Хятадын хямрал Монголд ч хамаатай

Д.Тулга / Эдийн засаг

ediin zasagОйрын өдрүүдэд ам.долларын ханш чангарч байна. Үүнийг зэсийн үнэтэй холбон тайлбарлахаас гадна цаашид ч ам.доллар өсч магадгүй шалтгааныг эдийн засагчид болоод шинжээчдийн дүгнэж буйгаар Хятадыг нөмөрч байгаа хямралтай холбон тайлбарлаж байна.

-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ ХЭРХЭХЭЭС ОЛОН ЗҮЙЛ ШАЛТГААЛНА-

Тяньжинд болсон дэлбэрэлтийн улмаас багагүй хохирол амссан Хятад улсын хувьд даваа гаригт түүхэн дэхь хамгийн том хямралтай нүүр туллаа. Дэлхийн томоохон хэвлэлүүд ч энэ талаар онцолсон байв. Учир нь энэ нь дан ганц Хятадын тухай асуудал биш юм. Шанхайн хөрөнгийн бирж дээрх огцом уналт дан ганц Хятад улсад хүнд цохилт болоод зогсохгүй Европ, АНУ-ыг тойрсонгүй. Даваа гаригт шанхайн хөрөнгийн бирж дээр Shanghai Composite индекс 8.5 хувийн уналттай гарсан нь тус улсын хувьд 2007 оноос хамгийн доод түвшиндээ хүрч буй анхны тохиолдол. Энэ өдөр Нью-Йорк дахь хөрөнгийн бирж дээр гол хувьцаануудын ханш огцом унасан юм. Эдгээр уналт нь АНУ-ын толгой компаниудыг сэхээ өгөлгүй дайран өнгөрсөн бөгөөд Apple, Microsoft, General Electric, Google зэрэг томоохон компаниудын хувьцаа өмнөх үеийнхээсээ хэд дахин буурсан байна. Эдийн засгийн тогтвортой байдалд буй тус улс орнуудын хувьд энэ нь 2008 онд АНУ-аас улбаатай эдийн засгийн хямралаас хойшхи гэнэтийн цохилт байсан гэж болно. Ингээд даваа гаригаас хойш хөрөнгийн биржээ сэргээх зорилгоор БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж, 4.6 хувь болгоод байна. Ийнхүү өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш тав дахь удаагаа бодлогын хүүг бууруулж, арилжааны банкны зайлшгүй нөөцийн хэмжээг 0.5 хувиар багасгаснаар биржүүдэд хувьцаануудын ханш эргэн өсч эхэлсэн байна. Гэхдээ энэ байдлаа цаашид хэрхэн хадгалах вэ гэдэг хүлээлт үүснэ. Хятадаас давалгаалсан энэхүү хямралд хөгжиж буй улс орнууд өртөх магадлалтай хэмээн олон улсын шинжээчид дүгнэсэн нь оргүй зүйл биш юм.

-АМ.ДОЛЛАР ЦААШИД Ч ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА-

Манай нийт гадаад худалдааны 56 хувь нь дан ганц Хятад улсад ногдож байна. Нөгөөтэйгүүр Монгол Улсын нүүрсний зах зээл ганцхан БНХАУ гэж хэлж болно. Тэгэхээр манай нүүрсний экспорт БНХАУ-аас бүрэн хамааралтай гэсэн үг. БНХАУ-ын хувьд Монголоос гадна Орос, Австрали, Индонез, Вьетнам гээд өөр олон орноос нүүрс авдаг тул сонголт их. Монгол Улс нүүрснээс олон улсын зах зээлийн үнээс ихээхэн бага үнээр БНХАУ-д өгдөг. Гэтэл энэ жилийн хувьд нүүрсний үнэ хамгийн доод түвшиндээ хүрчихлээ. Цаашилбал, Тавантолгойн хөрөнгө оруулалтын асуудал ч бүдгэрнэ. Учир нь энэ удаагийн хямралын цохилтод дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид эрсдэлтэй байдалд орсон учир хувьцаануудаа зарж эхэлсэн төдийгүй хөрөнгө оруулалтын тухай асуудал эдийн засгийн байдал тогтворжих хүртэл хэсэгтээ нам жим болно л гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хоёр орны хоорондын худалдаа ихээхэн нэмэгдэж байгаа хэдий ч худалдаа үндсэндээ уул уурхайн түүхий эдээс хамааралтай болох эрсдэл өндөр байна. Хятадын төв банк юанийн ханшийн бодлогыг зөөлрүүлсэн ч ам.доллар цаашид энэ байдлаараа өсөх хандлагатай байгаа нь манай улсад олон талын хохиролтой. Учир нь манай улсын хувьд махнаасаа бусад бараа, бүтээгдэхүүнийг ам.доллараар авдаг гэхэд хилсдэхгүй биз. Сүүлийн нэг сарын турш эрчимтэй өсч байгаа ам.долларын ханшид дан ганц зэсийн үнэ нөлөөлөөгүй. Гадны хөрөнгө оруулалтын урсгал эрс татарсантай ч холбон тайлбарлаж болно.Ам.долларын ханш нэг хэсэг 1800 руу уруудаж эхэлсэн нь Худалдаа хөгжлийн банкны бондын 500 сая ам.долларын зах зээлд орж ирсний нөлөө байсан юм. Харин үүнээс хойш Монголын зах зээлд ам.долларын урсгал орж ирээгүй өдийг хүрсэн. Шанхайн хөрөнгийн бирж дээрх огцом уналтыг Хятадын эдийн засгийн шинжээч Гуй Хаомин хэлэхдээ “Дэлхий даяар хөрөнгийн биржүүд чөтгөрийн тойрогт орсон байна” хэмээн нэрлэсэн бол АНУ-ын эдийн засагчид “Хятад нурвал олон улс орнууд Грекийн араас мөлхөнө” хэмээн хэлсэн байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.