МАН-ын гишүүн Б.Гүнбилэг: 100 жилийн түүхтэй нам буюу өмнөх тогтолцооны гажиг

Д.Тулга / Улстөр

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо Монголд нийт 36 нам байгаа гэж зарласан байдаг. Эдгээр намуудаас хамгийн анхны нам нь Монгол ардын нам бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 1-нд байгуулагдсан.

Монгол Улсад 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрч, МАН-аас бусад намууд бий болох боломжтой болсон байдаг. МАН-ыг тухайн үед татан буулгаж чадаагүйгээс болж, өмнөх буюу коммунист тогтолцооны зарим хэв шинжүүд өнөөдрийн бидний амьдралд нөлөөлсөөр байна. Тухайлбал, Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэхээс илүүтэй, өмнөх тогтолцооны нам-төр гэж нэгдмэл ойлголтын дагуу асуудалд хандах байдал үргэлжилсээр байна.

Монгол Улс өнгөрсөн тогтолцооноос үлдсэн намын тогтолцоог халж чадаагүй юм. МАХН-МАН гэдэг нэрээ дагасан оюун санааны гажиграл өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Төр засаг гэдэг нь миний өөрийн юм, төсөв гэдэг нь миний хармаанаас гарсан мөнгө юм гэж ойлгохгүй нам засагтаа талархаж ирсэн сэтгэхүйн үр хөврөл амь бөх оршиж байгаад, зүсээ хувирган авлигын их сургууль болсон байна. Энэ нь нөгөө намуудад ч хүчтэй өвчин болж наалдсан асуудал.

1990 оноос өмнөх намын гишүүнчлэл, МАН-ын өмч хөрөнгө зэрэг нь уламжлагдан хадгалагдсаар байна.

Үндсэн хуулийн эхийг баригч Б. Чимид:

Өдгөө засгийн эрхийг ард түмнийг бүхэлд нь төлөөлсөн УИХ биш, харин түүний өчүүхэн хэсгийг хамаарсан нам барьж, Засгийн газар нь хуулийг биш, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болоод байгаа нь нууц бишээ. Үнэн хэрэгтээ УИХ-ын шийдвэрлэх зарчмын асуудлыг парламентын суудалтай намуудын үндэсний төв байгууллага шууд болон бүлгээрээ дамжуулан шийдвэрлэдэг болоод байна. Намын төв байгууллагын шийдвэрийг УИХ дахь намын суудалд буй гишүүд заавал биелүүлэх ёс журам сэргэж тогтоод удав. Тэгээд л нам, түүний олонхиор түрээ барин, төрийн хэргийг шийдэх болов. Гишүүний бүрэн эрхийг “дахин нэр дэвших, сонгогдох” эсэхтэй нь барьцаалах хандлага үе үе цухалзаж, дур зоргын төсөл дээр бараг л “хурууны хээг нь даруулах” мэт гарын үсэг зуруулж, түүнээ УИХ-д тулган, хэлэлцсэн, баталсан дүр үзүүлэх болсныг ч олон түмэн муугүй мэднэ. ...

Намын дарга Засгийн газрыг тэргүүлдэг бусад зарим орны жишгийг хууль дээдэлдэг жинхэнэ утгаар биш, нам нь Засгийн газрыг, улмаар парламентыг удирддаг нэг намт тогтолцооны жишгээр ашиглах болсныг таслан зогсоох цаг болжээ.

Парламент шийдвэрээ гаргахад намын бүлгүүд эхлээд хэлэлцдэг. Намын бүлэг дээр хэлэлцэж, шийдвэрлэсэн зүйлийнхээ эсрэг гишүүд нь дуугарч болохгүй гэсэн бичигдээгүй зарчим үйлчилж байна. “Улсын Их Хурлын гишүүд хамтран Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэхийг хориглоно” гэж заасан. Үүнээс үзэхэд өөр ямар нэгэн байдлаар лобби группууд үүсгэж, зохион байгуулалтанд орох боломжгүй ба парламентын гишүүн тухайн намын бүлгээс гарвал дахиж өөр ямар нэгэн намын бүлэгт орохыг хориглосон байдаг. Ингэснээр хууль тогтоогч төрийн дээр улс төрийн нам байх хууль зүйн орчныг бүрдүүлж өгчээ.

Парламент Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд шинэчилэн баталсан боловч, шинэ хуулиар улс төрийн намыг ардчилсан, гишүүд нь тэгш эрхийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтыг хийж чадаагүй юм.

2019 онд Парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийсэн. Үндсэн хуулийн Арван ес1дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж нэмсэн. Харин түүний хэрэгжилтийг 2028 оны 1 сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөнө гэжээ. Энэ нь цаашдаа жижиг намууд үгүй болж, цөөн хэдэн том нам цаашид улс төрийн сонгуульд оролцох үүд хаалгыг нээж өгсөн байна. Энэ нь Иргэний ба улс төрийн эрхийн тухай пактад заасан иргэдийн сонгох, сонгогдох болон эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байгаа тул ойрын ирээдүйд энэ сэдвээр маргаан, мэтгэлцээн гарах нь дамжиггүй.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.3] 2024-04-29 20:05:46

Одоогийн МАН МАХН хоёр бол 1990 оноос өмнөх МАХН-тай түй ч хамаагүй. МАН МАХН хоёр бол АН шиг 1990 онд шинээр байгуулагдсан намууд.

МАН дорой болохгүй. Харин бусад нам өрсөж хүчтэй болж чадах уу? [66.181.184.209] 2024-04-29 20:03:48

МАН бол өөртэй адил буюу түүнээс илүү хүчтэй нам Монголд гарч иртэл улсдаа засгийн эрх барьсан хэвээр л байна. Мөн манай 2 хөрштэй сайн харьцаатай байгаа цагт МАН тийм ч амар хүчээ алдахгүй. Иймд МАН-аас илүү болох уу гэдгийг л бусад нам бодооч, сэтгээч, алхмуудаа төлөвлөөч.

Зочин [139.5.216.239] 2024-04-29 18:56:12

ГҮНБИЛИГ ҮНЭН ХЭЛЛЭЭ. ӨНӨӨ МАН ХУУЧНААРАА БАРЬЖ ИДЭНДЭЭ.

ахмад манч [66.181.189.224] 2024-04-29 18:10:35

зөв шүү ман тарж монгол хөгжөөсэй

Зочин [66.181.189.9] 2024-04-29 15:03:25

Гүнбилэг Элбэгдоржийн намд элсэж их хуралд дэвших гэнэ гэж дуулдсан


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.