Үндэсний бөхийг сүмо шиг л хөгжүүлье

Aдмин / Спорт

“Дэлхийд бид юугаараа омогшиж, ялгардаг вэ” монгол хүн та энэ асуултыг өөртөө тавьж үзсэн үү. Биднийг товойлгох, бусад улс үндэстнээс ялгах хамгийн том брэнд бол өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, үндэсний түүхт уламжлал билээ. Энэ бүгдээр бид гангалж, гайхуулж, өөрийн орныг сурталчлах ёстой. Сүүлийн хоёр жил хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэж байна. Энэ өвчний өмнө өвдөг сөгдөхгүйн тулд чадахаараа хичээж байгаа. Харин энэ хүндхэн жилүүдэд дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж, олон салбарууд уналтад ороод буй. Үүний нэг нь аялал жуулчлалын салбар билээ. МУИС-ийн Газар зүйн тэнхимээс хийсэн судалгаагаар 2020 онд аялал жуулчлалын салбар 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн бол цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл 2021-2022 онд 4.13 их наяд төгрөгийн орлого алдах магадлалтай гэсэн дүгнэлт хийжээ. Харин 2019 онд 570.262 жуулчин Монголд ирж, жуулчдын тоо хамгийн дээд хэмжээндээ хүрч байв. Ингэснээр нийт 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан өсөлттэй жил байжээ.

“Бөхийн барилдааныг нь голчлон үзэхээр төлөвлөж байна”

Бид нэгэнт л цар тахалтай эвлэрч, зохицож амьдрахаас өөр сонголтгүй болж байна. Тиймээс нэн тэргүүнд аялал жуулчлалын салбараа сэргээх шаардлагатай. Үүний тулд юу хийх ёстой вэ. Өөрсдийн үнэт зүйлээс юуг нь голчилж, жуулчин татах гол үзвэр болгох вэ. Манай улсын хувьд жуулчин хүлээж авахад тохиромжтой сар нь долдугаар сар юм. Учир нь энэ сард үндэсний их баяр наадам болдог тул наадмын нээлт, хаалт, эрийн гурван наадмыг хамгийн олон жуулчин сонирхдог гэсэн судалгаа бий. Яг эндээс л менежменттэй өөрчлөлтийг хийж, үндэсний бөхийг жуулчин татах гол үзвэрээ болговол ямар вэ.

Зуун элээж бидэнд ирсэн үндэсний бөхийг 2015 онд “Юнеско” соёлын биет бус өвөөр бүртгэжээ. Энэ нь үндэсний бөх өөрөө юугаар ч орлуулашгүй үнэт баялаг гэдгийг батлаж байгаа юм. Аливаа улсын соёлын өв нь жуулчдыг татах гол зэвсэг болдог. Жил бүрийн улсын баяр наадмыг үзэхээр олон жуулчид Монгол орныг зорьдог ажээ. Монгол наадмын тухай Герман улсын аялагч Таебагийн тэмдэглэлд “Би ХБНГУ-аас Монголд ирсэн. Наадам үзэх тасалбар худалдаж авч чадаагүй болохоор Хархоринд үзэхээр төлөвлөж байгаа. Монгол наадмын талаар сайн мэдэхгүй. Ямар ч байсан эрийн гурван наадам болдог гэж сонссон минь надад энэ оронд ирэх зорилго болсон. Монголд ирэхээсээ өмнө нь хэд хэдэн нийтлэл уншсан. Гэхдээ миний уншсан нийтлэл болон үзэж харж байгаа зүйлс хоорондоо огтхон ч тохирохгүй байна. Хүмүүс Монгол гэхээр л талд давхих адуу морьдыг л төсөөлдөг” гэжээ. Харин хоёр жилийн өмнө манай улсад ирсэн Швейцарын иргэн Роман, Тереза “Монголд ирээд 14 хонож байна. Наадам үзчихээд говь үзэх төлөвлөгөөтэй байна. Монгол наадмын талаар цахимаас мэдээлэл авсан.Нээлтийг нь үзэхэд их хүндрэлтэй байдаг гэсэн. Тиймээс наадмын гол төрөл болох бөхийн барилдааныг нь голчлон үзэхээр төлөвлөж байгаа. Наадмын талаар мэдээлэл олоход хэцүү биш байсан. Наадам нь монголчууд төдийгүй дэлхийд их алдартай баяр шиг санагдсан шүү” гэж бичиж үлдээжээ. Үүнээс эрийн гуран наадам тэр дундаа бөхийн барилдааны тоог нэмж, үзүүлэн тоглолт хийдэг болчихвол жуулчдын цувааг тодорхой хэмжээгээр татаж болох юм.

Япон улсад аялсан хүмүүсийн 71 хувь нь сүмо үздэг

Яг л энэ зарчмаар өөрсдийн өв уламжлал, үндэсний баялгаа бодлогын хэмжээнд хөгжүүлж жуулчдыг татдаг олон улс бий. Үүний нэг нь Япон. Энэ улсын тухай бодоход хамгийн эхэнд сүмо л төсөөлөгддөг. Ингэтэл нь брэнд болгочихсон. Японд очдог жуулчдын 71 хувь нь зааал сүмо үздэг гэсэн судалгаа гарчээ. Тэмцээн үзээд зогсохгүй сүмогийн ордон, музей гээд бараг цогцолбор шахуу барилга Токиод бий. Тэмцээнгүй өдрүүдэд бөхчүүд үзүүлэх тоглолт хийж, хамт зураг авахуулж жуулчдыг татдаг. Үүнийг л монгол хөрсөнд буулгаад хэдэн бөхчүүдээ дэмжчихвэл зөвхөн монгол бөх үзэхийн төлөө хэдэн мянган жуулчин манай улс руу цувах бол. Японы сүмогийн хажууд монгол үндэсний бөх өнө эртний түүхтэй, барилдааны хувьд баялаг, уран билээ. Монголчууд бөхийн төрлөөр тив дэлхийд амжилт арвинтай. Монгол тамирчид чөлөөт, жүдо аль ч төрөлд лав барьцнаас сайн барилддаг. Мөн Кураш, Шрем, Сүмо гэсэн лав барьцнаас хүч шаардсан бөхийн төрлүүдэд ч монголчууд босоо. Тэгтлээ хуйлруулаад байдаг сүмод ч үнэндээ өнөөдрийг хүртэл 20 гаруй жилийн хугацаанд монголчуудын ноёрхол тасрахгүй байна. Тиймээс Монгол Улс яахын аргагүй бөхийн орон билээ.

Долоон мянганы түүхтэй үндэсний биет бус өв

...Уртын дууны шуранхай хадаж, уул талд гийнгоо цуурайтсан Монгол наадам. Энэ жилийн наадамд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, арслан Д.Мөнх-Эрдэнэ нар үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдлээ. Үзүүр түрүүний бөхчүүд засуулуудаа ханаруулан барилдахаар гарах тэрхэн агшинд наадмын утга учир санагдана. Зүлэг ногоон дэвжээнд чуулсан зүрх болгоныг догдлуулсан есийн даваа ийнхүү эхэллээ . Монгол бөхийн түүхэнд “Хоёр эрдэнэ” гэж алдаршсан аварга, арслан хоёр энэ жил тав дахь удаагаа төрийн наадмын үзүүр түрүүг булаалдаж байгаа ажээ. Барилдаан хоёр цаг үргэлжилж аварга даван улсын наадмын ес дэх түрүүгээ хүртсэн юм. Энэ барилдааны талаар улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ хожим “Тэр жил аварга баруун хөл нь бэртэлтэй байсан юм. Барилдахааар гарахын өмнө аав минь надад “Аваргын хөл сайнгүй байх шиг байна. Чи бөх хүн байна. Тэр хөлд нь битгий мэх хийгээрэй” гэж захисан би аавынхаа үгэнд орж хоёр цаг гаруй барилдахад бэртэлтэй хөлд нь нэг ч мэх хийгээгүй. Гутландаа багтахгүй шахуу хавдартай хөлтэй хэрнээ хоёр цаг тэвчээр гарган барилдаж өрсөлдөгчээ ялж байгаа аваргыг биширч байлаа” гэж дурсан ярьсан юм. Энэ бол монгол бөх хүний жудаг, тэвчээр гэлтэй. Дундговь аймгийн Өлзийт сумын “Дэл Өнжил” уулнаас монгол бөхийн барилдаан хийж байгаа хадны сүг зураг олдсноор үндэсний бөх 7-11 мянган жилийн өмнөх хүрэл зэвсгийн үед үүссэн болохыг судлаачид тогтоожээ. Долоон мянган жилийн түүхтэй энэ өв соёл түүхэн он цагийг элээсээр өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн нь том хувь тохиол юм.. Анх Хүннү гүрний үед монголчууд цэрэг дайчдаа тулаанд бэлтгэх гол арга нь бөхийн барилдаан байжээ.

Бөхийн цол дуудах нь МЭ VIII зуунаас үүсэлтэй

“Баруун талын засуулууд сонс оо. Бөхийг амлая аа” гээд бөхийн цол дуудах нь Монголын их амар амгалан гэлтэй. Үндэсний бөхийн ёсонд голлох байрыг эзэлдэг нэг ёс нь цол дуудах юм. Бөхийн цол дуудах нь МЭ VIII зуунаас үүсэлтэй ажээ. Ардын дууны адил уянгалуулан монгол бөхийн эд хавийг магтан дуулдаг. Үндэсний бөхөөс өөр тамирчнаа магтан дуулдаг спортын төрөл үгүй билээ. Улсын аварга С.Мөнхбат нэгэн ярилцлагадаа “Цолоо дуудуулах нь бөх болж төрсний нэг сайхан мөч шүү. Цолоо дуудуулж байхад ертөнцөөс тасарч үүлэнд хөвж байгаа мэт мэдрэмж авч хүч орох шиг болдог” гэж хуучилсан байдаг. Ийм л эртний түүх, өв уламжилж ирсэн үндэсний бөхөө бид дэлхийд таниулж, брэнд болгох цаг иржээ. Ядахдаа л жуулчид ирдэг зуны гурван сардаа тасралтгүй барилдаан зохион байгуулж, түгээн сурталчилбал аялал жуулчлалын салбарын гол хөшүүрэг болох боломж ч харагдаад байна. Тиймээс монголчуудын бахархал болсон үндэсний бөхөө сүмо шиг л хөгжүүлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [64.119.16.105] 2021-12-07 08:49:04

юу яасан сумо шиг хөгжүүлэх, сөнөж мөхөх замдаа эргэлт буцалтгүй орчихоод яваа юм биш үү, сэхээж дийлэх үү

Зочин [103.80.210.183] 2021-12-07 04:41:41

бөхийг бандаашгүй шалдан, тэгээд барихгүй түлхээд л заалнаас гаргахад л болоо .

Монгол [110.7.218.194] 2021-12-07 04:32:38

БӨХИЙН ӨРГӨӨНД ҮНСЭЛДЭЭД БАЙДГИЙГ БОЛИУЛААЧ МАГАЛЖАВ АА??????? ЭНЭ ЧИНЬ Л БОДИТОЙ АЖИЛ ШҮҮ ДЭЭ. ОЛОН ХҮН ЦУГЛАЖ БАЙГАА ГАЗАР.

Иргэн [122.201.22.168] 2021-12-07 03:29:33

Үндэсний бөхөөр барилдаж байгаа залуучуудын ёс зүй, хүмүүжилд анхаарах хэрэгтэй. Бөхчүүд нийгэмийн дунд биеэ зөв авч явж чаддаггүй. Барилдаж байхдаа үзэгчдээ хүндэлдэгүй хоорондоо маргана, нэгэндээ зүйбусаар хандана. Сумо бөхчүүд шиг болх ёстой.

Зочин [202.9.46.61] 2021-12-07 02:16:09

Fuck you.

зочин [192.82.91.143] 2021-12-07 01:34:46

Бөхийн холбоо хийчих энгийн ажил байна. Туршлага байна. Үзэгч татаж чадвал бол оо. Байр сав материал байна. Харин их удах цяа бөхчүүд бол хэцүү дээ. Дүрмээ өөрчилөх нь.

jflskdjflakl [203.23.199.89] 2021-12-07 00:44:08

Үүнийхээ оронд хэдэн үйлдвэр бариад авах юмсан гэж боддоггүй юм байх даа. Өв уламжлал, түүх, соёл гэвэл Японоос илүү гарахгүй шүү дээ. Япон чинь баян орон. Эхлээд баяжихаа бод.

Зочин [202.126.89.87] 2021-12-07 15:12:57

Мөнгөнөөс чухал юм бас байдаг юм шүү ❗❗❗


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.