Хувийн сургуулиуд дөрвөн саяас 4000 ам.доллараар төлбөрөө нэмжээ
Энэ жил улсын их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэх сургаар багагүй хэл ам дэгдэв. Төр засаг руу бурууг өгөх нэгэн ч бий. Тэгвэл дан ганц улсын сургууль төлбөрөө нэмсэн биш аж. Хувийн дунд сургуулиуд ч мөн төлбөрөө энэ жилээс нэмсэн байна. Гэхдээ 100 мянга дотор яригдах хэмжээгээр бус 1000 ам.доллараас дээш дүнгээр нэмэгджээ. Манайд их, дээд сургуулиудын төлбөр нэмэгддэг хэдий ч курс ахих тусам кредит нь багасдаг зарчимтай. Монголчууд эрүүл мэнд, боловсрол хоёроос гар татдаг уу гэвэл бас үгүй юм. Энэ жилийн хувьд улсын болон хувийн бүхий л сургуулиуд төлбөрөө тодорхой хувиар нэмсэн байна.
-ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ЖИЛИЙН ТӨЛБӨР 2 САЯАС 47 САЯ ТӨГРӨГ БАЙНА-
Олны мэдэх 10 дунд сургуулийн төлбөрийг дундажаар тооцож үзвэл хамгийн багадаа 2 сая төгрөгөөс 2000 ам.доллар хүртэл нэмэгдсэн байна. Тухайлбал,
1. “Орчлон” сургууль өнгөрсөн жил жилийн 12 сая төгрөгийн төлбөртэй байсан бол энэ жилийн хувьд 4 сая төгрөгөөр нэмэгдэж 16 сая төгрөг болсон байна. Ахлах ангийн жилийн төлбөр 16 сая 500 мянган төгрөг болжээ.
2. “Сант”-ын жилийн төлбөр 5 сая 400 мянган төгрөг байна.
3. “Олонлог” сургууль математикаар дагнан сургадаг сургууль жилд 4.5 сая төгрөг төлөх нь.
4. “Монгол Туркийн хамтарсан сургууль”-ийн жилийн төлбөр 5.8 сая төгрөг аж. Дээр нь дотуур байрны төлбөр 2.7 сая төгрөг нэмэгдэнэ.
5. Зайсанд байрлах “American school” мөн л төлбөрөө нэмж, жилийн 13 сая болгожээ. Өнгөрөгч онд тус сургуулийн төлбөр 9 сая төгрөг байсан юм.
6. “Гёте” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 2.5 сая төгрөг бөгөөд энэ жилийн хувьд ч мөн тодорхой хувиар нэмэгдсэн сурагтай.
7. “Ү-Цай” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр хоёр сая төгрөг. Тус сургуулийн хувьд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.
8. “Улаанбаатар-Элит” бүрэн дунд сургуулийн жилийн төлбөр 7000 ам.доллар буюу өнөөгийн ханшаар 13 сая 965 мянган төгрөг болж байна.
9. “Хобби” бүрэн дунд сургууль жилийн төлбөр 5 сая төгрөг.
10. Хамгийн өндөр төлбөртэй “International school of Ulaanbaatar” буюу “Олон улсын дунд сургууль”-ийн төлбөр ахлах ангид 23984 ам.доллар буюу 47 сая 848 мянгө, дунд ангид 22636 ам.доллар буюу 45 сая 158 мянган төгрөг, бага ангид 18658 ам.доллар буюу 37 сая 222 мянган төгрөг төлөх ажээ. Энэ нь өмнөх оныхоос 2000-4000 орчим ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Э.БҮҮВЭЙ
ИНФОГРАФИК: Н.АНХБАЯР
Сэтгэгдэл