О.Батнайрамдал: БЗС-гийн зарцуулалт зөв хүмүүстээ очиж байсан бол өнөөдөр Монголын дүр төрх ийм байхгүй л болов уу

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Та Боловсролын зээлийн сангийн журамд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн. Энэ журмыг хэрхэн өөрчлөхөөр төлөвлөж буй талаар ярилцъя?
-Боловсролын зээлийн сан дээр сүүлийн хоёр жил маш олон асуудал байсныг бид бүгдээрээ ойлгосон. Том дүнгээр нь аваад үзэхээр, энэхүү сан 1992 онд байгуулагдсанаас хойш бараг 30 гаруй жилийн хугацаанд давхардсан тоогоор 1.4 сая орчим суралцагчид хүрсэн байна.
Нийт 1.3 их наяд төгрөг тухайн суралцагчдыг гадаад, дотоодод боловсрол эзэмшихэд зарцуулагджээ. Нэг талаасаа хүртээмжтэй байсан ч нөгөө талаасаа маш их асуудал дагуулж ирсэн байна.
Сонирхолтой статистик дурдахад, татвар төлөгчдийн 1.3 их наяд төгрөг зарцуулагдсаны 70 хувь нь дотоодын суралцагчдад, үлдсэн 30 хувь буюу 440 орчим тэрбум төгрөг гадаадад суралцсан 3700-хан суралцагчдад зарцуулагдсан байна.
-Гадаадад суралцагчдын тоо харьцангуй бага байжээ?
-Тийм ээ. Гэхдээ харьцангуй том төсөв гадаадад суралцагчдад зарцуулагдсан гэсэн үг.
-БЗС-гийн шалгуур өнөөдрийг хүртэл хэдэн журмаар зохицуулагдаж ирсэн бэ?
-Олгож буй бүтээгдэхүүний тэтгэлэг, зээл, бусад тусламжууд бүгд нэгхэн журмаар зохицуулагдаж иржээ. Тэр журмыг ажлын хэсгийн хүрээнд ухаад төнхөөд үзэхээр 27 орчим хуудас. Гэхдээ 30-аад жилийн хугацаанд 28 удаа нэмэлт, өөрчлөлт орсоор байгаад уншаад ойлгоход хүнд болчихсон, өөрөө хүнд суртал болчихсон журам байхгүй юу.
Би 10-аад удаа уншсан, одоо хүртэл яагаад гэсэн асуултууд их байна. Тэр журмыг хэрэглэгчид нь оюутан суралцагчид. Тэд битгий хэл мэргэжлийн хуульч уншаад ойлгохгүй хэмжээнд хүрсэн.
Ингэж олон удаа нэмэлт, өөрчлөлт орсоор байгаад сэглэгдсэн журам байгаа юм. Ийм журам дээр дахиад нэг жаахан засвар, дахиад нэг засвар гээд яваад байж. Тэгэхээр дахин жаахан засвар ороод, 2025 оны элсэлт явагдана гэхээр өөрөө шударга бус болчихож байгаа юм.
Байнгын хороон дээр ажлын хэсгээс өгсөн чиглэл гэвэл энэ журмаа бүр халаад, цоо шинэ, үндсэн хэрэглэгч болох суралцагчаа төв болгосон, маш ойлгомжтой, цэгцтэй, сонгон шалгаруулалт нь шударга, ил тод, ашиг сонирхлоос ангид, үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд явагдах ёстой гэсэн шаардлагыг Засгийн газарт тавьсан.
-Энэ онд улсын төсөвт хэдэн төгрөг тусгасан бэ?
-2025 оны төсөлд БЗС-д 158.4 тэрбум төгрөг туссан. БЗС-гийн 33 жилийн хугацаанд хамгийн өндөр төсөв батлагдсан жил. Энэ нэг талаасаа маш сайшаалтай. Нэг ёсондоо боловсрол руу татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Сонголт шалгаруулалт, зарцуулалт маш ил тод, шударга явах ёстой. Энэ дээр оюутан суралцагчид, аав ээж нарын маш том хүлээлт бий.
БЗС-гийн зарцуулалт зөв хүмүүстээ очиж байсан бол өнөөдөр Монголын дүр төрх ийм байхгүй л болов уу. Яагаад вэ гэвэл шийдэл болгоны ард хүн л байдаг. Хүний ур чадвар боловсролоор дамжиж ирж байдаг. Тийм учраас энэ санг хэл ам дагуулсан ч хамаагүй бид заавал зөв болгож авах ёстой.
-Гадны орнууд БЗС-гаа яаж удирддаг жишиг байна вэ?
-Бид Парламентын судалгааны хүрээлэнгээр БЗС бусад улсад ямар жишигтэй байдаг вэ, жишээлбэл эргэн төлөлт, асуудлуудаа яаж шийддэг вэ гээд судалгаа хийлгэсэн л дээ. Америк, Герман, Хятад, БНСУ, Малайз, Азербайжан зэрэг хөгжилтэй, хөгжилгүй янз бүрийн орны жишээг авч үзсэн.
Бүгдэд нь БЗС шиг татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгөждөг, боловсролд хөрөнгө оруулдаг сангууд байна. Яг л зээл, тэтгэлэг, буцалтүй тусламж олгодог. Бүгдээрээ л улсынхаа Боловсролын яамны дэргэд байрладаг сангууд. Оюутан сурагчдаа, боловсон хүчний бодлогоор дэмждэг олон орон байна. Тэнд юу ойлгомжтой байна вэ гэхээр татвар төлөгчдийн мөнгө зээл хэлбэрээр очсон бол заавал эргэн төлөгддөг.
Эргэн төлөгдөхгүй бол хариуцлагын механизм нь ажилладаг байна. Тэрнээс биш зээл авчихаад, түүнийг хэн нэг албан тушаалтан дур мэдэж чөлөөлдөг, эсвэл тэрийгээ тэтгэлэг гэж ойлгодог зөрүүтэй ойлголт байхгүй байна.
-Дээрх улсуудад хариуцлагын механизм нь яаж ажиллаж байна вэ?
-Зээлээ төлөхгүй бол хүү нь өсдөг. Эсвэл зээлжих зэрэглэл нь буурдаг хариуцлагын механизмыг маш ойлгомжтой тусгаж өгсөн байдаг юм билээ. Буцалтгүй тусламж мэдээж илүү зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн. Тэтгэлэг нь олон улсын жишгээр аваад үзвэл хоёр төрөл байгаа юм. Нэг нь хэрэгцээн дээр суурилсан буюу тэр хүүхдэд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай бол, нөгөөх нь мерит буюу авьяас чадварыг нь үнэлэн олгодог.
Хэлбэрүүдийн хувьд Монголд бүх төрөл байдаг мөртлөө сонгон шалгаруулалт, хяналтын механизм нь сул ажилладаг. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчдийн мөнгөнд дэндүү хайнга хандаж байгаа асуудал гараад байгаа юм. Тэгэхээр бид нэгд, 2025 оны БЗС-гийн шалгаруулалт шинэ журмаар, маш ойлгомжтой, шударга, ард түмний нүдэн дээр ил тод явах ёстой. Хоёрдугаарт, БЗС-гийн шугамаар гадаадад сурчихаад, эргэж ирээгүй тэр чигтээ явсан олон оюутан байна.
-Бүр гадны иргэншилтэй болсон нь ч цөөнгүй байх шиг байсан?
-Энэ бол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрх. Тийм тохиолдолд тэр хүүхдэд сонголтыг нь л өгөх ёстой. Санхүүжилтээ эргэн төлөөд, дараагийн хүүхэд явах боломжийг олгох сонголтыг бид хийж өгөх ёстой. Дээрээс нь сонгон шалгаруултын асуудал байна.
Ялангуяа гадаадын зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалт нийт гомдлын 70, 80 хувь байдаг. Урьд нь дэлхийн том сургууль төгссөн хүүхдүүдээс ярилцлага аваад, эсээ, оноог нь аваад дахиад нэг их сургуульд тэнцэхэд бүрдүүлэх материал өгдөг юм шиг л шалгаруулалт явдаг байсан. Энэ болгонд нугалаа, авлига, арын хаалга, ашиг сонирхол зөрчил орж ирдэг.
-Хэл ам дагуулсан сүүлиййн хоёр жилд ямар өөрчлөлтүүд орсон бэ?
-Өнөөдрийн сонгон шалгаруулалтын оноожуулалтын 80 хувь нь тухайн сургуулийн дэлхийн эрэмбээс хамаардаг. Үлдсэн 20 хувь нь ерөнхий мэдлэгийн тестээр жагсаадаг. Энэ талаар бид маш олон оюутнуудтай ярилцсан. Миний хувьд ЕБС-ийн бараг 50 гаруй сургуулийн, томоохон их дээд сургуулийн нийтдээ бараг 9000 гаруй оюутантай уулзаж, санаа оноог нь сонслоо л доо.
Оюутнуудаас маш ухаалаг шийдлүүд гарч байна. Тэд өөрсдөө үндсэн хэрэглэгчид учраас шийдлээ мэдэж байгаа байхгүй юу. Үнэлэхдээ дэлхийн сургуулийн эрэмбэ харах нь чухал. Эрэмбэ нь дэлхийн сургууль хэн нэгнээс үл хамааран дэлхийд хэдэд жагсдаг нь жишээлбэл дөрөв, таван мянган сургуулийг эрэмбэлсэн эрэмбээс авахад ямар ч асуудалгүй байгаа юм.
Түүн дээр оноожуулалтынхаа тодорхой 30 ч юм уу хувийг, дээрээс нь тухайн оюутанд тухайн сургуулиасаа тэтгэлэг авсан бол урамшуулах ёстой. Тэтгэлэг авсандаа тэр хүүхэд нэгдүгээрт, урамшуулал авах ёстой. Хоёрдугаарт, үлдсэн төлбөрийг нь төлсөн ч төр талдаа ашигтай. Тэгэхээр авсан тэтгэлгийн хэмжээгээр онооны урамшуулал авах ёстой. Гуравдугаарт, тухайн сургуулийн нийт төлбөрийн хэмжээ гэсэн гурван үндсэн шаардлага байх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
-Нийт төлбөрийн хэмжээ яагаад чухал вэ?
-Дэлхийн нийт сургуулиуд дотор тухайн сургуулийн бодлогоосоо, амьдрах нөхцөлөөс хамаараад нийт төлбөрийн хэмжээ өдөр, шөнө шиг ялгаатай байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын их сургуульд бакалавраар сурахад бараг 1.2 тэрбум төгрөг буюу бараг 300 орчим мянган ам.доллар байна. Гэтэл Азийн бараг нэг номерын сургууль гэж нэрлэгддэг Токиогийн их сургуулийн нэг жилийн программ нь л 20 мянга орчим ам.доллар.
Хоёулаа дэлхийд эхний 30-д эрэмбэлэгддэг сургуулиуд. Магадгүй Стэнфорд руу нэг оюутан явах төлбөрөөр бид Токиогийн их сургууль руу бараг дөрвөн оюутан явуулж болохоор байна. Тэгэхээр энэ төлбөрийн хэмжээг нь оноожуулалтад нь жин болгож өгөх хэрэгтэй гэсэн зохицуулалтыг тусгаж өгсөн байгаа юм.
Ингэснээр нэг талдаа, оюутан суралцагчдаа илүү урамшуулсан байдлаар, нөгөө талдаа хязгаарлалттай төсвөөр аль болох олон хүүхдээ Монгол Улс суралцуулах чиглэл рүү нь хандуулах нь зөв юм аа гэж бид бүхэн оруулсан.
-Боловсролын багц хуульд багш, ажилтны хүүхдүүдийг суралцахад төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Энэ тухайд?
-Энэ дээр Засгийн газраас баталсан журмыг шинэчлэн өөрчлөх, сайжруулах шаардлага үүсчээ гэж үзсэн. Жишээлбэл, тасралтгүй 15 жил ажилласан багшийн хүүхэд гэж бий. Тасралтгүй 15 жил гэдэг нь дунд нь нэг сарын ч юм уу завсарлага авах ёсгүй юм шиг, энэ мэтчилэн маргаантай асуудлуудыг засах шаардлага байгаа юм.
Мөн малчнаар 10-аас доошгүй жил ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр судлалын чиглэлээр суралцахад нь төрөөс үнэ төлбөргүй сургана гээд хуулиндаа заасан. Энэ хууль хэрэгжих ёстой. БЗСгаар дамжаад энэ санхүүжилт хийгдэх ёстой. Эдгээрийг хийх ёстой юм гэсэн агуулгуудыг тусггасан байнгын хорооны тогтоолыг Засгийн газар руу чиглэл өгч явуулсан.
-БЗС-гаар дамжиж гадаад, дотоодод суралцагсдын зээлийн эргэн төлөлт хэдэн хувьтай байна вэ?
-Сонгон шалгаруулал таас гадна дараагийн том асуудал зээлийн эргэн төлөлт. Дотоодод зээлээр хамгийн их оюутан суралцсан ч эргэн төлөлт нь 98 хувьтай, хангалттай түвшинд байна. Зээлээ эргэн төлөхгүй байгаа бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд ордог. Хариуцлагын механизм бүрдсэн гэсэн үг. Сүүлийн 10 жил ингэж явж ирсэн.
Урьд өмнө нь дипломыг нь хурааж авчихаад, зээлээ эргэн төл гээд өгдөггүй байсан. Одоо БЗС дээр сүүлийн 10 жилийн хугацаанд 15 мянган диплом хураалттай байна. Тэрийг ирж авдаг хүн байхгүй болсон. Гадаадад суралцагсдын тухайд, асуудал болгож тавихаас өмнө зээлийн эргэн төлөлт гэж байдаггүй байсан.
Тэдгээр хүүхдүүдийн араас хөөцөлдөж, архив үүсгэсэн ч тохиолол байхгүй байна. Тэр чигт нь хаячихсан. Татвар төлөгчдийн мөнгөнд дэндүү хайхрамжгүй хандсан эс үйлдэхүй гэж хэлэхээс өөр аргагүй. Дотоодын оюутнуудтай харьцуулахад хэт ялгавартай хандсан, хүний эрх зөрчсөн асуудал.
-Дотоодын оюутнуудад гадаадын оюутнуудтай харьцуулахад 10 дахин бага зээл өгчихөөд, араас нь Монголбанк, дипломыг нь хураана гээд мөшгидөг. Гадаад явсан хүүхдүүдийг яагаад тэр чигт нь хаяж байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирж байна?
-Энэ бүхний тайлбар ерөөсөө л ашиг сонирхол байхгүй юу. Ашиг сонирхлоор явсан хүүхдүүдийн араас хэн ч хөөцөлдөхийг хүсээгүй. Бодвол хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг, тэр нь дуусахаар асуудал шийдэгдчихнэ гэж сүүлийн 30-аад жилд гадаад зээл дээр хандаж ирсэн. Сүүлийн хоёр жил асуудал дэвшүүлснээс хойш эргэн төлөлтийг шаардаж эхэлсэн. Үүнээс хойш 12 орчим тэрбум төгрөг эргэн төлөгдсөн.
440 тэрбумаас 12 нь төлөгдөөд, урдахтайгаа нийлээд 14 тэрбумын л төлөлт хийгдсэн. Тухайн үед 360 орчим тэрбум төгрөг байсан, сүүлд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг нэмэг дээд 440 болсон. Эргэн төлөлт 4 хувьтай байна. Харьцуулахад дэндүү чамлалттай байгаа биз дээ. Эндээс харахад хариуцлагын механизм огт байхгүй байсан байна.
Монголбанкны Зээлийн мэдээллийн санд гадаадад суралцагсдын зээлийн мэдээлэл одоо хүртэл ороогүй байна. Бид хоёрын ярилцаж буй энэ цаг хугацаа хүртэл “Оруулна аа” гэж Боловсролын яам ярьсаар хоёр жил болж байна. Огт ажил хэрэг болохгүй байна. Энийгээ яаралтай ажил хэрэг болгооч ээ. Энэ нь явж явж оюутан суралцагсдын эрхийг зөрчсөн асуудал болж хөндөгдөж байна.
Хэт ялгавартай. Дотоодын суралцагсад, гадаадынх ялгаагүй адил зээл бол зээл. Энэ хэт ялгавартай байдлыг яаралтай зогсоох ёстой. Энэ нь хүний эрхийн зөрчил гэж бид бас үзэж байгаа юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Д.ЭРДЭНЭТУЯА
Сэтгэгдэл
Зочин [122.201.19.4] 2025-04-10 10:14:16
Яриад байдаг ажил хэрэг болж байгаа зүйл нэг ч алга. Одоо хүртэл тэр журам өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй. Одоо оюутнууд сургуулиа сонгох хугацаа болчихоод байхад шинэ журам нь боловсруулагдсан эсэх нь тодорхойгүй дампуу юм аа,
Зочин [66.181.182.31] 2025-04-10 09:54:28
Танай МАН-ын хулгайчууд хэлний курсэд сурна гэж 35000$ хавтгайруулж авсан байсан. Чи түүнийгээ яриач …
Зочин [202.126.90.209] 2025-04-10 09:39:54
Энэ хүн 4 жил ийм юмаа яриад оюу толгойг хамгаалаад суух юм байхдаа өөр юм санаачлаач