Татварын багц хуулийн шинэчлэлийн төсөлд ХИЙДЭЛ бий юу

Д.Тулга / Эдийн засаг

-ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ТАВДУГАР САРД УИХ-ААР БАТЛАХ
ТӨЛӨВЛӨГӨӨ БИЙ-

Айл өрх, хүний амьдралд тусгалаа олж хэрэгждэг, өрхийн орлогод жинхэнэ утгаараа өдөр тутам нөлөөлдөг хууль бол Татварын тухай хууль юм. Энэ ч утгаараа татвар төлөгчийн эрх ашгийг дээдэлсэн, татварын албаны ажиллах нөхцөл боломжийг хангасан, тэдгээрийн зүгээс хүлээлт үүсгэсэн, аливаа асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн татварын орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Монгол Улс 2017 онд татварын мэдээлэл солилцдоггүй улсын хар жагсаалтад орж, 2018 оноос татварын эрхзүйн орчныг сайжруулах амлалт авснаар энэхүү хар жагсаалтаас гарсан түүхтэй. Улмаар ОУВС-ийн зөвлөмж дээр үндэслэн зарим төрлийн татварыг өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйлүүд бий.

“Татварын багц хуулийн төслийн тухай” хэлэлцүүлэг үргэлжлээд явж буй. Сангийн яамнаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас сарын хугацаанд улс орон даяар 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг зохион байгуулахад 4790 хүн оролцсон хэмээжээ. Тавдугаар сар гэхэд Татварын багц хуулийг УИХ-аар батлах төлөвлөгөө бий аж.

Татварын ерөнхий хууль нь ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих төлөвлөгөө бий.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг онцлон хэлье” гэсэн бол татварын шинэчлэл хийх болсон зорилгоо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өөрчлөлт оруулж байгаагийн гол зорилго нь бизнесээ дэмжих, ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцлэх. Ингэхдээ татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг Сангийн яам судалж үзсэн байгаа. ААН-үүдэд хүндрэл учруулдаг татварын заалтуудыг судалж байгаад хуулиндаа өөрчлөлт орууллаа” гэсэн байдаг.

Татварын хуулийн шинэчлэлд:

-“Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”,

-“ААНОАТ-ын шинэчилсэн найруулгын төсөл”,

-“ХХОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”,

-“НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон

-“Дагалдах бусад хуулийн төслүүд” багтсан юм.

-ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИНД ОРЖ БУЙ ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ ҮР ДҮНГИЙН ТАЛААР ОНЦЛОН ЯРИГДАЖ БУЙ ӨНЦГҮҮД-

Эгэл жирийн ард иргэд, хувь хүн Татварын багц хуулийн шинэчлэлийг “татварын багц хууль шинэчлэгдсэнээр татварын бааз сууриа өргөтгөж иргэн бүр таатай нөхцөлөөр татвараа төлдөг болно. Төлсөн татвараас төсвийн орлого бүрдэнэ. Төсвийн орлого нэмэгдэж байгаа учир иргэдэд зарцуулах хөрөнгө төдий чинээ сайжирна. Үүнийг дагаад бизнес, эдийн засаг сайжрах нөхцөл бүрдэнэ” гэж харж байгаа.

Нөгөө талаар татварын бааз суурийг өргөтгөх нь чухал ч эдийн засгийн эрсдэлээ зөв тооцоолох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж буй. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон сайхан өөрчлөлт, дэвшилтэт зүйл байгааг салбар бүрийн мэргэжилтнүүд сайшааж байгаа. Гэвч эхнээсээ алдаа мадагтай байх магадлалтай буюу шууд шүүмжлэлд өртөөд эхэлсэн хэсгүүдийг багцалбал,

Нэгдүгээрт:

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, “Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош ААН-үүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно” гэсэн заалтыг оруулжээ.

Энэ нь татвар төлөгч нь татвараа нуух, татвар ногдох орлогоо багасгах, зардлаа ихэсгэх зэрэг эрсдлүүдийг багасгаж жилд дөрвөн удаа тайлагнадаг байсан. Шинэ хуулийн төслөөр олон удаа тайлагнах, зардлаа хуурамчаар ихэсгэх, татвараас зайлсхийх, тайлан тооцоотой холбоотой, хяналт шалгалтын дарамт үгүй болох аж. Нөгөө талаар ногдол ашиг буюу зардлаа хасаад олсон нийт ашгаасаа 10 хувийг төлөх үү? Нийт орлогоосоо нэг хувийг төлөх үү? гэдэгт чанарын ялгаа байхгүй гэдгийг холбогдох хүмүүс дүгнэж байна. Ингэхдээ компани их бага ашиг олсноос хамаарах асуудал бөгөөд хууль бодит амьдрал дээр хэрэгжиж эхлэхэд жинхэнэ ялгаа харагдахыг хэлж буй юм. Тус зүйл заалтын цаад санаа нь "төрд төлөх татварыг нэмэгдүүлэх" гол санаа агуулсан гэж харж болохоор байна.

Хоёрдугаарт:

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр нэмэгдсэн нэг зүйл заалт олны анхаарлыг хамгийн ихээр татлаа. Тодруулбал,

“56 дугаар зүйл Хамтарсан үйл ажиллагаа эрхлэгчийн татвар төлөх хоёрдогч үүрэг” гэх зүйл заалтад

56.1.Доор дурдсан этгээдийн татвар төлөгчийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй хэрэгтэй хөрөнгийг эзэмшдэг бөгөөд тухайн хөрөнгөөс гарах ашиг нь татвар төлөгчийнх болдог тохиолдолд татвар төлөгчийн хамтран явуулдаг үйл ажиллагаанд хамаарах татварын өр үүсэн бөгөөд татварын өр хураах үйл ажиллагаа явуулсан ч хураах ёстой татварын үнийн дүнд хүрэлцэхээргүй нь тодорхой болсон бол тухайн дурдсан этгээдийн тухайн хөрөнгөөр хязгаарлан татварын өр төлөх хоёрдогч үүрэг хүлээнэ:

56.1.1.татвар төлөгч нь хувь хүн бол тухайн этгээдийн амьжиргааны нэг эх үүсвэр бүхий этгээд болон бусад тухайн үйл ажиллагааны орлогоос хүртэж буй гэр бүлийн гишүүд;

хэмээн заасан нь нэг татвар төлөгч хувь иргэнээс болж түүний гэр бүл, хамаатан садан хуулийн этгээдүүдийг бүгдийг "хамруулан" хөлд нь чирэх ноцтой заалт оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн татвар төлөгчийн татварын өрийг түүний гэр бүлийн гишүүд, байгууллагынх нь ажилтнууд хувааж үүрэх "хомроголон яллаж, татвар үүрүүлэх"-ээр зүйлчилжээ.

Энэ нь үндсэн хуулийг зөрчөөд зогсохгүй хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгаа хэрэг. Мөн Монголд цаашид гэр бүлийн бизнес оршин тогтнох нөхцөлгүй болно гэсэн үг юм.

Гуравдугаарт:

Татварын хууль бол бүх аж ахуй эрхлэгчдэд үйлчилнэ. Дотоод, гадаадын гэж зааглахгүй. Гэтэл дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжье гээд татварынхаа ачааллыг багасгаад дэмжлэг үзүүлэхэд манайд хөрөнгө оруулж байгаа томоохон хөрөнгө оруулагчид ч адил хамрагдана.

Хөрөнгө оруулагчдад татварын нэлээд таатай орчин бүрдүүлээд өгчихсөн. Тиймээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг хэрхэн “ЗААГЛАХ” гэдэг нь тодорхойгүй байгааг зарим улс төрчид шүүмжилсэн нь ортой. Орж ирсэн хуулийн агуулгаар үзвэл Оюутолгой компани татварын хөнгөлөлтөд хамрагдана. Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын талаар тусгагдсан асуудлуудын гуравны нэг нь хамрагдахаар байгаа. Үүнд багагүй хэмжээний татварын хөнгөлөлт эдлэхээр байгаа юм. Тодорхойгүй заалтууд ч байгаа. Тухайлбал, зардлаа нотлоогүй байсан ч татварт оногдуулах орлогоос хасаж тооцно гэсэн заалт байх жишээтэй. Гэтэл бид Оюутолгой дээр санхүүгийн баримтыг үзэж, зардал гүйлгээг нь баталгаажуулсан.

Эндээс илэрсэн зөрчлийг л одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй байгаа байгууллага. Гэтэл зардлаа баталгаажуулахгүйгээр хасалт хийгээд явахаар юу болох вэ. Энэ мэт алдаатай зүйлүүд байгаа учраас нэлээд ажиллах шаардлагатай хуулийн төсөл гэж үзээд байна.

Мөн нэг онцлох зүйл бол уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдад бол уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад хор хохиролтой олон заалт нэмэгдсэн гэдгийг хуульчид хэлж байна. Өндөр ачаалал өгөхүйц заалтууудаа эргэж хэрэх шаардлагатай. Хууль өөрчлөгдөх бүрт нэмэлт дарамтуудыг хийсээр байгаад олон улсын хөрөнгө оруулагчдыг уул уурхайн салбарт татах боломжгүй болгож байгаа хэрэг.

Дөрөвдүгээрт:

ХХОАТ Монголд олон жилийн турш хүнд суртлын доголдолтойгоор явагдаж ирснийг шүүмжлэгчид олон байдаг.. Өөрөөр хэлбэл манай улсын иргэн бүр ХХОАТ-ыг цалин бүрээсээ өгдөг. Өгөхдөө улс ганцхан секундын дотор авчихдаг хэрнээ буцааж олгохдоо өчнөөн бичиг баримт шаардаж чирэгдэл учруулдаг нь бодит үнэн. ХХОАТ-т 20 гаруй хувийн хөнгөлөлт байдаг ч, авч чаддагүй буюу төрөөс өгдөггүй. Одоо бол сургалтын төлбөр, байшин барилга, хөдөө байшин барих, худаг гаргах зэрэгт олгохдоо хүнд суртал гаргасан хэвээр байгаа. “Хөнгөлөөд буцаагаад өгчихдөг” байдлаа төр гавъяа байгуулж байгаа аятайгаар ханддаг. Гэтэл хувь иргэн өгөх ёстой татвараа өгч жилийн дараа авдагаа авч байгаа л нэг хэрэг юм.

Гадаадын томоохон оронд иргэнээсээ авах ёстой татвараа аваад, буцаагаад хугацаандаа өгчихдөг. Манайдаа бол материал хүлээж авах хугацаа дууссан гээд л шууд дээрэмдэх тогтолцоо тогтчихсон нь хуулийн хамгийн том гажуудал тогтчихсон хэвээр байгаа гэдгийг эдийн засагчид ярьж байна.

Тавдугаарт:

Х тайлан гаргадаг компани хот суурин газар гэлтгүй хөдөө орох нутагт олон байдаг. Хоёр гурван гишүүн бүхий компани байгуулчхаад тэр нь ямар нэгэн тендер, төсөлд шалгарч чадахгүй ямар ч орлого, зарлагагүйгээр сул зогсолт хийчихдэг. Үүнийг ААНОТ-нд хуулинд орж буй “Х тайлантай ААН-үүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө” гэсэн заалтаар ЦЭГЦЛЭХ зорилготой. Тодруулбал, ямар тендерт шалгардаггүй, ямар ч орлого олдоггүй сул зогсолт хийсэн өчнөөн олон компани улирал бүр юуг тайлагнах вэ. (Хоёрдугаар сарын 15-наас хойш X тайлантай компаниуд хүртэл тайлан гаргаж өгөх ёстой болж байна.) Ямар ч орлого олж тайлан гаргаагүй хүнийг Тайлангаа гаргаж өгөөгүй бол Зөрчлийн хуулийн дагуу 1.5 сая төгрөгөөр торгуул ногдуулна. Үүнийг ялангуяа жижиг ганц хоёр хүнтэй компаниудыг нэг мөр арчих зориулалттай сайн хуулийн төсөл болсон ч гэж харагдаж байгаа. Нөгөө талаар энэ нь тухайн жижиг жараахай компаниудын эсэргүүцэх хамгийн том шалтгаантай хууль болж байгаа юм.

Сүүлийн үеийн болон олон улсын хандлагаас харахад татвар бол хоёр талтай үйлчлэх ёстой гэдэг. Нэгдүгээрт, төр өөрийнхөө үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна нөгөө талд нь бизнесийн орчин сайжирч байх ёстой. Харин төсвийн хууль болон бусад хуультайгаа уялдаатай хэрэгжиж байх ёстой гэсэн энэ зарчим чухал байдаг. Гэтэл энэ зарчмыг авчихсан. “Өөрөөр хэлбэл санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна бизнесийн орчин сайжирна гэсэн заалтыг авсан”. Шинэ хуулиар олон сайхан боломжууд тусгагдсан. Шудрага татвар төлөгчийг бий болгож, татварын байцаагч нарын үүрэг нэмэгдэж байгаа ч татварын тэгш бус байдлыг дэмжсэн асуудлуудыг яах вэ гэдэг бодлогын асуудал орхигдсон гэдгийг зарим хуульчид онцолж байна. Хууль хэрэгжснээр эерэг үзүүлэлт гарах ч гэхдээ сөрөг талууд мөн гарахыг үгүйсгэхгүй байгаа юм.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.26.179] 2019-02-21 03:48:36

НОат татвар бол зугээрл ардуудруу хиисэн татвар нэртэи шулалт Энгиин иргэд далд эдиин засаг гэж юу шальдаг юм бэ 2015 оноос бараа борлуулалт жил бур 30-40% буурч бгаа Зугээр л Нарантуулын нэг наимаачинаас асуу Суулиин 3-4 жил ямар ашигтаи баисныг судал Ард иргэдиин орлого яаж унасныг бодитоор мэдэх хусэл торд бна уу Тор нь шударга болчоод иргэд руу даираач

Иргэн [64.119.26.179] 2019-02-21 03:35:53

Нэг иргэн орон сууцны хенгелелт эдлэх гэхээр банкинд хадгалсан менге хаанаас олсоно батал гээд бгаа юм Терд огт ажлаагуи хун тереес хулгаи хиигээгуин лавтаи банкнаас хулгаи хиихгуи Тегехээр гахаи жееж наимаа хиисэн бж болох Эсвэл мал болоод херенгее зарж хадгалсан бж таарна Уунииг нь татвар телеегуи бна гэж узэх гэнэ Тэгвэл офшорчид монголд татвар телдег уу ЖДУ с авсан менгее телдег уу Эндээс дарга иргэн 2 тэгш эрх бна уу Хурэлбаатар саид аа Яг унэндээ дарга нар иднэ ардууд телдег баидлаа хэзээ болих юм

Irgen [202.126.89.16] 2019-02-21 01:19:16

7 tatvar nemchixeed yu yariad bnaa ....

Зочин [66.181.179.150] 2019-02-21 01:10:24

Зөв бодлоготой хуул дүрэм гаргахгүй алдаа ихтэй хууль гаргах уимдаа иргэж харах хэргэтэй шитэй хөгийн уимаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.