Японы эдийн засаг уналттай тулгарснаар ХБНГУ дэлхийн гурав дахь том эдийн засагтай улс болжээ
Өнгөрсөн оны сүүлийн хоёр улирал дараалан Япон улсын эдийн засаг буурснаар Герман улс Японыг ардаа орхиж, дэлхийн гурав дахь том эдийн засаг болжээ. 2023 оны эдийн засгийн тоон үзүүлэлт, судалгааны дүнгээс үзэхэд Японы эдийн засгийн хэмжээ 4,2 их наяд, Герман улсынх 4,4 их наяд болсон байна. Японы эдийн засаг уналтад ороход хүн амын насжилт нэмэгдэж, түүнийг дагаад өрсөлдөх чадвар, бүтээмж хумигдсан нь гол нөлөө үзүүлжээ.
Японы эдийн засаг 2023 оны нийт үзүүлэлтээр 1,9 хувиар өссөн ч сүүлийн 2 улиралд буюу 7-9-р сард 2,9 хувиар, 10-12-р сард ДНБ нь жилийн өмнөх мөн үеийнхээс 0,4 хувиар буурсан нь төсөөлж байснаас муу үзүүлэлт болжээ. Хоёр улирал дараалан эдийн засгийн өсөлт буурвал эдийн засаг техникийн хувьд хямралд орсон гэж үздэг юм байна. Эдийн засагчид 2023 оны сүүлийн улиралд Японы ДНБ-ий өсөлтийг хамгийн багадаа 1 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байсан юм. Японы эдийн засаг ингэж уналтад орсноор АНУ, Хятад, Германы араас дэлхийн 4 дэх том эдийн засаг болж байна.
Японы эдийн засаг 2010 онд Хятадад гүйцэгдэх хүртлээ дэлхийн хоёр дахь том эдийн засаг байсан. Японы эдийн засаг уналтад ороход нөлөөлсөн гол хүчин зүйл нь иений ам.доллартой харьцах ханш суларсантай холбоотой. Тус улсын эрх баригчид аль эртнээс буюу 2022оны 9-10р сард валютын зах зээлдээ интервенц хийж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чангалах зорилгоор ам.доллароо зарж, иен худалдаж авч байсан юм.
Японы эдийн засаг ингэж сулрахад хүн амын тоо буурч, бүтээмж, өрсөлдөх чадвар хумигдсантай холбоотой гэж эдийн засагчид үзэж байна. Японы байр сууринд очсон Герман улс ч мөн эдийн засгийн хүндрэлийг даван туулж байна. Германы эдийн засгийн гол үзүүлэлтүүд сая нэгдүгээр сард ковидын хямралаас хойш ажиглагдаагүй доод түвшинд хүрсэн нь 2024 оны эхний хагаст эдийн засгийн идэвхжил сул байгааг харуулж байна гэж эдийн засагчид үзжээ. 2024 онд Германы эдийн засаг 0,3 хувь, 2025 онд 1,2 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Герман улс ажиллах хүчний хомсдолтой байгаа нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ экспорт, импортын хөдөлгөөн зогсонги байгаа нь худалдаанд тулгуурласан сэргэлт бий болох магадлалыг улам бууруулж байна гэж эдийн засагч тэмдэглэжээ.
Сэтгэгдэл