Ш.Ариунаа: Иргэд мэс заслын дараа гам барих ойлголт, мэдлэг муугаас хорт хавдрыг сэдрээж байна

Aдмин / Эрүүл мэнд

Манай улсад 2023 онд 7244 хүн хорт хавдраар оношлогдож, 4556 хүн нас барсан гэсэн судалгаа байна. Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмын өөрчлөлтөөс болж хорт хавдартай хүмүүс хохирч эхэлсэн талаар “Наран ижий заяа” ТББ-аас өчигдөр “Үндэсний мэдээллийн төвд” мэдээлэл хийлээ.

Энэ үеэр хорт хавдрыг даван туулагч Ж.Энхжаргал “Би хорт хавдраар өвчлөөд таван жил болж байна. Овоо гайгүй болоод ирэх үед уудаг эм маань тасарчихсан. Өмнө нь хавдрын эмийг даатгалаар авдаг байсан ч гурван сарын өмнөөс уг эмийг үнэгүй өгөхөө больсон. Би сар уух нэг эмээ доод тал нь 96 мянган төгрөгөөр авч ууж байгаа. Энэ нь их хүнд тусч байна” гэв.

Хуульч, өмгөөлөгч Н.Баттогтох “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.10-т хавдартай иргэдийн химийн болон туяа эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна гэж заасан. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6-д сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн зарим өвчний эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна гэж тусгасан байдаг. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан 2.6.4 дэх заалтад төлбөрийг төр хариуцах системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшнийг харгалзан үзэж, орлого багатай иргэдээс нь сонгож эмчилгээгээ эхэлнэ гээд заачихсан байгаа. Ийм хуулиас давсан журмаар эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажлаа хийж байна. Хуульдаа хорт хавдрын эмчилгээ нь үнэгүй гээд заасан боловч журамдаа хүний тоо заачихсан нь эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ хүн бүрд хүрэхгүй байна” хэмээсэн юм.

“Наран ижий заяа” ТББ-ын тэргүүн Ш.Ариунаатай ярилцлаа.

-Хорт хавдрын тохиолдлын 90 гаруй хувийг хөдөө орон нутгийн иргэд эзэлж байна гэлээ. Энэ нь юутай холбоотой вэ?

-Маш олон зүйл нөлөөлж байна. Тухайн орон нутаг, уул уурхайг дагасан хөрс, усны бохирдол, хүмүүсийн амьдралын дадал хэвшил буруутай нь холбоотой. Түүнчлэн аль ч аймагт малд хийдэг тарилгаа шүдээ өвдөхөөр зуусан тохиолдлууд ч байна. Хэсэг хугацааны дараа хавдрын эхлэл болж, сүүлдээ хавдар нь бүр хүндэрч, сэдэрч байгаа. Одоо хүмүүсээ анхаарахгүй бол болохгүй нь. Эмийн замбараагүй хэрэглээтэй. өвчин намдаах эмийг ихээр хэрэглэж байна. Өвчин намдаах эм нь хорт хавдрын суурийг тавьж байна. Мөн электрон тамхины хоруу чанар маш их. Хүүхдүүд электрон тамхийг татаж байгаа нь маш хортой. Хорт хавдар бүр залуужиж, тэр дундаа хүүхдүүд өвчилж байгаа нь хамгийн харамсалтай.

-Саяхан долоохон настай хүүхэд хүртэл хамраас нь цус гараад тогтохгүй эмнэлэгт хандахад цусны хорт хавдар гэж оношлогдсон байна лээ.

-Бүр жирэмсний урагт хүртэл хорт хавдар илэрч байна. Хоол тэжээлийн буруу байдлаас багаасаа элэг, дэлүү нь өвчилж, цаашлаад цусны цочмог хорт хавдартай болж байна. Аль нэг үед нь дархлаа нь муудахад хорт хавдар түлхүү илэрч байна. Хорт хавдар өнөөдөр илрээд байгаа асуудал биш. Таван жилийн өмнөөс ч юмуу түүнээс удаан хугацаанд хорт хавдрын шинж тэмдэг тухайн хүнд илрээд байхад хүмүүс анзаардаггүй.

-Хорт хавдраар оношлогдсон хүнд ямар, ямар эмчилгээнүүд хийгдэж байна вэ?

-Химийн эмчилгээ гэж бий. Бай эмчилгээг 2021 оноос хийж эхэлсэн. Дархлаа болон системийн даавар дарангуйлах эмчилгээ хийгддэг. Манайд дандаа эмчилгээнүүд нь хоцорч явагддаг. 21 хоногтоо хугацаа алдахгүй хийгдэх эмчилгээ байлаа гэхэд хугацаандаа хийгдэхгүй байх жишээний. Хавдар дахиад үсэрхийлэхээр хавсарсан эмчилгээнүүдийг хийлгэх болдог.

-Хугацаандаа химийн эмчилгээндээ ордог болохын тулд яах ёстой вэ?

-Дүүргүүд 2021 оноос химийн эмчилгээг хийж эхэлсэн. Гэтэл тухайлсан цалингүй тул тогтвортой хүн ажиллахгүй байна. Хавдар судлалын үндэсний төвдөө химийн эмчилгээнд орох нь их байна. Мөн мэргэжилтнүүд бэлтгэгдээд хөдөө орон нутагт хийгдэж эхэлсэн. Гэхдээ боловсон хүчин дутагдалтай байгаа нь үнэн. Мундаг эмч нар маань гадагшаа явж байна. Аль 2018 онд Хавдар судлалын эмнэлгийг дахин клиник сувилалтай нь барина гэсэн ч баригдахгүй л байгаа. Эрүүл мэндийн яам даацтайгаар энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

-Хорт хавдартай хүмүүс мэс засалд ороод сайхан боллоо гэдэг. Гэтэл удалгүй хорт хавдар нь буцаж үсэрхийлж, химийн эмчилгээнээс өөр эмчилгээгүй болох олон тохиолдлууд байна л даа.

-Олон шалтгаантай. Одоо илэрч буй хавдрууд мутаци лаг даад маш амархан үсэрхийлдэг болсноос хоёр, гурав дахь хавдраа туулаад явж буй хүмүүс байна. Хоол хүнс, сэтгэл зүй нөлөөлж байна. Сайн судалж үзэх хэрэгтэй. Хавдрын эмнэлэг лабораторитой болно гээд өмнө нь төсөвт суугдсан байдаг ч одоо хүртэл хийгдээгүй. Хорт хавдрын мэс засал маш сайн хийгдэж байна. Хагалгааны дараахь клиник сувилал байхгүйгээс хавдар дахин сэдэрч байна. Олон улс чинь мэс заслын дараахь сэтгэл засал гээд бүх эмчилгээг нь клиник сувиллаараа дамжуулан маш сайн хийдэг юм байна. Манайхан эмнэлэгт дугаарлаж хэвтээд тав, зургаа хоноод л гарч байна. Вакумтай гарсан хүмүүс чинь арчилж мэдэхгүйгээс өгсөх замын халдвараар өвчилж байна. Монгол хүний эрүүл мэндийн боловсрол хомс байна. Иргэн хүний хариуцлага их сул. Мэс заслын дараа хүмүүс ерөөсөө гам барьдаггүй. Энэ талын ойлголт муугаас үүдэн хорт хавдрыг сэдрээж байна. Өөрийнхөө биеийг насаараа анхаарах ёстойгоо мэдэхгүй л яваад байна.

Төрөөс хулгай хийхдээ сайн хэрнээ хүнээ хайрлахгүй байна. Өвчлөхгүй байх тал дээр нь анхаармаар юм. Хорт хавдар улс эх орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал болоод байна. Хүүхдийг ЕБС-д байхад нь өвчлөлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн боловсролыг системтэй олгодог болмоор байна. Ингэснээр дор хаяж таван жилийн дараа эерэг үр дүн гарах ёстой.

-Аймгуудын хими эмчилгээний хүртээмж хэр байна вэ?

-Аймаг бүрт өөр, өөр байна. Зарим аймаг нь хавдрын эмчгүй болсноос өөр эмч орлож үзнэ. Хөдөө орон нутагт эмч нарын хүртээмжээс болоод өвчин дахих, сэдрэх, хугацаа алдахыг үгүйсгэхгүй. Зарим нь бүр дахиж үсэрхийлснээс болж, Хөх хот руу эмчилгээнд ч явж байна. Түүнчлэн ковид хорт хавдар сэдрэхэд маш их нөлөө үзүүлсэн. Орчин үед мэс засал хийхээс өмнө химийн эмчилгээнд орох тохиолдол ч бий.

Ховд аймаг таван аймгийн оношилгооны том бүстэй. Үе үеийн гишүүд нь түүнийгээ яагаад хөгжүүлэхгүй байна вэ. Увс цэвэр устай мөртлөө уушги, улаан хоолойн хавдар өндөртэй.

-Хорт хавдартай хүн таны бодлоор сэтгэл санаагаа яаж өөдрөг байлгах вэ?

-Би хөхний хорт хавдрыг даван туулагч хүн. Агаарт сайн гарах хэрэгтэй юм билээ. Дан өвчнөө бодоод байвал хэцүү шүү дээ.


Сэтгэгдэл

зочин [203.98.77.101] 2024-08-31 11:19:14

чинбүрэн хавдрыг багасгаад устгаад өгнө гэж гарч ирээд төсөвийг нь идэж сонгууль ойртохоор иргэдийн тархийг угааж худлаа ярин гарч ирж байдаг шүү дээ ийм ялзарсан хүмүүс нь төрд шигдэхээр ард иргэд нь сэтгэл санаа яаж сайхан тайван байх вм бэээээ

Зочин [122.201.31.101] 2024-08-16 19:49:00

Чинбурэнгийн баг л хамаг төсөв мөнгийг нь луйвардаж ба энэ хун ухэж далд орвол нэг хэсэг гайгуй болох бх. Эд нар чинь эхнэр нөхөр хамаатан садангаар хорт хавдарын ухэл дээр эмчилгээн дээр л мөнгөжиж баяжиж ба


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.