Японд суралцах инженерүүд батламжаа гардаж авлаа
БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа боллоо. Манай улс японд МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 10 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангаад байна. Эдгээр хүмүүс нь Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс тавигдсан шаардлага, Япон-Англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгожээ.
Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны арваннэгдүгээр сард Японы консорциумын 10-н их сургууль болох
- Нагаока технологийн их сургууль,
- Кюүшү их сургууль,
- Тоёохаши технологийн их сургууль,
- Киото технологийн их сургууль,
- Нагоя технологийн их сургууль,
- Китами технологийн их сургууль,
- Кумамото их сургууль,
- Кюүшү технологийн дээд сургууль,
- Вакаяма их сургууль,
- Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгчээ.
Тус шалгалтад тэнцсэн 56 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн III курст шилжин суралцахаар боллоо. Мөн “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Коосэн хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Үндэсний технологийн коллеж/ Коосэн-ий шалгалтад тэнцэж суралцах эрхээ авсан 30 оюутан Япон улсын 29 Коосэн сургуулийн III курст шилжин суралцаж нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх юм.
2018 онд Япон улсад суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30-н оюутан нийт 96-н оюутан, багш, судлаач нар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас батламжаа гардаж авсан юм.
-1000 ИНЖЕНЕРИЙН ТӨСӨЛД ХАМРАГДСАН ОЮУТНУУД ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ БАЙХАА -
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока: Өнөөдрийг хүртэл маш олон оюутнууд Япон улсад инженерийн чиглэлээр суралцаж байна. Цаашид ч гэсэн суралцана. Манай улсад суралцсан оюутнууд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж, итгэж байна. Одоо 1000 инженерийн төсөлд хамрагдаж буй залуучууд Монгол Улсын ирээдүйг гардан авч явах, хувь нэмэр оруулах байхаа гэж харж байна. Шинжлэх ухаан, технологийн салбарт суралцах оюутнууд маань Япон улсын зан заншил, түүх соёлтой суралцаж эх орондоо авчирна гэдэгт найдаж байна. Инженерийн төсөлд хамрагдаад Япон явах гэж буй оюутнуудын сэтгэгдлийг сонслоо ямар сайхан эрч хүчтэй, оргилсон зорилготой мэндчилгээ дэвшүүл вэ. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Ийм сайхан эрч хүчтэй суралцъя гэсэн хүсэл зорилготой байгаа юм чинь сайн суралцаад ирэх байхаа.
-СУРСАН МЭДСЭН ЗҮЙЛЭЭ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА-
Н.Содбаяр: ШУТИС-д 2.5 жил суралцаад Япон улс руу суралцахаар болж өнөөдөр батламжаа гардаж авлаа. Энэ тэтгэлгийг авахын тулд нойр хоолгүй хөдөлмөрлөсний маань үр дүн өнөөдөр гарч байгаад баярлаж, догдолж сэтгэгдэл өндөр байна. Японд барилгын инженерийн мэргэжлээр хоёр жил суралцана. Япон улсын газар хөдлөлт маш их болдог учраас барилгын инженерийн салбар нь шинжлэх ухааны чиглэлээр өндөр хөгжиж дэлхийд тэргүүлж буй орны нэг болсон. Сургуулиа төгсч ирээд өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлж эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна. Мөн давхар мэдлэгээ өргөжүүлээд дахин суралцах төлөвлөгөөтэй байгаа. 1000 инженерийн төсөлд хамрагдахаар хичээж буй оюутнууддаа хандаж хэлэхэд битгий шантраарай, хичээгээрэй гэж хэлмээр байна. Хүн хичээвэл өөрийнхөө өмнө тавьсан зорилгодоо хүрдэг юм шүү.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл