Оюутнууд галт тэргэнд гадны нөлөөтэй дайруулсан байж болзошгүй гэв

Д.Тулга / Хууль

tumur zam

-ЦАГДААГААС ХЭРГИЙГ НУУЦЛАЖ БАЙНА-

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдөр Толгойт өртөө орчмын төмөр зам дээр хоёр оюутан охин галт тэргэнд дайруулж, газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тодруулбал, Шинэ анагаах сургуулийн хоёр оюутан болох 1995 онд төрсөн Б, 1986 онд төрсөн Ц нар шалгалтаа өгч дуусаад, гэр лүүгээ харих гэж төмөр замын гарцаар гарч явахдаа дайруулжээ.

Тэд гэр лүүгээ байнга тэр замаар явдаг байсан аж. Төмөр замын гарам нь Шинэ анагаах сургуулийн замын хойно байдаг. Гарам дундуур явган хүний дээш гарсан шаттай бөгөөд тэр гарцаар иргэд Толгойтын зүг товчлон явдаг байна. Осол гарсан төмөр зам ямар нэгэн огцом эргэлт байхгүй, шулуун гарц тэмдэг тэмдэглэгээ ил байдаг. Хоёр оюутны алтан амийг авсан ослын газарт эмгэнэл илэрхийлэн, арц хүж уугиулж, идээ цагаа өргөсөн байсан юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр оюутан охидыг хоёулаа чихэвчний хөгжим сонсож явсан гэх ташаа мэдээлэл цацагджээ. Тухайн өдөр хэн нь ч чихэвчний хөгжим сонсож яваагүйг сургуулийнхан нь хэлж байлаа. Тус сургуулийн зүгээс талийгаач оюутнуудад эмгэнэл илэрхийлэн, сургуулийн хурлын зааланд оюутнуудаа цуглуулан ном уншуулж, хандивын хайрцаг нээн, ар гэрийнхэнд нь буяны ажилд зориулан хандив цуглуулах ажил зохион байгуулж байна. Талийгаач охид тус сургуулийн дөрөвдүгээр курс байсан бөгөөд нэг нь хоёр нялх хүүхэдтэй, нөгөө нь бага насны нэг хүүхэдтэй байжээ.

tumur zam

monos

"Сургууль болон ангийн багшийн зүгээс мэдээлэл өгөх боломжгүй, харин өөрсдийн буруугаас болж дайруулсан гэх мэдээлэл гарсан байсан. Хэний буруу болох нь тогтоогдоогүй байгаа. Хагас сайн өдөр 16:00 цаг орчим дуудлага өгсөн гэсэн. Ямар ч байсан төмөр замын буруу байж болзошгүй. Биднийг мэдээлэл битгий өгөөрэй гэсэн. Үнэхээр харамсалтай байна. Хоёулаа бага насны хүүхэдтэй. Гэхдээ бид ар гэрийнхэд нь чадах чинээгээрэй тусална" гэв.

Одоогийн байдлаар энэхүү хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхэн болон сургуульд нь шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гартал ямар ч мэдээлэл өгөхгүй хэргийг нууцлахыг хүссэн байна. Мөн хэвлэл мэдээллийн байгуулагад ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу өгч байгаа юм. Төмөр замтай холбоотой хүн амины хэрэг үүгээр ч зогсохгүй арваад хоногийн дотор таван хүн нас барсан хэрэг гарсан байна. Гэвч энэхүү онц ноцтой хэргүүдийг ямар учраас нуун далдлаж байгаа нь тодорхойгүй байгаа юм.

-ЯАЖ Ч БОДСОН ТЭР ТОМ ГАЛТ ТЭРГИЙГ ХАРАХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ-

Талийгаач Б-гийн нөхөр н.Нямдоржтой цөөн хором ярилцлаа.

-Харамсалтай хэрэг гарчээ. Гүн эмгэнэл илэрхийлье. Та яг юу болсон талаар мэдэж байна уу?

-Тухайн өдөр орой 6-7 цагийн орчимд манай хадам ээж рүү цагдаагаас нас барсан гээд дуудсан байсан. Хадам ээжийг над руу залгаад хэлэхээр нь би эхэндээ итгээгүй. Замдаа худлаа байлгүй дээ гэж бодож явсан. Шүүх эмнэлэг дээр очоод мэдсэн. Үнэхээр харамсалтай байна. Тэр газрын бичлэг, гэрч гээд юу ч байхгүй гэж байна лээ. Галт тэрэг ирэхийг харахгүй дайруулна гэж байхгүй биз дээ. Би гадны нөлөөтэй байж магадгүй гэж бодож байна. Манай хүн тийм анзааргагүй хүн биш. Тэглээ ч өдөр гэгээтэйд дайруулсан байсан. Хамт явсан охины халаасанд чихэвчний хөгжим, гэхдээ сонсож яваагүй гэсэн. Ослыг харсан хүн байж л таараа. Би заавал олж уулзаж асууна. Яаж ч бодсон тэр том ачааны 80 гаруй чиргүүлийн галт тэргийг харахгүй байна гэж байхгүй. Дуу чимээ, овор хэмжээ нь ямар билээ. Холуур өнгөрч байхад л сүртэй, нүсэр байдаг биз дээ. Хоорондоо юм ярьж явсан ч чимээгээр нь сонсмоор юм.

-Цагдаагаас холбоо барьж байна уу?

-Одоогоор төмөр зам ч тэр, цагдаа ч тэр таг л байна. Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу ажлын 20 хоногт гарна гэсэн. Галт тэрэгний жолоочийг барьж хорьсон эсэхийг нь мэдээгүй байна. Хэн ч хараагүй, мэдээгүй л гэж байсан. Яг юу болсон нь мэдэгдэхгүй байгаа. Ангийн багшид нь цагдаагаас хэлэхдээ “сэлгээний галт тэрэг” гэж хэлсэн байсан. Надад болохоор Сэлэнгэ аймгийн ачааны галт тэрэг гэж хэлсэн. Одоо болтол нэг л итгэж өгөхгүй байна. Манайх хоёр нялх хүүхэдтэй, бага хүүхэд минь нэг ой зургаан сар хүрсэн. Одоо зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж сууна. Хариу гарахаар нь юу болсон нь тогтоогдох байх гэж найдаж байна. Одоо бол яг юу болсон нь тодорхойгүй байгаа. Тэр өдөр төмөр замын зохицуулагч байхгүй байсан гэсэн.

У.УРАНЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

tumur zam

tumur zam

tumur zam

tumur zam


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000