Б.Цогт-Эрдэнэ: “Оюу толгой” компанийн ажилчдын цалинг нийтээр нь 25-30 хувиар бууруулсан

Aдмин / Нүүр

“Оюу толгой” компанийн ажилчдын цалинг нийтээр нь 25-30 хувиар бууруулсан талаар үндсэн ажилчид Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. "Оюу толгой ХХК нь бие даан шийдвэр гаргаж, хамтын хэлэлцээрийн заалтыг ноцтой зөрчсөн" Хурлын эхэнд Оюутолгойн уурхайн шөнийн ээлжид ажилласан ажилчид утсаар шууд холбогдож үзэл бодлоо илэрхийллээ. Тэрбээр "Ажил олгогч "Оюу толгой" ХХК нь цалин хөлс бууруулахдаа үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэлгүйгээр бие даан шийдвэр гаргаж, хамтын хэлэлцээрийн заалтыг ноцтой зөрчсөн.

Бид "Оюу Толгой" ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байгаа. Ажилчдын цалинг зөвшөөрөлгүй бууруулах шийдвэрийг 2024 оны хоёрдугаар сарын 6-нд гэнэт танилцуулсан.

Ажил олгогч дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд багтдаг нэмэгдэл цалин, нэг удаагийн цалин хөлсний урамшуулал зэргийг таслах шийдвэр гаргахдаа үйлдвэрчний эвлэлээр дамжуулж ажилчдад урьдчилан мэдэгдээгүй. Тиймээс хууль бусаар гаргасан шийдвэрээ өөрчлөхийг "Оюу Толгой" ХХК-аас шаардаж байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 107, 108, 109 дүгээр зүйлийн нэмэлт хөлсний зохицуулалт, 118, 118.1 дүгээр хэсгийг ноцтой зөрчиж байна. Иймээс ажилчдын цалин хөлсийг бууруулсан шийдвэрийг өөрчилж өгөхийг шаардаж байгаа. Хэрэв өөрчлөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ" хэмээн ярив.

"Монголын 34 хувийг төлөөлж суудаг Ж.Тана гэж хүн иймэрхүү шийдвэрийг гаргуулахгүй байхад ямар ажил хийдэг юм бол"

Үргэлжлүүлэн хэвлэлийн хурал хийж буй "Оюу Толгой" ХХК-ийн үндсэн ажилчин байр сууриа илэрхийлэв.

"Оюу Толгой" ХХК-ийн ил уурхайн оператор Б.Цогт-Эрдэнэ "Хууль дүрэм талаасаа "Оюу Толгой" ХХК болон Оюутолгой үйлдвэрчний эвлэл хоорондын 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд байгуулсан хамтын гэрээ байдаг. Хүний нөөцөөс цалин хассан шалтгааныг зардал хэтэрсэн гэж тайлбарласан. "Оюу Толгой" ХХК нь 3,000-4,000 орчим үндсэн ажилтантай. Үндсэн ажилчдын цалин үйл ажиллагааны зардалд хэдэн хувийг эзэлдэг вэ гэсэн харьцуулалт байгаа. Тус харьцуулалтаар бид Рио Тинтогийн бусад зэсийн уурхайгаас маш бага түвшинд явдаг. Компанийн ашиг орлого, алт, зэсийн ханш уначихсан бол бид ойлгоно. Австрали, Чили, Канад, Монгол дахь Рио Тинтогийн уурхайгаас гарч буй зэс дэлхийн зах зээл дээр ижил түвшинд борлуулагддаг.

2011 оноос хойш дэлхийн банкнуудаас авсан 12 тэрбум ам.долларын зээл төлөгдөөд явж байгаа. Зээлийн төлбөр багасахын хэрээр ажилчдын цалинг хасах биш нэмэх болов уу гэсэн хүлээлт байсан.

Харамсалтай нь компанийн удирдлагууд ийм шийдвэр гаргаж чадсангүй. Сүүлийн гурван жилд томилогдсон дунд болон дээд шатны гадаад, дотоод удирдлагууд иймэрхүү шийдвэрийг сайн судлалгүйгээр бүү гаргаасай.

Компанийн ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлж суудаг Ж.Тана гэж хүн иймэрхүү шийдвэрийг гаргуулахгүй байхад ямар ажил хийдэг юм бол. Энэ асуудалд Засгийн газраас анхаарал хандуулаасай. "Оюу Толгой" ХХК жил бүр төлөвлөгөөгөө давж биелүүлдэг. Ажилчдын цалин руу бүү халдаач ээ. Монгол Улсад үлдэж эдийн засгийн эргэлтэд ордог бага хэмжээний мөнгийг хэвээр нь үлдээхийг гэж хүсэж байна" гэв.

"Уурхайчдын цалингийн дийлэнх хэсгийг шагнал урамшуулал, илүү цаг, хээрийн болон шөнийн цагийн нэмэгдэл эзэлдэг" Мөн цалинг яагаад хассан талаар Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо НҮТББ-ын тэргүүн Б.Ононхангай тайлбарлав.

Тэрбээр "Оюутолгой төсөл өөгүй сайхан, шударга гэсэн реклам явдаг. Гэтэл тэнд асуудал болоод байна. Ялангуяа хөдөлмөрийн харилцаа, монгол уурхайчдын үнэлэмжийн асуудлыг "Оюу Толгой" ХХК толгойлж олон улсын түвшин авч явах ёстой. Даанч байгаа цалинг нь багасгах болон хууль тогтоомжийг өөрт ашигтайгаар хэрэглэсэн. Дундаж цалин хөлсийг бодохдоо ХНХЯ-ны аргачлалыг ашигласан гэж тайлбарлаж байгаа. Гэтэл тус аргад "ажил олгогч нь цалинг бодохдоо нэг удаагийн урамшуулал, нэмэгдлийг оролцуулахгүй бодож болно". Гэхдээ "ажилтантай тохиролцсоны үндсэнд оруулж болно" гэж заасан. Тус өгүүлбэрийг хэрэглэхгүйгээр "оруулахгүй байж болно" гэх хэсгийг авч өөрт ашигтайгаар ашиглаж байна.

"Оюу Толгой" ХХК нь үйлдвэрчний эвлэл болон ажилтантай огт тохиролцоогүй гаргасан шийдвэрээ хүчээр тулгаж байгаа. Шийдвэрээ танилцуулахдаа 3, 4 дүгээр сараас хэрэгжээд явна гэсэн боловч саяхан ажилчдын урьдчилгаа цалин маш бага орсон. Хөдөлмөрийн тухай хуульд ээлжийн амралтыг цалинд бодно гэж заасан. Гэтэл шинэчилсэн аргадаа цалинг хасаад цалингийн бүрэлдэхүүн гэж хэрэглэж байгаа нь хууль зөрчиж байна.

Оюутолгой төслийн уурхайчдын цалингийн дийлэнх хэсгийг шагнал урамшуулал, илүү цаг, хээрийн болон шөнийн цагийн нэмэгдэл эзэлдэг. Гэтэл цалингийнх нь дийлэнх хэсгийг танахаар ажилчдын цалин багасна.

Ажилчдадаа танилцуулсан шинэчлэлд цаашдаа цалин өсөөд явна гэсэн. 2023 онд үйл ажиллагаа сайн явсан гэсэн боловч ажиллах хүчний зардал ихэссэн гэж танилцуулсан нь төөрөгдөл үүсгэж байна.

Оюутолгой төслийн экспат ажилчид 2020 онд ирээд сард 10-20 сая төгрөгөөр цалингаа нэмэгдүүлсэн. Иймэрхүү зүйлээ хасаж танахгүйгээр яагаад ажилчдын цалин руу орж байгаа юм бэ" гэв.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.252] 2024-03-03 15:39:11

Оюу толгойд эзэн суусан гадны луйварчдыг хөөж гаргаачээ.Юмандаа эзэн болж чаддаггүй яачихсан олхиогүй арчаагүй тэнэгүүд төрд гарчихсан юм бэ.

ХҮНИЙ ҮГ ЗЭЭЛДЧИХЬЕ [202.179.24.40] 2024-02-27 14:22:07

АШИГ ӨГДӨГГҮЙ, ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ, ҮЙЛДВЭР БАРЬДАГГҮЙ , ХҮН ЦАЛИНЖУУЛАХГҮЙМ БОЛ ТИЙМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР МОНГОЛ УЛС ЯАХЫН...

Зочин [202.9.46.94] 2024-02-27 20:22:54

Яг үнэн хөөж гаргая

зочин [202.9.47.40] 2024-02-26 17:29:37

төвөг цаашаа хаа алт зэстэйгээ байхад хэн баян монгол баян за хаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.