Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газар, монголчууд малчидтайгаа сэтгэлээрээ хамт байгаа
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.
Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо хөндийд өвөлжиж буй малчин Б.Түмэнбаярынхаар орж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газар, монголчууд малчидтайгаа сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлоод тулгамдсан асуудлыг нь сонсож, цаашид мал, малчдад шаардлагатай зүйлсийн талаар санал солилцлоо.
Малчид намар эрт зудын эрсдэлийн талаар анхааруулсан тул малынхаа ихэнхийг эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогоороо өвлийн бэлтгэл базаасан. Гэвч арваннэгдүгээр сараас хойш тасралтгүй цас орсны улмаас зам даваа хаагдаж өвс тэжээл татах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болсон. Мал хээл хаях, төл мал бээрч осгох зэргээр малын хорогдол гарч байгааг хэлж байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд хаагдсан зам давааг нээхэд техник хэрэгсэл, шатахуун тос, хүн хүч дутагдаж байгаа, нээсэн ч шөнөдөө шуурч дахин хаагдаж байгааг учир туулах чадвар сайтай автомашин болон Тариат сумын сум дундын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүслээ. Мөн тусламжаас гадна зудын дараах малчдын амьдралын чанар, нийгмийн баталгаанд анхаарах. Тухайлбал, малчдын зээлийн хүүг чөлөөлөх, малаа зуданд алдсан иргэд хот суурин газар руу шилжихээс сэргийлж орон нутагт ажлын байр бий болговол хэрэгтэй зэрэг санал хэллээ.
Малчин өрхүүд хэрэгцээндээ зориулан ногоон тэжээл тариалах эрхзүйн орчин, малын эмч, зоотехникч мэргэжлээр төгсөж буй оюутан, залуусыг сум, орон нутагт томилон ажиллуулах боломж бүрдүүлэх, монгол сарлагийн цөм болсон энэ нутагт сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон сүлжмэлийн үйлдвэр байгуулах боломжтойг хэлж, Засгийн газраас дэмжлэг хүслээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сум хоорондын зам давааг нээх, зам гаргах техник хэрэгслийг шийдэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ. Батлан хамгаалахын салбарыг дайчлах асуудлыг ҮАБЗ-д танилцуулна" гэв. Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, нутгийн зөвлөлүүдтэй хамтарч улсын хэмжээнд хандивын аян зохион байгуулж, цас ханзартал 3-4 удаагийн тусламж үзүүлэх хөрөнгө босгохоор ажиллаж буйг тэмдэглээд зудын дараах нөхөн сэргээлтэд анхаарахаа илэрхийллээ.
Мөн бэлчээрийн мал аж ахуй байгаль цаг уурын сорилттой цаашид ч тулгарах нь тодорхой тул зөвхөн энэ жилийн зуд биш урт хугацааны стратеги чухал. Иймд төр, малчин өрх хэрхэн хамтран ажиллах, энэ нь бүсчилсэн хөгжилтэй хэрхэн уялдах вэ гэдэгт анхаарч ажиллана гэлээ.
Архангай аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 19,7 мянган малчин, мал бүхий өрхөд 4.8 сая толгой мал хаваржиж байна. Энэ сарын 19-ний байдлаар 58 мянга гаруй толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Эрдэнэмандал, Цахир, Хайрхан, Өндөр-Улаан суманд малын хорогдол илүү байна.
Сэтгэгдэл
зочин [66.181.183.221] 2024-02-22 10:19:51
Зөв ярьцгааж байна Гэхдээ туйлширч болохгүй Архангай аймаг шиг цэргийн ЗИЛ 131 машинтай аймаг ховор шүү модтой сум бүрт хэд хэдээрээ байгаа хаягдал мод нэрээр өдөрт хэдэн удаа зөөдөг мафи үүссэн шүү Тэр машинуудыг дайчилах хэрэгтэй. байсан удирдлагууд унхиагүй байна. Газар ухдаг техник зөндөө байна Өвөлжөө хаваржаанд газар өмчлүүлнэ л гэнэ Одоо сумынхан сандраад ам болгоныг хаагаад авсан Шинэ малчидад харьцангуй муу газар олдох нь Газар хэмжээтэй тэгээд ч овсгойтой баабарууд авна үүнийгЗГ дээр ярина уу Ногоо тарих бололцоо их ховор шүү Эргэн тойрон ногоочид байгаа Сэлэнгэд энэ шаардлагагүй Зохицоод болно Хөрс ус муутай билчээрээ яая гэсэн газар ихэнхи байна Нийтээрээ хэлэлцүүл Одооны малчидтай уулзаад асуувал бүгд газар өмчлөнө гэнэ Хотоос очигсод хохирно шүү
ЗОЧИН [192.82.65.120] 2024-02-22 09:19:12
ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ ХУДЛАА ЗЭЭЛ ГЭЖ МӨНГӨ ЯРИХГҮЙ ЭЭ, ҮНЭХЭЭР ЗАСГИЙН ГАЗАР МАЛЧИДТАЙ ХАМТ ЮМ БОЛ ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭЭД СУРГУУЛЬД ДЭЭР ОЧ. ТЭНД БАЙГАА АХМАД БАГШ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАНТАЙ ЯРИЛЦАЖ, ҮГИЙГ НЬ СОНС, АЖИЛ ХИЙ, ХЭРЭГЖҮҮЛ. ТЭНД БАЙГАА ХҮМҮҮС МАЛЧИНД ШИМТЭЙ ГАЗАР, МАЛЫН ТОО ТОЛГОЙ, МАЛ БОРЛУУЛАХ АГЕНТ ЗЭРГИЙГ ӨӨРТ ЧИН БОЛОН ХАРИУЦСАН ЯАМНЫ ХҮМҮҮСТ ХЭЛЭЭД ӨГНӨ. ХУДЛАА Л ,,,,, РЕКЛАМ ХЭРЭГГҮЙ.
Малчин [148.67.29.53] 2024-02-22 08:27:52
Малчид ногоон тэжээл тариалах эрх зүйн орчин бүрдүүлэх ямар ч шаардлага байхгүй. Одоо байгаа 1.2 сая га чинь үржил шимгүй сарны гадарга шиг болж байхад нэмээд малчин өрх бүр газар хагална гэдэг Могол орны хувьд сүйрэл шүү
malchin [203.23.49.64] 2024-02-22 08:04:30
hudalaa gots