Борцны ач тус

Д.Тулга / Эрүүл мэнд

borts

-БОРЦ НЬ ХАВРЫН ТАРЧИГ ЦАГТ АМИНДЭМ БОЛНО-

Нүүдэлчин монголчуудын гол хүнс борц нь хичнээн ч удаан хадгалж болох уриншуулж хатаасан мах бөгөөд олон зуун жил уламжлан ирсэн монгол үндэстний өвөрмөц хүнс юм. Муудаж ялзрахгүй, чанараа алдахгүй, шим шүүсээ дотроо агуулж байдаг борцыг жилийн дөрвөн улирлын турш идэж болдогоороо онцлогтой. Борц хөнгөн жинтэй учир холын аян замд болон сансрын нисэгчид авч явахад тохиромжтой. Борцыг нүдэж хөшиглөөд бөс уут, хувин, ямар ч саванд хадгалж болно. Хоолонд бага хэмжээгээр хийдэг учир их арвин байдаг. Нүдсэн борцыг бүлээн усанд хийж дэвтээгээд, шөлний хамт хоолонд хийхэд амттай.

Мах бол зөвхөн хүнс бус нэг ёсондоо эм юм. Нэгд, мах уураг хамгийн ихээр агуулдаг цорын ганц хүнс. Хоёрт, мах оролцсон эмийн бодис уламжлалт эмнэлэгт олон. Ганцхан жишээ татахад л ардын зүйр цэцэн үгэнд “Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах шөлтэй” гэдэг бол зөвхөн тойго, хүзүү, шаантны шөлөөр даруулж уух тангийн жор олон. Энэ бүхнээс үзэхэд мах яалт ч үгүй хүнсний зайлшгүй бүтээгдэхүүн төдийгүй эмийн бодис болой. Тэгэхээр энэхүү чухал зүйлийг хэрхэн хадгалах вэ гэдэг асуудал эртнээс хүн төрөлхтний өмнө тулгарчээ. Монголчууд голдуу тэмээ, үхрийн махыг борцолдог. Хонь, ямаа борцлох нь бий ч ховор. Мах зөвхөн хүнс, эм төдийгүй аливаа эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдгийг мартаж болохгүй.

Үхрийн борц: Монголчууд голдуу үхрийн мах борцолдог уламжлалтай. Монгол үхрийн махны ширхэг нарийн, гарц их. Амьдын жин нь 380 кг шар төхөөрөхөд 200 кг гулууз гардаг ажээ. Гэхдээ махны гарц хамгийн ихтэй нь хайнагийн шар юм. 435 кг жинтэй хайнагийн шараас 230 кг гулууз гардаг ажээ. Үхрийн махыг борцлохдоо салхитай газар хэц татаад, махыг нарийхан зүсэн хөлдөөгөөд, улмаар уринд идүүлнэ. Дөрвөөс таван сарын дараа борц бэлэн болно. Борцны жин анхныхаасаа тав дахин буурдаг гэдэг. Үхрийн мах, тэр дундаа борц уураг ихтэй учир хоол хийхэд амттайгаас гадна эрүүл мэндэд нэн тустай ажээ. Үхрийн махыг нарийн жиргэхэд гүзээндээ, борцлоход давсагтаа багтдаг гэсэн үг бий.

Борцноос амны ганц, эсхүл хагас халбагаар тогоо дүүрэн хоол хийх боломжтой. Хийсэн байдал, хадгалсан хугацаа, хэзээ хийснээс болоод шинэ, хур, хар, цайвар борц хэмээн ангилдаг аж. Эдгээр нь өнгө зүсээс гадна амт чанараар ч ялгардаг талаар малчид ярьдаг. Завханчууд арай өвөрмөц аргаар борц хийдэг нь амт чанараар гойд байдаг. Тэд махыг өвлийн тэсгим хүйтэнд цочир хөлдөөгөөд борцолдог ажээ. Шинжлэх ухааны үндэс нь мах цочир хөлдөхөд хамаг шим шүүс, шингэн нь хамт хөлдөөд, аажим уурших тул бүхий л аминдэм, эрдэс, уураг гээд чухал хэрэгцээт бодисууд махандаа үлддэг байна. Говь, хээрийн бүсийн үхрийн махан борц хангайнхаас амт чанар илүү нь тогтоогджээ. Энэ нь өвс, тэжээлтэй холбоотой аж. Хөвсгөлийн цаатан иргэд хонины хаа, гуя, өвчүү, цорой, ууцыг бүхлээр нь борцлоод гуялж борцлох гэж нэрлэдэг байна. Монголчууд ямааны мах удах тусмаа эм болдог тул борцолдог байжээ. Борцыг цагийг нь олж зөв хэрэглэвэл эм болдог онцлогтойг дахин хэлэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, хаврын тарчиг цагаар аминдэмжүүлэлт болно гэсэн үг.

Тэмээний борц. Өнөө цагт махыг нөөшлөн хадгалдаг арга дэлгэрсэн ч борцыг бодвол учир дутагдалтай юм. Борц огт муудахгүй, хэдэн жил ч хадгалж болно. Нөөшийг тэгж хадгалж болохгүй нь ойлгомжтой. Борцны нэг давуу чанар бол хамгийн хялбар аргаар байгалийн нөхцөлд бүтдэгт. Монголчууд ихэнхдээ үхрийн мах борцолдог ч сүүлийн гучаад жилд говийнхон тэмээний мах борцолдог болсон. Ямар ч насны тэмээний махаар борц хийж болдог. Гол нь тарга, тэвээр сайтай байх хэрэгтэй. Тэмээний борцыг дотор нь хар, өөхтэй гэж ангилдаг болжээ. Харыг хавар, өөхтэйг өвөл хийдэг аж. Борцыг хүзүү, хаа, сээрний хар мах, заримдаа өөх алагласан хэсгээр хийж, тогтмол эргүүлэн хатаадаг байна. Нөхцөл нь тохирвол махан дахь шингэн ууршдаг, азотлог бодис нь дотроо үлддэг болохыг эрдэмтэд говьд борц хийн, улмаар судалгаа хийж тогтоожээ. Борц нь хадгалах хугацаанд хөлдүү байснаа урь орохоор зөөлөрчээ. Энэ үед нунтаглахад ширхэглэг нь үйрмэг болсон аж. Өвлийн борц сэвсгэр хатдаг, өөхлөг борц хуршчих гээд байдаг онцлогтой байжээ.

Говьд хийсэн жил өнжсөн борцны уураг 68.3 хувь, илчлэг чанар нь 2353 ккал байсан аж. Шинэ махных уураг 18 хувь, илчлэг нь 2691 ккал гэхээр борц уургаар баялаг байсан аж. Борцны чийг багасах буюу хатах тусам уураг, эрдсийн хэмжээ ихэсдэг , бараг 80 хувь уураг байдаг гэсэн тооцоо гарчээ. Тэмээний борцонд 13 төрлийн чөлөөт аминхүчил бийг тогтоосон байна. Гэхдээ хаврын борц намар, өвлийнхийг арай гүйцдэггүй байна. Нэг килограмм мах 200 грамм борц болдог, шим тэжээлт чанарын хувьд тэмээний борц үхрийнхээс дутахгүй юм байна.

Сансрын шөл. “Интеркосмос” сансрын багийнхан өөрсдийн үндэсний хоолоор биенээ дайлдаг байжээ.“Зөвлөлт-Монголын хамтарсан багийнхан борцыг сансарт турших болсон нь нэгэн боломж олгосон байдаг. Судалгааныхан болон бэлдэгчид Дорноговийн Даланжаргаланд очиж, цоо эрүүл гэсэн үхрийн мах авчран Хүрэл тогоотод уламжлалт аргаар борц хийсэн байна. Ийн монгол борц Байконурт очсон түүхтэй. Түүнийхээ дээжээр манай багийнхан нөхдөдөө шөл хийж өгсөн нь гойд таалагдсан тухай баримт бий. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансарт хийсэн хоол ч борцны шөл байсны дурссан удаатай. Багийн ахлагч, сансрын нисгэгч В.Жанибеков түүнийг нь “Сансрын шөл” хэмээн үнэлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000