Филиппин, Хятад хоёр зөвшилцөлд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

МАНИЛА, 2024 оны долоодугаар сарын 22 /DW/. Хятад, Филиппин улсууд ширүүн маргаан дагуулдаг Өмнөд Хятадын тэнгис дэх шүрэн арал дахь сөргөлдөөнийг зогсоох асуудлаар тохиролцоонд хүрчээ.

“Филиппин ба БНХАУ ​нь "Аюунгин" элсэн харгиа дахь “BRP Sierra Madre” хөлөг онгоцонд өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөх, алба хаагчдыг ээлжээр ажиллуулах тухай түр зохицуулалтын талаар харилцан ойлголцолд хүрсэн” гэж Филиппиний Гадаад хэргийн яам ням гарагт мэдэгдсэн байна. Ингэхдээ Хоёрдугаар Томас элсэн харгианы "Аюунгин" гэдэг филиппин нэрийг ашиглажээ.

Филиппин улс "Хоёрдугаар Томас" элсэн харгиаг эзэмшдэг бол Хятад улс үүнийг мөн өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж мэдэгддэг. Элсэн харгианы асуудлаарх сөргөлдөөн улам бүр хурцадаж байгаа нь Филиппинтэй батлан ​​хамгаалахын гэрээ байгуулсан АНУ-ыг татан оролцуулсан өргөн хэмжээний мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлолыг төрүүлэх болжээ.

Филиппиний цөөн тооны цэрэг элсэн харгиан дээр зориудаар байрлуулсан хуучин байлдааны хөлөг онгоцонд байрладаг байна. Харин Хятадын эргийн хамгаалалтын алба болон бусад хүчнийхэн тэдгээр цэргийн албан хаагчдад хоол хүнс болон бусад хангамжийг хүргүүлэхгүйн тулд усан буу ба хаалтыг ашигласан байна.

“Талууд Өмнөд Хятадын тэнгист үүссэн нөхцөл байдлыг намжааж, санал зөрөлдөөнийг яриа хэлцэл, зөвшилцлийн замаар зохицуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрч, Өмнөд Хятадын тэнгис дэх бие биенийхээ байр суурийг хөндөхгүй хэмээн санал нэгдлээ” гэж Филиппиний Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Харин Хятадын тал эл тохиролцооны талаар олон нийтэд мэдээлээгүй байна. "Хоёрдугаар Томас" элсэн харгиа нь Филиппиний баруун хэсэгт орших Палаван арлаас 200 км зайд, хамгийн ойр орших Хятадын Хайнань арлаас 1000 гаруй км зайд оршдог.

АНУ болон түүний Ази, Барууны гол холбоотнууд, тэр дундаа Япон, Австрали зэрэг улсууд Хятадын хийж буй үйлдлийг зэмлэн буруушааж, Өмнөд Хятадын тэнгист хуулийг дээдэлж, тэнгисийн замын эрх чөлөөг хангахыг уриалсан байна.

Хятадын тал Есөн зураас шугам гэгддэг усан замыг бараг бүхэлд нь өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд энэ нь Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнамын эдийн засгийн онцгой бүсүүдтэй давхацдаг байна.

2016 онд Гааг дахь олон улсын шүүх Филиппиний талд шийдвэр гаргаж, стратегийн усан нутаг дэвсгэр дэх Хятадын нэхэмжлэлийг хүчингүй болгожээ. Уг шийдвэрийг хүлээн авахаас Бээжин татгалзсан байна.

Филиппинтэй хийсэн хэлэлцээр нь мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд Хятадын тал бусад өрсөлдөгч орнуудтай ижил төстэй тохиролцоонд хүрч чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж магадгүй юм.

Гэхдээ тохиролцоо зөвшилцөл амжилттай хэрэгжиж чадах эсэх, хэр удаан үргэлжлэх вэ гэдгийг цаг хугацаа харуулах болно.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.