Баянгол дүүргийн иргэн Б.Гонгорсүрэн: СОНГО-УЙЛ

Д.Тулга / Улстөр

Бидний сонгосон төлөөлөгч уйлахаар ажиллаж байгаа нь хаана ч ил байгааг хэн хүнгүй мэдэж байгаа боловч хэлж чаддаггүй. Тэд чухам хэнийг төлөөлж байгаа нь саналын дүнгээс хамаардаг учир өөрсдийн талын хүмүүсийг санал өгүүлж, эсрэг талын санал өгөх магадлалтай хүмүүсийг санал өгүүлэхгүй байх арга хэрэглэдэг нь зохион байгуулж байгаа хүмүүсээс шалтгаалдагт гол учир нь оршиж байна-

Хүн гээч сэтгэн бодох, харилцан ярилцдаг онцгой чадвар бүхий амьтан. Тиймээс ганц нэгээрээ оршин тогтнохгүйн эрхээр овог бүлээрээ амьдран аль нэг хүчтэй, настай, зальтай, овсгоотой нь бусдыгаа удирдан захирч, төлөөлж байсан нь улам хөгжсөөр хоорондоо нийлж ахлагч нарын төлөөллөөс бүрдсэн удирдах байгууллага буюу төр үүссэн ажгуу. Өнөө үед улам хөгжиж өөрсдийн төлөөллийг дөрвөн жил тутам сонгон, түүгээрээ дамжуулан төрийн үйл ажиллагааг явуулдаг болсон ба сонгогдсон төлөөлөгч хир төлөөлж буй нь үл мэдэгдэм болжээ.

Энд нэг тоо бодож үзье л дээ. Төлөөллийн байгууллага болох УИХ, орон нутгийн өөрөө удирдах шатны төлөөллийн байгууллагыг сонгох хуульд сонгуульд иргэдийн олонхи буюу 50-иас дээш хувь нь оролцсоноор хүчинтэй бөгөөд санал өгсөн хүмүүсийн олонхийн саналаар төлөөлөх эрхтэй болдог билээ. Энэ нь тухайн тойрогт 200 хүн амьдардаг бөгөөд 100 нь сонгох насны гэж үзвэл тэдний 51 хүн санал өгснөөс 26 нь тухайн төлөөлөгчийн төлөө санал өгсөн бол төлөөлөх эрхтэй болно гэсэн үг. Иймд нийт хүн амын 13 хувийн буюу санал өгөх эрхтэй хүний 26 хувийн санал авснаар тэднийг бүрэн төлөөлөх эрхтэй болж тэр хирээрээ төлөөлөх чадвар нь сул болж байгааг харуулж байна.

Бид энэ жил УИХ болон орон нутгийн төлөөллөө сонгох гэж нилээд их цаг, хөрөнгө зарцуулсан боловч үр дүн нь ямар болсныг цаг хугацаа л харуулна биз. Биднийг төлөөлж буй төрийн албаны хүмүүс хир үнэнч ажилладаг, сонгуулийг хэрхэн зохион байгуулдаг талаар сая болж өнгөрсөн Нийслэлийн дахин сонгуулийн нэг хэсгийн байдлаар авч үзье. Баянгол дүүргийн 19-р хорооны Засаг даргын гаргасан тоогоор тус хороонд бүртгэлтэй сонгох насны 4224 иргэн байгаагаас 3249 хүн байнга оршин суудаг, 541 нь гадаадад, дөрөв нь өөр газар сурдаг, 413 нь өөр газар амьдардаг, 17 нь засаг захиргаа завсардсан, нэг нь хорих ангид байдаг гэсэн маш дэлгэрэнгүй бүртгэл харагдаж байгаа боловч сонгуулийн хэсгийн хороо 4200 сонгогчийн үнэмлэх авч 3415 хүнд сонгогчийн үнэмлэх бичсэн боловч хаяг дээрээ байхгүй болон саналаа өгөхгүй гэсэн шалтгаанаар 297 хүнийг хасч 3118 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтыг гаргасан байна.

Санал хураах өдөр 33 хүн шинээр нэмэгдэж, 24 хүн саналаа өгч чадахгүй гэж үнэмлэхээ буцаажээ. Урьдчилан долоон хүн, явуулаар 26 хүн, санал авах байранд 1802 хүн санал өгч саналаа өгвөл зохих хүний 58.7 хувь нь саналаа өгсөн тул сонгууль хүчинтэй гэж гарлаа. Эндээс харахад бүртгэл тооцоо сайн мэт харагдаж байгаа боловч нөгөө хэрүүл маргааны үүр уурхай энэ л бүртгэлд байдаг байна. Тухайлбал өөр газар амьдардаг хэмээн бүртгэгдсэн хүмүүс бараг тал хувь нь тухайн хороондоо байдаг боловч давхар бүртгэлтэй, Засаг даргын халаасны хүмүүс байгаа нь тодорхой.

Нэр дэвшигчдээс хамгийн олон санал /934/ авсан нь л гэхэд сонгуулийн насны иргэдийн 22 хувийг төлөөлснөөр ялалт байгуулж байгаа нь арай дэндүү гэлтэй. Ингэж сонгогдсон хүмүүс сонгогчдыг төлөөлж шударга ажиллана гэхэд итгэх аргагүй юм. Ийм ч учраас сонгогдсон хүмүүс сонгогчдын төлөө бус зөвхөн танил тал, өөрийн талын хүмүүст үйлчилж бусдад таалагдахгүй байх нь аргагүй юм.

Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхтэй гэж байдгаас сонгогдох, сонгох гэж байдаггүйн учир нь сонгууль гэж буруу бичдэгээс үүдэлтэй мэт санагдана. Яагаад заавал хэн нэгнийг сонгоод, дараа нь сонгогдох эрх үүснэ гэж. Энэ нь үгийн утгаар авч үзвэл сонго+ууль гэж үүсгэгдэх бөгөөд ууль гэж шар шувууны төрлийн том нүдтэй, шөнийн амьдралтай шувууг хэлж байна уу, эсвэл уул гэдэг үгийг зөөлрүүлсэн үү гэдгийг тайлбарлахад бэрх бололтой.

Иймд сонгуйл буюу сонго+уйл гэж сонго, сонгосон хойноо уйлж бай гэсэн утгатай байхаар бичиж байвал зохилтой мэт санагдана. Учир юу гэвээс бидний сонгосон төлөөлөгч уйлахаар ажиллаж байгаа нь хаана ч ил байгааг хэн хүнгүй мэдэж байгаа боловч хэлж чадахгүй байгаад юм. Тэд чухам хэнийг төлөөлж байгаа нь саналын дүнгээс хамаардаг учир өөрсдийн талын хүмүүсийг санал өгүүлж, эсрэг талын санал өгөх магадлалтай хүмүүсийг санал өгүүлэхгүй байх арга хэрэглэдэг нь зохион байгуулж байгаа хүмүүсээс шалтгаалдагт гол учир нь оршиж байна. Тэд энэ ажлыг хир сайн хийснээс эцсийн үр дүн хамаарах ба өөрсдийн ажил төрөл шууд шалтгаалах тул аль болох нарийн тооцоо судалгаа гарган ажиллах шаардлага амьдралаас урган гарч, бүр эртнээс бэлтгэлээ хангаж, зөвхөн өөрийн талд орсон хүмүүст төрийн үйлчилгээг хүртээж бусдыг нь орхигдуулдаг явдал газар сайгүй бий болжээ. Үүнийг ч сая болж өнгөрсөн дахин сонгууль маш тодорхой харууллаа.
Хуучин тогтолцооны үед сонгогчид 100 хувь саналаа өгөөд, төлөөлөгч мөн 100 хувийн саналаар сонгогддог сонгомол гэмээр сонин тогтолцоо байсныг санахад сайхан зүүд мэт...

Баянгол дүүргийн иргэн Б.Гонгорсүрэнгийн архиваас


Сэтгэгдэл

Зочин [66.181.177.90] 2024-05-01 09:26:33

таньдаг гээд сонгох нь тэнэг бөгөөд өөрөө өөртөө гай тарьж хойч үедээ ай ланчиг болж нүгэл үйлдэж бу хэрэг шүү.

Зочин [203.98.76.249] 2024-04-29 13:27:59

сонгууль биш СОНГУУЛ юм биш үү_ өөрийгөө бусдаар сонгуулахын тулд байдаг авъяас хүчээ үзүүлдэг. тэгээд шиллдэгээ харуулж чадвал удирдах төлөөлөх хүнээр сонгогдоно. тэр инь нь амьтадын ертөнцөд ч байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.