Энэтхэгчүүд уламжлалт баяраа тэргэл сар гарахад тэмдэглэдэг
Дэлхийн улс үндэстэн бүр уламжлал болгон тэмдэглэдэг баяр наадамтай байдаг. Тиймээс орон орны хамгийн сонирхолтой баярын тухай мэдээллийг хүргэж байна.
Энэтхэг: Хавартай золгосны баяр Холи
Энэтхэг даяар эртнээс уламжлагдан ирсэн баяр болох Холи нь Хинду шашинтнуудын хувьд хамгийн чухал баяруудын нэг байдаг. Тус баярыг өвлийн улиралын сүүлчээр буюу Хинду шашны сар нарны хуанлийн сүүлчийн тэргэл сар гарах өдөр тэмдэглэдэг. Шашинтай эсэхээс үл хамааран бүгд уг өдрийг тэсэн ядан хүлээж, хамаг муу бүхнийг мартан хамтдаа бүжиглэн нааддаг байна. Холигийн өмнөх шөнө Холика Дахан гэгддэг гал тахих ёс үйлдэж, баярын өдөр хөгшин залуу гэлтгүй өнгөт нунтаг эсвэл будагтай ус бие бие рүүгээ цацаж тоглох бөгөөд хормын дотор гудамж талбай тод өнгөөр солонгорч, булан тохойгүй хөгжим, хуураар цалгиж жигтэйхэн дуу шуутай болдог байна. Айлд зочлон ирсэн гийчдээ гэрийн эзэд мөн л толгойноос, хөл хүртэл нь өнгийн хувцас өмсөж, бэлдсэн идээ ундаагаараа харамгүй дайлдаг. Өвлийн хүйтэн, хатуу өдрүүдийг үдэн, хаврын налгар, өнгөтэй, өөдтэй өдрүүдийг бэлэгдэн тэмдэглэдэг байна.
Мексик: Талийгаачийг дурсах өдөр
Арваннэгдүгээр сарын 2-нд болдог Диа де лос Муертоз буюу “Үхэгсдийн өдөр” нь Азтекийн соёлоос гаралтай бөгөөд өөд болсон хайртай дотны хүмүүсдээ хүндэтгэл үзүүлэх зорилготой юм. Нөгөө ертөнцөөс төрөл төрөгсдийнхөө сүнсийг урьж цайлахын тулд хүмүүс гэртээ талийгаачийн дуртай хоол ундаар тахилын ширээ засаж, амьд байхдаа хэрэглэж байсан эд зүйлсээр нь мөн чимэглэж, ирэх замыг нь чиглүүлэн гэрэлтүүлэх лаа асаадаг. Амьдрал болон үхлийг бэлгэддэг хумсан цэцэг гэх алтан шаргал өнгийн дэлбээтэй ургамалыг гудамж талбай, гэр орон гээд булан тохойгүй л баглаа баглаагаар чимэглэдэг бөгөөд энэ цэцгийн анхилам үнэр, тод өнгө нь талийгаачдийн сүнсийг гэр бүл найз нөхөдтэйгөө уг баярыг тэмдэглээд буцах замд нь үдэж өгч, тайтгаруулдаг гэж үздэг. Дараа нь хамаатан саднаараа нэг дор цуглан нижгэр найр хийж, дуулж, бүжиглэн хөгжилддөг байна.
Герман:Шар айрагны баяр
Дэлхийн хамгийн том шар айрагны баяр болох Октоберфест нь 16-18 хоног үргэлжилдэг бөгөөд есдүгээр сарын сүүлчээр эхэлж, аравдугаар сарын эхний амралтын өдөр хүртэл үргэлжилдэг. Энэхүү өдрүүдийг Германчуудийн хамгийн дуртай баяруудын нэг гэж хэлэхэд буруудахгүй. 1810 оны аравдугаар сард хунтайж Людвиг болон гүнж Тереза нарын хуримын ёслолын үеэр хурдан морины уралдаан болж Октоберфестийн эхлэлийг тавьжээ. XIX зууны дунд үе гэхэд шар айргийн майхан болон бусад үзвэрүүдээр хүрээгээ тэлж, үндэсний хувцасаа өмсөж, ардын хөгжим, бүжгийн үзүүлбэр үзүүлэн зорин ирсэн мянга маянган жуулчдад соёлоо танилцуулан сурталчилдаг байна.
Сэтгэгдэл