ҮАБЗ юу хийдэг вэ

Aдмин / Улстөр

Манайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж нэлээн нууц байгууллага бий. Тиймдээ ч олон нийтийн дунд битүүхэн эргэлзээ таамаг төрүүлдэг байж мэднэ. Харин хууль журмаас харвал Монгол Улсын дөрвөн зүг найман зовхис бүрээс ирж болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалагч-од гэсэн утгыг бэлгэддэг тус зөвлөлийг Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гишүүнээр ажилладаг. Тиймдээ ч улс орны бүрэн эрхт байдлыг хангахад төрийн гурван өндөрлөг эвтэй байж гэмээнэ хүчирхэг байх учиртай. Гэхдээ Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг хуульчилж өгсөн.

Ерөнхийлөгчийн зарлигаар ҮАБЗ -ийн Нарийн бичгийн дарга буюу төрийн гурван өндөрлөгийн “шадар” түшмэлээр Ж.Энхбаяр ажиллаж байна. Тэрбээр урьд нь ИХ хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн зөвлөл дэргэдээ дэмжлэг үзүүлэх ажлын албатай. Зөвлөх, илтгэгч, шинжээчийн хэсэг хамаарна. Их хурлын дэд дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, парламент дахь дахь нам, эвслийн бүлгийн ахлагч, тагнуулын төв байгууллагын дарга нар зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно. Товчхондоо, гаднаас нь харвал ҮАБЗ иймэрхүү цомхон гэмээр бүтэцтэй.

Үндсэндээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах эрх зүйн суурь 1992 онд тавигдсан гэж үздэг. Түүнээс хойш цаг үеэ даган шинэчлэгдсээр буй юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлын талаархи төрийн бодлогын нэгдмэл, залгамж чанарын үндэс болно хэмээн хуульд заасан. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг чанд дагаж мөрдөх ёстой. Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай

Үйл ажиллагаа нь ерөнхийдөө эдгээр “бодлого”-оор зохицуулагдана. Тэр дотроо Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчим, үндэсний аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог тодорхойлж, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж Үндэсний аюулгүй байдлын тухай хууль заасан нь бий. “Зууны мэдээ” сонин нийгэмд “нууц” гэсэн ойлголт төрүүлдэг ҮАБЗ ямар ажил, үүрэгтэйг холбогдох хууль журмаас тоймлон хүргэж байна.

ҮАБЗ-ИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

-Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн.


-Иргэдэд адил тэгш, хүртээмжтэй үйлчилдэг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх бодлого баримтална.


-Авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ.


-Нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нар орон нутагтаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг хүлээнэ.


-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн биелэлтэд байнгын хяналт тавьж, үндэсний аюулгүй байдлын нөхцөл байдалд үнэлгээ өгнө.


-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа нь тасралтгүй, хурдтай хувиран өөрчлөгдөх аюулгүй байдлын орчинд нийцэж, шинэчлэгдэн боловсронгуй болж байх шаардлагатай.


-Мэдээлэл, мэдээллийн орчин, түүний дэд бүтцэд хууль бусаар нөлөөлөх, өөрчлөх үйлчлэлээс хамгаалснаар мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдана.


-Ардчилсан тогтолцооны тулгуур болох улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчиллыг дэмжиж, улс үндэстэн хийгээд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлнэ.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

-Улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно.


-Монгол Улсын Засгийн газар нь үндэсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.


-Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсэхээс сэрэмжилж, энэ талаар үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй албадад мэдээлэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахуулах асуудлаар санал өгнө.


-Төрийн байгууллага, албан тушаалтан үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар тогтоосон журмыг сахин биелүүлэх төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чанд хамгаалах, өөрийн хууль ёсны үүрэгт хамаарах мэдээ баримтыг холбогдох дээд байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.


-Зөвлөлөөс үндэсний аюулгүй байдал хэрхэн хангагдаж буй талаар Улсын Их Хуралд жилд нэгээс доошгүй удаа мэдээлж байна.


-Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд харш олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулахыг хориглоно.


-Монгол Улсын иргэн үндэсний язгуур ашиг сонирхлоо дээдэлж, хуулиар тогтоосон үүргээ биелүүлэх, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй.


-Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Мөн орон нутгийн төсөв, төсвийн гадуурх хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-08-23 09:38:23

улсын эрх ашигийг хувиасаа доорд тавиад байгаа баян тарган хулгай нараа цаазалж улсаа хамгаалаач.

Энэ зөвлөлийн нэр нь буруу юм шиг ээ. [103.57.92.20] 2023-08-22 12:16:17

Монголчууд шиг Үндэстэн оршиход ийм их залуучуудыг гадаадад амьдруулах, цагаачлуулах, гадаад иргэншил авхуулах нь ЗӨВ ҮҮ? Ер нь Үндэстний АБЗөвлөл байхаас илүү Монгол Улсын АБЗөвлөл байх нь манай улс оршиход ИЛҮҮ ТОХИРОМЖТОЙ биш үү?

Учир нь... [103.57.92.20] 2023-08-22 12:19:42

Гадаадаар нэг тарчихсан үндэстэн хэвээр оршсоор л байна. Харин 1.5 сая дөрвөлжин км дээр байгаа улс чинь алга болчих вий дээ. Зөвлөлийн нэр чинь улстай холбоотой юм уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.