Нобелийн шагналтнууд шагналаа гардаж авлаа
2024 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналыг хүртсэн эрхмүүдэд өчигдөр албан ёсоор шагналыг нь гардуулан өглөө. Норвегийн Осло болон Шведийн Стокхольм хотуудын концертын их танхимуудад шагналтнуудад шагналыг нь гардуулсан байна.
Нобелийн энх тайвны шагналыг энэ жил Японы цөмийн зэвсгийг эсэргүүцэгч Нихон Хиданкё бүлэг хүртсэн. Тус бүлэг Норвегийн Осло хотод шагналаа гардаж авсан байна. Энэ бүлэгт дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1945 оны наймдугаар сарын 6, 9-нд Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын цөмийн бөмбөгдөлтөд өртөж амьд үлдсэн хүмүүс нэгдсэн байдаг аж.
Америкийн цөмийн дайралтад өртсөн ч амьд үлдсэн гурван ахмад бүлгэмд байдаг бөгөөд тэдний нэг 92 настай Тэруми Танака шагналыг гардаж авахдаа дэлхийн улс орнуудад хандаж цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц бүтээхийг уриалжээ. Бараг 80 жилийн өмнө болсон цөмийн бөмбөгдөлтийн үед Танака 13 настай байжээ. Танакагийн гэр Нагасаки хотод байсан бөгөөд гэрээс нь ердөө гурван км-ын цаана бөмбөгдөлт болж гэр бүлийнх нь таван хүн амиа алдсан байна.
Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Нихон Хиданкё бүлэг цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Хирошима, Нагасаки хотуудын иргэдээс яриа авч, цөмийн зэвсгийн хор уршгийг дэлхийн нийтэд таниулж, цөмийн зэвсгийг устгахын төлөө үйл ажиллагаа явуулдаг юм.
Тус байгууллага Нобелийн шагнал хүртсэнд хүндэтгэл үзүүлж Норвегийн Осло хотод бамбартай иргэд жагсаалд нэгдсэн байна. 1945 оны бөмбөгдөлтөөр Япон улсад 214000 хүн нас барсан тоо байдаг. Японы Засгийн газрын тооцоолсноор Америкийн цөмийн дайралтын гэрч болсон 106800 хибакуша өнөө цагт амьдарч байна. Хибакуша гэдэг нь цөмийн дайралтаас амьд үлдсэн хүмүүсийг хэлдэг. Тэд өдгөө дунджаар 85 настай байгаа юм.
ОХУ, Украины дайн үргэлжилж байгаа энэ цагт цөмийн аюул заналхийлэл байсаар байна. Нөгөөтэйгүүр Умард Солонгос, Иран улсууд мөн цөмийн зэвсгийг хөгжүүлж байгаа. Дэлхий дээр цөмийн зэвсэгтэй есөн улс байдаг. Үүнд Их Британи, Хятад, Франц, Энэтхэг, Умард Солонгос, Пакистан, ОХУ, АНУ, албан бусаар Израиль багтдаг.
Нихон Хиданкё бүлгийн судалгаагаар дэлхий дээр 12000 цөмийн цэнэгт хошуу байгаагаас 4000 нь байлдааны бэлэн байдалд байдаг ажээ.
Энэ жил анагаах ухаан, физик, хими, эдийн засаг, утга зохиолын салбарт Нобель хүртсэн эрхмүүд Стокхольм хотод Шведийн хаан зургадугаар Карлаас шагналаа гардан авсан байна. Шагналыг 11 сая швед крон буюу нэг сая гаруй ам.доллар дагалддаг. Шагнал гардуулах ёслолын дараах хүндэтгэлийн зоогийн арга хэмжээнд 1250 зочин уригдан оролцжээ.
Энэ жил утга зохиолын салбарт Өмнөд Солонгосын зохиолч хатагтай Хан Ган Нобель хүртсэн нь түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болсон. “Цагаан хоолтон” бүтээлээрээ дэлхийд анхлан танигдсан Өмнөд Солонгосын 54 настай зохиолч эмэгтэй утга зохиолын салбарт Нобель хүртсэн 18 дахь эмэгтэй, 2012 оноос хойшхи анхны ази зохиолч болсон юм. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жунээс хойш хоёр дахь удаагаа Нобелийн шагналыг эх орондоо авчиржээ.
Сэтгэгдэл