“Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга ёслол төгөлдөр боллоо

Д.Тулга / Технологи

burhan haldunБуурал түүхийн оньсого мэт Бурхан Халдун уулыг зорьж явна. Ар, өврөөрөө битүү модоор хүрээлэгдсэн, зөвхөн ойр хавьдаа сийрэг модтой, тайгын тачир ургамал бүхий энэ хайрхан онгоцны цонхоор үзэсгэлэн төгс харагдах авай. Биднийг газардахад Хан Хэнтийн салхи хацар жиндүүлэн угтаж, өтгөн манан тослоо.

-ДОЛООН БУРХАН ОДНЫ ТАХИЛГА ҮЙЛДЭЖ, НОМ ХУРЖЭЭ-

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх тахилга ёслолд оролцохоор газар газрын маш олон зочин гийчин хүрэлцэн иржээ. Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол ёслол төгөлдөр болсон юм.

Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан” зэрэг ном хурж, Долоон бурхан одны тахилга үйлдсэн байлаа.

Тахилга эхлэх үед лам хуврагууд жавдандаа морилж, Ламчодов, Жигжид, Очирваань /Жанлавцогзол/, Овооны сан /Дашчиров сан, Эзний сан, Бурхан халдун уулын сан/, Юлтий, Дэвжид сэржим зэрэг ном хурлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулын “Чингисийн овоо” буюу “Тэнгэрийн овоо”-ноо хүрэлцэн очив.

Төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд Ерөнхийлөгчийг хүрэлцэн очиход тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтаж авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч "Ганжуур" их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулууд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны хоёр талд хүндэтгэн залж байрлууллаа.


elbeg Ц.ЭЛБЭГДОРЖ: ЭНЭ БОЛ ГАЙХАМШИГ

Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж цугласан олонд хандан үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ, Эзэн Чингисийн намтар цадиг, Их Монголын түүхийн нууцыг хад чулуу, үндэс мөчир бүртээ онголон хадгалсан, хаан төрийн сүлд шүтээн-Халдун хайрхан уул нь монгол түмний мандал буурлын аль ч үед итгэлийн гал болж сэтгэлийн гүнд бадамласаар ирсэн билээ. Монгол омогшил бахархал, Монголын цог золбоо, хийморь сүлд, монгол ухаан, эр зориг, сэтгэл оюуны ундарга чухам энэ л уул хангай, орон газрын эрчмээс эхтэй гэлтэй. Тиймийн учир 2013 онд Бурхан Халдун хайрханыг "Монгол түмний үндэсний бахархалт хайрхан" уул хэмээн өргөмжлөн зарлигласан билээ.

Их эзэн Чингис хаан, Бурхан Халдун хайрхан уул хоёрын алдарын түүх үүнийг нотолно. Халдун хайрханы өвөр нөмөр, өмгөөлөл хамгаалал дор Тэмүжин хүү хатуужин торниж, бусдын дэмжлэг итгэлийг хүлээж бүгдийн хаан болсон. Хаан болсон ч их үйл хэргийг эхлэх, шийдвэрлэх, алс холын аян дайнд мордохын өмнө Чингис хаан их Хайрханыхаа оройд гарч, Мөнх хөх тэнгэрт хүсэл зоригоо айлтгаж, аз хийморь, зориг золбоо, хүч тэнхээ хайрлахыг сүслэн гуйж мөргөн залбирдаг байсан тухай түүх шашдирт олонтаа өгүүлдэг. Хааны үйл хэрэг бүтэж, нэр алдар түгэхийн хэрээр Бурхан Халдун хайрхан ууланд буман олны сүсэг шингэж, алдар суу, аврал илгээл нь даянд алдаршиж, дархлагдаж хүндлэгджээ. Энэ бол гайхамшиг.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосон билээ. Өдгөө энэхүү бүртгэх ажиллагаа ЮНЕСКО-ийн холбогдох журам дүрмийн дагуу ахицтай явагдаж байгаа гээд байгаль орчноо хамгаалж, өв уламжлалаа дээдлэн явахын чухлыг өгүүлэв.


-ХАЙРХАНД ОНГОЛОН СЭТЭРЛЭХ БОР МОРИЙГ ТЭНГЭРИЙН ХҮЛЭГ БОЛГОХ ЁС ҮЙЛДЛЭЭ-

Монгол Улсын Ерөнхийлөгч “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч, тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдлээ.

Лам хуврага нар тахилгын цацлын өчил уншиж цацал өргөн, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг овоонд тавив.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий Үндэсний сурын харваач, спортын мастер, аймгийн мэргэн Д.Гомбод өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусуут тахилгад оролцож буй 400 гаруй зочин гийчин өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөлөө.

Лам нар "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Бурхан Халдун ууланд онголон сэтэрлэх бор морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдэв. Энэхүү тэнгэрийн хүлгийг Хэнтий аймгийн, Хан хэнтийн дархан цаазат газрын захиргааны дарга Б.Хашмаргадын адуунаас сонгон авчээ.


-САЙН ЦАГ ИРНЭ ХЭМЭЭН БЭЛЭГШЭЭВ-

Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх тахилга үйлдсэний дараа битүү манан арилж, өвөл мэт жиндүү хүйтэн байсан цаг агаар гэнэт өөрчлөгдөн нар гарч, тэнгэр дуугаран зөөлөн бороо орсныг хүмүүс “Байгаль дэлхий шидийг үзүүлж байна, сайн цаг ирнэ хэмээн ихэд бэлэгшээж байлаа.

Нутгийн иргэдийн өгүүлсэнчлэн Бурхан Халдун хайрханд хэн дуртай нь гардаггүй цээртэй аж. Энэ жилийн хувьд Монгол Улсын аварга Мөнхбат тэргүүтэй бөхчүүд уулын орой руу гарч, хайрханд өргөл өргөлөө.

Тахилгад оролцохоор хүрэлцэн очсон зочид гийчдийг хайрханы бэл орчимд байрлуулж, UBS телевизийн хамт олон тусгайлан байрлуулсан дэлгэцээр тахилгын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлсэн юм.

Монгол түмний олон зуун жилийн туршид тахиж дээдэлж ирсэн Бурхан Халдун уул нь түүхэнд гурван гол хэмээн алдаршсан Онон, Хэрлэн, Туул голуудын эх Хэрлэнгийн баруун гарын томоохон цутгал Богдын голын эхэнд орших бөгөөд далайн түвшнээс дээш 2361.5 метрт өргөгджээ.

“Монголын нууц товчоо”-нд 25 удаа тэмдэглэгдсэн хэмээх энэ Хияд боржигоны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Монгол туургатны сүлд уул болгосон хэмээн үздэг. Түүнээс хойш Хан Хэнтий уулыг 1818 оноос албан ёсоор тахидаг болжээ.

1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бурхан Халдун” уулыг дөрвөн жил тутамд нэг удаа тахих болсон юм байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

elbeg


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000