Банк бус санхүүгийн байгууллагуудын зээл 2020 оныхоос 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 573 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 2024 онд үйл ажиллагаа явуулсан аж. Энэ нь 2023 оныхоос 8.3 хувиар нэмэгджээ. Тэд давхардсан тоогоор 5.4 сая харилцагчидтай болжээ.
ББСБ-уудын 4.9 хувь нь гадаадын, 95.1 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай. Тэдний хөрөнгийн хэмжээ 7.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 2,455.1 тэрбум төгрөгөөр, 2020 оныхоос 3.6 дахин нэмэгджээ. Үүнд зээлийн 84.5 хувийн өсөлт нөлөөлжээ.
Салбарын өр төлбөр, өөрийн хөрөнгө нь 2023 оныхоос 2.5 их наяд төгрөгөөр (52.5 хувь) нэмэгдсэн байна. Энэ нэмэгдлийн хувьд 62.3 хувь нь өр төлбөрийнх, 37.7 хувь нь өөрийн хөрөнгийнх байна.
Энэ үзүүлэлт нь 2023 оныхтой харьцуулахад итгэлцлийн үйлчилгээний эх үүсвэр 82.4 хувиар, банк, санхүүгийн байгууллагаас татсан эх үүсвэр 2.1 дахин, ББСБ-аас гаргасан өрийн бичиг 71.4 хувиар нэмэгджээ.
ББСБ-уудын нийт хөрөнгө Монгол Улсын ДНБ-ий 8.2 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүрчээ.
Салбарын зээлийн хэмжээ 5,750.4 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь 2023 оныхоос 2,074.5 тэрбум төгрөгөөр, 2020 оныхоос 4.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Нийт зээлийн үлдэгдлийн 90.5 хувь нь иргэнд, 9.5 хувь нь хуулийн этгээдэд олгожээ. Салбарын олгосон зээлийн 21.7 хувийг 1 сар хүртэлх, 20.8 хувийг 6-12 сарын, 19.4 хувийг 2.6-5 жилийн, 16.5 хувийг 1-2.5 жилийн хугацаатай зээл бүрдүүлж байна.
Улсын хэмжээнд ББСБ-аас 1 зээлдэгч дунджаар 2.5 сая төгрөгийн зээл авчээ. Энэхүү үзүүлэлт орон нутагт 1.5 сая байгаа юм. Уг үзүүлэлт 2023 онд 2.3 сая байсан байна. Түүнтэй харьцуулахад 6.9 хувийн өсөлт гарсан байгаа юм. Олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 3,5 хувь болжээ. Энэ нь 2023 оныхоос 0.2 пунктээр нэмэгдсэн байна.
ББСБ-уудын 2024 оны орлого 1,828.2 тэрбум төгрөг, бүтцийг нь авч үзвэл, 1,644.1 тэрбум төгрөг хүүгийнх, 154.5 тэрбум төгрөг хүүгийн бус байна.
Үйлчилгээний зардал 1, 130.3 тэрбум төгрөг, түүний бүтцийг авч үзвэл, 75.9 хувийг үндсэн үйл ажиллагааны зардлын хувьд 459 төгрөгийг хүүгийн бус, 398.8 тэрбум төгрөгийн хүүгийнх гэжээ.
ББСБ-уудаас 504 нь 705.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин 10 нь тайлант хугацаанд ашиг, алдагдалгүй гарсан байна. Гэтэл 59 нь 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж.
Улсын төсөвт 175.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Мөн НДШ-д 22.5 тэрбум төгрөг, ХХНОАТ 15,9 тэрбум төгрөг, ААНОАТ-т 137.3 тэрбум төгрөг төлсөн байна. ББСБ-ууд нэг төгрөгийн орлого олохын тулд дунджаар 61.8 төгрөгийн зардал гаргаж байна гэж СЗХ-ны нэгтгэсэн тайланд дурджээ.
Сэтгэгдэл