Хэвлэлийн хурал зарлачихаад “Хэвлэлийнхэн худалдагдсан” гэж ярьдаг гишүүд

Д.Тулга / Улстөр

nyamdorj

НЭГ: Ц.Гарамжав гишүүн сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал оруулав

Өнгөрсөн парламентын үед Эрүү болон Зөрчлийн хуулиуд 2017.01.01-нээс хэрэгжиж эхлэхээр хуульчлагдаад байсан. Харин мэргэжлийн Засгийн газраас хуулийн үйлчилж эхлэх хугацаа 2017.07.01-нээс байхаар тооцож, холбогдох өөрчлөлтүүдийг тусгах зорилгоор хэрэгжилтийн хугацааг сунгасан билээ. Ингэснээр энэ парламентийн үед Эрүү болон зөрчлийн хууль дахин задарч, тодорхой өөрчлөлтүүд орохоор анхны хэлэлцүүлэг дээрээ явж байна. Мэдээж, намрын чуулган өнөөдөр хаалтаа хийх учраас хаврын чуулганы эхэн үед эцсийн хэлэлцүүлэгт орно гэсэн үг. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг тодорхой заачихсан учраас батлагдсаных нь дараа холбогдох байгууллагууд бэлтгэлээ базаахаас өгсүүлээд цаг хугацаа шаардагдана. Яг ийм богино цаг хугацааны хайч тааруулж, Эрүү болон Зөрчлийн хуулинд эрх баригч намынханд элдэв заалт дураараа шигтгэх санаархлаар дүүрэн яваа нь ч нууц биш.

Тэдгээрийн нэг нь байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хүний нэр төрийг худалдагдсан хэвлэл, сэтгүүлчид цахим орчинд гутааж байна” хэмээн онцолж, нэр төрд халдсан сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал оруулан, ажлын хэсгийн ахлагчаас тодруулга хүссэн явдал. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн “Уг нь ийм заалт оруулж болно. Гэхдээ өмнөх парламентын үед батлагдсан Зөрчлийн хуулинд гүтгэх элементийг оруулсан юм билээ. Бид энэ хэлбэрээр нь оруулж ирсэн” гэсэн дэмжсэн маягтай хариулт өгсөн нь ч анхаарал татна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Б.Сарангэрэл гишүүн түүнийг буруутгаж, “Манай гишүүд сошиал, сэтгүүл зүй хоёроо ялгах хэрэгтэй байна. Тухайлбал, З.Нарантуяа гишүүн Ц.Гарамжав гишүүний “Монполимент” зээл авсныг ярьсан. Үүнтэй холбоотой мэдээллийг Хөгжлийн банкнаас аваад “Зээл нь сайн зээл байна. Цаг хугацаанд нь зээлээ төлж байна” гэсэн ойлголтыг чуулганы хуралдаанаар авч, нийтээрээ ойлгосон. Гэтэл сошиал орчинд яригдсан зүйлийг сэтгүүл зүй гэж ойлгоод “Ц.Гарамжав гишүүн “сэтгүүл зүйн заалтыг чангалах хэрэгтэй” гээд, үүнийг нь ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар дэмжээд сууж байдаг нь ямар учиртай вэ” хэмээн сануулж, тэдний үйлдэл МАН-ыг бүхэлд муухай харагдуулж буйг сануулсан юм.

Улмаар сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай сурталчилгааны томоохон дүн бүхий гэрээ үзэглэж, “Монполимет”-ийн асуудал сөхөгдөхөд нэр бүхий жиргээчдийг “дайлсан” гэгддэг Ц.Гарамжав гишүүн Эрүүгийн хуулинд сэтгүүлчид рүү чиглэсэн хатуу заалт оруулах асуудлаар хэд хэдэн гишүүнтэй уулзаж дэмжихийг хүссэн гэх мэдээлэл ч саарал ордноор хөвөрсөн юм. Парламентын өчнөөн сэтгүүлчид байнгын хороо сурвалжилж байхад “Манай сэтгүүлч нар худалдагдсан” гэж хэлсэн Ц.Гарамжав гишүүний үг сэтгүүлчдэд тааламжтай сонсогдоогүй.


ХОЁР: Хэвлэлийн хурал зарлачихаад “Хэвлэлийнхэн худалдагдсан” гэж ярьдаг гишүүд

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж намраас хойш хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарласан. Мэдээлэх чиг үүргийнхээ дагуу хэвлэлийнхэн ч олноороо сурвалжлахаар ирдэг. Ингэж танхим дүүрэн сэтгүүлчид суулгачихаад ““Эрдэнэт”-ийн 49 хувийнхэн хэвлэлийнхний аманд ямар их мөнгө чихэж байна аа. Хөлсний бичээчдийг баяжуулж байна” гэхчлэн ярьдаг байдал хэвшил тогтов.

Уг нь эрүүл ухаанаар бодвол, Ц.Нямдорж гишүүний хэлсэнчлэн сэтгүүлчид “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэмшигч талаас үнэхээр мөнгө авчихсан бол уг асуудлаар сөрөг мэдээлэл өгч буй эрхэм гишүүнийг сурвалжлахаар ирэхгүй баймаар. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ үгээ байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр ч хэлдэг. Олон нийт яг ингэж ойлгож авах жишээтэй. Мөнхүү УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хороо, чуулганы микээр хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг удаа дараа дуудаж, муулж ярин пиар хийдэг жишиг бий болгов. Энэ мэтээр хэвлэлд маш эмзэг ханддаг гишүүд өчнөөн бий.

Гол нь фээсбүүк, твиттерээр нүүрээ нууж, хүний нэр төрд шууд халддаг бүлэг хүмүүсийг улстөрчид Б.Сарангэрэл гишүүний хэлсэнчлэн сэтгүүл зүй гэж андуурдгаа л больчих хэрэгтэй. Басхүү редакцийн бүтэцгүй, ард нь ганц хоёрхон хүн сууж байдаг сайтуудыг дээрх жагсаалтад оруулж тооцох хэрэгтэй болов уу.

Харин жинхэнэ хэвлэл мэдээлэл цэвэр баримтан дээр тулгуурласан мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж ажилладаг. Өнөө үед гарч буй гол ялгаа нь энэ. Гэтэл энгийн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлчдийг сошиалын пиарчидтай андуурч, дуртай үедээ “Худалдагдсан” хэмээн хочлож, төрийн микрофониор доромжилж суудаг жишиг тогтож байгаа нь харамсалтай.

УИХ-ын гишүүд хэвлэлд эмзэг байж болно, нэр төрдөө учиргүй их хайртай ч байж болно. Үүний нэгэн адил ямар ч сэтгүүлч хүнд үнэнийг мэдээлэх, улс төрчдийн дураараа авирт хяналт тавих мэргэжлийн амбиц гэж байдаг. Үүнийхээ дагуу асуудалд хандаад л явдаг. Ажиллаж, хөдөлмөрлөж яваагийнхаа төлөө байгууллагаасаа цалинждаг ийм л тогтолцоо манайд байна. Хар ухаанаар бодоход ч тэр, Ц.Нямдорж, Ц.Гарамжав тэргүүтэй гишүүдийн оношлоод буйгаар сэтгүүлчид “худалдагдчихсан” гэх таамаг дэвшүүлээд үз, амьдрал руу нь өнгийгөөд хар. Сэтгүүл зүйгээр хагартал баяжсан хэн байна, амьдрал дээр.

Ж.МЯДАГБАДАМ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000