Украин улс энэ онд нэг сая гаруй нисгэгчгүй онгоц үйлдвэрлэнэ

Aдмин / Гадаад мэдээ

Украин улс энэ онд нэг сая гаруй дрон буюу нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгааг тус улсын дижитал шилжилтийн сайд мэдэгджээ. Сайд Михайло Федоров энэ тоог Ням гарагт Украины төрийн өмчит Diia мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсын үйлдвэрлэсэн дроны тоо 2022 оны турш үйлдвэрлэсэн нийт тооноос даруй 50 дахин өссөн байна. Украины засгийн газар өнгөрсөн онд цэргийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих BRAVE1 төсөл хэрэгжүүлж, энэ чиглэлийн компаниудад нийтдээ $2.5 саяыг хуваарилжээ.

Украин нь алсын нислэгийн дрон үйлдвэрлэх хүчин чадлаараа ОХУ-тай нэг түвшинд хүрснийг Федоров ярилцлагадаа онцолсон байна. Өрнөдийн холбоотнуудын зэр зэвсгийн тусламжийн дутагдлыг нөхөхөд Украины дотоодын үйлдвэрлэл чухал ач холбогдолтой болоод байгаа. Сүүлийн саруудад Украины арми ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх газрын тос, байгалийн хийн дэд бүтцүүд болон Хар тэнгисийн флотын хөлгүүдэд үзүүлэх дроны цохилтоо эрчимжүүлэх болсон.

Украинд үйлдвэрлэдэг дроны зориулалт, төрөл зүйл ч өргөжин хөгжих болжээ. Тухайлбал тагнуулын “Ironclad”, радио долгионы довтолгоонд тэсвэртэй “Backfire”, тэнгисийн дрон, хуурай газрын “Ratel S” дрон зэргийг нэрлэж болно.

ОХУ-ын хувьд ч бас нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа. Тухайлбал Ираны Shahed ангиллын дронтой төстэй бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэх болсон байна. Одоогоор тулааны талбарт дроны тоо хэмжээгээр Оросын тал Украинаас илүүрхэж байгаа гэсэн мэдээлэл бий. Тухайлбал Украины нэг дронд Оросын 5-7 дрон оногдож байгааг Украины нэг командлагч ярьж байв. Талуудын технологийн хөгжүүлэлт сайжрахын хэрээр дроныг эсэргүүцэх зэвсэг улам боловсронгуй болж байгаа гэдэг.

Тиймээс талуудын хооронд технологийн ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа тухай Федоров ярьжээ. “Бид дрон эсэргүүцэх зэвсгийг нэвтлэх технологи хөгжүүлэхэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Учир нь технологи л биднийг аврах болно” гэж тэр ярьсан байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын тал Киев хотод дуунаас хурдан Циркон пуужингаар цохилт өгсөн нь дайн эхэлснээс хойш ийм зэвсэг хэрэглэсэн анхны тохиолдол болсон юм.

Хоёрдугаар сарын 7-ны өдөр болсон уг агаарын довтолгооны дараа Киевийн Шүүхийн Шинжилгээний Судалгааны Хүрээлэн уг зэвсгийн хэлтэрхийг цуглуулан шинжилж, урьдчилсан дүгнэлтээ гаргасан байна. “Бид 3М22 Циркон пуужинг ашигласан шинж тэмдгүүдийг олж тогтоолоо. Уг пуужингийн хөдөлгүүр, жолоодлогын механизмын эд ангиуд тусгай таних тэмдэглэгээтэй байдаг” гэж тус хүрээлэнгийн захирал Олександр Рувин өчигдөр Телеграм хуудсандаа бичжээ.

Циркон пуужинг 1,000 км хүртэл тусгалтай, дууны хурднаас ес дахин өндөр хурдтай гэж Оросын тал мэдээлсэн байдаг. Ийм зэвсгийн эсрэг агаарын довтолгооноос хамгаалах систем хариу үйлдэл үзүүлэхэд хэцүү болж байгаа. Тиймээс энэ төрлийн шинэ пуужин Украины зэвсэгт хүчинд хүнд сорилт болж магадгүй байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам Циркон пуужингийн туршилтыг дуусгаснаа 2022 оны зургаадугаар сард зарлаж байсан юм. Анх тэнгисийн хөлгөөс харвах зориулалттай бүтээгдсэн уг зэвсэг сүүлд хуурай газраас харвах хувилбартай болсон гэдэг. Өнгөрсөн долоо хоногт Циркон пуужинг Киев хот руу хаанаас харвасан талаар мэдээлэл одоогоор алга байна.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

иргэн [66.181.191.108] 2024-02-13 13:47:25

өөрсдөө юу ч хийж чаддагүй, гадны бренд шүтсэн үхэр монголчууд яана даа , байгалийн баялаг нэг л өдөр дуусна

Zochin [202.126.89.86] 2024-02-13 16:38:11

Яг үнэн бичлээ худлаа попрохоос өөр юучгүй гуйлгачин үхрүүд яана да юу ч чадахгүй байж Том том машин ярьж өр тавьж унасан дуракууд хорвоогоор дүүрэн үхрүүд бид яана да


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.