Төрийн сонгуулийг гадны хэвлэл мэдээллийн байгууллагаар хийлгэмээргүй байна
Монголын хэвлэл мэдээллийн салбар туйлын ядуу байна. Дийлэнх нь цалингаа тавьж хүчрэхээ байлаа. Бүхэл бүтэн зургаа, долоон сар цалингийн бараа хараагүй хэвлэлүүдийн тоо нэмэгдэх болов. Тэд эхнээсээ дампуурлаа зарлаад, хаалгаа барьж байна. Монголын хэвлэлийн салбар ийм ядуу дорой болсон дүр зураг саяхных. Энэ нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу фэйсбүүк, твиттертэй шууд холбоотой. Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээлэлд зориулсан зар сурталчилгааны бүх мөнгийг тэд хуу хамдаг боллоо. Төр, хувийн хэвшил, бизнесийнхэн гээд цөм фэйсбүүк, твиттер хуудастай. Тэрүүгээрээ бүх төрлийн сурталчилгаагаа цацаж байна. Цаанаа асар өндөр төлбөр төлдөг. Сурталчилгааны төрөл нь олон янз. Фэйсбүүкээр зөвхөн бүүст хийхэд 1-1000 ам.долларын ханштай. Тухайн бараа, бүтээгдэхүүний сурталчилгааг 250 хүртэлх хүнд харуулъя гэвэл нэг ам.долларын өртөгтэй.
Харин 50150 мянган хүнд хүргэх юм бол 1000 ам.доллар төлнө. Хугацааны хувьд 114 хоногийн сонголттой. Охин компаниудтай үндэсний хэмжээний аж ахуйн нэгж дээр жишээ аваад үзье л дээ. Ноос, ноолуур, архи, пиво гээд салбар болгон нь бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд гадаадын хэвлэлд мөнгө төлж байна. Монголчууддаа төдийгүй гадаад зах зээл рүү чиглэсэн сонголттой сурталчилгааг зөвхөн фэйсбүүкээр явуулахад зардал нь зуу, зуун саяар тоологдож байх жишээтэй.
Бидний сайн мэдэх “Оюу толгой”, “Таван толгой”, “Эрдэнэт”, “АПУ”, “Таван богд” гээд бүгд фэйсбүүк, твиттерт мөнгө төлж пиараа “даатгадаг”. “Тамгагүй төр” жүжиг дэлхийн тайзан дээр гарах хүртлээ сошиалаар ямар их шуугиуллаа даа. Тэр болгонд бид гадагшаа асар их мөнгөө алдаж байна гэсэн үг.
Монгол Улсын хэмжээнд 180 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик тоо байна. Тэдэн дунд фэйсбүүк, твиттерээр сурталчилгаагаа явуулдаггүй байгууллага нэг ширхэг ч байхгүй гээд бод доо. Бүгд их, бага гэлтгүй гадны хэвлэлд мөнгөө төлөөд өөрсдийгөө сурталчилж байна. Гадагшаа гүйж байгаа энэ их мөнгө үнэхээр хайран байна. Монголын хэвлэл мэдээлэлд зориулсан зар сурталчилгааны бүх мөнгө гадны хэвлэлийн халаас руу урсдаг боллоо. Фэйсбүүк, Твиттерийн эзэд бол дэлхийн топ баячуудын жагсаалтыг тэргүүлдэг тэрбумтнууд. Элон Маскийн хөрөнгө гэхэд 187 тэрбумаар тоологдоно. Өнгөрсөн жил дэлхийн тэргүүн баянаар цоллогдсон. Тэгвэл М.Цукерберг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 20 дугаарт бичигдэж байна.
Өнөөдөр бид сошиалд их хэмжээний мөнгө зарцуулж, эздийнх нь дансыг ийм зузаан болтол нь хувь нэмрээ оруулж байна. Нөгөө талд Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой сошиалын хор нөлөөг хүмүүс огт анзаардаггүй. Тэр бол төрийн сонгууль юм. Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгуулийг твиттер, фэйсбүүк ашиглан гаднаас удирддаг болсон. Шуудхан хэлэхэд, монгол төрийн сонгуулийг троллууд явуулж байна. Манай улсад 2.4 сая цахим хаяг бүртгэлтэй байдаг юм билээ. Нэг сая нь хуурамч буюу албан ёсны эзэнгүй. Үүний 400 мянга нь гадаадад байдаг гэж судалгааны байгууллагаас танилцуулж байсан. Тэгэхээр тролл армиуд хилийн чанадаас монгол төрийн хувь заяаг өлхөн шийдчихэж байна. Харин Монголд байдаг тэр олон зуун мянган сошиал хаяг хэдхэн хүний гарт байдаг гэх юм билээ. Энэ салбарынхны ярьж байгаагаар нэг хүний ард хэд бол хэдэн мянган хуурамч хаяг үүсэх боломжтой. Үүнийг хиймэл оюун ухаан төвөггүйхэн биелүүлдэг байна. Монгол хүнтэй төстэй царайтай зураг дэлхийн хаанаас ч олоод шинэ хаяг нээчихнэ.
Дэлгэцийн цаанаас команд өгөхөд сонгуульд нэр дэвшигчийг яаж л бол яаж мандуулж бас дэвсэлж чадах аж. Жишээлбэл, нэр дэвшигч Доржийг сонгуульд ялуулахад ядах юмгүй. Түүний талаарх мэдээлэл бүрийг сошиалаас шүүж гаргаж ирэнгүүтээ коммент хэсэгт нь “долоох” түлхүүр үгийг сануулахад хангалттай. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар троллууд хоногийн 24 цагийн турш тасралтгүй Доржийн талаар эерэг мэдээлэл түгээнэ гэсэн үг. Ингээд бодохоор сошиалаар бидний тархийг яаж угаадаг нь харагдаж байгаа биз. Ерөнхийдөө сошиал хаягуудын харьяаллыг харахад андашгүй. Ард нь хуруу дарам цөөхөн хүн сууж байдаг.
“Сонгуульд аль намын хэнийг дэмжих үү” гэдэг нь ийм хэдхэн хүний гарт орчихсон. Үзэл суртлын шинжтэй. Үр дүн нь ард түмний санал худлаа шахам. Тиймээс захын хүн “76-г буудаж алъя” гээд байгаа юм. Үүнийг хаацайлахын тулд “Сонгуулийн ирц хангалтгүй байна” гээд мажоритар тогтолцоо руу хамаг бурууг чихдэг. Энэ нь ч үнэний ортой. Гол нь сонгогчдын тархийг сошиалаар угаачихаад байгаа юм. Сонгуульд саналыг нь өгүүлэхгүй байх санаатай. Харин саналаа өгсөн хүмүүсийг нь буруу тал руу залчихаад байна. Энэ бол монгол төрийн сонгуулийг сошиал атгачихсаны тод хэлбэр. Гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний амьдралд ингэж л нөлөөлж байна. Харь орны нэг компанийн эзэмшилд байгаа сошиал платформыг тэтгэх нь эргээд үндэсний аюулгүй байдалд хортой. Тийм болохоор сонгуулийн сурталчилгааг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах ёстой.
Үүнийг “Өдрийн сонин” хэдэнтээ хөндөж байна. Дахиад л хэлье. “Хэдүүлээ улс төрийн сонгуулиа дотоодынхоо хэвлэл мэдээллээр явуулъя. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон заалт Сонгуулийн хуульдаа оруулаад өгөөч” гэж өчнөөн бичсэн дээ. Улстөрчдөд шаардах хуудас хүртэл хүргүүлсэн. Харамсалтай нь хэн ч тоогоогүй. Хамгийн хачирхалтай нь хэвлэлүүд маань ер ойшоосонгүй. Эрхбиш хэвлэл мэдээллийн эзэд нь уншсан л баймаар юм. Даанч ган гэж дуугараагүй. Аргагүй биз дээ. Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч нар хүний хөрөнгөн дээр байдаг улс. Өөрсдөө хангалттай цалинтай болохоор хүчлээгүй байж болно. Ядахдаа дагасан хэдэн сэтгүүлчдээ боддоггүй юм уу. Ний нуугүй хэлье. Улс төрийн сонгууль гэдэг бол хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд алтан боломж. Дөрвөн жилд нэг удаа мөнгө олдог үе. Бодит үнэнийг худлаа нэрэлхэж нууцгаагаад яахав. Хэвлэл мэдээлэл хариуцдаг хүн бүхэн мэдэж байгаа. Улс төрийн сонгуулиар таван цаас олно доо гээд итгэл дүүрэн хүлээдэг. Энэ бол буруу зүйл биш. Хэний ч мэдэхгүй нэр дэвшигчдийг ард түмэнд таниулж өгөөд ажлынхаа хөлсийг авч байна. Гэтэл дотооддоо үлдэх боломжтой тэр их мөнгө гадаадын хэвлэл мэдээлэл рүү явчихаад байгааг бид бичсэн.
Хэрэв хуульд дээрх заалтыг оруулсан бол хэдэн сэтгүүлчид чинь мөнгөтэй болох байсан шүү, хэвлэлийн эзэд ээ. Удахгүй намрын чуулган эхэлнэ. Энэ асуудлыг дахин цааш нь идэвхийлэн авч хөөцөлдмөөр байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын арилжааны телевизүүдийн холбоо, Монголын сайтын холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн холбоо болон хэвлэлийн байгууллагуудын удирдлагууд та бүхэн анхаарч үзээрэй.
“Сонгуулийг дотоодын хэвлэл мэдээллээр явуулна” гэсэн заалт хуульд ороод ирвэл Монголын хэдэн сонин, телевиз, сайтууд сэпхийгээд өндийчихнө дөө. Том зургаараа Монгол Улсын тусгаар тогтнол бэхжинэ. Бодит байдал дээр энэ хэдэн хэвлэл мэдээллийнхэн чинь мөнгөтэй хүний төлөө юугаа ч барьж идэхэд бэлэн болоод байна. “Сэтгүүлчид мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй” гэж олон нийт биднийг дүгнэдэг. Явж, явж хэвлэл мэдээллийг дагасан хэл амтай бүх л асуудал мөнгөтэй холбогддог. Хэрэв гадны хэвлэлүүдэд цацаад байгаа тэрбумаар яригдах мөнгө дотооддоо үлдвэл эдийн засагтаа ч нэмэртэй. Наанадаж муу хэлүүлээд байгаа хэвлэлүүд чинь мөнгөтэй болгоны төлөө гүйгээд байхгүй. Реклам сурталчилгаа ахиухан байсан хуучин цагт хэвлэл, мэдээллийн салбар тийм л байсан шүү.
Аливаа улсын хэвлэл мэдээлэл гадаадын сошиал сүлжээний платформын гарт шилжиж байгааг өндөр хөгжилтэй, ардчилсан улсууд цохон тэмдэглэж байна. Үүний тод жишээ бол Монгол. Тэгэхээр зарим улс орнууд дотооддын хэвлэл мэдээллийн салбараа гадаадын сошиал нөлөөнөөс хуулиараа хамгаалдаг жишээ олон. Тухайлбал, Солонгос байна. Тус улсын төрийн өмчит компаниуд зар сурталчилгаагаа дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах хуулийн зохицуулалттай. Хөгжсөн орнууд зах зээлээ ингэж л хамгаалж байна. Харин манайх эсрэгээрээ хэдэн хэвлэлүүдээ боомилсон хуультай. Тэгэхээр бид дотоодын сошиал сүлжээтэй болмоор байна. Энэ тухай Монгол HD телевизийн захирал залуу жиргэсэн харагдана лээ. Үнэхээр зөв санаа. Гэхдээ сонгуулиас өмнө амжихгүй байх л даа. Ер нь Монголын бүх мөнгө фэйсбүүк, твиттер гэсэн гадны хоёр байгууллагаар урсаж гарч байгааг ухаарах цаг хэдийнэ болжээ.
М.Мөнхцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.34] 2023-09-12 13:58:55
Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хажууд монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өчүүхэн жижиг шүү дээ. Тиймээс дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй үзэлцээд байх хэрэггүй.
hehe [202.180.218.37] 2023-09-12 10:21:57
Тэгээд хийх гээд хууль батлуулахаар өөрсдөө бооролсоор унагасан биз дээ. Одоо тэгээд яахав дээ. Сошиал дээрээ хэрэлдээл байж байхаас даа.