Хуульч Б.Агар-Эрдэнэ: Хуулинд асуудал байхаас гадна, түүнийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудад ч алдаа байна
Хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.
-“Жам ёсны эрх” гэдэг энгийн, товч тодорхойлолтоос асуултаа эхлэх гэсэн юм?
-“Аливаа хууль нь нэгэн төрлийн эрхэд үндэслэж байдаг” гэж Аристотелийн тэмдэглэлд байдаг. Жам ёсны эрх нь хүмүүсийн бий болгосон (позитив) эрхээс давуу гэсэн үзэл бий. Хүний эрхийг ангилан хуваах түгээмэл ойлголтуудад хүний жам ёсны эрх, зүй ёсны эрх гэж хувааж байна. Хүний жам ёсны эрх гэдэг нь төрөөс тогтоож болохгүй эрхүүд буюу байгалиас заяасан хүний амьд явах, амьдрах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, халдашгүй чөлөөтэй байх, гэр бүл, үр хүүхэдтэй байх зэрэг эрх хамаарна. Хүний зүй ёсны эрх гэдэг нь нийгмийн хэрэгцээнээс үүдэлтэй бөгөөд зайлшгүй хуульчлан зохицуулах шаардлагатай эрх юм. Өөрөөр хэлбэл түүний хүрээ, хязгаарыг төрөөс тогтоож, баталсан байдаг. Ийм эрхэд сурч боловсрох эрх, сонгох сонгогдох эрх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, эвлэлдэн нэгдэх, бүтээл туурвих, эд мөнгөний тусламж авах зэрэг эрх хамаарна. Монгол Улсын Үндсэн хуулинд ч мөн эдгээр эрхүүдийг нэгтгэн баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19.2т “… Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө…” гэж тодорхойлсноор жам ёсны эрхийг ямар хүчтэй болохыг харуулсан.
-Дэлхийн улс орнууд эрх зүйн эх сурвалжаас нь шалтгаалж бүлд хуваадаг. Жам ёсны эрхийг эрх зүйн бүлүүдэд хэрхэн тодорхойлдог вэ. Энэ талаар тодорхойлж өгөөч?
-Эрх зүйн бүл гэдэг нь Улс үндэстний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэгч эрх зүйн эх сурвалжийн ялгаатай байдлаас бий болдог. Эрх зүйн бүл бүр өөрийн гэсэн онцлог шинжтэй. Эрх зүйн бүлийг эрх зүйн эх сурвалж хоорондын харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн тогтолцоо, түүний хэмжүүрийг удирдлага болгон ялган тайлбарладаг. Үзэл суртлын болон хууль, эрх зүйн гэсэн хоёр шалгуурыг үндэслэн, эрх зүйн бүлийг дараах байдлаар ангилж болдог. Үүнд, Роман-Германы эрх зүйн бүл, Англо-саксоны эрх зүйн бүл, Шашны эрх зүйн бүл /Ислам гэх мэт/, Социалист эрх зүйн бүл, Уламжлалт. Бусад гэж ангилна.
-Эрх зүйн бүл хоорондын ялгаа болон Монгол Улс аль эрх зүйн ямар бүлд хамаардаг юм бол?
-Эрх зүйн бүл болгон эрх зүйн эх сурвалж, шүүн таслах ажиллагааны журам, эрх зүйг танин мэдэх хандлагаас шалтгаалан өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Монгол Улс РомГерманы эрх зүйн бүлд хамаардаг. РомГерманы эрх зүйн бүл нь бичмэл хуулийг эх сурвалжаа болгодог. АнглоСаксоны эрх зүйн бүл нь шүүхийн прецедент байдлаар шүүн таслах ажиллагааг явуулдаг онцлогтой. Энгийнээр тайлбарлавал, Монгол Улсын нэг хууль дээр жишээ авч үзье. Монгол Улсад авлига, хээл хахуулийн гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулдаг. Тухайлбал, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг 28 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тэгвэл нэгэнт хуулинд дээд тал нь найман жил гэж заасан бол 10 жилийн ял оноож болохгүй гэсэн утгатай. Гэвч олон нийтийн дунд хөнгөн ял оногдуулчихлаа гээд Шүүхийн байгууллагыг буруутгаад байдаг. Гэвч шүүгч бол хууль тогтоогчоос баталсан хуулийн дагуу л ял шийтгэл оногдуулах ёстой, түүнийгээ ч дагаж байгаа. Аливаа нэг албан тушаалтан хахууль авахдаа маш ноцтой үйлдэл гаргасан байсан ч найман жил хорих ял, маш энгийн үйлдэл гаргасан, тэр нь энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон бол хоёр жилийн хорих ял оногдуулах л хуультай гэсэн үг. Харин шүүхийн прецедент буюу шүүхийн жишиг нь тодорхой хэргийн талаар шүүхээс гаргасан шийдвэр нь нийт шүүх буюу доод шатны шүүхээс төсөөтэй хэргийг шийдвэрлэхэд заавал дагаж мөрдөх үндэслэлээ болохыг ойлгодог. Энэ дунд шүүхээс гарах шийдвэр шударга ёсонд нийцсэн эсэхийг харж, түүнийг дагаж мөрдөх шинжтэй болдог. Иргэн хуулийг эрх мэдэл гэж харах уу, шүүгчийг эрх мэдэл гэж харах уу гэдгээс шалтгаалж энэ төрлийн бүлийн онцлог ч тодорхойлогддог.
-Манай хуулийг муу хууль биш гэж хуульчид хэлдэг. Ардчилсан хүний эрхийг хангасан шийдвэр гаргахын тулд бидэнд юу дутагдаад байна вэ?
-Аливаа нийгэм нь тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүс, хөгжил, нөхцөл байдлаас шалтгаалж үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж, сайжирч байдаг. Манай улсын эрх зүйн тогтолцоо ч мөн адил нийгмийн амьдралаа дагаж өөрчлөгдөж байгаа. Эрх зүйн хөгжлийнхөө тодорхой үе шат дээр явж байгаа гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжинд хийдэл, алдаа, зөрчилдөөн багагүй байдаг ч дийлэнх байдлаараа эрх зүйт төрийн шинжийг агуулсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, түүнд шаардлагатай салбар хуулиуд нь ч Олон улсын гэрээнд тохирч байдаг. Энэ утгаараа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжууд тийм ч муу биш. Олон эрдэмтэн, хуульч, судлаачид, багш нарын ачаар нарийн төвөгтэй эрх зүйн хэм хэмжээ бий болдог. Гэвч өнөөдрийн Монгол Улсад хуульгүй мэт авирлах, хэт анархист үзэл олшрох, хуулийг үнэгүйдүүлэх ч тохиолдол гарах боллоо. Гэвч энэ нь хууль муу гэсэн үг биш бөгөөд хуулийг хамгаалж байдаг байгууллагуудын ёс зүй, хандлага, хууль зөрчиж буй этгээдүүдийн хууль бус, хэнэггүй үйлдлээс болж, хууль болохгүй мэт харагддаг. Гэвч хуулинд асуудал байхаас гадна, түүнийг хэрэгжүүлж буй хүмүүс, албан тушаалтнуудад ч алдаа байгаа юм.
-Шүүхийн жишгийг бид одоо хэрэглэх, хэрэгжүүлэх боломжтой юу?
-Монгол Улс Үндсэн хуулиараа тодорхой төрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бий болгож, түүнд шаардлагатай нөөц, тогтолцоог бий болгосон. 1992 оноос өнөөдрийг хүртэл бий болсон эрх зүйн тогтолцоог нэг өдөрт, нэг парламентын хугацаанд өөрчлөх боломж нь маш бага байдаг. Харин нутагшуулах, давхар хэрэглэх, эрх зүйн орчинг нэмэгдүүлэх замаар өөрчлөлтийг бий болгож болох юм.
С.Отгонбаяр
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл