Европын хилийн хяналтын “Фронтекс” агентлаг Финландын ОХУ-тай залгаа хилд нэмэлт хүч илгээнэ
Финланд, Оросын хил дээр сүүлийн үед үүссэн нөхцөл байдалд холбогдуулж Европын холбооны хилийн хяналтын “Фронтекс” агентлаг Финландын хил рүү нэмэлт хүч илгээхээ мэдэгдсэн байна. Ирэх 7 хоног гэхэд хилийн хяналтын 50-иад офицер, эргүүлийн машинууд, бусад тоног төхөөрөмжийг илгээх болжээ.
Оросын талаас хил дээр нь цагаач дүрвэгчдийн хэт бөөгнөрөл үүссэнээс Финланд Оростой залгаа хил дээрх хамгийн хойд захынхаас бусад бүх боомтоо хаасан.
Гадны дүрвэгчид гэнэт учир битүүлэг байдлаар хил дээр нь олноор бөөгнөрсөнд Москваг холбоотой гэж Хельсинк үзэж байгаа бол, Кремль харин үгүйсгэж байна.
Арваннэгдүгээр сарын 1-нээс хойш Оростой залгаа хилийн боомтууд дээр нь Ойрх Дорнод болон Африкийн орнуудын 700 гаруй дүрвэгч, олонх нь зохих биеийн байцаалт, виз эсвэл баримт бичиг сэлтгүй хүмүүсийн бөөгнөрөл үүссэн. Нэг, хоёрхон сарын өмнө хэдэн арав дотор тоологдох ийм дүрвэгчид ирдэг байсан гэж Финландын эрх баригчид мэдэгдэж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор ийм маягаар 500 хүн Финланд руу нэвтэрчээ. Дүрвэгчдийг микроавтобусаар зохион байгуулалттай зөөж байгаа талаар Оросын талын оршин суугчид ярьсан байна.
Финланд улс харин энэ урсгал татрахгүй бол Оростой залгаа хилээ бүхэлд нь хаахаа мэдэгдэж байна. Ерөнхий сайд Петтери Орпо “хилийн аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчсөн” ийм нөхцөл байдлыг үүсгэсэнд Оросыг буруутгаж, “Энэ байдлыг Орос улс эхлүүлсэн. Орос улс мөн зогсоож чадна” гэж мэдэгджээ. Мөн одоогийн нөхцөл байдлыг “Оросын эрх баригчдын системтэй, зохион байгуулалттай үйл ажиллагаа” гэж нэрлэсэн байна.
Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова үүнийг үгүйсгэж “Финландын эрх баригчид оросуудад дургүй байдлаа эв хавгүйхэн илэрхийллээ” гэж мэдэгджээ. Финланд улс хэдэн арван жилээр баримталж ирсэн эвсэлд үл нэгдэх бодлогоосоо ухарч, өнгөрсөн 4 сард НАТО-д элссэнтэй Москвагийн энэ мэт үйлдлүүд шууд холбоотой гэж финнчүүд үзэж байна. 5,6 сая хүн амтай Финланд улс Оросын Украинд эхлүүлсэн дайны улмаас НАТО-д элссэн.
Финландыг цэргийн эвсэлд нэгдвэл “сөрөг арга хэмжээ” авна гэж Оросын зүгээс анхааруулж байсныг шинжээчид мөн сануулж байна. Оростой 1340 км урт хилийн зурвасаар холбогддог Скандинавын хойгийн энэ улсын хил Европын холбооны хамгийн зүүн хязгаар нь болдог.
Тэрчлэн одоогоос хоёр жилийн өмнө Европын холбоо Минскийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа Оросын холбоотон Беларус улсын талаас Польш, Латви, Литва улсуудын хил дээр үүнтэй төстэй байдал үүсч байсныг ажиглагчид дурдсан байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.30] 2023-11-26 12:10:31
ЕХ татан буугдаасай.
Зочин [66.181.188.242] 2023-11-26 23:00:55
Ebropt amdral sain uchraas Orost tohgohgui bna