П.Дарханбаатар: Тулааны урлаг цэргийн алба хаагчдыг хөгжүүлэх, төлөвшүүлэх нэг хэрэгсэл

Aдмин / Спорт

“Сүлдэт дайчид” Шинкиокушинкай каратегийн клубийн гүйцэтгэх захирал П.Дарханбаатартай клубийнх нь зорилго, үйл ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр Зэвсэгт хүчний эгнээнээс гавьяаныхаа амралтад гарсан бэлтгэл ахлах ахлагч бөгөөд эвийн цэнхэр далбаанд нэгдэж, энхийн гэгээн үйлсэд таван удаа оролцсон энхийг сахиулагч. Архангай аймгийн Цэцэрлэг хотын уугуул, нийслэл хотын суугуул иргэн.

Бэлтгэл ахлах ахлагч П.Дарханбаатар 1992 онд Төв аймгийн Баянчандмань сумын ТМДС-ийг төгссөн бөгөөд тэр жилээ эх орныхоо дуудлагаар хугацаат цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 186 дугаар ангид алба хаасан ажээ. Харин үүнээс 10 жилийн дараа буюу 2003 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн халуун бүлд багтан, ахлагчийн эгнээнд элссэн байна.

Тэрээр хүсэл эрмэлзэл, дур сонирхолдоо хөтлөгдөн 1990 онд Жит-Кун-До тулааны урлагийн анхны сургалтад хамрагдаж, тэр цагаас хойш тасралтгүй бэлтгэл, сургуулилт хийсээр ирсэн бөгөөд өдгөө Дэлхийн шинкиокушинкай каратэгийн хар бүс нэгдүгээр дантай тамирчин юм.

Мөн Монголын шинкиокушинкай каратэгийн холбооноос 2014 онд зохион байгуулсан Шинкиокушинкай каратэгийн багш бэлтгэх сургалтад хамрагдаж, шаталсан шалгуур үзүүлэлт, үечилсэн сорил бүрийг амжилттай давж гарсан шаргуу нэгэн төдийгүй тухайн үедээ Зэвсэгт хүчний тодорхой бие бүрэлдэхүүнд каратэгийн бие хамгаалах урлагийн бэлтгэл хичээл болох 10 удаагийн сургалтыг явуулжээ.

Мөн 2012-2013 онд “Гардан тулааны сургагч багш”-ийн дамжааны сургалтын үеэр киокушинкай каратэгийн анхан шатны мэдлэг олгох сургалт, 2021-2022 онд Зэвсэгт хүчний гардан тулааны багшийн анхан шатны мэдлэг, бүс, зэрэглэл олгох сургалтыг МШККХ, ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газартай хамтран амжилттай зохион байгуулж 50 гаруй цэргийн алба хаагчийг төгсгөсөн байна.

сонин mn

Юуны өмнө та клубийнхээ зорилго болоод бусад клуб, дэвжээнээс ялгарах онцлогийн талаар тодруулахгүй юу?

-Клубийн маань үйл ажиллагааны зорилго Шинкиокушинкай каратэгийн нэр хүнд, уламжлалд суурилан хүүхэд залуус, цэргийн алба хаагчдын тулааны урлагийн авьяас чадварыг хөгжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Ерөнхий агуулга, цаад санаагаа яривал олон талын асуудлыг энд хөндөж болно.

Тухайлбал, орчин үеийн суурьшмал амьдралын хэв маяг, цахим хэрэглээний хэт хамаарлаас улбаалаад хүүхэд залуус хөдөлгөөний дутагдал, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужлын хувьд ямар ч дархлаагүй, сул дорой байна. Тэгэхээр эсрэгээрээ тэднийг аливаа саад бэрхшээлийг даван туулах бие бялдрын болоод сэтгэл зүйн дархлаатай болгох, ийм чадварыг олгох сургалт, дадлага түгээмэл бус байна шүү дээ.

Энэ нь иргэдэд, тэр тусмаа эх орны ирээдүй болсон хүүхэд залууст үндсэн хуулийн дагуу эх орноо хамгаалах, цэргийн алба хаах, түүнчлэн байгаль, цаг агаар, нийгмийн гаралтай онцгой нөхцөл байдал зэрэг бэрхшээл, сорилт бүхий нөхцөлийг даван туулах бэлтгэлтэй байх боломж олгохгүй байна. Энэ мэт нөхцөл байдал нь клуб үүсгэн байгуулах гол шалтгаан болсон гэх үү дээ. Дээрх агуулгаас гадна хүүхэд залуучуудын бие бялдрын хүмүүжил, төлөвшилд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн спортын байгууллагуудын хүчин чармайлтад өөрсдийн боломж, нөөцөө дайчлан оролцох нь манай клубийн хамт олны бас нэгэн зорилго. Мөн мэргэжлийн, чадварлаг цэргийн алба хаагчдын тусгай ур чадварын тоонд гардан тулааны урлаг зайлшгүй багтаж буй учраас тэдний сонирхол, хэрэгцээнд нийцсэн тулааны урлагийн арга, техникт тулгуурлан Шинкиокушинкай каратэг Зэвсэгт хүчинд хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

“Сүлдэт дайчид” клуб хэзээнээс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм бэ?

-Анх 201‍‍9 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Монголын Шинкиокушинкай каратэгийн холбооны №014 дугаар бүхий албан ёсны зөвшөөрлийн гэрчилгээ, эрхтэйгээр ҮБХИС-ийн Спорт сургалтын цогцолборт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эхний үед тулааны урлагийг сонирхсон хүүхдүүд гол төлөв хичээллэж байсан бол одоо залуучууд, цэргийн алба хаагчдаар хамрах хүрээгээ тэлсээр байна. Мөн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад сургалтаа явуулах, төрөл бүрийн уралдаан, тэмцээнд тамирчдаа бэлтгэж оролцуулах гээд үйл ажиллагаа маань өргөжсөн. Энэ оны 1 дүгээр сард клуб маань албан ёсоор төрийн бус байгууллагын эрх, тамга тэмдгээ авч, удирдах зөвлөлөө байгуулсан. Удирдах зөвлөлийн даргаар бригадын генерал Д.Баасандамба, гишүүдэд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын штабын бэлтгэл, жигдрэлтийн тасгийн дарга хурандаа Н.Батсайхан, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн биеийн тамир, спортын офицер хошууч Б.Жанчив, бэлтгэл хурандаа Э.Мөнхчулуун нар ажиллаж байна.

Клубийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр хүрэх үр дүнд ч нөлөөлөх байх...

-Спорт бол нийтэд нь тулган хүлээлгэсэн нэг хэвийн урсгал, чиглэл, төрлөөр биш харин тухайн хүний сонирхол, эрмэлзэл, авьяас, бие бялдрын боломжид нийцсэн олон талт байх тусмаа нийтээрээ суралцах, хөгжих нөхцөл бүрддэг юм болов уу гэж хардаг. Тухайлбал, цэргийн алба хаагч бүр зэвсэгтэй, зэвсэггүй бие хамгаалах үндсэн арга техникүүдийг эзэмшсэн байхаас гадна өөрсдийн сонирхолд нийцсэн тулааны урлагийн аль нэгийг сонгон хичээллэх нь илүү үр дүнтэй байдаг. Үүнийг Зэвсэгт хүчний гардан тулааны тэмцээн, уралдааны амжилтуудаас харж болно.

“Сүлдэт дайчид” клубээр овоглогдсон ололт, амжилтын тухай тодотгохгүй юу?

-Сургалт явуулж эхэлснээс хойш шинкиокушинкай каратэгийн 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний -75 килограммын жинд тус клубийн тамирчин П.Энх-Эрдэнэ мөнгөн медаль, мөн онд зохион байгуулагдсан Зүүн бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 13-15 насны эмэгтэй хүүхдийн ангилалд тамирчин Б.Нинжин алтан медаль, 2020 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд А.Алтансолонго мөнгөн медаль, эмэгтэй хүүхдийн 13-15 насны ангилалд мөн тамирчин Б.Нинжин алтан медаль, 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн болон Баруун бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тамирчин Г.Бат-Ирээдүй хүрэл, мөнгөн медаль, “Ulaanbaatar cup-2023” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчин Б.Хосбаяр 14-15 насны ангилалд оролцож хүрэл медаль хүртсэн амжилтуудыг дурдахад таатай байна.

Шинкиокушинкай каратэгийн түүх хийгээд манайд яг хэзээнээс хөгжиж эхэлсэн талаар мэдээлэл өгвөл...

-Каратегийн түүх XlX зууны үед Окинавагаас эхлэлтэй бөгөөд Кара-хоосон, Тэ-гар гэсэн хоёр ханзнаас бүтдэг буюу зэвсэггүй гар гэсэн утгатай. Каратэ цохилт, хөлөөр өшиглөх, хамах болон хаалтын техникүүдээр тодорхойлогддог.

Шинкиокушинкай каратэгийн нэгэн том онцлог бол фулл буюу бүтэн контакт каратэ. Энэ нь ямар нэгэн хамгаалалт, бээлий гэх мэт зүйлсийг хэрэглэхгүйгээр тулалдах урлаг гэж ойлгож болно. Шинкиокушинкай бол хүмүүжил, тэсвэр тэвчээр, дэг жаяг, сэтгэл зүйн өндөр түвшин.

“Японд энэ спортоор 3-75 насны хүмүүс хичээллэдэг. Харин би 14 наснаасаа хойш өдийг хүртэл хичээллэж байна. Анх тулалдаж, бяр хүчээ гайхуулахыг илүүд үздэг байсан бол одоо урлаг хэмээн хүндэлж хайрлaдаг” хэмээн Дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны Ерөнхийлөгч шихан кенжи Мидори онцолсон байдаг.

Манай улс 2014 онд Дэлхийн Шинкиокушинкай каратэгийн холбооны гишүүнээр элссэн бөгөөд одоогоор нийслэл болон орон нутгийн 15 салбар клубт 260 гаруй тамирчин хичээллэж байна.

Мэдээж манай улсад уг спорт харьцангуй сүүлд дэлгэрсэн боловч Шинкиокушинкай каратэг түгээн дэлгэрүүлж түүгээр дамжуулж хүүхэд залууст тэсвэр тэвчээр, дэг жаяг, сэтгэл зүйн өндөр түвшний бэлтгэл олгохоор бид бүхэн хичээж байна.

Тулааны урлагийн үнэ цэнийг товчхон тодорхойлбол...

-“Тулааны урлагийн арга замыг ухаарч эхлэхэд нэг мянган өдөр (3 жил) шаардагдах ба харин түүнийг бүрэн эзэмшихэд арван мянган өдөр (30 жил) шаардагдана”, “Тулааны урлаг нь эелдэг зан харилцаагаар эхэлж мөн түүгээр дуусна” гэж шинкиокушинкайг үндэслэгч Масүтацу Ояама нэгэнтээ хэлсэн байдаг. Эдгээр үгнээс тулааны урлагийн үнэ цэн тодорхой ойлгогдох болов уу.

Ярилцлагынхаа төгсгөлд та юуг онцлон хэлэх вэ?

-Нэгтгэл, анги, байгууллагууд маань цэргийн алба хаагчдаа биеийн тамирын нэг хэвийн гүйлт, хүчний дасгалаар бус тэдний сонирхсон спортын төрлүүдээр нь клуб, багийн системээр суралцах боломжийг олгож байгаасай гэж боддог. Учир нь гардан тулаан, гимнастик зэрэг түгээмэл бус тэмцээний үр дүнгээс харахад энэ чиглэлд хүмүүсээ хичээллэх, хөгжих боломж олгосон цөөхөн байгууллагууд л гол төлөв тэргүүлсээр ирсэн. Тулааны урлагаар хичээллэх үед тухайн хүн ердийн дасгал хөдөлгөөнөөс илүү хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа эзэмшихээс гадна сэтгэл зүйн хувьд төлөвшиж, баг хамт олны нөхөрлөлийг бий болгож байдаг давуу талтай. Түүнчлэн хүмүүс аливаа спортоор хичээллэхдээ тэмцээний амжилтад анхаараад хэрэв тэмцээн, уралдаанд амжилтгүй оролцвол шантрах, орхих хандлага ажиглагддаг. Тиймээс тэмцээнд зориулж биш өөрийнхөө бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, чөлөөт цаг, зөв дадал, хэвшилд зориулж тууштай байгаасай гэж хүсэж байна.

Хошууч Д.МЭНДБАЯР

Эх Сурвалж: "Соёмбо" сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.