлтэй болгож байгааг онцолжээ.
Өөрөөр хэлбэл цахим сүлжээ хөгжих тусам хүмүүс дэлгүүр хоршоогоор орж өөрт хэрэгцээтэй бараагаа худалдан авах бус онлайн дэлгүүрээр бараагаа сонгон хүргэлтийн үйлчилгээг ашиглан гэртээ худалдан авах нь ихэсчээ. Гэвч энэ нь зөвхөн худалдааны хүрээгээр зогссонгүй оюун ухааны түвшинд ч бэлэн мэдээлэл, мэдлэгийг шууд хэрэглэх байдал нэмэгдсэнээр хүмүүсийн сэтгэцэд хэвийн бус шинжүүд бий болсон байна.
Сэтгүүлзүйн зарчим үүн дээр хамгийн хурцаар тавигдах бөгөөд олон дагагчтай хүмүүсийн хэлж ярьж буйд шууд итгэдэг хүмүүс олширсон нь нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулсаар байгаа аж.
Үүнээс үзвэл цөөхөн хүн амтай, үндэстний түүх, соёлын өвөрмөц нөөц баялагтай монголчууд цахим донтолтын эсрэг гярхай ажиглалт, тодорхой байр суурьтай хандан хүн бүр цахимын тархи угаалтаас илүү цаасан бичвэр судалгаа товхимол унших, судлах нь ач холбогдолтойг харуулжээ. Дэлхий дахинд интернэт сайтууд олон уншигчтай ч цаасан сонин, хэвлэл мэдээллийг илүү ул суурьтай, хариуцлагатай, ёс зүйтэй хүргэдэг учраас бүр мөсөн зах зээлээс шахан гаргаж болохгүй гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.145] 2023-03-09 10:01:44
Сошиал медиад буруу байхгүй. Харанхуй бүдүүлэг мэдрэл монголчууд буруутай.