“Оргил” худалдааны төв ШӨХТГ-т гомдол гаргажээ
Өнөөдөр “Оргил” худалдааны төв ШӨХТГ-т гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, тус худалдааны төвөөс бусад сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ харьцангуй үнэтэй зарж байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн үзэж байгаа аж.
Энэ тухай “Оргил” худалдааны төвийн гүйцэтгэх захирал Э.Алтанбагана хэлэхдээ “Манай сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүний үнэ дээр 10 хувь нэмээд борлуулдаг. Гэвч “И-март” болон бусад сүлжээ дэлгүүрүүд дахиад таван хувь нэмж зарахыг үндэсний үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдээр дамжуулан шахаж байна. Энэ саналыг нь бид татгалзсаны улмаас зарим компани бүтээгдэхүүнээ манайд нийлүүлэхээ зогсоож байна. Тухайлбал, “MCS coca cola” компани “Оргил” худалдааны төвд бүтээгдэхүүн нийлүүлэхээ зогсоож буйгаа энэ сарын 23-нд албан бичгээр мэдэгдсэн.
Тус компанийн “Бидний кола” ундааг манайх 2,010 төгрөгөөр худалддаг бол бусад сүлжээ дэлгүүрүүдэд 2,100 төгрөгийн үнэтэй байгаа. Зөвхөн “MCS coca cola" ч биш, бусад ханган нийлүүлэгчдээс ч ийм хүсэлт ирж байсан. Нэг үнийн бодлого гэдгийг хэн хаанаас зохиогоод байгааг мэдэхгүй. Бид тэдний хүслээр үнээ таван хувиар хэзээ ч нэмэхгүй, хэрэглэгчдийн эрх ашгийг ингэж зөрчиж болохгүй” хэмээн мэдэгдсэн юм.
П.УРНАА
Сэтгэгдэл