Б.Энхболд: Эрүү шүүлт бие махбодод халдахаас илүүтэйгээр сэтгэл санааг нь шаналган зовоох хэлбэрээр үйлдэгдэж байна

Aдмин / Хууль

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улсад хүнлэг бус, хэрцгий хандах, эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Манай улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал төдийлөн сайн биш байна. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүлт гарсаар байна. Үүнийг хууль, хяналтын байгууллагууд шалгаж, шүүхээр шийдэж байна. Жилд дунджаар эрүү шүүлттэй холбоотой 100 орчим гомдол мэдээлэл бүртгэгдэж, шалгагддаг. Үүнээс хоёр гомдол нь шүүхээр шийдвэрлэгдсэн тохиолдол бий. ХЭҮК эрүүдэн шүүлттэй холбоотой асуудлыг байнга анхаарлын төвдөө байлгаж, шүүхээр ямар хэргүүд шийдвэрлэгддэгийг тусгайлан судалж, тогтолцооны хувьд дүн шинжилгээ хийсэн. 2016-2023 оны хооронд шүүхээр энэ төрлийн 14 гэмт хэрэг шийдвэрлэгдсэн байна. Эдгээр хэргүүдийг гурван шатны шүүхээр хэлэлцсэний үндсэн дээр хэрэг маргаан нь эцэслэгдсэн. Хэрэгт холбогдсон хүмүүс хууль зүйн өндөр мэдлэгтэй төрийн алба хаагч нар байдаг учраас эрүү шүүлтийн хэрэг, маргаан удаан шалгагддаг. Нөгөөтэйгүүр хохирогчид нь дандаа эмзэг, ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон, сэрдэгдсэн, эсвэл огт гэмт хэрэг үйлдээгүй хүн байх тохиолдол ч бий.

-Та эрүүдэн шүүлттэй холбоотой хоёр тохиолдол шүүхээр шийдвэрлэгдсэн гэж ярилаа. Эрүүдэн шүүлтийг илрүүлэхэд ямар хүчин зүйлүүд саад болж байна вэ?

-Зарим гомдол, мэдээлэл үндэслэлгүй, тийм үйл явдал огт болоогүй учраас хэрэгсдэггүй. Дийлэнх нь эрүүдэн шүүлт мөн гэж нотлогддоггүй учраас л хэрэгсэхгүй болдог. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах тогтолцоо яаж ажиллах, нотлох баримтыг хэр цуглуулах, үүрэг хүлээсэн байгууллагуудын камерын хяналт, иргэд өөрсдийгөө хамгаалах, өмгөөлөгч авах боломж нөхцөлийг бүрдүүлснээр нотлоход нэмэр болно.

-Эрүү шүүлт ямар шинж байдлаар, хаана үйлдэгдэж байна вэ?

-Хүний эрх чөлөөнд халдах, зодох, хууль бусаар мөрдөн мөшгөх гэх мэт бие махбодод халдсан эрүү шүүлтийн хэлбэр байна. Тухайлбал, бидний хийсэн дүн шинжилгээнээс харахад эрүү шүүлтийн улмаас нэг хэрэг дээр хүнд гэмтэл, гурван хэрэг дээр хүндэвтэр гэмтэл, зургаан хэрэг дээр хөнгөн гэмтэл учирсан. Эрх чөлөөнд нь халдаж, зодсон боловч гэмтлийн зэрэг гараагүй долоон тохиолдол байна. Сүүлийн үеийн нэг хандлага бол бие махбодод халдахаас илүүтэйгээр сэтгэл санааг нь шаналган зовоох хэлбэрээр үйлдэгдэж байна. Энэ нь дарамтлах, хорих, мөрдөн мөшгөх, гэр бүлд нь дарамт учруулах, өөр хэргийг нь илчилнэ гэж сүрдүүлэх гэх мэт янз бүрийн хэлбэрээр илэрч байна.

-Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүлт бие махбодын шинжтэй байдгаас гадна хүний сэтгэл зүйд нөлөө үзүүлж, албадах шинжтэй болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Иймд энэ төрлийн эрүү шүүлтийг нотлох, мөрдөн шалгахад хүндрэл үүсч байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газруудыг авч үзвэл цагдаагийн газар, хэлтсүүд, гудамж, талбай, олон нийтийн газар, гэмт хэрэгтний байгаа газар байх нь түгээмэл байна. Хорих анги, цагдан хорих төвд үйлдэгдсэн хоёр тохиолдол байгаа нь илүү ноцтой. Яагаад гэвэл нэгдүгээрт, харуул хамгаалалттай, иргэдийн аюулгүй байдлыг хангах объект дотор үйлдэгдэж байна. Хоёрдугаарт, энэ газар луу хүссэн болгон нь нэвтрэн орж, эрүүдэн шүүх ажиллагаа явуулах боломжгүй. Энэ хэрэг дээр олон байгууллага нэгдсэн, прокурорын хяналт алдагдсан, нууц мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажил явагдсан учраас цаашид цагдан хорих байруудад гүйцэтгэх ажил явуулах хүрээ хязгаарыг боловсронгуй болгох шаардлагатай. Ингэснээр хүний эрхийн зөрчил арилах, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

-Эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт ихэвчлэн ямар хүмүүс холбогдож байна вэ?

-Эрүүдэн шүүлт тулгасан хэргээр хариуцлага хүлээсэн албан тушаалтнуудын дунд цагдаагийн байгууллагын хамгийн олон хүн буюу 21 алба хаагч байна. Үүнээс гадна тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор гэсэн байгууллагуудын алба хаагчид хариуцлага хүлээсэн.

-Хохирогчийн асуудал мэдээж яригдана. Хохирлыг хэрхэн барагдуулж байгаа талаар ярихгүй юу?

-Хохирогчид нэг талаараа гэмт хэрэгт холбогдсон, сэрдэгдсэн хүн байдаг учраас гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэг утгаар дэмжлэг үзүүлэх хандлага сул байдаг. Эрүү шүүлтийн хохирогчийн бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовуурийг тэр хүнээс өөр хэн ч мэдэхгүй, тэр хүн л бүх зовлон бэрхшээлийг давж туулсан даван туулагч байдаг. Нийт 14 гэмт хэрэгт 15 хүн хохирсон байна. Хохирогчдын 13 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй хүн бол хоёр эмэгтэй хохирогчийн нэг нь хүүхэд. Хохирогч нарт хуульд заасны дагуу нөхөн олговор олгодог. Тэдэнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бий. Гэсэн хэдий ч эрүүдэн шүүгдэж хохирсныхоо дараа эрүүдэн шүүгдсэн гэдгээ батлах нотлох баримтуудыг олохын тулд дахиад хууль хяналтын байгууллагуудын олон шаталсан, хүнд системтэй нүүр тулах хэрэгтэй болдог. Үүний улмаас хохирогчид хохирлоо барагдуулж чадахгүй, сэтгэл санааны шаналал зовуурьт орж, сэтгэлээр унаж байгаа тохиолдлууд байна. Цаашдаа хохирогчийг хамгаалах, хохирогчид нөхөн төлбөр олгох хууль эрх зүйн орчныг шийдвэрлэх ёстой. Энэ хүмүүст нөхөн төлбөр олгох асуудлыг тэдгээрийн гэр бүлийн гишүүдтэй хамт шийдвэрлэх хэрэгцээ шаардлага үүссэнийг ХЭҮК-т ирсэн гомдол мэдээллээс харж болно.

-Цагдан хорих байгууллага дахь эрүү шүүлтийг илрүүлэхэд камер маш чухал. Камержуулалтын талаар танай комиссоос хийсэн ажиглалт, судалгаа байдаг уу?

-Манай байгууллага хорих ангиудад үзлэг шалгалтыг тогтмол хийдэг. Тэнд камерын хяналт харьцангуй сайн байна. Хорих ангиуд огт камергүй, харанхуй өрөө тасалгаатай, хүнийг эрүүдэн шүүхэд зориулсан булан тохой байдаг гэсэн явган ярианууд ХЭҮК-ын хяналт шалгалтын үр дүнгээр болон ял эдэлж байгаа иргэдтэй хийсэн ярилцлагаар худлаа болох нь тогтоогдсон. Хоригдол байгаа өрөө бүхэн 100 хувь камержсан. Нийтийн эзэмшлийн бие засах газраас бусад өдөр тутмын ажил хөдөлмөр эрхэлдэг хэсгүүд бүрэн камертай болсон. Өөрөөр хэлбэл, хүнийг эрүүдэн шүүж, хүнтэй хүнлэг бус харьцаж болзошгүй бүх газрыг зохих хэмжээгээр камертай болгосон. Гэсэн хэдий ч булан тохой, ил задгай газрыг бүрэн камержуулж хараахан амжаагүй байна. Тиймээс камерын хяналтыг илүү өргөжүүлэх, камерын чанарын шаардлагыг хангах, бичлэг хадгалах хугацааг урт болгох тал дээр анхаарч, төсөв санхүүг нь шийдэх шаардлагатай. Мөн хорих ангийн алба хаагч нарт энгэрийн камер нэвтрүүлсэн. Хоригдож байгаа иргэдтэй харьцахад энгэрийн камер байнга ажиллаж байх бөгөөд дараа нь асуудал гарахад энгэрийн камерын тусламжтайгаар юу болсныг мэдэх боломжтой болсон. Камерын бичлэг хоригдогсдын эрхийг хамгаалахад, мөн алба хаагчдын аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй байдаг. Тиймээс ХЭҮК-ын зүгээс хорих байруудад “Камерын системийг бүрэн нэвтрүүл” гэсэн шаардлага тавьж, үүнийг үе шаттайгаар шийдэж байгаа. Бүх хорих ангийн камерыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв дээр хянаж байдаг учраас тус байгууллагын удирдлагууд дурын хорих ангийнхаа нөхцөл байдлыг хянах боломжтой.

-Эрүүдэн шүүлт тулгаж, хүнлэг бус харьцсан хүнд ямар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байдаг вэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд зааснаар эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн хүнд таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх, 5.400.000-27.000.000 төгрөгөөр торгох, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учруулсан бол зохих хэмжээнд хүндрүүлж хорих, хүнд гэмтэл учруулсан бол 12 жил хүртэлх хугацаагаар хорих, эрүүдэн шүүлтийн улмаас хүний амь нас хохирсон бол бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр хуульд заасан.

-Эрүүдэн шүүлт нийгэмд байсаар байгаагийн цаад учир шалтгаан, уг үндэс юу вэ?

-Үүнд хэд хэдэн шалтгаан, нөхцөл байна. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааны тогтсон практик, хандлага бага багаар өөрчлөгдөж байна. Гэхдээ хадгалагдаад л байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс мэдүүлэг, ярилцлагад суурилсан гэмт хэргийг өөрөөр нь нотлуулах гэсэн хандлагаар маш олон жил явж ирсэн. Энэ хандлага 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль, сүүлд батлагдсан хэд хэдэн Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуультай холбоотойгоор үзэл баримтлал, хууль эрх зүйн орчны хувьд өөрчлөгдсөн. Гэтэл энэ хуулийг хэрэгжүүлэх явцад алба хаагчдын мэдлэг, хандлагатай холбоотой асуудал үүсч байна. Нөгөө талаас алба хаагчдын ажлын ачаалал их байна.

-“Төсөв санхүү, ажиллах орчин нөхцөл муу байна гээд хүний эрхийг зөрчиж болохгүй” гэсэн шаардлага тавьдаг юм байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Тийм. УИХ, Засгийн газар, яамнаас бодлогын түвшинд мөрдөн шалгах ажиллагааны орчин нөхцөлийг сайжруулах, хэргийг аль болох богино хугацаанд шалгаж, шийддэг болох, иргэдийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ яаж хамгаалах талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх гэх мэт олон хүчин зүйл нийлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсдэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

-Дэлхийн бүх улс оронд эрүү шүүлт тодорхой хэмжээгээр байдаг. Монгол Улс энэ чиглэлээр ямар түвшинд байгаа бол?

-Хүний эрхийн мэдлэг, хандлага, мөрдөн шалгах ажиллагааны арга барил, тухайн улс орны хөгжлөөс хамаараад эрүүдэн шүүлтэд хандах хандлага улс орон бүхэнд өөр байдаг. Хүнд хэлбэрийн улс орнууд ч байна. Бидний хүний эрхийн зөрчил гэж харахааргүй үйлдлийг ч эрүүдэн шүүлт гэж үздэг улс орон ч байна. Монгол Улсад бүртгэгдсэн эрүүдэн шүүлтийн тоон үзүүлэлт харьцангуй гайгүй. Тийм ч доройтсон зүйл байхгүй. Гэхдээ НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, дэд хороодоос эрүүдэн шүүх үйл ажиллагаа явагдах эрсдэл танай улсад байна гэсэн зөвлөмжийг удаа дараа өгсөн. Удахгүй Женев дэхь Эрүү шүүлтийн хороон дээр манай улсын талаар авч хэлэлцэнэ. Энэ хэлэлцүүлгийн дараа Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж ирэх байх гэж бодож байна. Сонирхуулахад, арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилгаар “Монгол Улс дахь эрүүдэн шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилт” гэсэн парламентын нээлттэй хяналтын сонсгол болно. Энэ сонсгол дээр эрүүдэн шүүлт ямар түвшинд байгааг ярилцаад өнгөрөхгүй. Хохирогчийг хамгаалах, хууль сахиулах, хүчний байгууллагуудынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, алба хаагчдын дунд сургалт явуулж, хүний эрхийн зөрчлийг таньж, мэдүүлэх чиглэлээр шийдвэрүүд гарна гэж бодож байна. Мөн эрүүдэн шүүлтийн хохирогчтой холбоотой хэд хэдэн тохиолдлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд авч үзэж, тодорхой шийдвэр гаргаж, хохирогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр арга хэмжээ аваасай гэж хүсч байна.

-Эрүү шүүлтийг таслан зогсооход хувь нэмрээ оруулж чадах хүмүүс болон төрийн болон төрийн бус байгууллагуудад хандаж юу хэлэх вэ?

-Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход төрийн бүх байгууллага үүрэг хүлээсэн байдаг. Энэ байгууллагууд хуулийн хэрэгжилтээ маш сайн хангах ёстой, хүний эрхийн мэдлэг, хандлагаа дээшлүүлэх, гарсан зөрчил дутагдлыг анхааралтай хэлэлцэж, дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах ёстой. Үүний хажуугаар ажил явуулахад хүндрэлтэй, хүний эрхийг зөрчих нөхцөл байдал үүсч байгааг Засгийн газар, Хууль зүйн яам, УИХ-д бодитоор танилцуулах хэрэгтэй. Ингэснээр энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тал талаас нь ярилцдаг, бодлогын хувьд бодитой шийдвэр гаргадаг болж, урьдчилан сэргийлнэ гэж хэлэх байна.

Өдрийн сонин

Ө.АНХЗАЯА


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.10] 2024-10-31 23:06:47

Хуурамч эм тариа оруулж ирдэг компаниудыг татан буулгаач ээ! 6 эмний 2 нь хуурамч байна шүү дээ. Мөн химийн бүтээгдэхүүн жишээ нь пробиотик, витамин гэх мэтийг оруулж ирдэг компаниудад хяналт тавиач ээ! Монголчууд хордож дуусах нь ээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.