33 ДАХЬ ЗУНЫ ОЛИМП, 32 МОНГОЛ ТАМИРЧИН, 33 БАРИМТ
33 ДАХЬ ЗУНЫ ОЛИМП, 32 МОНГОЛ ТАМИРЧИН, 33 БАРИМТ
1. Хөнгөн атлетикийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од 42 настайдаа 6 дахь олимпын наадамдаа оролцох гэж байна. Тэрээр энэ амжилтаараа монголдоо төдийгүй марафоны төрөлдөө дэлхийд анхдагч болно. 2004 оны олимпоос хойш тасралтгүй оролцож буй тэрээр энэ удаагийн олимпод оролцох Монголын багийн хамгийн ахмад тамирчин юм.
2. Хамгийн ахмад тамирчны хувьд энэ удаагийн Монголын багийн хамгийн залуу тамирчдыг хорвоод мэндлэхээс өмнө анхны олимпоо орж байжээ. Тодруулбал “Парис 2024” олимпын наадамд оролцох Монголын багийн хамгийн залуу тамирчин болох жүдоч О.Хүслэн (2004.10.26), усанд сэлэлтийн тамирчин Б.Энхтамир (2004.8.29) нар 19 настайдаа анхны олимпдоо оролцох гэж байна. Тэгвэл Б.Сэр-Од тэднийг төрөхөөс нэг сарын өмнө (2004.8.29) Афин хотноо анхны олимпдоо уралдаж байжээ.
3. Монгол Улсаас анх удаа эгч дүү тамирчид хамтдаа олимпод оролцох гэж байна. Батбаяр овогтой Энххүслэн, Энхтамир нар усанд сэлэлтийн төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Өмнө нь 1992 оны олимпод Ц.Энхбаяр, Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр нарын төрсөн ах дүүс хамтдаа оролцож байв. Эгч дүүсийн хувьд анхны тохиолдол болно.
4. ОУХМ Б.Энххүслэн усанд сэлэлтийн төрлөөр хоёр олимп дараалан оролцсон Монголын анхны тамирчин болох гэж байна. Мөн хоёр олимпод орсон Монголын хоёр дахь тамирчин, анхны эмэгтэй тамирчин юм. Өмнө нь А.Тамир 2004, 2012 оны олимпод оролцож байв. Харин дараалан олимпод оролцсон сэлэгч байгаагүй.
5. “Токио-2020” наадамд Б.Энххүслэн өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн зайд уралдаж байсан бол энэ удаад өврөөр даллах сэлэлтийн 200 метрийн зайд өрсөлдөнө. Түүний энэ зайн хувийн дээд үзүүлэлт нь 2.00.00 (Тайланд улс - 2024 он) байдаг. Одоогоор ганцаарчилсан төрлийн 17 зайн дээд амжилтын (дотоодын) 14 нь түүний нэр дээр бичигдэж байна. Харин анхны олимпдоо оролцох гэж буй Б.Энхтамир одоогоор улсынхаа 10 зайн дээд амжилтыг эзэмшиж байна.
6. Монгол улсын тамирчид 2000 оноос хойш усанд сэлэлтийн төрлөөр олимпын наадамд тасралтгүй оролцжээ. Өмнөх зургаан олимпод манай улсын 10 тамирчин (давхардсан тоогоор 11) хурд сорьж байв. Бид сүүлийн 5 олимп дараалан усанд сэлэлтийн төрөлд эрэгтэй нэг, эмэгтэй нэг тамирчинтай оролцох гэж байна.
7. Монголчууд олимпын наадмын анхны медалиа чөлөөт бөхийн төрлөөр хүртэж байсан. Эрэгтэйчүүд 1968-1980 оны хооронд нийт 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байсан ч түүнээс хойш 44 жил медальгүй байна. Үүнийг эцэс болгох зорилго өвөртөлж, гавьяат тамирчин Т.Тулга, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар 2 дахь олимпдоо оролцох гэж байна. Тэд хоёул энэ олимпын мөчлөгт дэлхийн медальтнууд болсон юм. Мөн Б.Бат-Эрдэнэ анх удаа олимпын дэвжээнд гарах юм.
8. Монгол Улсаас чөлөөт бөхийн төрлөөр сүүлийн хоёр олимпод дараалан оролцож буй эмэгтэй нэг л тамирчин байгаа нь Б.Хонгорзул. “Токио 2020” олимпын наадамд 5-р байрт шалгарсан тэрээр дахин 57 кг-н жиндээ өрсөлдөнө.
9. П.Орхон чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга цолтойгоор олимпын наадамд оролцох манай улсын хоёр дахь эмэгтэй тамирчин. Өмнө нь 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг 2012 оны олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв. Гавьяат тамирчин П.Орхон ийнхүү найман жилийн дараа хоёр дахь олимпдоо зодоглох гэж байна. Тэрээр 2017 онд одоо олимп болох Парис хотноо дэлхийн аварга болж байсан билээ. Мөн чөлөөт бөхийн төрлөөр 8 жилийн зайтай олимпод орсон манай анхны тамирчин болно.
10. Монгол тамирчид чөлөөт бөхийн төрлөөр анх 1964 онд зуны олимпод орсноосоо хойш нийт 10 медаль (4 мөнгө, 6 хүрэл) хүртжээ. “Парис-2024” олимпын наадамд манай улсаас 9 тамирчин оролцох эрхээ аваад байна. Энэ нь тус төрөлд хамгийн олон тамирчинтай орж буй орнуудын жагсаалтын 9-р байрт эрэмбэлэгджээ.
11. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 6 жинд манай улсаас нийт 6 тамирчин өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл манай эмэгтэйчүүдийн шигшээ баг 2 олимп дараалан бүтэн багаараа оролцох юм. Энэ жилийн 6 тамирчны 5 нь дэлхийн медальтнууд байна. Ингэхдээ Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар өнгөрсөн жилийн буюу сүүлийн ДАШТ-ээс тус бүр мөнгөн медаль медаль хүртжээ.
12. Манай жүдочид 1972 оноос эхлэх олимпод оролцож эхэлсэн. Анхны медалийг гавьяат тамирчин Ц.Дамдин агсан (1980 мөнгө) хүртсэн байдаг. Тэр цагаас хойш монголчууд жүдо бөхийн төрлөөр олимпоос нийт 11 медаль (1 алт, 4 мөнгө, 6 хүрэл) хүртээд байна.
13. Манай улсын тамирчдын олимпын наадмаас хамгийн олон медаль хүртсэн төрөл бол жүдо. Мөн зөвхөн жүдочид сүүлийн 5 олимп дараалан медаль хүртээд байгаа юм. Монгол улсаас 10 жүдоч “Парис-2024” олимпын наадамд оролцоно. Түүнчлэн жүдо бөхийн эрэгтэй баг олимпод оролцож эхэлснээс хойш анх удаа бүрэлдэхүүний ийм том шинэчлэлтэй (Ё.Басхүүгээс бусад нь анх удаа) дараа олимпдоо оролцох гэж байна. Үүнд зарим тамирчны бэртэл нөлөөлсөн ч залгамж халаа, ундарга сайн байгааг илтгэж буй юм.
14. Жүдо бөхийн +100 кг-н жинд О.Цэцэнцэнгэл өрсөлдөх нь манай улсаас олимпод аав, хүү тамирчид оролцсон 3 дахь тохиолдол болно. Түүний аав Б.Одхүү 2000, 2004 оны олимпод (жүдо -100 кг) оролцсон байдаг. Өмнө нь чөлөөт бөхийн төрөлд 1972 оны олимпын мөнгөн медальт Х.Баянмөнхийн хүү Б.Гантогтох 1996 оны олимпод (чөлөөт бөх) оролцсон нь анхдагч юм. Дараа нь 1980 оны олимпын мөнгөн медальт Ц.Дамдин агсны хүү Ц.Сүлдбаяр 2004 оны олимпод (жүдо) оролцож байжээ.
15. Л.Сосорбарам 23 настайдаа 2 дахь олимпдоо оролцоно. Эмэгтэй жүдочдоос хоёр олимпод дараалан оролцож буй нэг л тамирчин байгаа нь тэр юм. Өмнөх олимпод 9-р байрт шалгарсан түүний хувьд 2018 онд залуучуудын олимпоос мөнгөн медаль хүртэж байв.
16. Монгол Улсаас боксын төрлөөр анх удаа эмэгтэй хоёр тамирчин олимпын наадамд өрсөлдөх гэж байна. “Токио 2020” наадамд М.Мягмаржаргал манай улсаас олимпод оролцсон анхны эмэгтэй боксчин болсон юм. Харин энэ удаад О.Есүгэн 50 кг-н жинд, М.Энхжаргал 54 кг-н жинд олимпод оролцсон манай улсын анхны эмэгтэй боксчид болно. Олимпын наадамд 2012 оноос эхлэн эмэгтэйчүүд боксын төрлөөр өрсөлдөж эхэлсэн байдаг.
17. Монголчууд боксын төрлөөр анх 1972 оны олимпод оролцсоноос хойш (1984 онд Монголын баг оролцоогүй) нийт 12 олимпод дараалан оролцжээ. Мөн “Барселон-1992” наадмаас эхлэн олимпод эрх олгон оролцуулах болсноос хойш боксчид тус наадмыг өнжиж байсан удаагүй. Харин “Парис 2024” манай эрэгтэй боксчид эрх авч чадаагүй анхны олимп болж байна.
18. Монгол Улсын тамирчдаас боксын төрлийн анхны олимпын медалийг Н.Энхбат агсан (1988 хүрэл) хүртсэн билээ. Түүнээс хойш монголчууд боксын төрлөөр олимпоос нийт 7 медаль (1 алт, 2 мөнгө, 4 хүрэл) хүртээд байна.
19. Буудлагын үндэсний шигшээ багийн тамирчин Н.Баяраа Лондоны олимпоос хойш 12 жилийн дараа дахин нэг удаа олимпод оролцоно. Манай улсаас ийм хол зайтай олимпод оролцож буй анхны тамирчин тэр болно.
20. Монгол Улсаас гар бууны төрөлд эмэгтэй тамирчид 1992 оноос хойш олимпын наадамд тасралтгүй эрхээ аван оролцож ирсэн байдаг. Гэсэн ч 32 жилийн дараа ийнхүү өнжиж байна. Анхны медалийг гавьяат тамирчин Д.Мөнхбаяр (1992 хүрэл), удаах медалийг хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа (2008 мөнгө) хүртэж байв.
21. Монголчууд олимпод оролцсон анхдагч 5 төрлийн нэг дугуйн спортоор манай тамирчид анх удаагаа олимпод эрхээ аван оролцох гэж байна. Өмнө нь Монголын дугуйчид олимпод 4 удаа эрх авалгүйгээр оролцож байв. Тиймээс Монгол тамирчин дугуйн спортоор эрх аван оролцсон анхны олимп “Парис-2024” болно.
22. Манай дугуйчид олимпод 1964, 1980, 1992 онд хүсэлтээр, 1996 онд цагаан хуудсаар оролцож байлаа. Ийнхүү 28 жилийн дараа олимпын замд уралдах болсон нь монголчуудын хамгийн хол зайтай олимпод оролцсон төрөл болж байна. С.Жамбалжамц 27 настайдаа, Б.Тэгшбаяр 26 настайдаа анхны олимпдоо хурд сорино.
23. Монголчууд байт харвааны төрлөөр 1972 оноос эхлэн олимпод оролцсон байдаг. 2024 оны Парисын зуны олимпод Д.Отгонболд оролцох гэж байна. Тэрээр манай улсаас Азийн наадамд түрүүлсэн анхны харваач болж, улмаар олимпын эрхээ авсан билээ.
24. Гавьяат тамирчин М.Анхцэцэг 3 дахь олимпын наадамдаа оролцох гэж байна. 26 настай тэрээр хүндийн өргөлтийн төрлөөр олимпын наадамд 3 дараалан оролцсон Монголын анхны тамирчин болно. Парисын олимпод оролцох Монголын багаас зөвхөн Б.Сэр-Од дараалан 6 олимпод орж байгаа амжилтаараа түүний дээр бичигдэнэ.
25. Монголчууд хүндийн өргөлтийн төрлөөр олимпын наадамд анх 1972 онд (4 тамирчин) оролцсон юм. Тухайн цагаас хойш 7 удаагийн олимпод 14 тамирчин (давхардсан тоогоор 15) өрсөлдөж байжээ. Мөн хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр 1996 оны олимпод эрхээ аван оролцохоор очсон ч бэртлийн улмаас тэмцээндээ оролцож чадаагүй байдаг.
26. Марафонч Н.Мөнхзаяа 3 дахь олимпдоо дараалан оролцохоор боллоо. Ингэснээр тэрээр хөнгөн атлетикийн төрлөөр олимпод 3 дараалан оролцсон анхны эмэгтэй тамирчин, 3 удаа оролцсон 2 дахь эмэгтэй тамирчин болно. Өмнө нь эмэгтэйчүүдээс Л.Отгонбаяр 2004, 2012, 2016 оны олимпын наадмуудад оролцож байв. Мөн энэ удаагийн олимпын багт 3 болон түүнээс дээш удаа олимпод оролцож буй 3 тамирчин байгаагийн нэг нь Н.Мөнхзаяа юм.
27. Хөнгөн атлетикийн төрөлд Г.Хишигсайхан 33 насандаа анхны олимпдоо оролцох гэж байна. Өмнө нь 33 болон түүнээс дээш настайдаа анхны олимпын эрхээ авсан монгол тамирчин байхгүй. Тэрээр энэ оны 3-р сард Токио хотноо олимпын эрхээ авч, 2:26.32 секундийн амжилтаар улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Марафончдоос Парисын олимпын эхний эрхийг авсан Г.Хишигсайхан өмнө нь ДАШТ-д 2017 онд 52-р байр, 2019 онд 25-р байрт шалгарч байв.
28. Нээлтийн ажиллагаанд эрэгтэй тамирчдаас гавьяат тамирчин Б.Сэр-Од (хөнгөн атлетик), эмэгтэйчүүдээс О.Есүгэн (бокс) нар эх орныхоо далбааг барин жагсана. Б.Сэр-Одын хувьд өмнө нь “Лондон-2012” зуны олимпод Монголын багийн тугчаар жагсаж байсан бол боксын тамирчин анх удаа тугчаар жагсахаар болоод байгаа юм. Монголчууд олимпоос медаль хүртсэн 4 спортын нэг боксын төрлөөс өмнө нь олимпын тугч байгаагүй нь сонирхолтой. Урьд нь жүдо бөхийн тамирчин 7 удаа, чөлөөт бөхийн тамирчин 5 удаа, хөнгөн атлетикийн тамирчин 2 удаа, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчин 1 удаа тугчаар жагсжээ. Б.Сэр-Одын хувьд нэгээс олон удаа тугчаар жагссан 2 дахь тамирчин болно. Өмнө нь Б.Бат-Эрдэнэ аварга 3 удаа туг барин жагссан байдаг.
29. Монголчууд 1964 оноос эхлэн олимпод оролцож, өнгөрсөн 60 жилийн хугацаанд 30 медаль хүртжээ. Ингэхдээ 14 удаа олимпод оролцсоноос 1964, 2000 оны наадмуудад медаль хүртэж байсангүй. Мөн 1984 оны олимпын наадамд оролцолгүй өнжсөн байдаг. Ард түмний бахархал болсон 29 тамирчин тус 30 медалийг (Н.Түвшинбаяр 2 медаль) хүртсэн билээ.
30. Манай улсаас сүүлийн 2 олимпод дараалан 43 тамирчин оролцсон ч энэ удаад цөөрч 32 тамирчин оролцох эрхээ авчээ. 1980, 2016, 2021 оны олимпуудад 43 тамирчинтай оролцсон нь хамгийн олон бол 1976, 1992 онд 33 тамирчинтай оролцсон үзүүлэлт нь удаах байрт орно. Тамирчдын тоо цөөрсөн боловч энэ нь амжилт буурна гэсэн үг биш болой.
31. Токио хотноо болсон зуны олимпын 32-р наадамд манай улсын баг 10 спортын төрлөөр оролцсон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. Харин энэ удаагийн олимпод байт харваа, хөнгөн атлетик, бокс, дугуй, жүдо буудлага, усанд сэлэлт, хүндийн өргөлт, чөлөөт бөх гэсэн 9 төрөлд өрсөлдөх юм.
32. 2016 онд таеквондогийн төрлөөр анх удаа, 2021 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөл болон ширээний теннисний төрлөөр анх удаа олимпын эрх авч монгол хүн олимпод оролцсон төрлүүд нэмэгдэж байсан. Тэгвэл энэ жил шинээр эрх авсан спортын төрөл байсангүй.
33. Монголын баг анх удаагаа Парис хотноо зуны олимпод оролцох гэж байна. Өмнө нь Бээжин, Лондон хотуудад хамгийн өндөр амжилтаа гаргаж байв. Тодруулбал “Лондон-2012” наадамд 5 медаль хүртсэн нь хамгийн олон, “Бээжин-2008” наадамд 2 алт, 2 мөнгөн медаль хүртсэн нь медалийн чанараар хамгийн өндөр амжилт (31-р байр) болсон байдаг.
- Монголчууд бид олимпизмын хөдөлгөөнд нэгдээд нэгэн жаран өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улсын шигшээ багийн үе үеийн тамирчид та бидний итгэлийг алдалгүй, тив тивийн шилдгүүдийн өрсөлдөөнд амжилт ялалтын буухиагаа алдалгүй үргэлжлүүлсээр ирсэн билээ. Харин өдгөө шинэ мянган гараад мэндэлсэн, шинэ үеийн, шинэ цагийн тамирчдын өөрсдийгөө харуулах цаг эхлээд буй.
“Парис-2024” олимпод оролцох Монголын багийн тамирчдын дундаж нас 26.1 байна. Мөн чөлөөт бөхийн Д.Отгонжаргал, Б.Хонгорзул, жүдо бөхийн Л.Сосорбарам, боксын О.Есүгэн зэрэг 2000 оноос хойш төрсөн тамирчид тус бүрийн төрөл, жиндээ олон улсад медалийн таамагт яригдаж байгаа тамирчид юм.
Монгол тамирчдын яруу алдар үүрд мандан бадрахын ерөөл өргөж, уншигч олны өмнөөс анх удаа 3 жилийн зайтай болж буй олимп, 33-р зуны олимпын наадамд оролцох 32 тамирчиндаа амжилт ялалтын дээдийг ерөөе. Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа Парисын олимпод олонтоо мандаж, 16 жилийн дараа Монгол төрийн дуулал олимпын тэнгэрт дахин эгшиглэх болтугай…
СПОРТЫН СЭТГҮҮЛЧ О.СОНИНБАЯР
Сэтгэгдэл
Л.СҮХЭЭf. [202.126.89.223] 2024-07-26 11:33:57
Сайхан нийтлэл байна.Баярлалаа.Олимпийн наадмын үeэр сонин сайхан мэдээлэл өгөхийг хүсьe.
Zochin [66.181.188.61] 2024-07-25 13:17:31
33 tamirchin oroh baihad yagaad 32 gej bicheed bna
Баги [202.55.188.125] 2024-07-24 18:54:23
Маш гоё нийтлэл бтчсэн Снтгүүлчид баярлалаа тамирчиддаа АМЖИЛТ хүсье !.Уухай !..
huvtsas [91.186.76.8] 2024-07-24 17:22:14
Manj hyatadiin huvtsasnaas busdaar bol mash saihan. Mongolchuud medal avch chadna! Manjiin huvtsas songoson Batbold hujaagiin huug olimpiin horoonoos zailuulah heregtei. Hujaa bol hujaa baidag um
DR. ADITY [129.205.113.173] 2024-07-24 15:59:57
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
marafon, hundiig urgultuur yum duulgah baih ged l goridood bgaa shuu [66.181.160.62] 2024-07-24 11:16:24
MARAFON \HUNDIIG URGULT
зочин [202.9.46.140] 2024-07-24 09:05:00
тамирчиддаа амжилт хүсье нэг алт 3 мөнгө 2 хүрэл авхаар бана аа
Л.Очир [172.56.42.12] 2024-07-23 20:58:59
Олимпод усан сэлэтээр дандаа 2 тамирчин оролцдог болгосон гавьяг ахмад усчин Арслан анх Монголын усан сэлэлтийн холбоог батлуулан ОУУСХ олон улсын усан сэлэтийн холбоонд элсуулсэний ач юм. Тэгсэнээр Монгол Улс олимпод усан сэлэлтээр 2 цагаан билетээр тамирчид оруулах эрхтэй болсон